Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн спортлог 7 тэргүүн хатагтай

Марафон гүйлт, тулааны урлаг гээд тэргүүн хатагтай долоон эмэгтэйн хичээллэдэг спортыг танилцуулж байна.


Дэлхийн тэргүүн хатагтай нарын спортын сонирхолын талаар “Forbes Woman” бичжээ. Үнэхээр улстөрийн оргилд гарахын төлөө зүтгэж байгаа эмэгтэй хүнд хурц ухаан, мэдлэг оюун, хүнийг татах чадвараас гадна биеийн бэлтгэл, эрч хүч чухал шаардлагатай. Марафон гүйлт, тулааны урлаг гээд улс орны удирдагч болон тэргүүн хатагтай долоон эмэгтэйн хичээллэдэг спортыг танилцуулж байна.
Эстон улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайд


Эстонийн шинэ ерөнхийлөгч тамирчин хүн. Багадаа жүдо бөхөөр хичээллэж байсан Керсти дунд сургуулиа төгсөөд гүйлтийн спортод урвасан. 2008 оны хавар ирээдүйн ерөнхийлөгч бүсгүй Люксембургийн марафонд оролцож, 42 км зайг 3:55.56 амжилтаар 23 дугаар байрт орж байлаа. Түүний дээд амжилт 3:52.53. Дөрвөн хүүхдийн эх Керсти төрснийхөө дараа бэлтгэлдээ шууд ордог байжээ. Одоо ч тэр өдөр бүр гүйдэг хэвээр. Долоо хоногт 30 км гүйх норм өөртөө тогтоосон. Спортоор хичээллэх нь бие махбодь төдийгүй оюун ухаанд ч сайнаар нөлөөлдөг гэж тэр ярих дуртай.


Германы Канцлер Ангела Меркель


Германы хөлбөмбөгийн шигшээ багийн гол бэлгэ тэмдэг бол Ангела Меркель. Тэр найман жилийн турш цэнгэлдэх хүрээлэнд ирж, багаа дэмжсэн. Германы баг 2014 оны дэлхийн аварга болоход түүний оруулсан хувь нэмэр бас бий. Меркель хөлбөмбөгөөс гадна цанаар гулгах дуртай. Зул сарын баярын амралтаараа жил бүр цанын талбайд гардаг заншилтай. 2013 онд Швейцарт гулгаж байгаад гэмтэж, гурван долоо хоног ажилдаа ирээгүй удаатай.


Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй


Вивьен Вэствуд маягийн даашинз, хурц өнгийн цамц, өндөр өсгийт гээд Их Британийн шинэ Ерөнхий сайдын стиль Маргарет Тэтчерээс эрс ялгаатай. Гэхдээ энэ имиж нь өндөр нуруулаг түүнд их зохидог. 60 настай ч Мэй өдөр бүр дасгал хийж, чөлөөт цагаараа нөхрийн хамт спорт алхаагаар хичээллэдэг гэнэ. Тэрбээр спорт алхаа нь хүний бүх булчинд ачаалал өгдөг, хамгийн сайн спорт гэж ярьдаг.


АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп


Ирээдүйн тэргүүн хатагтай Мелания “Sport Illustrsted” сэтгүүлд авахуулсан усны хувцастай зургийг үзсэн хүн бүхэн түүний биеийн хөгжлийг ойлгосон байх. Бусад сэтгүүлээс ялгаатай нь “Sport Illustrsted” биеийн хөгжил сайтай, спортлог бүсгүйчүүдийн зургийг л нийтэлдэг уламжлалтай. Яаж ийм сайхан биетэй болсон талаараа Мелания “Явган аялал, уулын цана” гэж товчхон тайлбарласан юм.


Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг


Эрна хөлбөмбөгт дуртай. Гэхдээ тэр үзээд суух биш өөрөө тоглож, гоол хийж ч чадна. Норвег хүн тул цана чарга, тэшүүрээр гулгаж чадах нь ойлгомжтой. Харамсалтай нь сүүлийн үед Эрна “Покемон GO” тоглоомонд хэт хорхойссон тул спортоор хичээлэх цаг нь эрс багассан байна. Тэр парламентийн танхим, ажлын айлчлалын үеэр ч покемон ангуучилдаг. Саяхан Словенид хийсэн айлчлалынхаа үеэр покемондож байгаад гэрэл зурагчдад баригдсан юм.


Японы Тэргүүн хатагтай Акиэ Абэ


Шинзо Абэ Ерөнхий сайдын суудалд суусны дараа түүний гэргий Акиэ япон эмэгтэйчүүд гэрийн ажил л хийдэг гэсэн сөрөг ойлголттой тэмцэнэ гэдгээ илэрхийлж байв. Шийдэмгий зан, тэсвэр хатуужилтай болсноо тэр спортын ач гэж үздэг. Акиэ Японы эртний тулааны урлаг болох нагината хэмээх сэлэмний төрлөөр хичээллэдэг.


Канадын Тэргүүн хатагтай Софи Грегаур


Загвар өмсөгчид шиг сайхан бие, хаатай болох хүсэл нь түүнийг донтох өвчтэй болгосон гэдгийг Софи нуудаггүй. Энэ өвчнөөс ангижирахад нь түүнд йог тусалсан. Канадын тэргүүн хатагтай одоо йогийн багшийн үнэмлэхтэй. Софигийн биеийн уян налархай байдал олныг бишрүүлдэг. Нөхрийнхөө хэвлэлийн бага хурлын үеэр Софи ганган цагаан даашинзтай гар дээрээ тулан, хөлөө өргөж үзүүлэхэд түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг тэргүүн хатагтай гэдэгт эргэлзэх хүн үлдээгүй гэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
15 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
5
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.