Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөлбөмбөгчдийн хачирхалтай гэрээнүүд

Шинээр гарсан iphone, ipad болгоныг холбооноос авч өгнө гэсэн заалттай байлаа.


Бельгийн “Le Soir” сонин энэ долоо хоногоос эхлэн, алдартай хөлбөмбөгчдийн байгуулсан гэрээнд тусгагдсан хачирхалтай заалтуудыг нийтэлж эхэллээ. Тэдэнд энэ мэдээллийг "Football Leaks” хакерийн бүлэглэлээс илгээж байгаа аж. Хөлбөмбөгчид өндөр цалинтай гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ бид тэднийг 10 сая, 50 сая долларын гэрээ байгууллаа гэж л сонсохоос гэрээний нарийн агуулгыг огт мэддэггүй. Харин "Football Leaks” хакер бүлэглэлийн ачаар сонин хачин заалттай гэрээнүүдтэй танилцаж болохоор болжээ.


ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч, итали мэргэжилтэн Фабио Капеллогийн гэрээнд “Шинээр гарсан iphone, ipad болгоныг холбооноос авч өгнө. Дэлхийн аль ч улсад машины осол хийсэн ч хохирлыг ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо барагдуулна” гэж заасан байлаа.
“Ливерпуль” багийн Роберто Фирмино хэзээ ч “Арсенал-д орохгүй гэдгийг бид хакеруудаас мэдэж авсан. Түүний гэрээнд энэ талаар бүхэл бүтэн заалт бий. Ямар ч клуб “Манчестер Юнайтед” ч байсан Фирминог 98 сая евро төлөөд худалдан авч болно. Харин “Арсенал”-д хэдэн зуун саяар ч орж болохгүй аж.


Италийн Марио Балотелли “Ливерпуль”-д тоглож байхдаа тун өвөрмөц шагналтай байжээ. Марио өрсөлдөгчөө нулимах, доромжлох, цохих зэрэг танхай үйлдэл гаргахгүй улирлыг өнгөрөөхөд л баг нь 1 сая фунтын урамшуулал өгөх гэрээтэй байв.
Эсекиэль Лавесси Хятадад Эзэн хаан шиг л баян цатгалан амьдарч байгаа. Цалингаараа хүссэн зүйлээ авчихаж чадах ч аргентин эр гэрээгээ тун нарийн байгуулсан. Гэрээ ёсоор Хятадын баг түүнд “Том байшин, тавилгатай өрөө, 2 машин, жолооч, тогооч, хувийн орчуулагч” олгож байна. Уг нь Лавесси сард 2.5 сая долларын цалинтай хүн шүү дээ.
Лондон хотын “Тоттенхэм” хаалгач Уго Льорист талбайд гарах болгонд нь мөнгө төлдөг. Ялагдсан ч байсан хамаагүй нэг тоглолтод ороход 3500 фунт авна. Ялбал хоёр дахин их шагналтай гэж байгаа.
Серхио Агуэро “Атлетико”-гоос 2011 онд явсан. Гэхдээ түүнийг гоол оруулах болгонд мадридчууд баярладаг хэвээр. Учир нь “Манчестер Сити” баг түүнийг худалдан авахдаа Агуэрогийн хийсэн 15 гоол тутамд 250 мянган евро өгч байх гэрээ байгуулжээ.
Германы довтлогч Жузеппе Рейна 1996 онд “Арминия” багт шилжихдээ улирал болгоны өмнө түүнд шинэ байшин барьж өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гурван жилийн гэрээ байгуулсан тул тэр 3 байшинтай болчих санаатай байв. Гэвч Рейна том алдаа гаргасан. Гэрээндээ тэр байшингийн хэмжээ, байршлийн талаар юу ч дурдаагүй тул “Арминия” баг жил болгон түүнд Lego тоглоомоор угсарсан байшин өгч аргалсан гэдэг.


Конгогийн хагас хамгаалагч Рольф-Кристель Гуйе-Мьен Франкфурт хотын “Айнтрахт” багт 1999 онд шилжихдээ эхнэртээ тогоочийн дамжаа олж өгөх шаардлага тавьсан.
Гэхдээ хамгийн хачирхалтай заалт Шведийн Стефан Шварц Англид 1999 онд ирэхэд гэрээнд нь оруулж байжээ. “Сандерленд” багтай гэрээ байгуулж, бараг дуусч байхад Шварц сансарт нисэхийг хүсдэг нь мэдэгджээ. Шварцын агент тэр үед моодонд ороод байсан сансрын аялалд нэрээ бүртгүүлсэн байв. Зөвлөхийн хамт Шварц ч сансрын аялалд явж магадгүй хэмээн эмээсэн багийн удирдлага гэрээнд “Шварц сансарт нисэхгүй” гэсэн заалт оруулсан байна. Швед залуу зодог тайлсан хойноо “Миний гэрээнд Мессид ч байхгүй заалт байдаг” гэж сайрхдаг байжээ.
“Хамбург” багийн голланд тоглогч Элжеро Элиа 2011 онд шинэ шивээс хийлгэснээс болж, халдвар авч, хэд хэдэн тоглолтод оролцож чадаагүй гэнэ. Дахиж ийм явдал гаргахгүйн тулд багаас тоглогчидтойгоо улирлын дундуур шивээс хийлгэхийг хориглосон гэрээ байгуулж байжээ.


Хамгаалагч Нил Раддокийг “Кристал Пэлас” авахдаа түүнийг таргалахаас эмээж, “Илүүдэл кг болгонд цалингийн 10 хувийн торгууль онооно” гэсэн гэрээ байгуулжээ. Энэ нь тун зөв алхам болсон юм. Раддокт таарах өмсгөл олдоогүй тул тэр анхны тоглолтоо хойшлуулж байв. Хагас жилийн дотор илүүдэл жингээр найман удаа торгуулсан Нил ирэх улирал нь өөр багт шилжсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
39
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.