Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Humans of UB | Сонгуульд саналаа өгөх нь яагаад ЧУХАЛ гэж?


Энэ удаагийн "Humans of UB" буландаа 20-40-өөд насны залуусыг урьж, тэдний сонгуульд хамгийн анх саналаа өгч байсан дурсамж болон мэдээлэлтэйгээр саналаа өгөх, сонгуульд оролцохын чухал нь юу гэдгийг ярилцаж, санал бодлыг нь хуваалцлаа.  

М.Тэмүүлэн - “М чат” ХХК-ийн ерөнхий менежер

Миний хувьд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байхдаа хамгийн их мэдэрч, ойлгож авсан зүйл бол аюулгүй байдал. Эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүйн аюулгүй байдал гээд амар амгалан, аюулгүй амьдрахад чухал гэдгийг мэдэрсэн. Тайван амгалан амьдрах нь ялангуяа залуус ирээдүйдээ тѳвлѳрч, анхаарах бүрэн боломж олгодгийг ойлгосон. Магадгүй тус улсын иргэдийн оролцоо, сонголтын үр дүн юм болов уу.

Үнэнийг хэлэхэд би сонгуульд тѳдийлѳн ач холбогдол ѳгдөггүй байлаа. Улс тѳрөөс аль болох хол байж, зүгээр л сурлага хѳдѳлмѳр, ажилдаа анхаараад хичээгээд явахад хангалттай гэж боддог байсан. Харин Монголдоо ирээд сүүлийн хэдэн жил тогтвортой ажиллаж, амьдрахад энэ бодол минь маш их ѳѳрчлѳгдсөн. Бүгдийг эерэг талаас нь хараад амьдарвал надад яг одоо шийдвэрлэх ёстой том асуудал байхгүй. Гэхдээ л бодит байдлыг харахаар бид ямар оронд, эргэн тойронд хүмүүс яаж амьдраад байна вэ, эрх тэгш байдал хаана байна вэ, яагаад зүгээр л энгийн байсан зүйл маш том асуудал болж байна вэ, иргэдийн нийгмийн боловсрол, бухимдал болон нийгмийн асуудал яагаад ийм их байна вэ гэх мэтээр боддог болсон. Сүүлийн жилүүдэд сонгуульд саналаа ѳгѳх тэр тусмаа сонгуульд маш нухацтай хандаж, саналаа ѳгѳх нь чухал гэдгийг маш ихээр ойлгож байна.

Би 2012 онд хамгийн анх сонгуульд оролцож, саналаа ѳгч байлаа. Яг үнэндээ залуу хүний хувьд нэр дэвшигчдийн тухай мэдээ мэдээлэл авахад хялбар биш, маш замбараагүй санагддаг. Ѳмнѳ нь гэр бүлийхэнтэйгээ ярилцаж байгаад л сонгуульд саналаа ѳгдѳг байсан. Харин сүүлийн үед нэр дэвшигчдийн мэдээллийг ихэвчлэн интернэтээс л зорьж олж, мѳрийн хѳтѳлбѳртэй нь танилцаж байгаад сонгож байна. Гэхдээ сонгууль, нэр дэвшигчдийн мэдээ мэдээлэл замбараагүй, эх сурвалж нь тодорхойгүй бас хангалтгүй санагддаг. Сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүмүүсийн талаарх мэдээ мэдээллийг илүү цэгцтэй авахыг хүсэж байна. Надад сонгуулийн уламжлалт сурталчилгаа, кампанит ажил огт таалагддаггүй. Ѳѳр ѳѳр стандарттай, замын үзэгдэх орчныг хязгаарласан, аюулгүй байдал хангаагүй сурталчилгааны самбарууд, маш их хѳрѳнгѳ мѳнгѳ зарцуулсан хэвлэмэл мѳрийн хѳтѳлбѳр эргээд хэнд ч хэрэггүй хог хаягдал болдог. Тиймээс энэ удаагийн сонгуулийн мэдээ мэдээллийг албан ёсны нэг эх сурвалжтай болгож, дижитал шийдлүүдийг илүү ашиглаж, эмх цэгцтэйгээр ард түмэндээ дамжуулан хүргэвэл сонголт хийхэд илүү хялбар гэж бодож байна. Миний бие Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийн тѳлѳѳлѳл. Залуус ѳдѳр ирэх тусам улам мундаг болж, аливаа зүйлийг олон талаас нь харж, үзэл бодлоо чѳлѳѳтэй илэрхийлж, зѳв бурууг ялгаж, ѳѳрсдийгѳѳ тогтмол хѳгжүүлж, ѳѳрчлѳгдѳж байгааг харж байгаа учраас бид хамтдаа маш том ѳѳрчлѳлтийг хийж чадна гэдэгт итгэдэг. Бид эх орондоо бүх талаараа баталгаатай, сайхан нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Харин бидэнд байгаа хамгийн том хүч бол маш их үнэ цэнээр олдсон эрх чѳлѳѳ, ардчилсан нийгэм. Энэ давуу талаа залуус бид зѳв ашиглаж, дуу хоолойгоо ухамсартай, үндэслэлтэй, үзэл бодлоо худалдахгүйгээр илэрхийлж, энэ ѳѳрчлѳлтийг ач холбогдолтой хийх хэрэгтэй.

Б.Мэндбаяр -  Австрали-Монголын Эрдэс Баялгийн Хөтөлбөрийн Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн

Би анх 2004 онд УИХ-ын сонгуулийг Нацагдоржийн номын санд очиж өгч байсан. Анх удаа сонгуульд санал өгч байсан болохоор миний хувьд чухал өдөр байсныг санаж байна. Харин яг үнэндээ хэнд санал өгснөө санадаггүй. Дугуйлдаг хэсгийг нь хэтрүүлчихгүй будах гэж нямбайлж байснаа тод санадаг. Одоо эргээд бодоход мэдээлэл муутай байсан юм билээ. Хэн гэж хүн аль намаас нэр дэвшиж байгааг ялгах төдий л мэдээлэлтэй байсан болохоос ямар зорилго, мөрийн хөтөлбөртэй дэвшиж байгааг нь сонирхоогүй.

Тэр үеэс хойш бүх сонгуулийг нэг ч алгасаагүй өгсөн гэхээр, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай нийлүүлбэл 10 дахь удаагийн сонгуульдаа санал өгөх гэж байна. Сонгуульд санал өгөхөд юуны түрүүнд заавал саналаа өгөх нь чухал. Харин аль нэг нэр дэвшигчийг сонгомооргүй байвал цагаан сонголт хийх боломж ч байдаг. Сонголт хийхгүй байх ч бас сонголт юм байна гагцхүү заавал ирцээ бүртгүүлж байж сонголт болдог гэдгийг мэдэх нь чухал санагддаг.  

Сонгуулийн санал бол зарчмын хувьд бидний өдөр тутам хийдэг 35 мянган сонголтын нэг юм. Хүн өглөөний цайндаа юу идэхийг сонгохоос эхлээд өдөрт хэдэн мянган сонголт хийдэг гэдэг. Ялгаа нь сонгууль бол өдөр тутам биш 4 жилд нэг удаа хийдэг илүү их хариуцлагатай л сонголт юм. Хариуцлага гэхээр бид хийсэн сонголтынхоо үр дагаварыг өөрсдөө хариуцнаа л гэсэн утгатай. Тэгэхээр хариуцлагатай сонголт хийхийн тулд мэдэх, судлах болно. Нэр дэвшигчдийн талаар, эсвэл улс төрийн намуудын талаар бид мэдэхгүй байж болно шүү дээ. Мэдээлэл авах суваг боломж бол хангалттай өргөн болсон байгаа ч мэдээллийн эх сурвалжийн итгэлтэй байдлыг нягталж үзэж байхгүй бол бусдын зорилгын хэрэгсэл болоод байвал гунигтай л юм. Миний хувьд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншихаас гадна өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг заавал хайж олж харьцуулж хардаг. Ингэж өөрийн мэдлэг, үзэл бодол болон үнэт зүйлээрээ сонголт хийдэг. Хамгийн сайн сонголт бол өөрөө хийсэн сонголт байдаг шүү дээ.

Б.Золжаргал - ХИС-ийн Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч

Сонгууль өгнө гэдэг бол эрх чөлөөт оронд амьдарч байгаагийн баталгаа. Үүнийг би иргэн хүний эдлэх ёстой хамгийн том үнэ цэн гэж боддог. Миний анзаарч байснаар сонгууль болж өнгөрсний дараа бид гэнэт л УИХ-ын гишүүдээ шүүмжилж, тэд л болохгүй байгаа юм шиг, улстөрчид л энэ улсыг улам гундуулаад байна гэж ярьж эхэлдэг. Гэтэл улс орон маань ямархуу өнгө төрхтэй байх нь бид бүхнээс хамгийн их хамаардаг. Иргэний хариуцлагын тухай хамгийн түрүүнд хэлмээр байна. Залуус бид өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ итгэл үнэмшилтэй, логик шүүмжлэлт сэтгэлгээтэй буюу юм болгоныг буруу эсвэл зөв гэхээс илүү яагаад буруу гэж, яагаад зөв гэж өөрөөсөө асуудаг, бусадтай энэ талаараа нээлттэй ярилцаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

Бид нар нийгмийн идэвхтэй байх ёстой. Үзэл бодолдоо үнэнч, бусдыг даган дуурайлгүйгээр илүү тод, гоё өнгийг үзэл бодлоороо солонгоруулж чадвал илүү хүчтэй, хэн хүссэнд нь хууртахааргүй болно гэдэгт итгэдэг. Нийгмийн идэвх гэдэг бол трендийг дагах биш юм. Сонгуулийн жил болгон л гишүүд, нэр дэвшигчид гарч ирээд улс орондоо хайртайгаа, залуучуудыг ямар сайн ойлгодог гэдгээ ярьж төрөл бүрийн чадварлаг маркетингийн компаниудаар дамжуулан “хиймэл” тренд үүсгэдэг. Түүнд бид хэрсүү хандах хэрэгтэй. Тэр олон сурталчилгаа, контентыг үзэж дунд нь ор, мэдэр, ажигла, шүүмжил, нэр дэвшигч бүртээ чадах чинээгээрээ уулз, асуулт асууж тэдний гол санааг нь ойлго. Тэгж байж бид тэдэнд шүүмжлэлтэй хандахгүй бол нэгнээ даган дуурайж, яагаад дэмжих эс дэмжих хэрэгтэйгээ мэдэхгүй хэрнээ дэмий л хөөрцөглөдөг. Тэгээд л буцаад өнөөх улстөрчдөд адлуулж, “одоогийн залуус” хэмээн чичлүүлдэг. Залуу хүн гэхээр л бодлогогүй, ул суурьгүй шийдвэр гаргадаг мэт биднийг дутуу үнэлэх нь элбэг. Залуусын тэр дорой дүр төрхөөс одоо салах цаг нь хэдийн болсон. Сонгуульд нэр дэвшигчдийн тухай сайн мэдэхгүй, тэднийг бид таньдаггүй байж болно. Тэгвэл тэднийг биднээс илүү сайн таних ээж аавтайгаа, эмээ өвөөтэйгөө, найз нөхөдтэйгөө ярилцаж, тэднийг сонс гэхдээ битгий автаарай.

Эцэст нь сонгуульд саналаа өгөх эрх бол чамд байгаа хүчирхэг нэгэн нууц зэвсэг. Түүнийгээ хэдхэн төгрөгөөр худалдаж, ямар үнэтэй зүйл байсан гэдгийг нь ойлгохгүй, хаяж гээгдүүлж болохгүй. Сонгууль бүрт чухал ач холбогдол өгч үнэ цэнтэй хандаарай. Бас сонголт хийхэд хөндлөнгөөс нөлөөлөөд байдаг хүмүүст эелдгээр дуугай бай гэж хэлж сураарай. Бид өөрсдөө улс орноо хүндэлж байж бусдаар хүндлүүлнэ шүү дээ. Залуусаа, бид бол одоогийн нийгэм ямар явж байгаагийн эхлэл гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Г.Цолмон - Геологич, хувиараа бизнес эрхлэгч

Анх 2000 онд УИХ-ын сонгуульд санал өгч байсан юм байна. Тэр үед олон нам оролцож байсан санагдаж байна. Санаанд хамгийн тод үлдсэн хүмүүс нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, П.Цагаан. Реклам суртчилгаа маш сайн хийж байснаар нь энэ хоёр хүнийг санаад байгаа байх. Жишээ нь, гишүүн асан Б.Эрдэнэбат “Эрэл Хурд” концерт тоглуулсан, 120-ын байруудад нарлах саравч барьсан, Нэхмэлийн шарын байруудаас 4-р байрыг халуун устай холбож өгч байсан. Бусдыг нь холбоно гэсэн амлалттайгаар. Тэгээд гишүүн болоод ор сураггүй алга болоод амлалтаасаа юу ч хийгээгүй. Дараагийн сонгуульд өөр тойргоос оролцож байсан шиг санагдаад байх юм. Тэр сонгуулиас үлдсэн дурсамж гэвэл худлаа амлалт гэж юмыг л сайн ойлгож авсан даа. Яг саналаа өгөхөд бол ямар ч ойлголтгүй явсан. Манай эмээ эвээр нэг, загнаж нэг хэлээд өөрийхөө намд санал өг гэж зарлигдаж байсан санагдаж байна. Тэгээд тэр заавраар нь тухайн үеийн МАХН-д саналаа өгсөн. Яг иймэрхүү байдлаар л дараагийн жилд нь ерөнхийлөгчийн сонгууль болсон байх шүү. Реклам сурталчилгаа харьцангуй бага, тэгсэн хэдий ч бас л эмээдээ “загнуулж”, жоохон эсэргүүцэх гэж үзээд больсон шиг санагдаж байна. Тэгээд л өг гэсэн намд нь саналаа өгчихөөд гарч ирж байсан даа. Мэдлэг, мэдээлэл гэх юмгүй л оролцож байсан. Ухуулагч, гарын авлага, энд тэнд тавьсан зураг, анонсоор л мэдээлэл авна. Мэдээллийг нь хүсэж авах биш нүдэнд харагдсаар байгаад л ой тоонд бууж байсан.

Тэр үеэс хойш сонгуульд саналаа өгсөн тоогоо алджээ. Өгөлгүй өнгөрөөсөн үе ч бий. Энэ хугацаанд далайд дусал нэмэр, нэг санал нэгддэггүй гэдгийг л сайн ойлгосон юм болов уу. Шинэхэн сонгогч нарт зөвлөхөд, хамгийн их нэр нь сонсогдож, нүдэнд харагдсан хүндээ санал өгөх гэж яарах хэрэггүй шүү. Цөөхөн хэдэн минут гаргаад энэ хүн хэн бэ, өмнө хаана юу хийж байсан бэ, хамгийн гол нь өмнө ярьсан юмнууд нь худлаа байна уу, үнэн байна уу, өнөөдөр харахад ямар байна гэдгийг харьцуулж, багахан цаг гаргаад судлаарай. Хүний үгээр сонголтоо битгий хийгээрэй л гэж захих байна. Сонгох хүнгүй бол очоод цагаан хуудасаа өгчихөж байгаарай.

Б.Баясгалан - Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, уран зохиолын орчуулагч

Багадаа “Сонгууль” гээч нь нэг төрлийн баяр гэж боддог байлаа. Одоо ямар болсныг мэдэхгүй ч, хөдөөгийн сонгууль нэг тийм бэсрэг наадмархуу болдог байсан санагдана. Түүнийг нь харахаар хурдхан том болж, багачуудад огтхон ч хүртээлгүй тэр олны хөл хөгсөөн дунд орж явчихыг, улаан даавуун дээр цагаанаар дурайх сүржин хаяг, лоозонгуудыг тотгондоо асаасан санал авах гэрийн босгоор алхаж үзэхийг хүсэлгүй яах вэ.
 
Харин анхны саналаа 2004 оны УИХ-ын сонгуулиар өгч байжээ. Аравдугаар ангиа дөнгөж төгссөн хүүхэд болохоор өөрийн мэдэл бага, ерөнхийдөө аавынхаа намд өгнө гэсэн хатуу итгэлтэй. Тэгж байтал оюутан болоод хот явсан эгч маань амралтаараа нутагтаа сонгуулийн сурталчилгаанд ажиллана гээд нэг нэр дэвшигчийн багт багтаад ирлээ. Аавын нам, эгчийн багийн хүн. Болж байна. Дээрээс нь дэвшигч бээр хүндэлдэг том зохиолчийн хүү байсан тул бүр ч сэтгэлд дотно санагдаж явчихуй. Анхны сонгуулийн маань шалгуур, шийдвэр нэг тиймэрхүү л байж дээ.

Түүнээс хойш таван парламентын сонгууль, дөрвөн ерөнхийлөгчийн сонгууль, нэг орон нутгийн сонгууль нийт арван сонгуульд санал өгчээ. Орон нутгийн сонгуульд ихээхэн идэвхгүй оролцож ирсэн маань харагдаж байгаа биз. Анхны сонгуулиа нутагтаа өгснөөс хойш оюутан болж хотод ирээд л оюутны байраас өгсүүлээд хотын бүх дүүргээр нүүдэллэж амьдарсан болохоор хороо дүүргийнхээ асуудалд “хоноцийн сэтгэл”-ээр хандаж ирсэн гэм байна.

Анхлан сонгогч байхдаа сонгууль гэдгийг хэн нэг амбицтай ах эгчийн албан тушаалын төлөөх тэмцлийг аль нэг талд гаргахад нь туслаж буй үйл аятай ойлгож, их л ялархуу, идэвхгүй ханддаг байжээ. Гэтэл үнэн хэрэгтээ сонгууль гэдэг нь өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж буй, түүндээ хүрэхэд өөрөөс чинь бус, чамайг тойрон хүрээлж буй нийгэм, тогтолцооноос хамаарах бүхнийг өөртөө илүү ээлтэй байлгахын тулд өгөгдсөн боломжуудаас хамгийн ашигтайг нь сонгож буй, чамд хамаатайгаас хамаатай, маш хариуцлагатай сонголт юм билээ л. Хүн өөрөө хичнээн хичээсэн ч зорьсон санасныг нь зогсоогоод байдаг, хүссэн тэмүүлснийг нь хүлээд байдаг өөрөөс үл хамаарах хүчин зүйлс гэж бий. Чи өөрөө яаж ч шаргуу хөдөлмөрлөлөө гээд улс орон чинь ядуу бол ядуу орны залуучуудын заавал нүүрэлддэг бэрхшээлүүдийг тойрч гарах аргагүй. Хувь хүн хичнээн цолгорсон мундаг байлаа ч нийгэм нь авилга, хээл хахуульд идэгдсэн бол хичээсэн, хийснийг чинь дандаа үгүйсгэж дарах, өөртөө үүсгэсэн боломжийг чинь үргэлж дээрэмдэн зарах шударга бус өрсөлдөөний эргүүлэгт сэнсэртэл эргэлдсээр насыг барна. Тэгүүлэхгүйн тулд чиний хийж чадах хамгийн наад захын зүйл бол улс орны чинь удирдлагыг гартаа барих этгээдүүдийг өөрөө сонгох, зорилго мөрөөдөлдөө аль болох саад учруулахгүй болгохоор, болвол бүр дэмтэй байлгахаар сонгох, тэр сонголтод оролцох явдал юм билээ. Бүх хариуцлага, бүх ачаа аав ижийн чинь нуруун дээр байх үед, чи өөрөө ч бас тэдний нуруун дээрх ачаа мөн байх үед амьдрал хөнгөн санагдалгүй яах вэ. Гэхдээ эцэг эхийн нуруун дээрээс буугаад ачаагаа өөрөө үүрээд ирэх үест хамгийн хүнд ачаа бол чиний хүсэл бусаар нуруун дээр чинь шууд дарсан энэ нийгмийн чинь элдэв дараас, дарамтууд байх вий. Хүсэл бусын ачааг аль болох хөнгөн байлгая гэвэл ямар нийгэм хүсэж буй тэр зүгт чинь жолоог эргүүлэх хүнийг өөрөө сонгох, өөрөө томилох юм шүү. Үүнийг би вээр аав ижийн нуруунаас буугаад ачаагаа үүрч эхэлснээс хойш арван сонгуулийн турш бүдэрч босож яваа өөрийн туршлагаас үүдэн дүү нартаа аминчлав.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.