Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Холимог тулааны ертөнцийг байлдан дагуулсан МакГрегорын нууц

Хөндлөнгөөс харахад хүн бүхэн рүү дайрсан тавьтаргүй нөхөр шиг харагдавч Конор ажилдаа хариуцлагатай.


Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотод холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC холбооны “UFC 205” тэмцээн болсон. Ирландын тулаанч Конор МакГрегор тус холбооны хөнгөн жингийн аварга Америкийн Эдди Альварестэй аваргын бүснийх нь төлөө тулалдсан билээ. Шууд хэлэхэд сонирхолтой тулаан болоогүй. Хэвлэлийн бага хурал, жин үзэлт дээр Конортой арслан шиг ана мана үзэлцэж байсан Эдди харин торон дотор араатан шиг байж чадсангүй. Цохиулан, нүдүүлсээр МакГрегорын нүүрэнд ч хүрч чадалгүй, аваргын бүсээ, нэр хүндтэйгээ алдаж орхисон.

Харин Конорын алдар суу энэ тэмцээний дараа улам мандсан. Тэр UFC холбооны түүхэн дэх анхны 2 жингийн аварга болсон. Мөн нэг тэмцээнээс 3 сая доллар халаасалсан анхны тулаанч боллоо. Холбооноос түүнд өгөөмөр хандах нь аргагүй. Учир нь МакГрегорын ачаар Нью-Йоркийн “Мэдисон Сквер Гарден”-д болсон “UFC 205” тэмцээн Дэна Уайтад 17.7 сая долларын ашиг оруулсан. Энэ нь UFC холбоо төдийгүй алдарт “Мэдисон Сквер Гарден” хүрээлэнгийн хувьд ч рекорд амжилт байлаа. Канадад болсон “UFC 129” тэмцээн холбоонд 12 сая доллар оруулж байсан бол “Мэдисон Сквер Гарден”-ий рекорд нь 1999 онд болсон Леннокс Льюис, Эвандер Холифилдын боксын тоглолт байжээ. Конор МакГрегор цаашид яах, ямар шийдвэр гаргахаас холимог тулааны ертөнц ихээхэн өөрчлөгдөнө. Угаасаа нөлөө ихтэй байсан Конор одоо 2 жинд дэлхийн аварга. Аль нэг жингийн аваргын бүсийг нь UFC хурааж авна гэсэн ч тэд Конорт шаардлага тавьж чадахаа байгаад удаж байна. Холбоонд хөрөнгө оруулдаг “мөнгөний хайрцаг” болсон Конор UFC-т тун хэрэгтэй. Тиймээс ч МакГрегор  өөрийн болзлоо холбоонд тулгаж чадна. Тэр байтугай холбооны хамтран эзэмшигч болох шаардлага тоглоом шоглоомоор цухуйлгаад авсан. Тэмцээний дараа тэр “Би тулалдалгүй хэсэг завсарламаар байна. Ирэх жилээс эцэг болох тул гэрбүлээ бодох хэрэгтэй. Ер нь шинэ зорилго гарч ирэхгүй бол тулалдаад байх сонирхол алга. Тулааны шагналын мөнгө надад хангалтгүй байна. Би UFC холбооны хамтран эзэмшигч болмоор байна” гэж сэтгүүлчдэд ярьсан.
Яаж Конор МакГрегор ийм амжилтад хүрэв? Түүний нууц юу вэ?
МакГрегор 19 настай байхдаа Литва улсын самбоч А.Ситенковт ялагджээ. Амжилт гаргахын тулд бэлтгэл их хийх хэрэгтэйг ойлгосон Конор сантехникчийн ажлаасаа гарч, ажилгүйдлийн тэтгэмжээр амьдарч эхэлсэн. Цалин багассан ч өдөрт 2 удаа бэлтгэл хийх боломжтой болжээ. Тэр цагаас хойш 8 жил өнгөрч, одоо Конор хэрэв хүсэх юм бол Лас Вегаст бүтэн цэнгэлдэх хүрээлэнг түүнд зориулан, тэр дор нь гаргаад өгөх хэмжээнд хүрчээ.
МакГрегор ирланд хүн


Конор UFC-д 2013 онд анх ирээд тэр дороо л өөрийн хөгжөөн дэмжигчидтэй болсон. Америкт ирланд гаралтай 40 сая хүн байдаг тул түүний оролцсон тэмцээний танхим Ирландын ногоон өнгөөр хучигдаж байлаа. Америк дахь ирландчуудад холимог тулаанд өөрийн супер од байхгүй байв. Гэтэл шар сахалтай жинхэнэ ирланд эр хүрч ирээд “Манай удмынхан үргэлж тулалдаж ирсэн. Саяхан болтол МакГрегор нэрний төлөө алдаг байлаа” гэж ярьж эхлэв. Бэлэн зэлэн Үндэсний баатар л гэсэн үг.
МакГрегор шуугиант од


Холимог тулаанд тамирчид хөгжөөн дэмжигчдийн хоорондын харилцаа багийн спортоос огт өөр. Тамирчны орлого үзэгчдээс шууд хамааралтай. Хамгийн их мөнгө PPV (pay-per-view) хэмээх телевизийн төлбөртэй нэвтрүүлгээс орж ирдэг. UFC-ийн нэг тэмцээнийг үзэхэд 27-60 доллар төлдөг бөгөөд Конорын оролцож байгаа тэмцээний дамжуулалт 1.5 сая гаруй PPV авдаг. Мэдээж энэ мөнгөнөөс тэр хувь авна. Телевизийн нэвтрүүлгээс хувь авахын тулд сайн зодоонч, чадварлаг тамирчин байхад хангалтгүй. Үзэгчдийг хөгжөөж чаддаг байх ёстой. Одоогийн байдлаар хамгийн их хөгжөөж байгаа нь Конор. Тэр хэвлэлийн бага хурал дээр хэрүүл хийж, устай сав шидэж, бусдын бүсийг булаан авахаас ч сийхгүй. МакГрегор UFC-ийн анхны тулаандаа 8 мянган доллар авч байсан бол 4 дэх тэмцээнээсээ 75 мянга, 6 дахьдаа 500 мянга, найм дахь тулаанаасаа 1 сая, 9 дэхдээ 3 сая доллар авлаа. 8 мянгаас 1 сая долларын шагнал хүртэх замыг тэр 3 жилээс бага хугацаанд туулсан. Өнгөрсөн тэмцээнд тэр 3 сая доллар авсан гэж байгаа ч үнэндээ ивээн тэтгэгчдийн мөнгө, холбооны бонус, телевизийн нэвтрүүлгийн хувийг нийлүүлбэл ямар ч гэсэн 10 саяас багагүй мөнгө авсан байх ёстой. Trashtalk хэмээх тамирчид хэн нь сайн гэдгээ тодруулах гэж маргалддаг хэллэгийг Конор шинэ түвшинд гаргасан тул одоо  Conortalk хэмээн нэрлэдэг болжээ.
МакГрегор өвөрмөц тулаанч
Конорын торон доторхи хөдөлгөөнийг кино жүжигчинтэй адил гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэдэн арван камер зураг авч байгааг ганц хором ч марталгүй, итгэлтэй байх ёстойгоо сайн ухамсарласан хүн гэсэн үг. Тэр гарын хамгаалалтаа буулган, янз бүрийн авир гаргаж, өрсөлдөгчтэйгээ тулааны үеэр юм яриад байдаг нь ийм учиртай. Камерийн өмнө сайхан харагдахыг заадаг тусгай багш түүнд бий. Хэчнээн онгирч сагсуурсан ч бай Конор рингэн дээр ялж чаддаг нь түүний онцлог. Мөн тэр хөдөлмөрч, хариуцлагатай нэгэн. Хөндлөнгөөс харахад хүн бүхэн рүү дайрсан тавьтаргүй нөхөр шиг харагдавч Конор ажилдаа хариуцлагатай. Холимог тулааны тамирчдын нэгэн адил хар тамхи, сэргээш хэрэглэж байсангүй, шоронд ч суусангүй, тэмцээн уралдаан тасалж байгаагүй.

МакГрегор юунаас ч айдаггүй
Мэргэжлийн бокст янз бүрийн холбооны аваргуудыг хооронд нь тулалдуулахад хэцүү байдаг бол UFC дэлхийн шилдэг тулаанчдыг нэгтгэсэн газар тул энэ тал дээр асуудал байхгүй. Мейвезерийг Пакьяотой тулалдахыг харах гэж хөгжөөн дэмжигчид бүтэн 6 жил хүлээж, нэг нь 36, нөгөө нь 38 нас хүрсэн хойно нь нэг юм тулалдуулж санаа амарсан билээ. Харин Конор өөр жинд аваргатай нь тулалдахаас ч хулчийдаггүй. Тэр 66 кг-ын жингийн аварга ч сүүлийн хоёр тулаанаа 77 кг-д хийж, сая 70 кг-ын аварга болж байгаа юм.
МакГрегор хэнийг ч татаж чадна
Холимог тулааны ертөнцийн хамгийн тод супер од бол МакГрегор гэдэг нь маргаангүй. Түүний бэлтгэл дээр Роналду ирж, хоккейчин Евгений Малкин инстаграмдаа түүний талаар бичиж, “Game of Thrones” киноны баатар хамтарсан бэлтгэл хийнэ. Энэ бэлтгэлийг 20 сая хүн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Роналду, Малкин, “Game of Thrones” киноны фэнүүд Конорын фэн болон хувирна.  

Тийм болохоор л нэг ч ялагдалгүй зодог тайлсан домогт боксчин Флойд Мейвезер рингэнд буцан ирэх ганц нөхцлөө Конортой тулалдах гэж хэлсэн биз ээ. Конор мэдээж дуудлагыг хүлээн авна. Яагаад гэвэл тэр Флойдоос дутахгүй мөнгөнд дуртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
17
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.