Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Соёлын бүтээлч сар: Бүтээлч үйлдвэрлэлийн амин сүнс нь юу вэ?


Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн хөдөлгүүр нь бидний ялгамжит чанар, бүтээлч иргэн болох тухай 

Ойрын жилүүдэд, тэр дундаа Соёлын яам эргэн байгуулагдсан 2020 оноос хойш бид бүтээлч үйлдвэрлэлийн тухай ихэд ярих болсон. Даяаршиж "хавтгайрсан" дэлхийд өөрсдийн өнгө төрхийг бүтээлчээр тунхаглаж, эрчимтэй тэлсээр буй контентийн зах зээлд хүч түрэн орох ямар нөөц бололцоо бидэнд буйг харж, юу хийх хэрэгтэйг хэлэлцэхээр Соёлын яамнаас энэ сарыг Соёлын бүтээлч сар хэмээн нэрийдээд буй. Хөгжүүлэхэд шаардагдах хууль эрх зүйн орчны бүрдүүлэл, шинэчлэл, оюуны өмчийн хамгаалал, соёлын байгууллагын менежмент гэхчлэн чиглэл чиглэлээр, өргөн хүрээнд авч хэлэлцсэн энэ сарын дараагаас тус салбар арай өөр хурдаар хөгжих болов уу гэсэн найдлагатайгаар хүндхэн 2021 оны сүүлийн сарыг угтаж байна.  

Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголд урьд болж байгаагүй нэгэн зүйл тохиосон нь 2000 орчим ам метр талбайд 12 галерей, 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн Art Week үзэсгэлэн байлаа. Томоохон наадам, музей, үзвэрийн танхим цөөтэй манай улсын хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой үйл явдал тэр байв. 

Бүтээлч үйлдвэрлэл гэдэг нэршлийг анх 1948 онд Германы философич, нийгэм судлаач Теодор Адорно, Макс Хоркхаймер нар гаргаж ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш соёл урлагийг бүтээх, түгээн дэлгэрүүлэх арга зам, хэлбэрүүд өөрчлөгдсөөр, 1990-ээд оноос соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний бодлогын хэмжээнд яригдах болж, бүтээлч эдийн засаг хэмээх нэр томьёо өргөн хэрэглээнд нэвтэрчээ. Ингээд харахул манай улс Их Британи тэргүүтэй зарим улсаас хэдэн арван хоцорч яваа ажээ. 

Хамгийн ойроос бидний авдаг жишээ бол БНСУ. Өнгөрсөн жил Америкийн кино академийн шагнал буюу Оскарыг хүртэж дэлхий дахины чихийг сортойлгосноос өгсүүлээд сар гаруйхны өмнө бөмбөрцөг даяарх ярианы сэдэв болсон “Squid Game” цуврал хүртэл, олон улсын хөгжмийн томоохон шагнал гардуулах ёслолуудын хүндэт зочин болж нэгэнт тогтносон BTS, “Blackpink” хамтлаг гэх мэтчилэн, Өмнөд Солонгосын бүтээлч үйлдвэрлэлийн салбар жишиг “бүтээгдэхүүн” ихтэй. Тус улсын эрх баригчид 2000-аад оны эхээр бүтээлч эдийн засгийг бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн тодорхойлж, бүтээлч эдийн засгийн бодлогоороо дамжуулан олон улсын тавцан дахь хүч нөлөөгөө нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой жижиг, дунд бизнесүүдийг өргөн фронтоор дэмжин хөдөлгөх, ард түмэндээ ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрүүлэх хэмээн зорилгоо тодорхойлон шийдэмгий анхаарч, хөрөнгө оруулж эхэлснээс хойш бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа контентийн салбар нь үсрэнгүй тэлж иржээ. Тухайлбал, 2006 онд 1.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан контент экспорт тавхан жилийн дараа гэхэд 4.3 тэрбум болтлоо тэлсэн байх юм. Харин 2020 оны байдлаар энэ тоо 10.8 тэрбумд хүрээд байна. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох чип (99.2 тэрбум ам.доллар)-ийн хаа ч хүрэхгүй боловч гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, бүтээгдэхүүн зэрэг салбарыг ардаа орхижээ. Бүтээлч, урлаг соёлын үйлчилгээ эрхэлдэг иргэдийн тоо 2009-2019 оны хооронд 27 хувиар нэмэгдсэн нь бүтээлч үйлдвэрлэл тус улсын эдийн засгийг хүчирхэг хөдөлгүүр болсныг илтгэх бас нэгэн тоо. Ингэхдээ гагц бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь л тэлээд байгаа юм биш, дагаад бараа бүтээгдэхүүний экспорт, жуулчдын тоо нэмэгджээ. Шинээр мянга мянган ажлын байр үүсэж байгааг дурдах нь илүүц биз. BTS хамтлаг л гэхэд БНСУ-ын эдийн засагт жилд таван тэрбум ам.долларын орлого оруулдаг гэх. БНСУ-ын бүтээлч үйлдвэрлэлийн өсөлт авьяаслаг уран бүтээлчдийн нөлөөнөөс (мэдээж авьяаслаг, хөдөлмөрч уран бүтээлчидгүйгээр бид хаа холдох билээ) гадна чадварлаг менежментийн бодлого баримталж, улсынхаа уриаг “Бүтээлч Солонгос” хэмээн өөрчлөн шийдэмгий хөдөлж, бодлогоо тууштай барьсан төр засгийнх нь ач.

Монгол Улсын хувьд Соёлын яам өдгөө соёлын салбарыг 12 чиглэлд хуваан авч үзэж буй. Тэдгээр нь өв соёл, утга зохиол, дүрслэх урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, кино, дуу дүрс, хэвлэл мэдээлэл, архитектур, хувцас загвар, дизайн, дижитал инновац, контент, маркетинг, коммуникац юм. Товчхондоо, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь дээрх салбаруудын хөгжил, эргэлтийг эрчимжүүлж, инновацыг дэмжихийг хэлэх билээ. Манай улсын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт 5600 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 33 мянга гаруй хүн ажилладаг байна. Тэдний 71 хувь нь буюу 24 мянга гаруй нь 15-39 насны залуус аж. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэл манай улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг нь олон улсын дунджаас нэлээд доогуур үзүүлэлт. Дэлхийн хэмжээнд энэ хувь 6.1-ээр хэмжигддэг бөгөөд БНХАУ-д л гэхэд ДНБ-ийнх нь дөрвөн хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарууд бүрдүүлдэг. Европын холбоонд гэвэл энэ тоо 5.3 хувьд хүрнэ. Соёлын сайд Ч.Номин "ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар дэлхийд соёлын салбарыг 2.2 их наяд доллар буюу 29 сая хүнийг ажлын байраар хангаж буй том зах зээл гэж тодорхойлсон. Дэлхийн экспортоор харьцуулбал уул уурхайгаас 6.4 дахин том импортын салбар юм. Иймээс бид Монголын уул уурхай тогтвортой байгаа энэ үед ирээдүйн импортын салбарыг бойжуулах шаардлагатайг харуулж байна хэмээн салбарын ирээдүйг тодорхойлсон нь бий. Өнгөрсөн долоодугаар сард манай улс Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан нь энэ салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах цаг үе ирснийг баталсан гэлтэй. Соёлын салбартай холбоотой бүхий л харилцааг төрийн зүгээс хэрхэн зохицуулах тусгасан Соёлын тухай хуульд 15 жил өөрчлөлт оруулаагүй байсан юм. 


Бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих олон арга замын нэг нь тэтгэлэгт хөтөлбөр. Төрийн болон бусад тэтгэлэгт хөтөлбөр бүтээлч үйлдвэрлэлийг хурдасгахад ихээхэн нөлөөтэйг олон улсын жишээнээс харж болно. Тухайлбал, өдгөө 100 сая гаруй үзэгчдэд хүрч, 300 гаруй хотод тоглогдсон, Канадын алдарт “Cirque du Soleil” 1983 онд үгүйрэн тарах дөхөж байхдаа Канадын урлагийн зөвлөлийн грант авснаар сэргэсэн байдаг. Явуулын жижигхэн цирк асан тэд 5000 орчим хүнийг цалинжуулж, жилд нэг тэрбум орчим ам.доллар олдог, дэлхийн шилдэг цирк болсон нь 1.6 сая ам.долларын тэрхүү санхүүжилттэй салшгүй холбоотой. 

Гагц эдийн засагт үзүүлэх нөлөөг нь авч үзэхээс гадна ерөөс даяарших, ондооших гэх, халти харвал эрс тэс ондоо зүгт хандсан гэмээр хоёр үйл явцад соёлын салбарууд маань хэчнээн нөлөөтэй байхыг бодитоор харах нь чухал буй за. Даяаршилд өндөр үүрэгтэй оролцож, Монголын гэх онцгой орон зайг эзэгнэх гол түлхүүр болох үндэсний үнэт зүйл, ялгамжит чанарыг илэрхийлэн гаргаж, бидний оюун санаанд батжуулах гол талбар, хэрэгсэл гарцаагүй бүтээлч үйлдвэрлэлийн салбар. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн, Art Week-ийн куратор Б.Гантуяа энэ талаар “Монгол үндэстэн ер нь хэн юм бэ, өнгөрсөн болоод одоо, ирээдүйнх нь тусгал болсон үнэ цэн юу юм, тэр нь яаж бүтээл дээр буусныг тууштай бариад, тэр үнэ цэнээ асар өндөр түвшинд хүргэвэл дагаад бүтээлч салбарт асар их боломж гарч ирнэ. Яг өнөөдрийн, энэ цаг үеийн хүний оюун санаа, сэтгэлгээг илэрхийлсэн, хүчтэй бүтээл байж гэмээнэ хүмүүс сонирхож ирнэ шүү дээ. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхаа суурийг сайн тавьж, хөгжүүлэх механизмаа зөв тодорхойлж чадвал маш олон хүнд өгөөжөө өгнө” хэмээсэн юм. 

Энэ нь уран бүтээлчдийн нийгмийн даатгалыг шийдэж, тогтмол тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгох, олон улсад гарах боломжийг нь дэмжих, санхүүжүүлэх гэх зэргээр нэгэнт бэлэн буй, салбарын моторыг түлхэхээс гадна, ерөөс бүтээлч хүнийг бий болгох соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай билээ. 

СУИС-ийн профессор, доктор Ж.Долгорсүрэнгийн хэлсэнчлэн, “Хувь хүний хөгжил гэдэг нийгмийн хөгжил, үндэстний хөгжил. Тэгэхээр эцсийн дүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол бүтээлч хүнийг бий болгох тухай л бодлого юм.”

Швед улс 2009 онд баталсан, соёлын тухай хуулиндаа “Соёл нь хүний өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд суурилсан байнгын хөдөлгөөнтэй, өөрийгөө сорьсон, биеэ даасан хүч (махбод) байх болно. Хүн бүр соёлын амьдралд оролцох боломжтой байх болно. Уран, бүтээлч, олон талт байдал нийгмийн хөгжлийн суурь чанар байх болно” хэмээсэн нь чухамдаа тэр л тухай. 

Оюуны өмч хамгааллын эрх зүйн орчин, оюуны бүтээлийг хүндэтгэх үзэл соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжих суурь болдог. Бүтээлч үйлдвэрлэл, оюуны өмч хамгааллын байдал өнөөгийн хэвээрээ үргэлжилбэл хамгийн тууштай уран бүтээлч ч халшрахаар. Дуучин, кино уран бүтээлч Б.Дөлгөөн (Magnolian) “Оюуны өмч гэдэг чинь яг л өмч гэсэн үг шүү дээ. Тухайн уран бүтээлчийн цаг зав, хөрөнгө оруулж бүтээсэн зүйл. Монголд тийм биш ч олон улсад бол оюуны өмч гэдэг орлогын маш том эх үүсвэр байдаг, сайн ч хамгаалдаг. Түүнээс гадна роялтийг маш нарийн авч үздэг. Аяыг нь зохиосон, мастеринг хийсэн хүн, үгийг нь бичсэн гээд бүгд тус тусдаа роялти авна. Манайд хүмүүс хөгжим, киног үнэгүй юм шиг үзэж хэрэглээд сурчихсан. Муу зан сурчихсан байгаа хэрэг. Урьд нь бол хөгжмийг CD, пянзаар авна, тэр нь бас ховор, тэгэхээр нандигнаж сонсдог байсан бол одоо интернэт ороод үнэгүй сонсож болж байгаа болохоор тэр болов уу. Стрийминг гэхдээ энэ асуудлыг шийдэж байгаа гэж бодож байна. Кино ч гэсэн, сарын хэдэн доллар төлөөд л Netflix-ийн санг үзэж болж байна. Монголд энэ талын хөгжил хурдан явагдаж байгаа. Хууль зүйн орчин сайжраад, технологийн компаниуд ч хөгжих байх.” хэмээн бүтээлч үйлдвэрлэлийн тухай хэлэлцүүлгийн үеэр ярьсныг эшилье. Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нэг талаас бүтээлч санаа, санаачилгыг дэвшүүлэн гаргаж ирэх орчныг бүрдүүлэх, нөгөө талаас нэгэнт дагнан ажиллаж буй уран бүтээлч, салбарын мэргэжилтнүүдийн ажлыг хамгаалах, зохих хэмжээнд үнэлэх шаардлага байгааг шинжээчид хэлж буй. Нэг нь төр засаг, салбарын мэргэжилтнүүдийн хийх, нөгөө нь үзэгч, хэрэглэгч бидний хийх ажил. 

“Угтаа бол одоо Монгол шиг үндэстэн моодонд орох түүхэн тохироо бүрдчихсэн байгаа юм. Нүүдлийн философи, байгалиа мэдрэх агуу ухаан, нарийн нандин мэдрэмж. Материаллаг хэрэглээ багатай, номадик амьдралд бүх баялгаа оюун санаандаа тээдэг. Үүнийг дүрслэх урлагаараа дамжуулж гаргаж ирэх л хэрэгтэй. Ийм цаг үе ирж байгааг ойлгож, угтаж маш сайн ажиллах л хэрэгтэй байна.” Б.Гантуяа кураторын энэ үг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн уг хөдөлгүүр нь үндэсний үнэт зүйлээ тодорхойлж, яг өнөөдрийн монгол хүний үнэт зүйлийг илэрхийлсэн монгол агуулга юм биш үү гэх бодлыг лавшруулав. Он жилийн уртад монгол хүний ДНХ-д гүн бичигдсэн нүүдлийн соёл, баялаг уламжлал хийгээд хотжиж, даяаршсан шинэ цагийн урсгалд олсон бидний өнгө төрх нийлж ямар монгол хүнийг бүтээв, бид өнөөдөр хэн бэ гэдгийг дотроосоо эрж тогтоох цаг иржээ. Амьдралдаа бүтээлч арга барил, үйл ажиллагаа, хандлагыг цогцлоосон бүтээлч монгол хүн л ирээдүйн Монголыг хамгийн сайн сайхнаар бүтээж чадна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ц. МӨНХЖАРГАЛ 2022.11.17 103.111.68.3

МИНИЙ САНААЧИЛЖ 2009 ОНД СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАНД ТАНИЛЦУУЛСАН "СОЁЛЫН АЖ ҮЙЛДВЭР ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР" "....СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ" НЭРЭЭР БАТЛАГДАН ОДОО ОЛОН СУДЛААЧИД ЭРДЭМТЭД, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА, БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ БОЛСОНД БАЯРЛАЖ БАЙНА. ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ САНААЧИЛСАН ЭНЭХҮҮ ТӨСЛИЙГ АНХ ОЛОН ЖАДАЛЖ УГТАЖ БСАНЧ ОДОО ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БОЛЖЭЭ. ОЮУНЫ ӨМЧИЙН ГЭРЧИЛГЭЭ НАДАД БИЙ. Ц. МӨНХЖАРГАЛ

0 Хариулах