Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Роналдугийн баяжихаас өөр аргагүй 5 шалтгаан

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэйгээрээ Роналду харин ч эмэгтэйчүүдийг өөртөө татаж чадсан.


Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн Роналду саяхан “Реал”-тай гэрээгээ сунгаж, “Nike” компанитай насан туршийн гэрээ байгуулаад улам л баян болчихлоо. Жилийн 88 сая долларын орлогоос 56 сая нь “Реал”-аас авсан цалин, шагнал бөгөөд 32 саяыг тэр зар сурталчилгаанаас олсон. “Nike”-тэй байгуулсан насан туршийн гэрээ нь 1 тэрбум доллар гэхээр 2017 онд ч Роналду хамгийн баян тамирчдын жагсаалтын дээр байх нь ойлгомжтой. Дэлхийд алдартай, авьяаслаг тамирчин олон бий. Гэвч яагаад Роналду ийм их мөнгө олж, чухам түүнийг л зар сурталчилгааны газрууд сонгож байна вэ? “Forbes”-ийн мэргэжилтнүүд учрыг нь олж, хужрыг нь тунгааж байна.
1.    Спортын амжилт


Роналду 18 настайдаа “Манчестер Юнайтед” гэсэн дэлхийн хэмжээний багт очсон. Анхны гэрээгээрээ тэр долоо хоногт 35 мянган фунтын цалин төдийгүй Бекхэмээс үлдсэн 7 дугаарыг өвлөн авсан. “МЮ”-д өнгөрөөсөн 6 улирал түүнийг од болгон хувиргасан ч од гэдэг статус дээрээ супер гэсэн нэмэлтийг тэр Испанийн “Реал”-д нэмсэн юм. 94 сая еврогоор Роналдуг авахад зарим хүн хэт үнэтэй хэмээн эсэргүүцэж байлаа. Тэгвэл Роналду тэр мөнгийг хэдийнэ төлчихсөн. “Marca”-гийн судалгаагаар 2009 оноос хойш зарагдсан “Реал”-ын өмсгөлийн 40 гаруй хувь нь Роналду гэсэн бичигтэй байлаа. Спортын бизнесийн хувьд энэ нь түүний оруулсан гоолоос үнэтэй зүйл. Жилд дунджаар 52 гоол хийдэг нь түүний авьяас чадвар бусдаас тасарсныг илтгэнэ. Өнгөрсөн жил тэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг”, Европын аваргын титмийг цуглуулгандаа нэмсэн.
2.    Сэтгэл уярам намтар


Криштианугийн түүх бол боломжгүй юм боломжтой болсон тухай өгүүлсэн кино гэсэн үг. Ядуу айлын хүү супер од, саятан болно гэдэг гайхамшигтай биш гэж үү? Ард түмэн ийм аз жаргалтай түүхэнд дуртай. Роналду Мадейра арлын Фуншал хотод төрсөн, хоёр эгч, нэг ахтай. Гэрбүлээ тэжээхийн тулд ээж нь зочид буудалд тогооч, цэвэрлэгчээр давхар ажиллаж байв. Аав нь цэргээс халагдахдаа сэтгэл зүйн хямралд орж, ажлаа хаяад архи ууж эхэлсэн байна. Тийм болохоор Роналдуг анхаарч, халамжлах хүн байсангүй. Тэр хөлбөмбөг тоглож, модонд авиран наадаж, баян айлын хүүхдүүдээс хэд дахин илүү цагийг гадаа өнгөрөөдөг байлаа. Үүнийхээ ачаар тэр маш хурдан, тэсвэртэй, техниктэй болсон юм. 12 настайдаа “Спортинг” багийн академид элссэн Роналду бусдаас илүү байсан ч орой бүр нэмэлт бэлтгэл хийдэг байв. Алекс Фергюсон энэ талаар “Роналду бол хүн өөрийгөө хэрхэн бүтээхийн үлгэр жишээ болсон хүн. Бид түүнд амжилт олох талбар, багажийг нь л өгсөн, үлдсэнийг нь тэр өөрөө хийсэн” гэж хэлсэн юм. Роналдугийн намтарт зохиомол зүйл байхгүй, бүгд бодит явдал. Тэр нэг талаас маш авьяаслаг, нөгөө талаас ажилсаг хөдөлмөрч. Аль аль нь няцаашгүй үнэн. Хичээн зүтгэж, хөдөлмөрлөж байж супер од болсон хүн. Нөгөө талаас Роналду жирийн нэг гоол оруулдаг машин биш, тэр сэтгэл хөдлөл ихтэй. Супер од Роналду жирийн амьдрал дахь Роналду хоёр огт ялгаагүй.
3.    Олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч


Криштиану олон нийтийн сүлжээнд хамгийн алдартай тамирчны нэг. Түүний Facebook 117.2 сая, Instagram 81.1 сая, Twitter 47.9 сая уншигчтай. Роналду интернетээр шүтэн бишрэгчидтэйгээ харилцахдаа тун ухаалаг ханддаг. Хувийн мэдээллээ спорт, бизнесийн мэдээтэй эвтэйхэн хослуулна. Судалгааны Hookit сүлжээнээс Роналдугийн сүлжээний идэвхийг 176 сая доллараар үнэлсэн. Хоёрдугаар байрт орсон сагсан бөмбөгч Стефен Карри дөнгөж 23.6 сая доллар гэхээр Роналду үнэхээр сүлжээг тултал нь ашиглаж байгаа нь харагдана. Роналдугийн оруулсан рекламын пост болгон дунджаар 651778 хариу (лайк, репост, коммент) авдгийг Hookit тооцоолжээ. Роналду жилд 255 промо-пост оруулсан гэхээр нийт хэдэн лайк авсныг тоолоод үз. “Роналдугийн маркетингийн компани маш зөв ажилладаг. Шампунь, фитнессийн хэрэглэлийн сурталчилгаа ч бай бүх төсөлд тэр яг өөрийнхөөрөө харагддаг. Түүний олон нийтийн сүлжээг харсан хэнд ч Роналду өөрөө хөтөлж байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Үнэхээр хувь хүний харилцаа үүсгэж чаддаг нь тэдний багийн амжилт. Энэ бүхнийг мэдээж том компани, брэндүүд өндөр үнэлдэг” гэж “Forbes” дүгнэж байна.  
4.    Роналду царайлаг


“Хамгийн царайлаг”, “Хамгийн тачаангуй” тамирчин, алдартнуудын чансаа Роналдугүй байна гэж үгүй. Түүний ээлжит найз бүсгүйгээр Бразилиас эхлээд Энэтхэг хүртэл бараг бүх орны үзэсгэлэн гоо бүсгүйчүүд тодорч байсан. Өрсөлдөгч багийнх нь фэнүүд яагаад түүнийг эсэргүүцэн, шүгэлдээд байгааг сэтгүүлч асуухад Роналду “Би баян, сайхан залуу, агуу хөлбөмбөгч” гэж товчхон хариулсан. Түүний булчинлаг хүчирхэг бие, царай зүс нь аль ч цаг үе, улс оронд сайхан залууд тооцогдоно. Брэнд болгон сайхан залуугийн талаар өөрийн ойлголттой ч Роналду хаана ч, хэзээ ч сайхан залуу хэвээр.
5.    Эерэг зан ааш


Дунд сургуульд сурч байхдаа Роналду тогтворгүй ааштай байсан гэдэг. Багштайгаа муудалцаж, бусдын хоолыг зөвшөөрөлгүй авч идэх үе ч байлаа. Англид 2005 онд түүнийг хүчингийн хэргээр баривчилсан ч сулласан юм. Тэр цагаас хойш Роналду ямар ч хэрэг өдүүлээгүй, хэрүүл шуугианд ороогүй, сэжигтэй хүмүүстэй нөхөрлөөгүй. Харин эсрэгээрээ хорт хавдар, эболагийн эсрэг аян, хүүхдэд туслах хөдөлгөөн гээд маш олон буяны ажилд оролцдог. Бараг бүх хөлбөмбөгч шивээстэй ч Роналдуд нэг ч байхгүй. Учир нь тэр донор, байнга цусаа хандивладаг тул шивээс хийлгэх дургүй. Талбай дээр түүнийг амиа хичээдэг, эрчүүдийн спортод тохирохгүй их сэтгэл хөдлөлтэй зэргээр шүүмжилдэг. “Евро 2016” тэмцээний финалд тэр хэд хэдэн удаа уйлсан. Гэвч түүнийг бааштай, эршүүд биш гэж шүүмжилдэг хүмүүст хэлэх ганц үг бол Роналду холимог тулааны од МакГрегортой анд найз. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэйгээрээ Роналду харин ч эмэгтэйчүүдийг өөртөө татаж чадсан. Өрөвдмөөр, илэн далангүй, шударга гэж тэд Роналдуг дүгнэдэг. Роналдугийн амьдралын үнэт зүйлс нь гэрбүл, амжилт. Энэ нь том компаниудад их таалагддаг. Учир нь Роналдутай хамтран ажилласнаар эрсдэл бага гэдгийг тэд ойлгож байгаа. Брэндүүд эерэг имижтэй алдартнуудыг хайдаг. Хар тамхи, хууль зөрчсөн, эхнэрээсээ салсан, хүүхдээ хаясан зэрэг олон баримт тухайн одын зар сурталчилгааны гэрээнд шууд нөлөөлдөг.
Ингэхээр Роналдуг зах зээлд ийм хэрэгцээтэй байгаад гайхах зүйл огт алга.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
8
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.