Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Humans of UB: Бүтээлч салбар, урлагийн үнэлэмж, Netflix-т багтсан монгол бүтээл


Дэлхийн улсууд биет бус баялаг, мэдлэгт түшиглэн эдийн засгаа тэтгэж эхэллээ. Ганцхан жишээ дурдахад, Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг концерт, цомог, хөгжмийн стриминг сувгаар хийсэн борлуулалт, өргөн хэрэглээний барааны экспорт, жуулчдын урсгал зэргээр улсдаа жил бүр 3.5 тэрбум ам.долларын орлого оруулж байна гэжээ. Тэгвэл бидэнд биет бус баялаг болох өв соёлоо эдийн засгийн хөшүүр болгох боломж бий юу? "Humans of UB" энэ удаагийн дугаарт судлаач эрдэмтэн, залуу уран бүтээлч, төрийн төлөөлөл оролцон соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж юу болох, үүнийг хэрхэн хөгжүүлэх, монголчуудад ямар боломж нээгдсэн талаар хуваалцлаа. 

СУИС-ийн дэд захирал, доктор, профессор Ж.Эрхэмтөгс 

Сүүлийн үед соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүнийг хөгжүүлэх тухай нэлээд ярьж байна. Товчоор тайлбарлавал, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь бүтээлч байдалд тулгуурлан, оюуны өмчийн эрхээр баталгаажсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээх байдлаар ашиг орлого, ажлын байр бий болгох инновацад суурилсан үйл ажиллагаа, түүний үр дүн юм. ЮНЕСКО-оос гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд бүтээлч үйлдвэрлэлийн хэмжээ 2,2 тэрбум ам.долларт хүрч, 30 сая хүн энэ салбарт ажиллаж байна. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортын хэмжээ 253.2 тэрбум ам.долларт хүрсэн нь бүтээлч үйлдвэрлэл ямар том зах зээл болохыг харуулж буй.

Соёлын контентыг интернэтээр түгээх болсноор “цор ганц хувь” бүтээлийг дэлхий дахинд арилжаалах, түгээх боломж бүрдсэн. Ийм учраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ач холбогдол нэмэгдэж, тэр хэрээр тухайн улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэх хандлагатай болсон.

Өнөөгийн нөхцөлд улс орнуудын өмнө, ялангуяа хөгжиж буй жижиг улсуудын хувьд нэг талаас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ижилсэх, нөгөө талаар үндэсний өвөрмөц онцлог, өв уламжлалаа хадгалан үлдэж, ондоошин ялгарах сорилт тулгарч байна. Тийм болохоор соёлыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үйл явцаас салгаж, тусад нь авч үзэх боломжгүй юм. Улс орнууд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг хэмээн үзэж, соёлын өвд суурилсан бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг ашиг орлогын эх үүсвэр гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Мөн үйлдвэрлэл дижитал технологид шилжсэнээр соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын шинж чанартай болгож байна. Тухайлбал, соёлын контентыг интернэтээр түгээх болсноор “цор ганц хувь” бүтээл (дуу, хөгжим, уран зураг, г.м)-ийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран богино хугацаанд дэлхий дахинд арилжаалах, түгээх боломж бүрдсэн. Ийм учраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ач холбогдол нэмэгдэж, тэр хэрээр тухайн улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэх хандлагатай болсон. 

Жишээ нь, Азийн орнууд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг системтэй шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж байна. Тэд соёлын өв, уламжлалаа орчин үеийн хүн төрөлхтний нийтлэг хэрэглээнд нэвтрүүлж, соёлын бүтээгдэхүүн болгож чадсан учраас өнөөдөр дэлхий дахинд танигдаж байна. Солонгосын к-поп урсгал нь орчин үеийн дуу, бүжиг мэт боловч нарийн судалбал уламжлалт соёлын өнгө төрхөө тодорхой хэмжээгээр тусгасан байдаг. Монголчууд ч бас ингэж ялгарах боломжтой гэдгийг The Hu хамтлагийн амжилтаас харж болно. Уламжлалт хувцас, хөгжмийн зэмсэг, хөөмийг рок хөгжимтэй хослуулснаар дэлхий даяараа сонсох, таашаах хөгжмийг бүтээж байна шүү дээ. Хамгийн гол нь тухайн бүтээл агуулгаараа ялгарч брэнд болох нь чухал. Тухайн брэндийн юунд хэрэглэгч мөнгө төлөх вэ, уг бүтээл, бүтээгдэхүүн бусдаас юугаараа ялгарах вэ гэдгийг тодотгож өгдөг гол амин сүнс нь соёлын өв, түүний утга тайлал, бэлэгдэл юм. Ямар нэгэн соёлын өвийн утга тайлал, бэлгэдэл зүйл нь талаас анхаарч чухалчлахгүй бол зүгээр л хоосон хэлбэр төдий зүйл тул соёлын бүтээлч үйлдвэрлэл, брэнд биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 

Соёлын өв өргөн хүрээтэй ойлголт тул тэдгээрээс алийг нь брэнд болгож хөгжүүлэх, Монгол гэдгийг брэндингийн түвшинд яаж харуулах вэ гэдгийг тодорхойлох, орчин үеийн хүмүүсийн хэрэглээнд тохирсон ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож хөгжүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжүүлэхээр зорьж буй энэ цагт хэд хэдэн зүйлийг бодлогын түвшинд анхаараасай гэж боддог. Юунд түрүүнд, соёлын өв нь  өргөн хүрээтэй ойлголт тул тэдгээрээс яг алийг нь бид брэнд болгож хөгжүүлэх, Монгол гэдгийг брэндингийн түвшинд яаж харуулах вэ гэдгийг тодорхойлох, орчин үеийн хүмүүсийн нийтлэг хэрэглээнд тохирсон ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ  болгож хөгжүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Солонгос, Япон, Хятад улсуудад соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Гэтэл өнөөдөр яг юуг Монголын гэж хэлэх, Азийн бусад улс орнуудаас  юугаар нь ялгарах нь тодорхойгүй байна. Иймд Монгол гэсэн өнгө төрх, имижийг хамтдаа бүтээх нь чухал. Хоёрдугаарт, нийгмийн суурь судалгаануудыг маш сайн хийх шаардлагатай байна. Жишээ нь, орчин үеийн монгол хүүхэд, залуусын сонирхол, хэрэгцээг судлах хэрэгтэй байна. Өнөөдөр хүүхдүүд ямар хөгжим сонсож, юу үзэж, юу хүсээд байгааг судлаагүй хэр нь тэдний өмнөөс бодлого тодорхойлоод байна. Энэ бол рестораны бизнес эхлүүлж буй хүн өөртөө таатай орон зай, орчныг бүрдүүлчхээд түүнийгээ бусдад сайхан гэж хүчээр тулгаж байгаатай адил. Эцэст нь, тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа бүтээлч үйлдвэрлэгчид нийлээд кластераар хөгжих  авбаас хамтарч олон улсад өрсөлдөх брэнд бүтээх боломжтой гэдгийг олон улсын туршлагаас харж болохоор байна. 

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа, нэгдмэл ойлголт чухал. Нэн тэргүүнд суурь ойлголттой байх ёстой. Хэрвээ тэгж чадвал олон салбар нэгдэх боломж бий. ЮНЕСКО-оос Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг найман төрөлд хуваан тодорхойлсон байдаг. Соёлын яам өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд хагас жилийн хугацаанд "Монгол соёл - Монгол баялаг" стратеги төлөвлөгөө боловсруулж, судалгааны мэргэжлийн баг 15 салбарын 300 орчим төлөөлөлтэй уулзсан юм. Үр дүнд нь Монголд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 төрөл байх боломжтой гэж тодорхойлсон. Ямар ч салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх нь үр дүнтэй байдаг. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дээрх 12 салбарт бүгдэд нь тэгш боломжийг олгосон. 

Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулсан  арга хэмжээнүүдэд 20-30 насны залуучууд идэвхтэй оролцлоо. Урлагийг мэдрэх, үнэлэх хандлага  залуучуудын дунд өсөх хандлагатай байгаа нь сайхан санагдсан.

Соёлын яам "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд 150 орчим арга хэмжээг зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд бэлэн байсан ч тоглож чадаагүй байсан уран бүтээлүүдээ олон нийтэд толилуулахын зэрэгцээ өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг, ярилцлага, сургалтыг зохион байгууллаа. Жишээлбэл, "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа уран зургийн 10 галлерейн, 300 гаруй уран бүтээлчид дүрслэх урлагийн бүх төрлийг хамарсан үзэгсгэлэнг Мишээл экспод дэлгэж “Аrt week”-ийг зохион байгууллаа. Тав хоногт давхардсан тоогоор 6000 гаруй хүн хүрэлцэн ирж үзсэн нь олон улсын жишигт хүрсэн үйл явдал. Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулсан  арга хэмжээнүүдэд 20-30 насны залуучууд идэвхтэй оролцлоо. Урлагийг мэдрэх, үнэлэх хандлага ялангуяа залуучуудын дунд өсөх хандлагатай байгаа нь сайхан санагдсан.

Ерөнхийд нь багцлаад хэлбэл, эхний долоо хоногт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Монгол Улсад хэр нөөц, хууль эрх зүйн дархлаа байгааг, хоёр дахь долоо хоногт соёлын өв хэр нөөцтэйг, гурав дахь долоо хоногийг урлаг, уран бүтээлийн үзвэрийг голчилж, дөрөв дэх долоо хоногийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацлаг, техник технологид давамгайлсан сургалт, уран бүтээлүүдийг дэмжих, олон нийтэд сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Энэ утгаараа долоо хоног бүр онцлогтой байсан. Арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Өмнө нь соёл урлагийг үйлчилгээний салбар гэж хардаг байсан бол одоо эдийн засгийн өсөлт, хүний хөгжил гэхчилэн бүх салбарын хөгжилд нөлөөлөх чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бас нэг чухал зорилт нь соёл урлагийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Өөрөөр хэлбэл, соёлын биет бус өв буюу өдөр тутмын хэрэглээнээс бий болсон бүтээгдэхүүнд урлагийн агуулгыг шингээн улмаар эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг юм. Соёлын элементийг бизнестээ шингээсэн 11 мянган жижиг дунд бизнес эрхлэгчид одоогоор бий. Тэгэхээр манай улс энэ салбараа хөгжүүлэх боломж байна гэсэн үг. “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021” форумыг зохион байгуулсан. Үр дүнд нь УИХ-ын ирэх хаврын чуулганаар "Соёлын бүтээлч үйлдвэрлэл"-ийн хуультай болохоор зорьж байна. 

Дуучин Б.Дөлгөөн (Магнолиан)

Залуу уран бүтээлчид менежментийн талаар надаас хааяа зөвлөгөө авдаг л даа. Артист байна гэдэг зөвхөн дуу хийхээр хязгаарлагдахгүй, менежментийг цогцоор нь хийх хэрэгтэй гэж би тэдэнд хэлдэг. Дуу гол бүтээгдэхүүн мөн ч гэлээ тэрнээс гадна нэр, лого, клип, мерчендайз, маркетинг гээд бүхэл бүтэн цогц зүйл байгаа учраас брэндингээ бүхлээр хийж байж амжилттай байна. Жишээ нь, Билли Айлишийн дуу, клипүүд “зэвүүн”. 

2016 онд анхны EP цомог “Famous Men”-ээ гаргаж байхдаа ингэж цогцоор нь хийхийг зорьсон. Цомогт багтсан зургаан дуунаас гадна клип, ковер зураг, мерчендайз бүгдэд нь анхаарч, сайн хийхийг хичээсэн. Анх мерчендайзаа гаргаж байхдаа Нарантуул зах орж цулгуй фудволк худалдан авч, хэвлэлийн газар өгөөд ийм загвартайгаар ингэж хэвлэнэ гэж хэлээд хийлгүүлж байсан. Монголын хөгжмийн зах зээл залуу, үйлчилгээ нь төрөлжөөгүй болохоор одоохондоо бүхнийг өөрсдөө хийхээс өөр аргагүй байж мэднэ. Гэлээ ч тухайн үед надад мерчендайзтай болох нь чухал байсан. Яагаад гэвэл сонсдог хөгжим нь тухайн хүнийг илэрхийлэх нэг чухал зүйл шүү дээ. Тиймдээ ч хүмүүс “Би тийм хөгжим сонсдог, ийм төрлийн хүн шүү” гэдгээ илэрхийлэхийн тулд сонсдог хамтлаг, дуучныхаа мерчендайзыг хэрэглэж, түүгээрээ бахархдаг. Тэгэхээр уран бүтээлчид яаж ийж байгаад цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Эрэлтээ үүсгэж байж зах зээл хөгжинө шүү дээ. 

Netflix миний дууг ашигласны төлбөрийг төлөхөөс гадна уг цувралд орсоноор миний стриминг хандалт нэмэгдэж уран бүтээлээ ашиглуулсны төлбөрөөр дамжиж ирэх орлого ч нэмэгдсэн.

Хэрхэн 2017 онд гаргасан The Bride and the Bachelor дуу маань “Netflix”-ийн “Outer banks” цувралд орсон талаар тайлбарлахад, киноны найруулагч хөгжмийн супервайзердаа (music supervisor) энэ хэсэгт иймэрхүү өнгө аястай, тийм үгтэй дуу хэрэгтэй гэх мэт нарийвчилсан зааварчилгаа өгдөг гэж ойлгосон. Хөгжмийн супервайзер тэгэхээр хэдэн сая дуунаас сонголтоо хийх хэрэгтэй болно.  Миний дууг сонгох эсэх нь цэвэр тухайн супервайзераас шалтгаалах ч гэлээ нэгд, яг тэр сцений утга агуулгад миний дуу тохирсон, хоёрдугаарт, би дуугаа тэр хүний хараанд өртөхөд илүү дөхөм болгож өгсний үр дүнд олон сая дуу дундаас шалгарсан болов уу. “Netflix” миний дууг ашигласны төлбөрийг төлөхөөс гадна уг цувралд орсноор миний стриминг хандалт нэмэгдэж уран бүтээлээ ашиглуулсны төлбөр (Copyright royalties)-өөр дамжиж ирэх орлого ч нэмэгдсэн. Энэ бол олон улсад зохиогчийн эрхийг хүндэлж, үнэлж байгаагийн жишээ юм. Энэ нь эргээд уран бүтээлчдэд ч ээлтэй байдаг. 

Олон улсад энэ мэтчилэн уран бүтээлчийн хөдөлмөр, авьяасыг минут, секундээр үнэлдэг. Харин Монгол Улсад зохиогчийн эрхийг баталгаажуулах, хамгаалах, үнэлэх тал дээр хууль эрхзүйн зохицуулалт хангалттай бүрдээгүй байна. Тухайн уран бүтээлийг хаана ч  ашигласан тэр нь нэгдсэн журмаар бүртгэгдэж, уран бүтээлчид нь орлого болж ирдэг байх ёстой. Манайд тийм зохицуулалт, дэд бүтэц байдаггүй учраас үзэлт тутмыг үнэлж чадахгүй байна. Би зохиогчийн эрхтэй уран бүтээлээ ашиглуулсны төлбөр гэж Монголоос ямар нэгэн байдлаар орлого олж байгаагүй, миний ихэнх орлого Spotify гэх мэт стримингээс орж ирдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.