Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Шапекоэнсе” багийн ослоос амьд үлдэгсэд

4 зорчигч нислэгийн өмнө онгоцонд суухаа больсон гэнэ.


“Бүгд сандран босоцгоосон, харин би зааврын дагуу бөхийн суусан”
Бразилийн хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийн ослоос хойш хоёр хоног өнгөрлөө. Багийн хөгжөөн дэмжигчид төдийгүй спортын ертөнц тэр чигээрээ тэднийг дурсан, гашуудаж байна. Энэ ослоос гайхамшигтайгаар амьд үлдсэн хэд хэдэн тохиолдол гарсан юм. Онгоц сүйрэхэд 6 хүн амь гарч, 75 хүн амиа алдсан гэж хэвлэлээр мэдээлсэн ч үнэн хэрэгтээ хохирогчдын тоо 71 байж таарчээ. 4 зорчигч нислэгийн өмнө онгоцонд суухаа больсон аж.
Амьд үлдэгсэд
Хамгийн анх багийн хамгаалагч Алан Рушел амьд олдсон билээ. Тэр ухаан алдаагүй бөгөөд эмч нараас гэрбүлийнхнийгээ байнга асууж байжээ. Рушелийн гар, хөл, толгой, хүзүү гэмтсэн ч амь насанд аюултай гэмтэл учраагүй байна. Түүний эхнэр Аманда инстаграм хуудсандаа “Бурханы авралаар Алан эмнэлэгт биеийн байдал нь тогтвортой байна. Бид аврагдаж чадаагүй бүх хүн, тэдний гэрбүлийнхний төлөө залбирч байна” гэж бичжээ. Рушел аврагдахдаа хуримын бөгжиндөө ихэд санаа зовж, олж өгөхийг аврагч нараас хүсэж байсан гэнэ. Аврагчид дараа нь түүний бөгжийг олж өгсөн.


Дараа нь хаалгач Жаксон Фолльманныг аврагчид олсон. Хүнд гэмтсэн тул баруун хөлийг нь тайрч, одоо зүүн хөлийг нь тайрахгүй эмчлэхээр эмч нар хичээж байна. Түүний биеийн байдлыг эмч нар хүнд гэж оношилсон. Жаксоны ээж Бразилийн радиод ярилцлага өгөхдөө “Онгоц сүйрснийг бидэнд мэдэгдэхэд яагаад ч юм манай Жаксоныг Бурхан хамгаалсан мэт мэдрэмж төрөөд байсан. Онгоцны ослоос амьд үлдэх боломж байхгүй. Тийм болохоор бид үүнийг Бурханы гайхамшиг гэж бодож байна” гэж хэлсэн байна.


Хамгийн сүүлд хамгаалагч Элио Нетог олжээ. Цагдаагийн газраас амьд үлдсэн хүн дахиж байхгүй гэж зарлаад байтал үүрээр аврагчид Нетог онгоцны сэгэн дор амьд байгааг илрүүлсэн юм. Элио яс хугарсан, тархины гэмтэлтэй, гэдэс нь зүсэгдсэн гээд маш олон гэмтсэн ч хагалгааны дараа эмч нар түүний амь насанд аюул байхгүй гэж мэдэгдсэн. Өвдөг, хамар, гарт нь дахин мэс хагалгаа хийх шаардлагатай байгаа.


Онгоцны багаас үйлчлэгч Химена Суарес, инженер Эрвин Тумири нар амьд гарсан. Суарес хөл, гар нь хугарч, хүзүү нь гэмтсэн ч биеийн байдал хэвийн байгаа. “Гэрэл унтраад 40-50 секундын дараа онгоц газар мөргөсөн. Дараа нь юу болсныг санхагүй байна” гэж тэр эмнэлэгт ирэхдээ ярьсан байна.
Харин Эрвин болсон явдлыг сайн санаж байна. “Аюулгүй байдлын дүрмийг дагасны ачаар би амьд үлдсэн. Зорчигчид айж сандран, бүгд босон харайцгаасан. Харин би цүнхээ хөлөн завсраа хийгээд нислэгийн өмнө үйлчлэгч нар заадаг шиг бөхийн суусан” гэж тэр ярьж байна. Үнэхээр Эрвин амьд үлдэгсдээс хамгийн бага гэмтэлтэй нь.
Амь гарсан 6 дахь хүн бол тэмцээнийг сурвалжлахаар явж байсан сэтгүүлч. Рафаэль Энзель дотуураа хүнд гэмтсэн. Тэр онгоцонд суугаад зургаа олон нийтийн сүлжээнд хамгийн сүүлд тавьсан хүн юм.


Хэн онгоцонд суугаагүй вэ?
"Шапекоэнсе” багийн ахлах дасгалжуулагч Кайо Жуниорын хүү Матеус Сароли онгоцны буудалд ирсэн ч гэртээ паспортоо мартсан тул нисэлгүй үлджээ.
Сэлгээний хаалгач Марсело Бук 32 насных нь төрсөн өдөр тохиосон тул багийн удирдлага түүнийг Бразилид үлдэхийг зөвшөөрсөн гэнэ.
Бас нэгэн тоглогч Алехандро Мартинуччо гэмтлийн улмаас тэмцээнд яваагүй.
Шапеко хотын дарга Лусиано Булигон, Төлөөлөгчдийн хурлын дарга  Желсон Мерисиу нар багаа дэмжихээр явах гэж байсан боловч Сан-Паулуд хуралтай болсон тул амжаагүй аж. Хотын дарга Булигон “Манай хотод тохиолдсон хамгийн том уй гашуу бол энэ осол. Бид хөлбөмбөгийн багтаа хайртай, дэмждэг байлаа” гэж мэдэгдсэн юм. Хотод 30 хоногийн гашуудал зарлаж, шинэ жилийн бүх арга хэмжээг цуцалжээ.
Хаалгач Данило Падилья эмнэлэгт нас барсан. Нас барахынхаа өмнө тэр эхнэртэйгээ утсаар ярьж амжжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Баасан гарагт эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын жүдочид хэнтэй барилдах вэ?
2
9 цагийн өмнө
Маргааш болох Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд улсын цолтой ЕСӨН бөх зодоглоно
3
10 цагийн өмнө
Фото: 1970-аад оны Нью Йорк дахь уушийн газрын ховор зургууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
26
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.