Хайх зүйлээ бичнэ үү

Энэхүү нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаарт багтсан бүтээл болно. 


Беть Терригийн хувьд анх хуванцарын хаягдлаас болж салхич шувууны дэгдээхэйнүүд үхэж байгаа тухай өгүүллэгийг олж уншаад ухаан орсон гэдэг. Тэр амьдралаасаа хуванцарыг арчин хаях цаг нь болжээ.

Эхлээд, тэр гал тогооны өрөөндөө төвлөрч, дэлгүүрийн тор, "Stouffer"-ийн халаадаг гоймон, бяслаг, "Clif" энергийн шахмал, хуванцар савалгаатай нарийн ногооноос салав. Дараа нь угаалгын өрөө рүүгээ ороод хуванцар савалгаатай шампуниа шахмал шампуниар сольж, ангижруулагчаа өөрийн гараар алимны шүүсний цуунаас гаргаж авах болов. Хуванцар сав баглаа боодолгүй шүдний оо олоход тун хэцүү байсан тул амны хужир ашиглаж өөрөө хийв.

Хуванцартай хийх хувь хүнийх нь дайн түүнийг заримдаа эвгүй байдалд оруулна. Калифорнийн Диснейлэндэд амарч, хагас марафонд оролцож байх үедээ Терри нөхөртэйгөө дахин ашиглах боломжтой даавуун уутаа буудлын өрөөндөө мартаж гараад удалгүй тэр хавийн дэлгүүрт нийлэг тор л байдгийг олж мэджээ. Хэдэн алим, жүрж, авокадо бас амтат гуагаа яаж авч явах вэ?

“Биеийн тамирын цамцандаа хумьж байгаад л авч явсандаа” гэж 54 настай Терри өөрийн зарчимдаа үнэнч байхын тулд зочид буудал руугаа дөрвөн хөллөх шахуу буцаж явснаа дурсав. “Хэрвээ би энэ удаад л зарчмаасаа ухарчихвал дараагийн удаа хуванцар авч ашиглахад амархан болно шүү дээ” гэв.

Хуванцарыг салж хагацах ёстой хорт зуршил мэт авч үзэж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг зорилтоо болгох нь иргэд, хэрэглэгчдийн дунд газар авч байна. Тэд жил бүр дэлхий даяар үйлдвэрлэдэг 300 сая тонн хуванцарт санаа зовж байна. Үүний ихэнх хувь нь соруул гэх мэт шууд хогийн цэг юм уу, далайд хаягддаг нэг удаагийн хэрэгсэл.                                                                

Маркетингийн хувьд “хуванцаргүй” гэдэг нь “нүүрс усгүй” гэдэг шиг шинэ трэнд нэр томъёо болж эхэллээ. Брүүклин дүүрэг эсвэл Лондон хотод хуванцар огт хэрэглэдэггүй гэдгээрээ бахархдаг дэлгүүрүүд үүдээ нээж, силикон усны сав, картон хогны уут, байгальд задардаг вибратор болон маалингаар хийсэн iPhone утасны гэр зэргийг зарж байна.

Хуванцар ашиглахгүйгээр супермаркет барих, эсвэл цэвэр хуванцар оролцоогүй байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэх гээд аль ч салбарт дизайнерууд хуванцараас татгалзахыг шинэ сорилтоо болгож тавиад байна. Жефф Бриджэс, SZA зэрэг алдартнууд хүртэл хуванцарын эсрэг аянд нэгдэв. Мөн энэ сэдвийн талаарх анхан шатны мэдэгдэхүүнийг заадаг олон олон блог, ном байна.

Procter & Gamble, PepsiCo гэх мэт “Fortune 500” жагсаалтад багтсан компаниуд ч энэ чиглэлд анхаарах болжээ. Ирэх зун эдгээр компаниуд "Tropicana" жүржийн жүүсээ шилэнд савлаж, Pantene шампуниа хөнгөн цагаан саванд, бусад бүтээгдэхүүнээ хуванцар бус, дахин ашиглаж болох сав баглаа боодолд савлан борлуулж туршихаар төлөвлөөд байгаа.

“Хүмүүст миний онцлон захихыг хичээдэг нэг зүйл нь аливааг алхам алхмаар хийх. Нэг дор бүгдийг хийх гэж оролдох хэрэггүй. Би өдөр тутмын дадлаараа л энэ бүх зүйлд санаа зовохгүй болсон” гэв.

Орчин үеийн дэлхий ертөнцөд хуванцаргүйгээр амьдарна гэдэг нь эрхэм зорилго ч гэлээ үнэхээр боломжгүй зүйл байж болох. Хэрвээ та Терригийн нэгэн адил хаягдал хуванцараа долоо хоног бүр цуглуулбал шалан дээрээ асар том овоолго үүсгэх хэмжээний их хуванцар хэрэглэдгээ мэдэх болно. Хаанаас нь эхлэх вэ?

Мэрилэнд мужийн Гринбельт хотын оршин суугч, нягтлан бодогч, “Plastic-Free: How I Kicked the Plastic Habit and How You Can Too” номын зохиогч Терригийн хэлснээр “Хүмүүст миний онцлон захихыг хичээдэг нэг зүйл нь аливааг алхам алхмаар хийх. Нэг дор бүгдийг хийх гэж оролдох хэрэггүй. Би өдөр тутмын дадлаараа л энэ бүх зүйлд санаа зовохгүй болсон” гэв.

Энэ нь  хэлэхэд амархан ч хийхэд хэцүү, учир нь чи хуванцарын асуудлыг нэгэнтээ анзаарч эхэлсэн л бол үүнийг хаа сайгүй байгааг харна. Газрын самрын тосны лаазанд, усан үзмийн уутанд, шүдний ооны савлагаанд, “Tupperware”-ийн хоолны саванд, "Dawn" аяга таваг угаагч, "Tide" угаалгын нунтагийн саванд, "Doritos" чипсний гялгар боодол, цаасан сүүний савны доторлогоонд гэх мэт...

Терри “Би хэрэглэж байсан бүх хэрэгтэй хоол хүнсээ хуванцаргүй хийснээр нь олж чадна гэж боддог байсан. Гэвч тэдгээр хоол хүнсийг хуванцарын тусламжтайгаар л хийдэг байсныг мэдэлгүй явж” гэжээ.

Өөрсдийгөө дэлгүүрт гурван метр урт тавиур дүүрэн тарагны өмнө зогсож байна гэж төсөөлье. Дунд нь ганцхан шилэн савтай брэнд бий, тэр нь “Yoplait”-ийн “Oui”. Гэтэл “Yoplait”-ийн “Oui” -д чи дургүй. Бас хамаагүй үнэтэй. Энэ тохиолдолд чи юу хийх вэ?

Хуванцараас татгалзагчид хэрэглээний хавханд орохгүйн тулд худалдан авалт хийж болох газруудынхаа газрын зургийг ой ухаандаа тэмдэглэсэн байдаг аж. Ингэхэд олон сарын хугацаа шаардагдах ч эцэст нь тэд хаанаас шилэн савтай сүү авах вэ, эсвэл аль хүнсний дэлгүүрт өөрийн гараар самрын тосоо нунтаглаж болдог вэ гэдгийг мэдэж авна. Мөн үүнийг их төвөгтэй зүйл гэж харахаас илүү хуванцараас татгалзаж буйгаа ямар нэг зугаатай тоглоомын хэсэг гэж хүлээж авдаг.

“Би сэрээд л ‘Өнөөдрийг яаж нэг удаагийн хуванцар ашиглахгүйгээр өнгөрүүлэх вэ?’ гэж боддог. Угаалгын өрөө рүүгээ ороод шүдний сойзоо ашиглахаас эхлээд тэр дороо сорилттой нүүр тулгарна” гэж Калифорнийн Санта Моника хотын зураач, “Хуванцар хаягдлын эвсэл” ухуулах бүлгэмийг үүсгэн байгуулагч Диана Коэн хэлэв.

Түүний хувьд энэ асуудлын шийдэл нь ихэнхдээ Өмнөд Калифорнид бүтэн жилийн турш ажилладаг фермерүүдийн зах ажээ. Тэнд очихдоо өөрийн тор, цүнхээ заавал авч очдог гээд “Би сагсанд их дуртай. Хүнсний ногоогоо хийх сагс, даавуун тороо өөрөө авч ирдэг. Би өөрийн гэсэн шилтэй ирдэг” гэжээ.

Хуванцаргүй амьдрахыг зорьж буй олон хүний нэгэн адил Коэн ч өөрийнхөө байгальд ээлтэй иж бүрэн хэрэгсэлгүй гэрээсээ гардаггүй. Үүнд нь ган аяга, хулсан сав суулга, металл халбага сэрээ, зэвэрдэггүй ган соруул, даавуун тор багтана. Гэрээсээ гарахаас өмнө юмаа бэлдэхэд хэдэн минут илүү зарцуулах нь түүний хувьд асуудал биш. “Би бүх зүйлийг урьдчилж маш сайн тооцдог” гэж тэр хэллээ.

Байгаль орчныг хордуулагч эд зүйлээс зайлсхийж, үнэхээр л хуванцараас ангижрахыг хүсэгч хэн бүхэн өөрсдийн амьдралаа шинээр өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй. Хэрэв тухайн ресторан хоолоо зөвхөн хуванцар тавган дээр өгдөг бол тэд тэнд хооллохгүй. Түргэн хоол яах уу? Ихэнх боодол, сав нь хуванцартай байдаг тул хэрэглэхгүй. Цайны газрын смүүтиг тэгвэл яах вэ? Смүүтийгээ зэвэрдэггүй ган аяганд хийж өгдөггүй л бол битгий үйлчлүүл, эсвэл гэртээ хий. Талхаа яах уу? Гялгар уут хэрэглэхгүйн тулд ойролцоох нарийн боовны газраасаа худалдаж авна.

Хуванцаргүй амьдрахыг зорьж буй олон хүний нэгэн адил Коэн ч өөрийнхөө байгальд ээлтэй иж бүрэн хэрэгсэлгүй гэрээсээ гардаггүй. Гэрээсээ гарахаас өмнө юмаа бэлдэхэд хэдэн минут илүү зарцуулах нь түүний хувьд асуудал биш. “Би бүх зүйлийг урьдчилж маш сайн тооцдог” гэж тэр хэллээ.

Гэхдээ хуванцараас зайлсхийх боломжгүй тодорхой нөхцөл байдал бас бий. Жишээ нь, хуванцар тариур, эсвэл судас дуслын уут ашиглахгүйгээр эмчилгээ хийлгэх гээд үзвэл яах бол. Байгалийн гамшгийн дараа хуванцар савтай уснууд зайлшгүй шаардлагатай.

Хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч гэсэн бүх хуванцараас татгалзагчид хуванцарыг амьдралаасаа бүрэн арчиж чадахгүй гэж хэлдэг. Коэний хувьд бол энэ нь хэдэн арван жилийн турш ашигласан хайртай үсний сам нь. Мөн Терри эмийн сан орох бүрдээ хуванцарын хориотой нүүр тулдаг. Ямар ч эмийн санч эм бэлдмэлээ шилэнд хийж өгөхгүй шүү дээ.

Коэны хэлэхээр “Энэ бол өдөр тутмын сорилт. Гэхдээ би үүндээ дасаж байх шиг байна. Энэ чинь л шинэ дадалд суралцах үйл явц шүү дээ” гэжээ.

Хуванцаргүй амьдрах нь сүүлийн үед улам бүр хялбар болсоор байна. Учир нь хүмүүс илүү ойлголт, сонголттой болжээ. Саяхнаас дэлгүүрүүд торгоор хийсэн шүдний утас, гахайн үсэн сойзтой модон шүдний сойз, зэвэрдэггүй ган мөсний хэв, зөгийн лав тосон түрхлэгтэй даавуун хүнсний цаас болон хуванцаргүй гэр ахуйн бараа зарж эхлээд байна.

Канадын Квебек мужийн Уэйкфилд хотод амьдардаг Жей Синха, Чантал Пламондон нар хүүгээ төрүүлснээс хэдэн жилийн дараа 2006 онд Life Without Plastic дэлгүүрийг нээжээ. Тэд хүүгээ “бисфенол А” болон бусад нялхын угжинд агуулагддаг хорт бодисоос хол байлгахыг хүссэн ч орлох аюулгүй бүтээгдэхүүнийг олоход асуудалтай байв. Эцэст нь нэг хайж байсан угжаа олсон нь тэдний анхны зарсан бүтээгдэхүүнүүдийн нэг байв.

Энэ цагаас хойш тэдний сайтын хэрэглэгчийн өсөж нэмэгдсээр л байна. “Өмнө нь ихэвчлэн шинэхэн ээжүүд үйлчлүүлдэг байсан бол сүүлийн үед хуванцарын бохирдол, далай тэнгист анхаардаг хүмүүс бүртгүүлэх болсон. Саяхнаас миллениалууд голчлон үйлчлүүлж байгаа нь анзаарагдсан” гэж Пламондон хэлэв.

Хуванцараас зайлсхийх боломжгүй тодорхой нөхцөл байдал бас бий. Жишээ нь: Хуванцар тариур, эсвэл судас дуслын уут ашиглахгүйгээр эмчилгээ хийлгэх гээд үзвэл яах бол, байгалийн гамшгийн дараа хуванцар савтай уснууд зайлшгүй шаардлагатай.

Тэдний нэг нь 24 настай Тесса Карлтон. Тэрбээр Квебекийн хөдөө нутагт “макраме” сүлжмэл гэх мэт гар хийцийн бүтээгдэхүүн зарж амьдардаг. Дөрвөн жилийн өмнө байгаль орчин хамгаалагч, идэвхтэн найзтайгаа ярилцсаны дараа Карлтон савтай шампунь, хумсны будаг арилгагч, гялгар тор зэргийг бүгдийг нь хаяж, хандивласан байна. Тэр одоо ч хуванцарын хэрэглээгээ багасгасаар л байгаа.

 “Энэ маш удаан үргэлжилсэн үйл явдал. Би одоо ч дууссан гэж хэлж чадахгүй нь” гэж Карлтон хэлэв.

Тэдний гэрээр ороход 75 жилийн өмнөх цаг үе рүү аялсан мэт санагдана. Тэд хүнсэндээ зориулж гахай, тахиа тэжээхээс гадна хэрэглэдэг үнэр дарагч, уруул өнгөлөгч, бие чийгшүүлэгчээ ч өөрсдөө хийдэг. Маалингаар хийсэн шүршүүрийн хөшигнөөс авахуулаад Life Without Plastic дэлгүүрээс худалдаж авсан, хэрэглэдэг бүх зүйл нь байгалийн гаралтай материалаар хийсэн, ямар ч брэндийнх биш. Энэ бол хуванцарын эриний өмнөх аж ахуйч амьдрал.

Гэсэн ч зарим нэг хүн металл соруул худалдаж авах нь ухамсартай хэрэглээ мөн эсэхэд эргэлзсээр л байна. Urban Outfitters-ээс дөрвөн ширхэгтэй металл соруул худалдаж авах нь сүүлийн үеийн чиг хандлагыг дагасан, байгаль орчинд нөлөөлөх үр дагаврыг тооцолгүй хувиа болгож, довоо шарлуулсан үйлдэл байж магадгүй (шил, металлыг тээвэрлэхэд шаардагдах энергийн хэрэглээ хуванцараас их байдаг гэх мэт).

Хулсан хутга, дахин ашигладаг аяга байнга авч явдаг Эмбрөүз хэлэхдээ “Би өөрийн зохицуулж чадах зүйл дээрээ хуванцараас зайлсхийдэг. Миний хувьд гялгар тор хэрэглэхгүй байх нь илүү утга учиртай зүйл гэжээ. Түүний зорилгын нэг хэсэг нь хуванцараас татгалзахын тулд заавал баян, боломжтой байх албагүйг бусдад харуулах.

Гэвч хуванцаргүй амьдралыг уриалагчид хуванцар соруулаас татгалзах мэтийн жижиг зүйлс нийлж байж л том үр дүнд хүрнэ гэж хэлдэг.

“Нэг удаагийн хэрэглээний хуванцарууд хуванцарын бохирдлын ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа баримтыг авч үзэх хэрэгтэй. Хэрэв та эдгээр жижиг зүйлсийг л хийчихвэл хуванцарын хэрэглээгээ 80 хувь, бүүр түүнээс илүү хувиар багасгах боломжтой” гэж Синха, Пламондон нар хуванцар хэрэглээнээс зайлсхийх заавар зөвлөмждөө бичжээ.

Гэлээ ч хуванцар эдлэл авахаас илүүтэй зэвэрдэггүй ган, эсвэл модон эдлэл авах, савлагаатай хүнсний оронд шинэ хоол хүнс худалдан авах нь үнэтэй тусдаг. Мөн ядуу буурай газруудад хуванцараас татгалзах нь илүү хэцүү хэрэг. Хүн бүр бүтэн жил нээлттэй байдаг фермерийн зах орох боломжтой, бас тэндээс худалдаа хийх чадвартай биш шүү дээ.

“Бахамын пластик хөдөлгөөн” хэмээх ухуулах хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, байгаль орчны салбарын эрдэмтэн, 29 настай Кристал Эмбрөуз өдөр бүр энэ бэрхшээлтэй нүүр тулдаг. Энэхүү арал улсад худалдаалдаг бараа бүтээгдэхүүний ихэнх нь хуванцар хэлбэрээр ирдэг.

Хулсан хутга, дахин ашигладаг аяга байнга авч явдаг Эмбрөүз хэлэхдээ “Би өөрийн зохицуулж чадах зүйл дээрээ хуванцараас зайлсхийдэг. Миний хувьд гялгар тор хэрэглэхгүй байх нь илүү утга учиртай зүйл. Харин ажил, гэр, хүүхэд гээд олон зүйлийг зохицуулж яваа ээж хүний хувьд өөрөөр эрэмбэлэгдэх байх” гэв.

Түүний зорилгын нэг хэсэг нь хуванцараас татгалзахын тулд заавал баян, боломжтой байх албагүйг бусдад харуулах. Түүний хэлсэнчлэн “Зарим хүмүүс хулсан халбага сэрээ худалдаж авах боломжгүй байж болох ч сэрээгээ авч явдаг байж болно шүү дээ. Дууссан кетчупны шилийг хүртэл дахин ашиглаж болно”.

2019 оны арваннэгдүгээр сар 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.