Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Алисагийн тэмдэглэл: Ганцаардалд дассан нэгэн үеийнхэн


Амьд хөгжмийн наадам, аялалд гарахаар тасалбараа захиалах, стадион тойрон хуушуур эргүүлэх, "Үнэгүй тэврэлт" бэлэглэн хотын төвөөр алхах, бямба гарагийн өглөөний 5 цагт галзуу оройг өндөрлөн харихаар алхацгаах... Бидний амьдралд ямар олон үйл явдал өрнөж, "энгийн" гэж боддог байсан хэчнээн зүйл одоо дурсамж бас хүлээлт болон үлдэв? Бидний амьдрал бусдаас ямар их хамаарч, харилцаа холбоо, хэрэггүй цаг үрсэн зүйл гэж боддог байсан бяцхан товлолт уулзалт хүртэл ямар их нөлөө үзүүлдэг байсныг би одоо нэг ойлгож эхлэв. Хэдэн сар гэртээ суулаа. Тусгаарлалтад хүртэл орж, 14 хоног нэг өрөөнөөс холдсонгүй. Байрныхаа гадаа гарч агаар амьсгалъя гэвч хөөгдөх болов. Хүмүүстэй уулзах гэтэл бүгд дөлдөг болов. Өдөр болгон хүмүүсийн дунд буцалдаг байсан залуухан сэтгүүлчийн амьдралд гэнэтхэн хоёр хүн, нэг муур л үлдлээ. Бусад бүх зүйл дэлгэцийн цаана оршиж, бодитой эсэхэд нь ч гайхмаар. 

(Зураг: Creative Review)

Эндээс л би ганцаардал гэж үргэлж ярьдаг байсан хэрнээ тултал нь мэдэрч үзээгүй байснаа ухаарсан бөгөөд дэлхий даяар тархсан уг халдварт өвчний улмаас сэтгэл зүй нь яаж өөрчлөгдөж буйг маш олон хүн анзаарахгүй өнгөрч байна. Иймээс би уг нийтлэлээ бүхэл бүтэн нэг үе болох "Хөл хорионы үеийнхэн" дээр тулгуурлаж, тэдний ертөнцөөр шагайхыг хүсэв. Та бүхэн "Алисагийн булан"-гаар зочилж, мөн "Алисагийн тэмдэглэл" группт нэгдэн бусад нийтлэлүүдийг сонирхоорой.

Гэхдээ энэ бүхэн "ЭЕРЭГ" гэх хариуг сонсоод, эмнэлэгт хэвтэж эхэлсэн үетэй харьцуулшгүй билээ. Би яг одоо ч үүнийг бичиж суухдаа гурван ортой жижиг өрөөнийхөө нэг хэсэгт, тавиураа татаж лаптопоо байрлуулж байгаад бичиж байна. Яг энэ байрлалаар нэлээн удаан сууж гэмээнэ нуруу хөшиж, хэвлий шахагдан амьсгал давчдах нь тодорхой ч үүнээс өөр тухтай байрлал олдсонгүй. Хэн гэдгийг нь ч үл мэдэх хоёр хүнтэй цуг нэг өрөөнд байх болсон тэр өдрөөс эхлээд, бас энэ эмнэлгийн хонгилд байнга таарч, зөрөлдөн алхах жаахан хүүхэд, хөгшид, ах эгч, дүү нарыг харсан цагаас би хүмүүсийн харилцааны тухай хамгийн ихээр бодох болсон. Бас энэ хүмүүсийн ярих түүхийг сонсмоор байлаа. 

Тиймээс хэдэн хором даган алхаж, 2 метр зайнаас ярилцан асууж мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя. Энэ амьдрал бидний амьдралд ямар өөрчлөлт авчирч, энэ хүмүүсийн өдөр хоногууд юу болж хувирсан тухай сонирхоцгооё. 

1. 

"Манай өрөөний цонхоор нэг байр шууд харагддаг юм. Тэгээд нэг мод, машинууд гээд л. Тэр айлуудын заримынх нь цонх бүр тод харагддаг. Заримдаа нойр хүрэхгүй болохоор, эсвэл хажуу өрөөний хүүхэд уйлаад эхлэхээр би цонхоороо харж суух дуртай. Тэгээд их олон зүйлийг өмнө нь хэзээ ч тэгж ач холбогдол өгч байгаагүйгээрээ анхаарч боддог. Хамгийн хачин нь надад "Одоо гэртээ байсан ч болоосой" гэх хүсэл төрөхгүй байгаа. Гэртээ ч гэсэн би нэг умгар өрөөнд л байдаг байхгүй юу. Тэнд ч, энд ч би ялгаагүй л байхаас хойш надад харин ч эмнэлэг дээр байх арай сонирхолтой байгаа. Хоолных нь амтыг мэдрэхгүй байгаа болохоор гомдоллох зүйлгүй. Надад утас, дата байна. Миний амьдралын хэв маяг угаасаа л ийм байсан болохоор, би үүнд бүр дасчихсан болохоор хэцүү санагдаад байгаа зүйл үгүй. Коронавирус анх энэ улсад тархсан цагаас хойш би ганцаараа байхад суралцчихсан. Өөртөө хэрэгтэй зүйлийг хийгээд цагаа өнгөрүүлчихнэ, гадуур дотуур хий дэмий тэнэхгүй, уулзах хүмүүс ч угаасаа байхгүй шахам болохоор илүү дотооддоо цагийг өнгөрүүлж, өөрийгөө танин мэдэж, энэ бүхэн дуусахад цааш ямар замаар явах тухайдаа л би анхаарч байгаа. Сайхан амсхийх боломж. Энэ дэлхий хүртэл амарч, хүмүүсийн хэт бужигнаанаас холдоод сайхан байгаа байх. Хэтэрхий их хүмүүс, хэтэрхий завгүй л амьдрал байж дээ гэж харах юм. Гэхдээ хамгийн их санааг минь зовоож байгаа зүйл бол сэтгэцийн эрүүл мэнд, стресс. Хүмүүс энэ үед яахаа мэдэхгүй, сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн анхаарахаа ч мэдэхгүй байгаа, над шиг гайгүй даваад гарч байгаа хүн цөөн гэж бодохоор хэцүү байдаг даа. Хүмүүс одоо бас сэтгэцийн эрүүл мэндийг тэр болгон анхаарахгүй байгаа байх. Гэвч өмнөхөө бодвол бас арай дээр. Илүү их л анхаарал хандуулмаар байна."

-27 настай

"Коронавирус бас стресс" гэх асуудал нийгэмд хурцаар хөндөгдөж байна. Хөл хорио, цар тахлын энэ үед зарим хүмүүст аливаа зүйл бүр хүнд тусаж, стресс нэмэгдэх, яахаа мэдэхгүй байдалд орсоор. Нэгэн судалгаагаар 10 эмэгтэй тутмын 7 нь цар тахлын улмаас сэтгэцийн эрүүл мэндэд нь бэрхшээл тулгарсан, байдал хэцүү болсон хэмээн мэдээлсэн бөгөөд 18-29 насныхан тэр тусмаа сэтгэцийн эрүүл мэнддээ ихээхэн санаа зовж байгаа, ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон хэмээжээ.

СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа нэгэн ярилцлагадаа: "Манай СЭМҮТ-ийн эмч нар хатуу хөл хорионд байгаа иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын тархалтыг тогтооход сэтгэл гутрал 22.1 хувьтай  буюу таван хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай байсан. ... СЭМҮТ-ийн дэргэдэх залуу эмч нарын “MEDIC” багаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-27-нд олон нийтийн цахим орчинд суурилан 4333 хүнийг судалгаанд хамруулан судалсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 33, 82 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь эрэгтэйчүүд байв. Хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдлыг тодруулахад 63 хувь нь гэртээ хөл хорионд, 15 хувь нь гэрээсээ ажиллаж байгаа, 15 хувь нь ажилдаа хэвийн явж байгаа гэж хариулж байсан. Судалгаанд оролцогчдын дунд сэтгэл түгшилт 20.5 хувь, сэтгэл гутрал 22 хувь, амиа хорлох бодол  болон нойргүйдэл 23 хувийн  тархалттай байсан. Дүгнэхэд коронавирусын халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна" гэх судалгааны дүнг танилцуулсан юм. 

Энэ бол мэдээж санаа зовох ёстой тоо баримт. Хүмүүс хаана, хэнд хандахаа мэдэхгүйн улмаас цаг алдах, даамжруулах явдал нэлээд байдаг. Тиймээс хэрэгтэй, шаардлагатай үедээ заавал эмч, мэргэжлийн байгууллагад хандах ёстойг мэргэжлийн хүмүүс сануулсаар байна.

2. 

"Би олон хүүхэдтэй, гэртээ байнга бужигнаж байсаар бүр дасчихсан байна. Гэрээс гараад дэлгүүрт бужигнана, тэгээд өөр нэг дэлгүүр, эмийн сан, хоолны газар гэж явсаар ер нь бужигнахгүй л бол хоосон санагдаад эвгүй байдаг байсан. Энд ирээд эхний хоёр хоног юм л бол тэд нартайгаа яриад баймаар санагддаг байсан чинь одоо бага багаар өөртөө цаг гаргаж эхэлсэн гэх үү дээ. Би онлайнаар англи хэлний хичээл үзэж байгаа. Бас өдөржин орондоо хэвтээд, хоол хийнэ, одоо ингэнэ гэж сандрах зүйлгүй тайван л байна. Анхны хүүхдээ гарснаас 5 жилийн хойно надад яг ийм мөч олдож байна. Гэрт юу болж байгаа бол, хөвгүүд минь аавыгаа ёстой чангалж байгаа болов уу гэж санаа зовж байгаа ч өөртөө гэж зарцуулах яг энэ хэсэг хором надад буцаад ажилдаа ормоор ч юм шиг, бүх зүйл сайхан болоход хурдхан нэг юм хийж, энэ тэрүүгээр явмаар санагдуулж байна. Гэхдээ л Ковид-19 халдвар аваад хүүхдүүддээ халдаахгүй гэсэндээ энд ирсэн нь их зөв санаа болжээ. Хүүхдүүдээ, тэр бужигнадаг амьдралаа санаж байгаа ч бид бүгдэд л хэрэгтэй завсарлага гэж харж байна. Удахгүй шинжилгээ аваад, гайгүй болбол эндээс гарна. Гэр лүүгээ яарч байгаа ч бас цаг хугацаа тэр болтол жаахан удаан яваасай гэж хүсэх шиг."

-36 настай

3. 

"Онлайн хичээл үнэхээр хэрэг алга. Яаж ийгээд өөрийгөө хөгжүүлэх арга бодож олохгүй бол хэцүүдсэн. Гэлээ ч танхимаар суралцах нь гарцаагүй үнэхээр чухал юм байна. Би чинь дэлгэцийн цаана байгаа хүнийг чухал биш гэж автоматаар боддог тархитай бололтой. Энэ бүхэн дуусахаар хамгийн түрүүнд боловсролын салбарыг хамгийн ихээр анхаарч, хичээлээ нөхөөсэй гэж хүсэж байна. Монголд ганц КОВИД-19 асуудал болоод байгаа юм биш шүү дээ. Бусад салбар, чухал зүйлсийг гэтэл орхигдуулж, хүнд байдалд оруулж байгаа нь хэцүү байна. Би найзтайгаа байр түрээсэлж, ажил хийгээд ойр зуурын мөнгөө олчихдог, хичээлдээ идэвхтэй суудаг байсан. Одоо бол аав ээжээс мөнгө авахаас өөр аргагүй байдалд орчихсон, хамаатныдаа энэ хэцүү үед шахцалдан сууж байгаад давхар халдвар авчихсан. Бага ангийнхан, төгсөх ангийнхан, оюутнууд ямар хэцүү байдалд байгааг, яаж хоцорч байгааг анзаарч байгаа хүн ч ховор байна. Өөрөө сайн хичээвэл онлайн хичээл байсан ч болно гээд хүмүүс яриад байгаа ч надад ерөөсөө хангалттай санагдахгүй байгаа. Тиймээс хааяа интернетээс хайх, багштай холбогдож ном, нэмэлт даалгавар авах зэргээр л жаахан үр дүн гаргах гэж үзэж байна даа. Халдвар гайгүй болоход бид буцаад л өнөө амьдралдаа очиж чадахгүй. Бид илүүг шаардана. Чанартай сургалт, төлбөртөө таарсан байр сав, хичээлийн хөтөлбөр шаардах болно. Өмнө нь байгаадаа л сэтгэл хангалуун явдаг байж. Гэтэл ямар олон зүйлээр дутуу байсан юм бэ гэдгийг харах боломж олдсонд бас баяртай байна."

-22 настай

КОВИД-19 тахал нь тусгаарлах, сургуулиудыг хаах, хоорондын зай барих, дадал болсон орчныг алдагдуулах зэргээр нөлөө үзүүлж байна. Хөдөлгөөнийг хязгаарлаж хэвшмэл дэглэмийг тасалдуулан нийгмийн харилцааг хумихад хүргэж, уламжлалт суралцах аргуудыг зогсоох нь залуучууд, тэдний гэр бүл, олон нийтийн дунд дарамт, шахалт, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж байна. (Эх сурв.) Үүнтэй холбоотойгоор хүүхэд залуус ирээдүйд итгэх итгэлээ бага багаар алдах, айдас хүйдэст автах, сонголтдоо эргэлзэх зэрэг олон асуудалд орж байна. ЕБС-д нийт 650 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх судалгаа бий. Өнөө үе биднээс суралцах арга барилдаа гарцаагүй өөрчлөлт хийх, бие даахыг шаардсаар байна. Цаашид бидэнд алсын зайны сургалтын чанарыг сайжруулах, бие даан суралцахад хүүхдээ бэлтгэх, хичээлийн хоцрогдлыг арилгаж, хамгийн гол нь хүүхдүүддээ зөв дадал хэвшүүлж, сэтгэлзүйн байдалд нь анхаарал асуудал хамгийн томоор тулгарах болно.

(Зураг: BBC)

4. 

"Өнгөрсөн долоо хоногт над руу өрхийн эмнэлгээс залгаад, шинжилгээний хариу эерэг гарлаа гэсэн. Надад ойр дотно хамаатан садан ховор, хүүхдүүд хол байдаг болохоор хэнд дуулгахаа мэдэхгүй, эхэндээ айж, ирж авна гэхэд нь гэрээ бүр орхих гэж байгаа юм шиг л олон зүйл бэлдсэн. Би чинь Баянгол дүүргийн ** хороонд хотод ирснээсээ хойш л хашаа хатгаж амьдарсан. Тэр газар л надад дотно, аюулгүй, сайхан санагддаг. Нэг их орж гардаггүй, хоол хүнсний зүйлээ л цуглуулах гэж дэлгүүр хоршоо ордог ч яаж яваад юм энэ гайтай өвчнийг авчихсан байна. Эмнэлэг дээр ирээд ямар өрөөнд орох юм бол, ямар эмчилгээ хийх бол гээд мэдэхгүй нэг өрөөнд хүлээж бас овоо удаан суусан ч их дажгүй хүмүүстэй цуг нэг өрөөнд орчихсон. Эмч нар нэг их орж ирж үзэхгүй ч өдөр болгон биеийн байдал үзээд, эм өгөөд байгаа. Гол нь энэ манайхан өөрсдөө эмнэлгээр үйлчлүүлэх соёлгүй байна. Дур мэдэж эмчээс зөрөн өөр эм уух, амны хаалтаа авах, өрөө хэсэж явах, орой үдэш чанга дуу чимээ гаргаж, ариун цэврийн өрөөг бохир хэрэглэх гэх мэт. Чи бид хоёр шиг ингээд зайнаас яриад суухгүй шдээ. Бүр өрөөнд ороод ирнэ, их хэцүү. Тэгээд хэлэхээр "Сүртэй юм, зожиг" гэх л юм. Би чинь хүүхдүүд том болсноос хойш л ганцаараа тэнд амьдарсан. Зожиг байхгүй гээд ч яах билээ дээ. Хүмүүс уйдаж байна, хийх зүйл олдохгүй байна гэж их ярих юм. Залуу байхад ч яах вэ, хүмүүс хүрээлж л байдаг. Гэхдээ цаг хугацаа явж, нас нэмэх тусам ганцаараа байна гэдгээ мэддэггүй. Тийм болохоор би залуусыг ганцаардалд бууж өгөөсэй, үргэлж бусдаас хамааралтай байгаасай гэж хүсдэггүй. Хийх юмтай, хийсэн юмтай, ганцаараа байсан ч ерөөсөө тэрийгээ зовлон гэж хүлээж авдаггүй байгаасай. Одоо гэхдээ бага багаар ч гэсэн сурч байгаа байх аа. Гадаадад байдаг хоёр хүүхэд минь хааяа л над руу утсаар ярьдаг болохоос биш ирнэ, уулзана гэдэггүй ээ. Би ч гэсэн битгий ирээсэй гэж боддог. Одоо халдварт өвчин гээд өөрсдөд нь өөр шалтаг шаардлагагүй амар байгаа байлгүй дээ. Бид бусадтай, бүр хамгийн дотно хүмүүстэйгээ ч хэсэг хугацаанд л хамт байдаг болохоос биш үүрд хамт байх хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс өөрийнхөө учрыг л олж сураасай гэж хүсэж байна."

-66 настай

Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт, хаа сайгүй л уналт, бууралт, хүнд хэцүү үе тохиож байна. Гэхдээ үүнд зөвхөн санаа зовж, бухимдсанаар асуудлыг засна гэж байхгүй болохыг бид өдөр ирэх тусам ойлгож, өөрсдөө гарц, зам хайх хэрэгтэй болж байна. Тиймээс надад нууцхан сэтгэгдлээ хуваалцсан ахмадын хэлснээр бол "Бид асуудалд хэт санаа зовохгүй байснаар, өөрсдийгөө анхаарснаар тухайн асуудлыг давах болно." Заримдаа бид асуудлыг нэг л өнцгөөс харсаар байдаг бол одоо гарцаагүй харах өнцгөө өөрчлөх ёстой цаг үе тохиож байна. Бүтэлгүйтэл тохиосон ч шинэ зүйлд дасан зохицох, нэг арга бүтэлгүйтсэн ч нөгөөг олох, сэтгэцийн хувьд хүнд хэцүү асуудалтай тулгарвал өөртэйгөө тулж ажиллах гэх мэт. Тиймээс хөл хорио, цар тахлын үед хүмүүсийн хамгийн ихээр ойлгож авах ёстой болоод цаашид хэрэгжүүлэх ёстой зүйл бол өөрийгөө илүү танин мэдэх юм. 

(Зураг: APS)

5.

"Ганцаардал биднийг өөрчилж байна. Бид одоо өөрсөдтэйгөө байж сурч байна. Яг үнэндээ өмнө нь би өөрийгөө чагнаж, учраа олох гэж мунгинахын оронд бусадтай цагийг өнгөрөөж явах нь сэтгэлд амар гэж боддог байлаа. Гэхдээ хөл хорионоос бидэнд үлдэх, цаашид бидний авч үлдэх гол зүйл өөртэйгөө нүүр тулах юм. Асуудлуудтайгаа нүүр тул. Өөртэйгөө ганц өрөөнд багтаж шингэхгүй байвал өөрчлөгдөх цаг ирж. Яг үнэндээ байнга л хамт байсаар ирсэн хүмүүсээ бүрэн таньдаггүй байсныг ч би ухаарсан. Удаан хамт байх тусам өө сэв нь ажиглагдана, бидний төгс гэж бодсон тэр гэр бүлийн харилцаанд ан цав гарсан байж таарсан. Өөрчлөх ямар их зүйл байна вэ! Ядаж л би цаас чичиж суухаас өөр ид шидгүй гэж өөрийгөө боддог байсан ч өөрийн гараар бага сага зүйл хийх хүсэлтэй, чадалтай нэгэн байж таарав. Одоо бид баасан гараг гэхээр л заавал бөөнөөрөө ууж идэж суух шаардлагагүйг бага багаар анзаарав. Ганцаараа байх ямар сайхан юм бэ! Би бүр орилмоор, чимээгүй байгаа энэ цаг мөчид талархмаар санагдаж байна. Ганц шил дарс, бага сага амттан аваад өөрийгөө эрхлүүлсэн чинь, хүмүүсээс холдоод ирсэн чинь амьдралд хийх зүйл, мэдрэх зүйл их байдаг юм байна шүү дээ."

КОВИД надад таатай байсан уу гэвэл мэдээж үгүй. Санхүү минь тартагтаа тулав. Хүмүүсийн амьдрал хэцүүхэн л байна. Өдөр болгон айдастай, учир нь үл ойлгогдох зүйлс болсоор, итгэл алдрах шахсаар л байна. Гэтэл надад дархлаа суучихжээ. Сэтгэгдлээр хашхичаад сууж байх байсан, анх 11 цагийн мэдээ сонсоод айж уйлж байсан нөгөө охин чинь өөрөө халдвартай гэж оношлогдсон хэрнээ жаахан юм боддог болж, үйлдэл хийхээсээ түрүүнд анзаардаг болов. 

Ганцаардалдаа дассан нэг үеийнхэн ямар ч асуудал хэзээд байсаар ирснийг хүлээн зөвшөөрч, гол нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх нь хамгийн зөв болохыг ойлгож авлаа. Тэд ном уншин, өөртэйгөө цагийг зарцуулдаг болов. Аливаад үйлдэл хийхээс өмнө боддог, дүгнэдэг, тооцоолдог болов. Энэ л бидний КОВИД 19-ийн дараах шинэ эхлэл. 

Ухамсартай байя гэж, аливаад амиа бодохгүй байя гэж л боддог боллоо. Бас өмнө нь тоодоггүй байсан тэр олон асуудлыг анх удаа нүдээр үзэж, үнэхээр арга шийдлийг иргэд бид ч хамт хайхгүй бол болохгүй нь гэж бодох болов. Хэтэрхий үйл явдал дунд бид өөрсдийн амьдралаа яая гэсээр бусад зүйлийг анхаарахаа больсон байж. Одоо жаахан анхаардаг болцгооё. Амьдрал урьдынх шигээ байхгүй. Харин хариуцлага нэхдэг, илүү "тэмцэгч" болно. Би бүх зүйлийг илүү сайхнаар харж байна.

Нийтлэгдсэн: 2021.04.16

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.