Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"25" ном: Ээжтэйгээ ярилцсан тэмдэглэл


Тэр орой ээж маань “Агнистын гэгээ” цувралын “Нууцын ном” бүлгийг уншиж дуусгачихаад, шөнийн 03.00 цагт унтаж байхад минь сэрээсэн юм. “Ээж нь сайхан амгалан болчихлоо” гэснээ өрөөний минь хөшгийг татаж нээгээд “Чи уншсан уу, уншаад үзээрэй” гэж зөвлөв. Дараалсан олон хатуу үйл явдал ээжийн минь тамирыг барчихаад байлаа. Харин энэ л үгийг нь нь сонсоод би ч бас амгалан болов. 

Маргааш өглөө нь босоод номыг нээхэд баахан хуудас нугалаад, өчнөөн тэмдэглэл хийсэн дотроос “Чиний амьдрал бол чиний амьсгал” гэсэн үгсийн доогуур нямбай гэгч нь зуржээ. 

-Ээж байна гэдэг ер нь хэцүү “алба” уу? 

-Энэ чинь одоо ямар гээчийн асуулт вэ? Та гурвыг харж, гэрээс ч бараг гаралгүй найман жил болохдоо ч өөрийгөө зовж байна, зүдэрч байна гэж бодож байгаагүй. Миний төрүүлсэн хүүхдүүд, би өсгөх л ёстой гэдгээс давсан элдэв шалдав юм байхгүй. 

-За би тэгвэл өөр гоё асуулт асууя. Аав та хоёр анх яаж танилцсан юм бэ, аавыг анх хараад танд юу бодогдож байв? 

-Аав чинь сэргэлэн шар залуу байсан. Чадахгүй, сонирхдоггүй юм гэж үгүй. Гэрэл зураг, хөгжим, кино, шатар, бүр цаг хүртэл засдаг байсан гээд бод. Нийтэч, яриа хөөрөөтэй, найз нөхөд олонтой. Надаас тэр өөр. Би чинь их дотогшоо, бүрэг талдаа хүн шүү дээ. Бид хоёр 1985 оны дөрөвдүгээр сарын 12-нд нисгэгчдийн баяраар анх танилцаж байсан. Тэр үед би Свердловскт УРГУ (Уральский государственный университет)-д хэлний бэлтгэлд, харин аав чинь СГИ (Свердловским горным институтом)-д оюутан байсан. Манай өрөөний охин монгол руу амралтаараа явах үедээ аавтай чинь вагодн анх танилцаад, Жааяа манай дотуур байранд ирж бид нарын юмыг зарж өгөх гэж ирсэн. Нэг л мэдэхэд би дугуйн дээр нь сундалдаад явдаг болсон доо. Юм гэдэг нээрэн сонин шүү.  

-Та хоёрын тэр үеийн хайрын захидлуудыг бүгдийг уншсан. Та аавыг бодоход захидал бага бичдэг байсан юм уу, нэг захидал дээр нь бүр “Одоо намайг очтол янз бүрийн юм явуулах хэрэггүй. Захидал л харин их бичээрэй” гэсэн байсан. 

-Тэр захидлуудыг чамд хэрэггүй өгч л дээ (инээв). 

-Би номондоо заримыг нь оруулж байгаа шүү. 

-Тэг ээ, тэг. 

-Та биднийг хараад найман жил гэртээ суусан. Залхмаар санагдаж байсан үе бий юу?  

-Ахыг чинь сургуульд орохтой зэрэгцээд ажилдаа орж байсан. Гэхдээ надад гэртээ суулаа гээд зовох, гуниглах мэдрэмж төрж байгаагүй. Хоёр, хоёр насны зөрүүтэй гурван хүүхэд гэхээр нэг нь өлгийтэй, нэг нь мөлхөөд, нэг нь дөнгөж хөлд ороод байсан гэсэн үг. Аав чинь геологич хүн, хөдөө гадаа их явна. Тэр бүрийд гэртээ ганцаараа ус, түлээгээ авна, дэлгүүр хоршоо явна, би бүгдийг л хийдэг байсан. Тийм болохоор гуниглах завгүй байсан юм болов уу? (инээв).

-Үр хүүхэд төрүүлснийхээ ач гавьяаг хамгийн анх мэдэрсэн үе тань хэзээ байсан бэ?  

-Ажлаа тараад гэртээ ирэхэд хоол унд хийчихсэн байхыг хараад л их баярлаж байсан даа. Эхэндээ будаагаа түлчихсэн, эсвэл цуйван хийлээ гээд гурил нь түүхий байсан ч гэсэн би “Гоё амттай болж, миний хүү ёстой мундаг” гээд л урамшуулдаг байсан. Эрэгтэй хүүхдүүд ер нь магтаж, урамшуулаад л байхаар улам хичээдэг шиг байгаа юм. Тэгсээр нэг л өдөр би хоол хийх, гэр цэвэрлэх хэрэггүй болсон. Миний гурван хүү чинь эмэгтэй хүүхдээс илүү гэрийн ажилд сайн. Залхуу хүний хүүхэд ажилсаг болдог гэж үнэн байх. Гурван охинтой байсан бол харин ч хоорондоо барьцаад, энийг чи хий, би хий гээд бөөн юм болох байлгүй. 

-Охин хүүхэд гэснээс та дөрвөн эрэгтэйн дунд насаараа амьдарсан. Анхны ач тань охин хүүхэд байсныг хараад яаж баярласан бэ? 

-Би анх Мөнхөөг (бага ах минь) төрөхөд охин байгаасай гэж их хүссэн. Миний төрсөн өдрийн яг өмнөх өдөр мэндэлсэн юм шүү дээ. Дараа нь чам дээр бас тэгсэн. Хөөрхөн охинтой болно доо гэж дандаа боддог байсан ч цаанаасаа зураг нь тийм байсан юм байлгүй. Харин анхны ач маань охин төрөхөд их баярласан. Бурхан хүний хүслийг биелүүлдэг юм байна гэж бодсон. Одоо би таван ачтай, дөрөв нь охин. Охидууд их хөөрхөн. 

-Эмээ хэл, уран зохиолын багш байсан. Тийм болохоор таны мэргэжлийг урдаас сонгочихсон байсан гэсэн үг үү? 

-Багадаа Сонсол гээд найзтайгаа тоглохдоо тэр минь худалдаачин, би харин багш болж тоглодог байлаа. Эмээгийн чинь нөлөө бий. Сонсол математиктаа, харин монгол хэлэндээ сайн. Бие биенээ шалгалтан дээр авч гарна. Үнэхээр ч багадаа тоглодог байснаараа болж, бид хоёул одоо мөрөөдлийн ажлаа хийж яваа. 

Би уг нь хэл, уран зохиолын багш болно гэж тухайн үедээ бодож байтал конкурс болоод, орос хэлний багшийн хуваарь байна гээд л ээж сонгож өгсөн. Бидний үеийн хүүхдүүд нэг бол ээж, нэг бол засгийн шийдвэрээр л амьдралынхаа мэргэжлийг сонгоцгоосон байдаг. Та нарын ой ухаанд ч багтахгүй биз. 

-Орос орныг та одоо санадаг уу. Юуг нь хамгийн их үгүйлдэг вэ? 

-Орос сайхан орон шүү. Цаг агаарыг нь, сайхан сэтгэлт хүмүүсийг нь санаж байна. Бид малгай өмсөлгүй явж байвал толгой нүцгэн явлаа гээд орос эмээ, өвөө нар өөрийн хүүхэд шиг зэмлэнэ. Танихгүй ч гэсэн нэг нэгэндээ туслах, найрсаг хандах гээд орос хүмүүсээс сурах зүйл их дээ. 

-Нэг гэр бүлийн хүмүүс хүссэн хүсээгүй биедээ уусаад, нэг нэгэндээ нөлөөлж эхэлдэг байх. Таны хувьд ааваас суралцсан зүйл юу вэ? 

-Түрүүн хэлсэн, би дуугай, дотогшоо талдаа хүн. Өөрийнхөө үзэл бодлыг барагтай бол илэрхийлдэггүй, бодлоо хүнд тулгадаггүй. Муугаар хэлбэл ноомой, хүлцэнгүй талдаа. Аавтай чинь учирснаас хойш энэ зан маань лав өөрчлөгдсөн. 

-Таны бидэнд өгсөн эрх чөлөөнд үнэхээр их талархдаг. Томоос жижиг хүртэл ихэнх шийдвэрт маань ер оролцдоггүй хэрнээ, зайнаас бүгдийг нь анзаарчихсан, мэдсэн байдаг байж. Хүмүүжлийн нууцаасаа одоо дэлгэж болох уу, та? 

-Аав маань айлын ганц хүү. Ээж маань арван хүүхэдтэй айлын бага. Тийм болохоор өвөө эмээгээс ирэх халамж их, бид багадаа ер юмаа дутаж үзээгүй. Бүх юм бэлэн зэлэн. Би л гэхэд айлын том хэрнээ гал түлж, гамбир хайрч үзээгүй л аавтай чинь нийлсэн. Ээжийн дүү нарын хүүхдүүд манайд байдаг байсан болохоор гэрийн ажил ч хийхгүй. Гэхдээ энэ тийм сайн зүйлд хөтлөөгүй ээ. Дүү нар маань хэтэрхий эрх танхи өссөн болохоор хожим олон алдаа гаргасан. Эрхэлж, хангалуун байснаараа сайн хүн болчихгүй юм байна гэдгийг анзаараад хүүхдүүдээ тийм болгохгүйн тулд өөрсдөөр нь бүхнийг хийлгэсэн. Биеэ даагаад сурчихвал хожим ер алзахгүй гэж бодсон маань буруудаагүй шүү. Том ах чинь арван нас хүрснээс хойш би ер нь гэрийн ажил, хоол унданд оролцоогүй санагдаж байна. 

Бас нэг юм нь, би та нарыг найман жил яг өөрөө харж, өсгөж, хүмүүжүүлсэн. Цэцэрлэгт өгчихсөн бол багш нь загнаад, өвөө эмээ дээр нь хаячихсан бол хөндий байх байсан болов уу. Би яг л өөрөө өсгөсөн болохоор та нар миний бүтээсэн хүмүүс. 

-Та насаараа л жаахан хүүхдүүдтэй ажиллалаа. Анхны шавь нар, одоогийн хүүхдүүд хоёрын хооронд хэр их ялгаа гарч байна вэ. Тэднээс бас их зүйл суралцдаг байх даа? 

-Хүүхдүүдтэй ажилладаг болохоор муу бодол, муу санаа байхгүй. Намайг их л өөдрөг, гэгээн болгодог. Удахгүй тэтгэвэртээ гарах гэж байна. Энэ хугацаанд ядарч, шантарч байснаа мэдэхгүй. Харин ч хурдхан л ажил руугаа явмаар санагддаг. Одоо манай анги 47 хүүхэдтэй. Амьдралдаа ийм олон хүүхдэд хичээл заана гэж бодож байгаагүй. 

Одооны хүүхдүүд их сэргэлэн, бас оюунлаг. Нээлттэй. Надтай бол ана мана, найзууд юм шиг л харьцана шүү дээ. Гурав, дөрвөн хүүхэд маань хэзээний л оюутан шиг. Байгаа байдал, хандлагыг нь харахаар шал өөр. Тэднийг хараад ямар гоё юм бэ, ээж аав намайг ингээд өсгөчихсөн бол өдийд мундаг хүн болно доо гэж боддог. 

-Бид гурваас таныг хамгийн их дуурайсан нь хэн нь гэж боддог вэ? 

-Ах чинь юм болов уу даа. Даруухан занг надаас, ажилсаг нямбайг өвөө, эмээгээсээ өвлөсөн байх. 

-Та гэхдээ мундаг л хүн ш дээ. 

-Би хүн бүрийг л өөрөөсөө илүү гэж боддог. Хүүхдүүдээ хараад ч тэр, ингэж л санагддаг. Бүгдээрээ надаас илүү мундаг юм чинь зааж зааварлах шаардлага байхгүй гэж боддог, тийм ч болохоороо юм хэлдэггүй, амьдралд нь оролцдоггүй. Үүнийгээ харин хэлж, илэрхийлдэггүй болохоор бэрүүд маань, Мөнхөө та хоёр буруу ойлгоод, ерөөсөө тоодоггүй гэж бодох вий гэж санаа зовдог. 

Хүн ер нь амьдралд өөрийнхөө үүрэх ёстойг ачааг л үүрэх ёстой. Үүрээд даваад гарвал тэр хожим амттай, дурсах юмтай. Айхтар хүн болоод урдуур нь орж, бүхнийг өмнөөс нь шийдээд байвал юу болох бол. Өөрөө үүрсэн, хамтдаа даваад гарсан зовлон ч амттай, жаргал ч амттай. Аав бид хоёр чинь жаргал, зовлон бүхнээ хоёулаа л хамт давсан. Тийм болохоор одоо эргээд харахад бүх цаг мөч л жаргалтай сайхан санагддаг. 

-Өшөө илүү жаргана даа, хоёулаа. 

-Алив үнсье, муу хүүгээ. 

холбоотой мэдээ
1
2019.10.11
Өнөөдрийн зурвас: Зогс! Охид бол ХҮН
2
2019.10.08
Засгийн сайхан санаа хийгээд сайжруулсан түлшний муужруулсан балаг
3
2019.10.04
Гамбино: Зүгээр л зугаатай амьдар
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
12
0
0
0
0
0