Жүжигчин Алек Болдуин зураг авалтын үеэр найруулагч, зураглаачаа бууджээ
Холливудын нэрт жүжигчин Алек Болдуин зураг авалтын үеэр найруулагч, зураглаачаа буудсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Кино багийнхан АНУ-ын Нью-Мексико мужид “Rust” хэмээх вестерн киноны зураг авч байжээ. Зураглаач Алина Хатчинс эмнэлэгт хүргэгдсэн ч аврагдалгүй амиа алдсан бол найруулагч Жоэл Сузагийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хэрэг юунаас үүдсэн, хэрхэн өрнөсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан шалгаж буй. Одоогоор Алек Болдуинд хэрэг үүсгээгүй байгаа аж.
1993 онд “The Crow” киноны зураг авалтын үеэр Брюс Лигийн хүү Брэндон Ли мөн буудуулж амиа алдсан түүхтэй. Бууг бэлдсэн мэргэжилтнүүд бууны цэнэгийг нь салгасан хэр нь бялтыг нь аваагүй байж. Өмнөх кадр дээр жүжигчин буудахад дарьгүй тэр сум бууны хонгио төмөрт гацжээ. Харин дараагийн буюу жүжигчин Лигийн хөнөөгдсөн кадрын үеэр буудахад гарсан хоосон сум өмнө нь гацчихсан байсан сумыг түлхэж, улмаар жүжигчин гэдсэндээ шархадсан ажээ. Шүүх бууг барьж байсан жүжигчин Майкл Массиг гэмгүй гэж үзсэн байдаг. Гэхдээ М.Масси сэтгэлийн гүн хямралд орж, үүнээс олон жилийн дараа ч хар дарж сэрсээр байсан тухайгаа ярьсан нь бий.
Эммигийн шагналт жүжигчин А.Болдуин 30 гаруй жил дэлгэц, тайзны урлагт зүтгэж буй, Холливудын ахмад уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр “30 Rock” цуврал, “Alice”, “The Aviator” киноны дүрүүдээрээ нэрд гарсан билээ.