Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрүүл, ухаалаг хооллоход туслах 5 арга


Herbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал Сьюзан Бауэрманы зөвлөгөөг хүргэж байна.

Амьдрал стресстэй байна. Цар тахал, гэрээс ажиллах, хүүхдүүд алсын зайнаас сурах, эцэс төгсгөлгүй олон цагийг хамтдаа эсвэл тусгаарлалтад өнгөрүүлсэн хугацаа нь бидний дундаас хамгийн амирлангуй нэгнийг хүртэл сорьж чадлаа. Бид зохистой шим тэжээлийг биедээ авах гэхээс илүүтэйгээр өөрсдийгөө тайтгаруулах зорилгоор “хоосон” илчлэгтэй хоолыг илүү иддэг болсон байж мэднэ. Эсвэл гэр оффисоос маань нэг л алхмын зайд байгаа эрүүл бус амттан, зуушийг шүүрч авч идэх нь олширсон. Том ууттай чипс маш амттай санагдаж, эсвэл биднийг тааламжгүй зүйлсээс бага ч гэсэн сатааруулж байгаа мэт санагдана. Гэтэл ийнхүү буруу хооллох нь биднийг жин нэмэх, илүү их ядрахад хүргэж, бүр эрүүл мэндийн зарим асуудлыг дагуулж болох юм. Эрүүл хооллохын тулд бид ухаалаг байх хэрэгтэй. Тэгвэл юу идэж байгаадаа ухамсартай хандахад тань тусалж, ухаалаг сонголт хийхэд хүргэх таван аргыг танилцуулъя.  

Бичиж бүртгээрэй

Дасгалын хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүст гаргасан ахиц дэвшил, гүйсэн километр эсвэл 7 хоногт хийсэн дасгал сургуулилалтаа бүртгэж байхыг зөвлөдөг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл гаргасан ахиц дэвшлээ бүртгэж байхад бид өөрсдийн гаргасан амжилт болон хаана сайжруулалт хийж болохыг илүү сайн ойлгодог. Хооллолтын тэмдэглэл хөтлөх нь гайхалтай, зарим талаараа таны эрүүл ухааныг сэргээх туршлага юм. Тэмдэглэл хөтлөх нь өдрийн хоолны дараа идсэн 10 ширхэг жигнэмэг эсвэл оройн хоолны үеэр томоос том халбагадаж тавган дээрээ тавьсан төмсний нухшийг танд сануулна. Юуг, хэзээ, яагаад идсэнийг бичиж тэмдэглэх нь таны анхаарал хандуулж, засах ёстой зуршлуудыг нарийн илрүүлж өгнө.

Завсарлага аваарай

Бид хөргөгч рүү үе үе шагайж, хүнсний бүтээгдэхүүн хураасан тавиур руу дахин дахин хардаг. Яагаад гал тогоо руу орсноо гайхах үе хүртэл гардаг. Идэх юм барьж авахаасаа урьтаад “би одоо яагаад идэж байна вэ?” гэж өөрөөсөө асуугаарай. Та өлсөхөөс илүүтэйгээр уйдсан, эсвэл ядарсан, эсвэл уурласан гэх шалтгаанаар гал тогоонд орж ирсэн байх магадлал өндөр. Хэрэв та түр завсарлага аваад өөрөөсөө асуувал идэх нь шийдэл биш юм байна гэдгийг ойлгоно. Уйтгар, уур уцаар, ядаргаагаа даван туулах өөр арга олоорой. Идэхийн оронд салхинд алх, найз руугаа залга, эсвэл аяга цай уугаарай.

Зүгээр л идээрэй

Өдрийн турш маш олон ажил давхцахад бид бүгдийг нь яарч хийх хандлагатай байдаг. Идэхийг хүртэл шүү. Анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн энэ ертөнцөд бид хоол идэх цагаа олон ажил хийж амжуулах цаг болгон ашигладаг. Бид хоолоо идэнгээ зурагт үзэх, и-мэйлд хариулах, эсвэл интернетээр хэсэх нь бий. Анхаарал сарниулах эдгээр үйлдэл нь дэлхий ертөнцтэй холбоход бидэнд тусалж болох ч юуг, хэр их идэж байгаагаа ухамсарлахад тус болохгүй. Өөр юу ч хийхгүй, харин ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хоол идэх цагийг тусгайлан гаргах нь хэр их идэж байгаагаа ухамсарлах, идэж буй хоолноосоо таашаал авах боломжийг бидэнд олгоно.

Мэдрэмжүүдээ оролцуулаарай

Хоол идэж байхад бүрэн төвлөрөх хэцүү байдаг бөгөөд бид дараа нь юу хийхээ байнга л боддог. Тиймээс зөвхөн өөрийн тавган дээр байгаа хоолонд анхаарлаа хандуулахаар хамгийн багадаа 20 минутыг зарцуулаарай. Бүхий л мэдрэмжээ ажиллуулж, таны идэж буй хоол сайхан үнэртэй, амттай, өнгөтэй, хэлбэр дүрстэй, дуу чимээтэй гэдгийг анзаараарай. Ингэсэн тохиолдолд та аманд орсон хоол хүнс бүрийг илүү ухаалгаар хүлээн авч, бага идсэн ч илүү сэтгэл хангалуун байна.

Цадсан мэдрэмжээ ойлгоорой

Гэдэс дүүрч, өмднийхөө товчийг тайлах хүртлээ хоол идэж байсан үе, баярын өдрүүд бидэнд бий. Ийнхүү хэтрүүлэн идэх тохиолдол ховор ч олон хүн өлсөх мэдрэмжээ дарах төдийд бус хэт цадталаа идэхийг зуршил болгосон байдаг. Өлсөх мэдрэмжээ дарах төдийд хоол идэх нь тавгаа хоосон үлдээхгүй байх хүмүүжилтэй эсвэл хоол хаяхаас зайлсхийдэг хүмүүсийн хувьд хэцүү байж мэднэ. Тэгвэл хоолоо багаар аягалахаас эхлээрэй. Зарим мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж, ядаж нэг халбага хоолыг аягандаа үлдээж болно. Удаан, анзааргатайгаар идэж, хоолоо чихэлгүй өлсөх мэдрэмж алга болох төдийд юу мэдэрч буйгаа анзаараарай.

Бусад хүмүүстэй байнгын холбоотой байх шаардлагатай ертөнцөд хооллолтоо хийх ажлын жагсаалтдаа тусгайлан тусгаж, яаж, хэзээ, хаана, яагаад идэж байгаадаа анхаарал хандуулан, цаг зав гаргах нь хэцүү байж мэднэ. Ухаалаг хооллох нь бидэнд завсарлага олгож, ямар төрлийн хоолыг хэр их хэмжээгээр идэж байгааг ойлгоход тусалдаг. Хэзээ, яагаад амттан, зууш идэж байгаагаа ойлгож, цаг гарган суугаад, ямар ч анхаарал сарниулах зүйлсгүйгээр хоолоо идэх нь хоолноосоо таашаал авах, хоолны дадал зуршлаа анзаарах, илүү эрүүл, тэжээллэг хоолны ашиг тусыг бүрэн хүртэх боломжийг бидэнд олгоно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.