Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Humans of UB | Сонгуулийн ирцийн мэдээ ба технологийн шийдэл


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг цаг тутам, 12 насны ангиллаар олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод мэдээлэхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирцийн мэдээг анх удаа технологийн тусламжтайгаар бүрдүүлж, мэдээлэх тус ажилд "ЛИЙД төгсөгчдийн холбоо" ТББ хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж буй байгууллагуудын төлөөллөөс тодруулга авснаа хүргэж байна. 


Д. Жанчив: Технологийн хөгжил бидний амьдралыг илүү хялбарчилна

“Лидер Вишн Групп”-ийн Гүйцэтгэх захирал

Би технологийн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Улс нийгэмдээ хэрэгтэй, хүний өдөр тутмын асуудлыг шийдэж чаддаг учраас технологи, программ хангамжийн салбарт ажиллахдаа урам зоригтой байдаг. Манай байгууллага өмнө нь төрийн албаны шалгалт өгөхөд туслах E-Test, унадаг дугуйны UBike зэрэг аппликейшнүүдийг хөгжүүлсэн туршлагатай. Төрийн болон бизнесийн байгууллагуудын дунд зэрэглэлийн системүүдэд төвлөрч ажиллаад 5 жил болж байна.
   
Хамгийн сүүлд Сонгуулийн ерөнхий хороо, ЛИЙД төгсөгчдийн холбоотой хамтран сонгуулийн ирцийг 12 насны ангилал, газарзүйн байршлаар нарийвчилж харуулах гар утасны аппликейшнийг бүтээлээ. Өмнө нь сонгуулийн хэсгийн хороод утсаар ярих байдлаар мэдээллээ солилцдог байсан бол гар утасны аппликейшн нэвтэрснээр энэхүү үйл явц хялбарчлагдаж QR код уншуулан ирцийн мэдээгээ илгээх боломжтой юм. Бид нар аппликейшнээ сар орчмын хугацаанд хөгжүүлсэн. Аппликейшн маань дараах 3 дэд хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, сонгуулийн дэд хэсэгт байрлаж байгаа ажилтнууд гар утсаараа ирцийн мэдээг СЕХ дээр байрлаж буй сервер рүү солилцож нэгтгэх боломжтой. Хоёрдугаарт, админ нь тэрхүү мэдээллийг 9-12 цаг тутам шинэчлэх, олон нийт нээлттэй ашиглах зэрэг гурван хэсэгтэй. Энэ удаагийн сонгуулиар аппликейшн, QR код ашиглан ирцийн мэдээг ийнхүү цуглуулж, харах болно. Мөн алслагдсан хэсгийн хороодын тухайд ойролцоо онлайн хэсгийн хороотойгоо холбогдон мэдээллээ серверт оруулах боломжтой. Жил ирэх тусам нийгэм даяараа программ хангамж, технологийн хөгжлийг илүү их ойлгодог болж байна. Цаашид энэ мэтчилэн технологийн хөгжил бидний амьдралыг илүү хялбарчилна гэж боддог. Сонгуулийн ирцийн аппликейшний тухайд захиалагч тал буюу Сонгуулийн ерөнхий хороо цаашдын хөгжүүлэлтийг хариуцах болно.

Н. Ганчимэг: Өнөөгийн нийгэмд мэдээлэлтэй байх нь хүн бүрийн суурь хэрэгцээ болсон

ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББ, Төслийн ахлагч

Би социологич мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн судалгаа, мэдээллийн ил тод байдлын чиглэлээр ажилладаг. 2017 онд “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдаад 2018 онд тус хөтөлбөрийн оролцогчдын хамт ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББ-г байгуулалцсан. Манайх Монгол Улсын өнцөг булан бүрд төр, иргэний нийгэм, хувийн хэвшил гээд төрөл бүрийн салбарт ажиллаж амьдардаг 250 орчим гишүүнтэй байгууллага. Зорилго нь ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, нийгмийн тэгш оролцоог хангахад хувь нэмрээ оруулан, залуусын оролцоог дэмжихэд чиглэдэг. Энэ зорилгынхоо хүрээнд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд “Сонгуулийн дата хакатон”-ыг залуусын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн сэдвийн хүрээнд 18-35 насныхны дунд зохион байгуулахад их сонирхолтой дүр зураг ажиглагдсан.  

Нэг талаас анх удаа саналаа өгөх гэж буй залуу сонгогчид, нөгөө талаас төрөл бүрийн ажил мэргэжилтэй гуч гаруй насныхан баг болж нэг зорилгын төлөө хамтарч ажилласан. Ингэснээр багийн гишүүд маань бие биенийхээ ур чадварыг нөхөн, маш сонирхолтой шинэ санал, төслүүдийг санал болгосон. Тэдний дундаас яг үр дүн нь шууд бодитой харагдах, хэмжиж болох санаа нь сонгуулийн ирцийн мэдээг шууд дамжуулж, хэн нь сонгуульдаа оролцож байгааг харуулах байсан учраас шалгаруулсан. Тэгээд тэр санааг бодитоор хэрэгжүүлэн, 2020 оны УИХ-ын сонгуулийн ирцийг СЕХ болон “Ikon.mn”-тэй хамтран санал хураах өдөр гурван удаа мэдээлсэн. Харин дараа нь ер нь ирцийг мэдээлэх үйл ажиллагаа яаж явагддаг талаар хууль эрх зүйн орчныг судалъя, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлъё, байгууллага хоорондын уялдааг нь судалъя гэсэн санаа төрсөн. Ингээд манай төгсөчдийн холбоо судалгааны ажил хийсэн. Судалгааны дүнд үндэслэж, ирцийг нарийвчилж мэдээлэх санал, зөвлөмж гаргасан. Тэр саналаа төрийн хамаарах байгууллагуудад хүргүүлсэн. Саналыг СЕХ дэмжиж, ажлын хэсэг байгуулан манлайлж ажилласан. УБЕГ ч бас үүнд хамтарч, сонгогчдын бүртгэлийн программдаа өөрчлөлт оруулж ажиллаж байгаа. Төр, төрийн бус байгууллага хамтарч ажиллаж буйн том жишээ болж байна гэж харж байгаа. Энэ нь өөрөө ирцийн мэдээнд тулгуурлан судалгаа хийх, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэн зөв, нотолгоонд суурилсан шийдвэр, дүгнэлт гаргах боломжийг нээж өгч байгаа юм.

Сонгуулийн ирц 1992 оноос хойш тогтмол буурч ирсэн. 2012 онд УИХ-ын сонгуулийн ирц 67 хувьд хүрсэн нь хамгийн бага оролцоо байлаа. Гэтэл ардчилсан улсын иргэд бид, ялангуяа залуучууд сонгох эрхээ эдлэн, сонгуульдаа идэвхтэй оролцож өөрсдийн ирээдүйд хариуцлагатай хандах хэрэгтэй шүү дээ. Судлаачдын үздэгээр сонгуулийн идэвх оролцоо нь нийгэм, эдийн засаг, боловсролын түвшин, улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн зохион байгуулалт гээд маш олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Гэвч ямар ч тохиолдолд төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, нийгмийн идэвхтнүүд дор бүрнээ л иргэдийг сонгуулийн оролцоотой байхыг уриалж, харилцан биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Ингэж байж л сонгууль илүү ардчилсан болно.

Аливаа зүйл тодорхойгүй, бүрхэг байх тусмаа эргэлзээг дагуулдаг шүү дээ. Эргэлзээнээс улбаалан үл ойлголцол үүсэх учир мэдээллийг ил тод байлган хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх нь зөв. Өнөөгийн нийгэмд мэдээлэлтэй байх нь хүн бүрийн суурь хэрэгцээ болсон. Нөгөө талаас мэдээллийг ил тод, хүртээмжтэй түгээх нь байгууллага бүрийн соёл, хариуцлага юм. Манай төрийн байгууллагууд иргэний нийгэм, залуусаас гарсан саналыг дэмжин ажилласанд болон өөрийн оролцоогоор дамжуулан энэ шинэчлэлд оролцож буйдаа баяртай байна. Цаашдаа манай ЛИЙД төгсөгчдийн холбоо олон нийтийн эрх ашгийг хамгаалж, шударга ёс, эрх тэгш хүртээмжтэй байдлын манаанд дуу хоолойгоо өргөн, мэдлэг туршлагаа зориулах “Watchdog” үүргийг гүйцэтгэж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Б.Батсайхан: Энэ удаагийн сонгуулиар ирцийн мэдээг цаг тутам, насны ангиллаар нь задалж харуулна

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Техник, үйлчилгээний хэлтсийн дарга

Би мэдээллийн технологийн мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Манай улс 2012 оноос сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулсан системээр явуулж эхэлсэн. Тэр үед сонгуулийн автоматжуулсан системийн хуулиар Мэдээлэл технологийн төв маань байгуулагдаж, анхны инженерээр ажилд орсон. Хоёр жил техникийн инженер хийгээд 7 жил хэлтсийн даргаар ажиллаж байна. Манай хэлтэс, миний ажил үүрэг бол хүмүүсийн ярьдгаар “хар машин” буюу санал тоолох төхөөрөмжийг гурван шат дамжлагаар бэлдэх, сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, санал хураалтын өдөр техникийн шуурхай удирдлагаар хангах, санал хураалтыг нийтэд мэдээлэх зэргээр ажилладаг.

Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулсан системээр явуулна гэдэг бол сонгогчийн саналыг нэгтгэх, тоолох, дүн гаргах үйл явцыг тоног төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар үзүүлж байгаа явдал юм. Сонгуулийг автоматжуулсан системээр явуулахад гадаад болон дотоодын ажиглагчид ажиглаж, дүгнэлт өгдөг.  Дүгнэлтийг харахад санал хураалтын өдөр ирцийн мэдээгээ автоматжуулах, нэгтгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох тухай дурдагддаг.

2020 оны УИХ-ын сонгуулиар ЛИЙД төгсөгчдийн холбоотой хамтраад ирцийн мэдээг хагас автоматжуулсан. Хэсгийн хорооноос ирц нэгтгэх үйл ажиллагааг уламжлалт аргаар буюу утсаар ярьж, мэдээгээ нэгтгээд нийтэд уншиж мэдээлэх үйл явцаа боловсронгуй болгосон байсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бид нар сонгогчийн ирцийн мэдээг хэсгийн хорооноос гар утасны аппликейшн ашиглаад нэгтгэх, нийтэд мэдээлэх бүх үйл явцыг хүний гар оролцуулалгүй автоматжуулсан системээр хүргэхээр бэлдээд байна. Энэ төсөл маань дараагийн сонгуулиудаар илүү боловсронгуй болох боломжтой.

Сонгуулийн автоматжуулсан систем нь хоёр системийн нийлбэр юм. Сонгогчийн бүртгэлийн хэсэг, сонгогчийн саналыг тоолж, нэгтгэх системийн нийлбэр байна. Сонгогчийн бүртгэлийн программ хангамж нь дөрвөн насны ангиллаар тоон үзүүлэлт нь гарч, хэсгийн хорооны дарга нар тодорхой гурван цагт ирцээ утсаар мэдээлдэг байсан. Багаас сум руу, сумын хэсгийн хороо аймаг руу, аймаг нь СЕХ руу мэдээлдэг. Гэтэл хэсгийн хороонд улсын бүртгэгч ажилладаг шүү дээ. Улсын бүртгэгч нь бас сум, аймгийн бүртгэгчтэйгээ холбогдож, ирцээ цуглуулаад улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдээлдэг байсан. Төрийн хоёр байгууллага нэг хэсгийн газраас хоёр өөр шугамаар мэдээлэл авахаар цаг хугацаанаас хамаарч зөрөх магадлалтай байсан. Одоо энэ системийг нэвтрүүлэхээр улсын бүртгэлээс ирцийн мэдээ цуглуулахгүй болж байна. Яг нэг шугамаар буюу СЕХ ирцийн мэдээ цуглуулж, механик алдаа гаргахгүй болж байна. Хүний гарын оролцоог л хааж байна гэсэн үг. Ингэхээр мэдээлэл маань сонгогчдод шуурхай, нээлттэй хүрнэ. Урьд нь ирцийн мэдээг утсаар авч, цаасан дээр хэвлээд нийтэд уншиж хүргэдэг байсан бол одоо бүх сонгогч интернэтээр нээлттэй харах боломжтой. Улсын хэмжээнд хэсгийн хороогоор мэдээлэл авч болно. Дээрээс нь гурван цагийн давтамжтай мэдээлдэг байсан бол энэ удаа цаг тутам ирцийн мэдээллийг насны ангиллаар нь задалж харуулах боломж бүрдэж байна.



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.