Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

200 кг-аас хүнд жинтэй цолтой сүмочид

Мэргэжлийн сүмод идэх нь бэлтгэлийн нэгэн хэсэг гэж ярьдаг.


Жингийн ялгаа байхгүй өрсөлддөг бөхийн цорын ганц төрөл бол сүмо гэж хэлэхэд болно. Өчүүхэн жижиг тойрог дотор барилддаг тул мэдээж хүнд жинтэй байж, өрсөлдөгчөөсөө давуу болно. Мэргэжлийн сүмод идэх нь бэлтгэлийн нэгэн хэсэг гэж ярьдаг. Гэхдээ том биетэй сүмочид дотор ч бусдаасаа ялгарсан “томчууд” байдаг. Ингээд мэргэжлийн сүмогийн түүхэнд төрсөн 200 кг-аас хүнд жинтэй сэкитори буюу цолтой бөхчүүдийг танилцуулья.


Озэки Конишики 284 кг
Эхний байрт мэдээж Хавайн арлын Конишики орно. Гадаадын анхны озэки Конишики жонокүчид анх барилдахдаа л 100 кг хол давсан жинтэй байлаа. Өрсөлдөгч бөхдөө барилдах бололцоо өгөлгүй түлхээд гаргачихдаг байсан тул түүнийг ялахын тулд япон бөхчүүд жингээ нэмэж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр Кониншикиг сүмочдын жин нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “этгээд” гэж хэлж болно. Конишики 187 см өндөр, 284 кг жинтэй байв. Гадаадын анхны ёкозүна болох тун дөхсөн ч хэт таргалснаас хөл нь ачааллаа дийлэхээ байж, гэмтэл эдгэхгүй уддаг болсноор зодог тайлахаас өөр аргагүй болсон. Сүмогийн түүхэнд хамгийн хүнд бөх болон үлдсэн тэрбээр 1997 онд зодог тайлж, одоо урлагийн ертөнцөд хүч сорьж байна.


Маэгашира Ямамотояма 277 кг


Японы хамгийн хүнд бөх. 191 см өндөр. Наран орны бөх сонирхогчдын хайрыг татсан бөх байсан боловч 2011 онд найрааны хэрэгт сэжиглэгдэн, Сүмогийн холбооноос хөөгдсөн. Телевизийн зар сурталчилгаанд тоглож, жүжигчин болохыг мөрөөдөж яваа. 40 кг турж, 230 кг жинтэй болсон гэнэ.
Ёкозүна Мүсашимарү 237 кг


Ах дүү Ваканохана, Таканохана, Хавайн арлын Акэбоно нартай нэгэн үед өрсөлдөж явсан Хавайн арлын аварга. 192 см өндөр. 2003 онд зодог тайлж, одоо Мүсашигава дэвжээг удирдсан ояката.
Ёкозүна Акэбоно 233 кг


203 см өндөр тэрбээр ёкозүна Таканоханагийн гол өрсөлдөгч хэмээн нэрлэгдэж байлаа. Гадаадын анхны ёкозүна. 2003 онд зодог тайлан, мэргэжлийн тулаанч болж, Боб Сапптай үзэлцсэн.
Жюүрёо Токүшинхо 224 кг


193 см өндөр. Хүнд жингээ ашиглан, харгис ширүүн барилддаг энэ бөх маш олон бөхийг гэмтээж байсан. Сүүлийн нэг жилийг макүшитад өнгөрөөжээ.
Комүсүби Гагамарү 215 кг


Гүрж залуу Гагамарү мөхөөлдөсний “гайгаар” таргалсан. Өдөрт 2-3 кг мөхөөлдөс иддэг тул жин нэмэхгүй гээд яалтай билээ. 186 см өндөр.
Ёкозүна Оонокүни 211 кг


189 см өндөр. 1991 онд зодог тайлж, Шибатаяма ояката болсон. “Амттанд дуртай ояката” хэмээн алдаршиж, ном хүртэл гаргасан гэж байгаа. Манай Дайшёочи У.Бямбажав, Дайюүбү Д.Ундрах нарыг мэргэжлийн сүмогоос шахан гаргасан хүн.
Сэкивакэ Ичиножёо 208 кг


Дээд зиндаанд орсон анхны башёдоо Эзэн хааны цомын төлөө өрсөлдсөн Ичиножёо сүүлийн үед ихэд “даруухан” байгаа. Магадгүй түүний гол “дайсан” нь жин нэмэгдсэн явдал байж болох. Сэкивакэ цолтой барилдаж байх үеийн 180 кг болчихвол “Монголын үлэмж биет” озэки болоход ойрхон доо. 190 см өндөр.
Маэгашира Саданофүжи 208 кг


189 см өндөр. Саданофүжи таргалсан шалтгаанаа сакэ будааны архи гэж тайлбарладаг. 1 литр архийг 20 секундэд уудаг авьяасаа харуулах гэж энд тэнд уусаар жингээ нэмж орхисон.
Сэкивакэ Такамияма 205 кг


Гадаад бөхчүүдийн замыг засаж өгсөн ачтан. 192 см өндөр. 1984 онд зодог тайлж, Азүмазэки ояката болж, Акэбоног ёкозүна болгосон багш. 2009 онд тэтгэвэртээ гарсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
42
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.