Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Англид тоглож буй ази хөлбөмбөгчид

Өндөр ур чадвар, байгалиас заяасан авьяасгүй ч ази тоглогчид хичээл зүтгэлээр түүнийгээ нөхдөг.


Хидэтоши Наката, Шинжи Кагава, Пак Чжи Сун тэргүүтэй олон ази хөлбөмбөгч Английн лигт хүч сорьсон. Гэхдээ тэднээс хэн нь ч сарын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан удаагүй. Дэлхийн хамгийн том лиг болох Премьер лигийн сарын шилдэг хөлбөмбөгч болно гэдэг Зүүн Ази байтугай Өмнөд Америкийн одуудад ч олдоод байдаг завшаан биш. Харин “Тоттенхэм”-ийн солонгос тоглогч Сон Хын Мын есдүгээр сард 3 тойрогт 4 гоол хийж, 1 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр шилдэг тоглогчоор шалгарсан. Өмнөд Солонгос, Японы хөлбөмбөгчдийн хөдөлмөрч зан Германд өндөр үнэлэгддэг байсан бол Англи ч ази тоглогчдод дуртай болжээ. Одоо Английн Премьер лигт Зүүн Азийн 5 хөлбөмбөгч тоглож байна.
Сон Хын Мин (Өмнөд Солонгос, “Тоттенхэм”)


Сон Англид ирэхээсээ өмнө Германы “Гамбург” багт нэрээ гаргасан. Түүний аав Сон Вун Жан Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглогч байжээ. Сон 2008 онд Германд ирж, 2010 онд үндсэн бүрэлдэхүүнд багтангуутаа гоол хийж, “Гамбург”-ийн түүхэн дэх гоол хийсэн хамгийн залуу хөлбөмбөгч болсон. Сон Хын Мин дөнгөж 18 настай байлаа. Түүнийг “Солонгос Мюллер” хэмээн нэрлэж, алдарт Франц Беккенбауэр “Сон өөрөө гоё сайхан гоол хийгээд зогсохгүй бусдад ч бөмбөг оруулах боломж өгдөг. Тэр бол XX зууны Азийн шилдэг тоглогч Бум Кун Ча-гийн залгамжлагч” хэмээн магтаж байв. Тийм болохоор л “Тоттенхэм” 30 сая еврогоор Соныг багтаа элсүүлсэн юм. Техник хурд сайтай, цуцашгүй, маш тайван Сон сөрөг довтолгоо, прессинг хийхэд тун ашигтай. “Тоттенхэм”-ийн лидер Кейн гэмтэхэд Сон багийн удирдагч болон хувирч байв. Азийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Соны Англи дахь замнал дөнгөж эхэлж байна.
Ли Чхон Ен (Өмнөд Солонгос, “Кристал Пэлас”)


Ли Чхон Ен цагтаа хамгийн ирээдүйтэй хөлбөмбөгчийн тоонд орж явсан тоглогч. 2009 онд түүнийг Их Британийн “Times” дэлхийн хамгийн өсөх ирээдүйтэй 50 хөлбөмбөгчийн тоонд оруулж байлаа. Английн “Болтон” түүнийг худалдан авсан ч солонгос залуу боломжоо ашиглаж чадаагүй. 2009/2010 оны улирлын дараа түүнийг “Ливерпуль” авах дөхсөн ч Ли багтайгаа гэрээгээ сунгасан. 2011 оны наймдугаар сард нөхөрсөг тоглолтын үеэр хөлөө хугалж, бүтэн жил эмчлүүлсэн юм. Түүнийг эзгүйд “Болтон” доод лигт унаж орхисон ч Ли тэндээ дахиад 3 жил тоглосон билээ. Гэв байдал дээрдэлгүй баг нь бүр доош унасан тул Ли “Кристал Пэлас”-ийн урилгыг хүлээн авсан. “Болтон”-ы төлөө 176 тоглолтод оролцож, 2010 оны “Болтон”-гийн шилдэг тоглогч  хэргэм зүүсэн тэр шинэ багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд шууд багтчихаагүй. Тэр байтугай өнгөрсөн жил дасгалжуулагчаа сэлгээ хийлгүй, хэдхэн тоглогчийг унатал нь тоглуулж байна гэж шүүмжилснээс болоод талбайд ч гарахаа байсан. Багаа солихгүй бол авьяаслаг солонгос залуу бүр мөсөн зэврэхэд ойрхон байна.
Ки Сон Ен (Өмнөд Солонгос, “Суонси”)


Ки Сон Ен бол Ли Чхон Ений багын найз. “Сөүл” багийн хүүхдийн академид тэднийг “Хос цохилт” гэж нэрлэдэг байлаа. 2007 оны залуучуудын дэлхийн аваргаар Алекс Фергюсон Кигээс хараа салгаж чадахгүй байснаа дурссан байдаг. Гэхдээ Алекс түүнийг биш Антонио Валенсийг сонгосон юм. Харин Ки Англид ирэхээсээ өмнө “бие халаалт” хийхээр Шотландын “Селик”-т очсон. Эхний тоглолтдоо л шилдэгээр шалгарч, удалгүй “Селтик”-ийн түлхүүр тоглогчдын нэг болсон түүнийг 2012 онд “Суонси” урьсан. Хүсэн хүлээсэн Английн лиг. Гэвч эхний жил түүнд харуусал гомдлоос өөр юу ч авчирсангүй. Ки өөрөө ч олигтой тоглосонгүй, дээр нь дасгалжуулагч Лаудруптай муудалцаад, “Сандерленд”-д зээлээр явахаас өөр аргагүйд хүрсэн. Эргэн ирэхэд нь “Суонси” Гарри Монк гэсэн шинэ дасгалжуулагчтай болсон байлаа. Монк ази залуугийн сэтгэлд хүрэх аргаа олсон юм. 2014/2015 оны улиралд Ки багийнхаа шилдэг тоглогч болж, “Солонгос Жеррард” гэж дуудуулдаг болов. “Арсенал” түүнийг авах гэж хөөцөлдсөн ч Ки багтаа үнэнч хэвээр үлдсэн. “Суонси”-д удирдлага нь өөрчлөгдөж, шинэ дасгалжуулагч Боб Брэдли түүнд одоохондоо бүрэн итгэл хүлээлгэхгүй байна. Байдал өөрчлөгдөхгүй бол Ки удахгүй өөр багт очих биз ээ.
Шинжи Оказаки (Япон, “Лестер”)


Оказаки Японд тоглож байхдаа л олонд өөрийгөө харуулсан тоглогч байсан. 2009 онд Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд 15 гоол хийж, 2011 онд Азийн цомын эзэн болсон түүнийг Германы “Майнц” баяртайгаар хүлээн авсан. Германд тэр хоёр улирал тоглохдоо 27 бөмбөг оруулж, багийнхаа мэргэн бууч нь болоод байв. Английн “Лестер”-т ирсэн эхний улиралдаа тавхан гоол хийсэн нь тааруу амжилт мэт санагдавч баг нь Английн аварга болсон, дээр нь тэр таван гоол ихэнх нь хожлын гоол байж, аварга болоход нь багтаа үнэлж баршгүй тус болсон билээ. Гоолын тоо цөөрсөн нь Клаудио Раньери Шинжигийн мэргэн буучийн авьяасыг золиосонд гаргаж, өөр байрлалд зүтгүүлсэнтэй холбоотой. Ядарч цуцашгүй, бөх бат бие хаатай Шинжи прессинг хийхэд тун тохирсон. Тэр талбайн хаана ч түлхэлцэн тэмцэхэд бэлэн, Mitsubishi-гийн трактор л гэсэн үг. Мөн хурдтай тул өрсөлдөгч багийн хамгаалагч нарыг өөртөө татан, Варди, Марез нарт сул зай гаргаж өгдөг. Маш их хүч зарцуулдаг тул барагтаа бол 90 минут бүтэн тоглодоггүй, сэлгээнд амрахаар оддог. Энэ улирал тэр онц гойд тоглохгүй байгаа ч ганц тэр биш “Лестер” баг тэр чигээрээ тааруухан байгаа.
Мая Ёшида (Япон, “Саутгемптон”)


Төвийн хамгаалагч Ёшида Голландаар дамжин, Англид ирсэн. 2010 онд Голландын жижигхэн “Венло” баг түүнийг Арлын орноос сугалан гаргасан юм. Хоёр жилийн турш Ёшида “Венло”-г доод лигт унагаалгүй аварч байлаа. Гэвч түүнийг “Саутгемптон” багт очмогц баг нь доошоо унасан юм. Англид ирээд тэр Жозе Фонтетэй хамт арын шугаманд тоглох болсон. Ёшида Фонтегоос илүү биш юм гэхэд дутахгүй мэт санагдаж байлаа. 2014/2015 оны улиралд “Саутгемптон” дөнгөж 33 бөмбөг хаалгандаа алдсан нь тэдний хослол тун сайн байсныг гэрчилнэ. Гэвч Ёшида бөмбөг булаахдаа тааруу, удаан байсан тул Ван Дейк багт ирснээс хойш сэлгээний тоглогч болон хувирсан. Их цаг тоглохыг хүсвэл багаа солих зам түүнд үлдээд байна.  
Өндөр ур чадвар, байгалиас заяасан авьяасгүй ч ази тоглогчид хичээл зүтгэлээр түүнийгээ нөхдөг. Богино хугацаанд од болон гялалздаг ч удаан хугацааны турш тогтвортой сайн тоглож чаддаггүй нь тэдний дутагдал. Сон Хын Мин ч есдүгээр сарын шилдэг тоглогч болсноосоо хйош бага зэрэг “гундаад” эхэлсэн. Гэхдээ 24 настай түүний хувьд бүх юм өмнө нь байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
45
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.