Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

ХОБО ЖИБЭ | Мэрайя Кэригийн жаргал, зовлон, Сон Хэ Гёгийн салалтын дараах амьдрал, Кристен Стюартын шинэхэн сүйт бүсгүй


Мэрайя Кэри жаргасан уу, зовсон уу?
#ГанданБуурахгүйээ

Өнгөрсөн баасан гарагт өвлийн эхэн сарын шинийн нэгэн, лусын буулттай билэгт сайн өдөр тохиож, дуучин Мэрайя Кэри эл өдөрт зориулан зул сарын шинэ дуугаа цацлаа. Эл өдөр үхэр, тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн байсанчлан 1969 оны шороон тахиа жилтэй Мэрайя эгч маань шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон байна. Тэрбишийн зурхайгаа барьж, өдөр судраа харж явахад алзахгүй болохын дохио энэ буюу.

Зул сар, шинэ жил дөхөж, жилийн хамгийн сайхан баяр ойртоход эгчийн маань л дуу баярын сүлд дуу шиг явдаг учраас түүний тухай бичихгүй өнгөрч яахин болох билээ. Хорьхон насандаа алдарт хүрч, түүнээс хойш хамаг л амжилтыг эзэгнэж, хоолойны бядаа харуулдгаа харуулсан эгчид маань одоо бол амжилт гэдэг онцын сонин зүйл биш болоо байлгүй. Харин хувийн амьдралаа эвтэйхэн залуурдах гэж сүүлийн хэдэн жил хичээж байгаа. Бүх цаг үеийн хамгийн агуу дуучдын нэгт зүй ёсоор тооцогдох түүний амьдрал харагдаж байгаа шигээ гял цал, хөнгөн гоёмсог, хөгжил хөөртэй биш байсныг хобо жибэ болгон тэмдэглэюү.

2001 онд сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар хамаг уран бүтээлээ хаян байж эмнэлэгт хүртэл хэвтэж байсан тэр 2018 онд өөрийгөө хоёр туйлт эмгэгээр удаан хугацаанд өвдөж буйгаа зарласан. Та нар түүний “Mariah’s World” реалити шоуг үздэг байсан бол ямархуу юмны тухай яриад байгааг ерөнхийдөө гадарлана. Эгч маань уйлаад л, инээгээд л, уурлаад л, эсвэл бүүр юу ч дуугарахгүй, нүдээ ч хөдөлгөхгүй, poker face болчноо заримдаа. Үзэгчид хүртэл гайхмаар тэр зан авируудын цаана “ хоёр туйлт эмгэг” гээч зүйл байсан юм билээ л дээ. 

Ер нь мань хүн үүнээсээ болж хайр сэтгэл, гэр бүлийн асуудал нь ч хэцүү байсан. Ник Кэннон гэж өөрөөсөө 11 дүү залуутай гэрлээд, хоёр ихэр хүүхэд төрүүлж, чухамхүү аз жаргалтай байснаа нэг л өдөр салсан. Кэннон хар багаасаа Мэрайяг шүтэж явсан, эхнэрээ болгож энэ насныхаа мөрөөдлийг биелүүллээ, түүн шиг гайхалтай эмэгтэй орчлон дээр үгүй л гээд байсан. Гэтэл яав? Холливудын жиг жуг яриагаар бол Мэрайя нөхрөө цаг минут тутам хардаж, ажил дээр нь сахиж, аялан тоглотоор явахад араас нь дагаж, тагнаж чагнаж, сүүлдээ ажил хийхгүй байхыг шаардаж, бидэнд хангалттай мөнгө бий учраас ажил хийх хэрэггүй зэргээр ятгах гэж оролдсон нь Кэнноныг залхаасан гэж хүмүүс ярьдаг.

Кэннон ч гэж Кэннон. Гурав дөрвөн эмэгтэйгээс зургаа долоон хүүхэдтэй бас. Тэгээл муу эгч минь нэг ийм жаргаад ч байгаа юм шиг, зовоод ч байгаа юм шиг амьдралаар хэдэн жил амьдарчээ. Залуу нөхөртэй суугаад гоё сүртэй ч юм шиг, хардаж сэрдэж давкиад кэцүү ч юм шиг. Эштон Кутчер Деми Мур эгчийг минь яалаа. Бас тэр Дуэйн Уэйд Габриел Юнионыг яаж араар тавьсан? Иймэрхүү мэдээлэл сонсоод байхаар өөрийн эрхгүй л залуухан нөхрөө тагнаж чагнамаар болдог юм болов уу. Гэхдээ ер нь хүнд нэг итгэвэл итгэсэн шиг итгээд, итгэхгүй бол шууд л больчихож байсан нь дээр дээ. Тэгэхгүй бол өөрийгөө л зовоохын нэмэр юм байгаам.

Тэгэхээр өнөөдрийн хобо жибэгээс багачууд та нарын ойлгож авах зүйл юу байхнав? Өөрөөсөө олон дүү залуутай гэрлэбэл асуудалтай гэдгийг мэдэж авлаа. Гэж хэлээд эргээд хартал Мэрайя дахиад бүүр 13 дүү залуутай үерхсэн байдаг. Гандан буурахгүй л дээ эгч маань.

Сон Хе Гё залуужсаар, бид хөгширсөөр
#БолдогЮмуу?


Миний багадаа үзэж ,харж, сонсож байсан хамтлаг, дуучин, жүжигчдийг одооны хүүхдүүд барагтай мэддэггүй юм. Бритни Спирс гэж хэнийн? Брэд Питт гэж хэнийн? Брэйк даанс гэж юуийн? Бретэн малгай, брюкэн өмд гэж ямрын? ч гэх шиг инээдтэй асуултууд сонсож л явлаа. За болио хөгшчүүл ээ, ямар 70, 80-аад оны юм ярьж байгаа биш дээ, 2000 оны л юм ярьж байна ш дээ гэсэн чинь тэрнээс хойш хорин жил өнгөрчихсөн байх үед...


Хориод жилийн тэртээгээс өнөөг хүртэл алдартай хэвээр, хүүхэд хөгшидгүй таньж байгаа ганц л хүн байна. Сон Хе Гё гэх энэ солонгос эмэгтэй байна. “Анхны хайр”-ын Чан Вуг одооны хүүхдүүд таних уу? Танихгүй. “Зочид буудлын эзэн”-ий Сео менежерийг таних хүн байна уу? Байхгүй. Сэргэлэн охин Янсүнийг мэдэх үү? Мэдэхгүй. “Дурлах нас”- ын Катагири Тэппэйг санаж байна уу? Үгүй. Гэтэл бүгд Сон Хе Гёг л таниад байдгийм. Энэ эмэгтэй яалт ч үгүй 25 жилийн өмнө анх кинонд тоглосноосоо хойш карьераа жигд авч явж, дэлгэцийн сайн уран бүтээлүүдэд шилэгдэж, нэр хүндээ тасралтгүй өсгөсөн жүжигчин юм.

Солонгос жүжигчдийг лаг маг гээл нэрлэж л байдаг юм. Гэхдээ Сон шиг ард түмнийхээ жүжигчин болж, хүндэтгэл хүлээсэн нь цөөхөн юм даа. Энэ солонгосууд тэр гавьяат мавьяат, төрийн соёрхолт энэ тэр өгдөг бол Сон бас авах л хүмүүсийн нэг ш дээ. Хамаагүй монголд аваад ир, энд шууд Ардын жүжигчин, народный артист. Если они не дают, мы даем. Жиаахан бухимдахаар ингээд оросоор даже эмоциональный ярих гээд байдаг юм.

Сон эгч маань сүүлд хэд хэдэн цувралд тоглосноос “Нарны үр сад” цуврал нь нэлээн анхааралд өртөж, тэндээсээ найз залуу, нөхөртэй ч болж, амьдрал зохиож амжсан. Гэвч жүжигчин Сон Жүн Гитэй хийсэн түүний хурим хоёрхон жилийн настай байж, хосууд хамтдаа амьдрахаар худалдаж авсан Итэвон дахь байшиндаа ч орж амжилгүй салсан. Тэдний салалтын талаар тоймтой хүн итгэчихээр шалтгаан олж хэлсэн хэвлэл мэдээлэл нэгээхэн ч үгүй. Яагаад салснаа хэн хэн нь тас нууцалсан. Яахав ялгаатай зан чанарын улмаас таарахгүй боллоо гэж хоёулаа мэдэгдэл бичсэн. Гэхдээ яг юу нь ялгаатай юм бээ, хэн нь хэнийгээ яаж хохироов оо, хэн нь илүү ааш муутай, хэн нь хэнийгээ гомдоосон, яасан ийсэн, юу гэж хэрэлдсэн зэргийг бид мэдмээр байна. Заавал буруутныг олж, хохирогчийг өмгөөлдөг төрөлх зөнгөөрөө л монголчууд бид чинь...

Ямартай ч салалтын стрессээс болж Сон эгч 5кг турж, цэн цэнгийн алтан бөгж нь сарвуунд нь тогтохоо байж, цэрвүү алсаас стресстэж цээжний махаа барсан гэнэ. Харин Сон ахын буйлан хажтай мөнгөн бугуйвч нь бугуйнд нь тогтохоо байж, холын газраас стресстэж хоол унднаас гарсан гэнэ. Ер нь бол хэсэгтээ л хоёр талд шаналж, нэг нь турж эцсэн, нөгөө нь үс нь ихээр унасан гэж солонгос шар хэвлэлүүд бичжээ.

Зам салснаас хойш одоо хэн хэн нь шинэ кинонд тоглоод сайн сайхан л явна. Сон Хэ Гё SBS телевизийн “Now we’re breaking up” нэртэй цувралд тоглож буй бөгөөд киноны сурталчилгааны ажил болгож Dazed сэтгүүлд ийм зургууд авахуулсан байна. “Зүрхэнд шингэсэн намар” “Миний байшин” гээд кинонд гардаг хориод жилийн өмнөхөөсөө огт өөрчлөгдөөгүй байгаа биз дээ. Үзэж өссөн хүүхдүүд нь ажума, ажоши болох гэж байхад өөрөө хэвээрээ л байж болдог юм уу?

ЗурагТайлбар



Кристен Стюартын төвхнөх төлөвлөгөө
#НадтайГэрлээч

Twilight киногоор од болох замдаа шулуудсан Кристен Стюарт сүүлийн арваад жилд бидэнтэй л хамт том болж, бидэнтэй л зэрэг амьдралыг туулж, хайр сэтгэл, салалтыг үзэж, бидний л нүдэн дээр ур чадвартай сайхан жүжигчин болж , өсч хөгжиж явна даа. Хар багаас нь л үзэж өссөн манай үеийн миллениал түүндээ бид хайргүй байхын аргагүй ээ.

Түүний Диана гүнжийн дүрийг бүтээсэн “Spencer” гэж кино одоо ид ‘алж’ байна. Стюартын бүтээсэн хамгийн сайн дүр гэж кино шүүмжлэгчид үзэж байгаа. Энэ гайхалтай хүний дүрийг бүтээхээс маш их айж, зураг авалтын эхний хэд хоног амнаасаа олигтой хэдэн үг ч унагаж чадахгүй байсан тухайгаа тэр яриад, Диана гүнжийн тухай илүү их судлах тусам, түүний амьдралын өдрүүдэд гүн орох тусам түүнийг хамгаалмаар л мэдрэмж хамгийн их төрж байсан гэжээ. Тэгэхээр тэр хэрхэн дүрдээ орсон байх нь уу. Киног нь үзээд л мэдэрье дээ.

Шинэ уран бүтээлээ ийн танилцуулаад удаагүй байгаа Кристен Стюарт хэдхэн хоногийн өмнө сүй тавьж, шинэхэн сүйт бүсгүйгээ бэр буулгаж аваад байна. Кино зохиолч, жүжигчин Дилан Мейер хэмээх бүсгүйтэй хоёр жил үерхээд ийн сүй тавьж, удахгүй гэрлэнэ хэмээж буй юм.

Эхэндээ бид нар Твайлайтын Бэллаг күийр гэж гадарлаагүй ээ. Хамтран тоглосон Роберт Паттинсонтой дотносож, дөрвөн жил хамт байснаа нэг өдөр найз залуугаасаа нууцаар өөр хүнтэй уулзаж байсан тухай хобо яригдаж, тэд салсан. Тэрнээс хойш эрэгтэй, эмэгтэй янз бүрийн л хүмүүстэй болзож явсаар одоо л нэг төвхнөхөөр болж байх шиг байна. Бэлгийн чиг баримжаагаа тэрээр openly queer гэж хэлдэг агаад энэ нь аль ч хүйсийн харилцаанд нээлттэй гэсэн үг үү дээ? Ямартай ч Паттинсон болон араар тавилтын дуулианыхаа үеэр тэр өөрийгөө олох гэж л хичээж явсан тухайгаа хэвлэлд ярьсан байдаг. Ээ дээ Стюарт гэлтгүй хэн ч болов өөрийгөө л олох нь чухал тийм биз дээ, хүүхдүүд минь.

Тэр одоогийн сүйт бүсгүйтэйгээ танилцаад шууд л гэрлэх тухай бодсон гэнэ. Тэгсэн мөртлөө өөрөө эхэлж санал тавихгүй, өөрийг нь гуйх болов уу гэж битүүхэн горьдож, хүлээсээр байсан гэнэ ээ. Хүлээсний дагуу ч болж, Мейер Стюартыг гуйснаар одоо тэдэнд хуримын товоо товлох л үлдээд буй юм. За ингээд эхнээсээ жаргалтай л байвал болоо доо энэ хэдэн одууд маань.

Жэки Чаны тухай зүгээр л сонирхолтой нэгэн баримт
#КиноЦаашаа


Яг үнэндээ Жэки Чаны тухай биш аав ээж хоёрынх нь тухай юм байна. Түүний аав нь Хятадын тагнуулын байгууллагат ажилладаг нууц ажилтан байсан ба ээж нь хар тамхи, опиум зөөвөрлөж худалдаалдаг наймаачин, алдартай мөрийтэй тоглоомчин байжээ. Тэгээд нэг удаагийн баривчилгааны үеэр аав нь ээжийг нь баривчилж танилцсан гэнэ ээ.

Баривчилж байхдаа дурласан л гэж арай бичээгүй байна. Бараг тэгсэн ч байх дөө. Ямартай ч Жэки Чан өөрөө бүүүүр 2003 онд аав ээжийнхээ залуудаа ямар эвгүй гарууд байсныг олж мэдэж, шоконд орсон гэнэ. Жэкигээр зогсохгүй бүх ах дүү нар нь ээжийгээ гангстеруудын ертөнцийн зартай эмэгтэй байсныг сонсоод ухаан нь балартсан гэжээ. Яагаад гэвэл хүмүүс, хөршүүд, ер нь бүгд л ээжийг нь эелдэг, даруу сайхан ааштай эмэгтэй гэдгээр нь мэддэг аж. Юун опиумын наймаачин, мөрийтэй тоглоомч?

Ер нь эцэг эх хоёр нь маш сонин амьдралыг туулсан хүмүүс байна шүү. Аав Чарльз Чан нь Хятадын тагнуул байгаад Коммунист намын дайснаар тодорч, эх нутгаасаа дүрвэн Хонгконгод ирж суурьшсан юм байна. Чан гэдэг нэр түүний жинхэнэ нэр ч биш, Фан овогт юм байна уг нь. Хятаддаа эхнэр, хоёр хүүтэй байсан. Харин ээж Ли Ли Чан нь Шанхайн гэмт бүлэглэлийн гишүүн, хар тамхи зарж, биеэ үнэлэгч зуучилдаг нэгэн байсан байна. Анхны нөхрөөсөө хоёр охинтой бөгөөд хүүхдүүдээ тэжээхийн эрхэнд олдсон ажлаа хийж явсан нь тэр гэнэ.

Ингээд тагнуул, гэмт хэрэгтэн хоёр учирч тэс өөр нууцлаг амьдралаар амьдарч, алдартай жүжигчин хүү төрүүлж... үнэхээр сонирхолтой гэр бүл байна. Аав ээж хоёр нь тэгээд 2001, 2008 онуудад өөд болцгоосон гэнэ ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
7
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen N 2021.11.09 66.181.183.111

Hobo jibe unshih durtai mongol zan min buu daragdah tun

0 Хариулах


Энхзул 2021.11.09 193.140.194.59

Хүүеэ ямар зугаатай бичдэг юм бэ, үнэхээр авъяастай юм аа!! Миний дуртай булан боллоо, амжилт!

0 Хариулах