Хайх зүйлээ бичнэ үү

23 мин

Н.Мөнхтуяа – “Спайк”, “Чи минийх болно” ба бидний мэдэхгүй хонгор түүхээр


1997 оны “Пентатоник” наадам. Монголын рок попын хамгийн том үйл явдал. Т.Ариунаа, Б.Сарантуяагийн ид эзэгнэж асан тэр тайз, “Камертон”-ы дөрвөн хүү шуугиулж байсан он цаг. Хамтлаг болоод удаагүй дөрвөн охин “Мөрөөдөл” хэмээх шинэхэн уран бүтээлээ толилуулахаар догдлон зогсоно. Тэд бол “Спайк”. Хөтлөгч энэ наадмын “Шилдэг дебют”-ийг тодруулахаар зарлахад “Элькондор” хамтлагтай зэргэцэн нэр дэвшсэн нь гайхам, бас сэтгэл түгшээм санагдана. Маралаа нэвт гэрэлтсэн торон хар цээживч өмсөөд үсэндээ ногоон сортой, уруулаа мөнхүү өнгөөрөө будсан, харин Минжээ хар лаакан хүрэм, богино юбкатай, Номио номин өнгийн урт банзалтай, Туяа үсээ зориуд харуудынх шиг афро болгоод, урт хүрэм, богино шорт, ил харагдах цээживч өмссөн нь өвөрмөц, шинэлэг байх бүхнийг туршихад бэлэн дэврүүн насандаа явсныг нь илтгэнэ. Монголын хамгийн анхны охидын хамтлаг хэмээн хожим шинэ урлагийн түүхэнд үлдэхээ ч анзаарах сөхөөгүй тэдний гурав нь тэгэхэд дунд сургуулиа ч төгсөөгүй байсан билээ. 

“Шилдэг дебют” хамтлагаар “Спайк” хэмээн зарлахад бид итгэж чадаагүй. Тэр тайз, тэр агшин одоо бодоход үгээр илэрхийлэшгүй нандин мөч байж. Тухайн үед бид юу болоод буйг ч анзаарах сөхөөгүй жаахан хүүхдүүд байлаа. “Спайк”-ийн түүх бол өсвөр насны дөрвөн охины бүтээсэн хонгорхон түүх. Гэвч бид том болж амжилгүй тарцгаасан даа” хэмээн “Спайк” хамтлагийг үүсгэн байгуулагсан Туяа ярив. Үнэхээр ч Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийн сурагч Н.Мөнхтуяа сүүлчийн шалгалтаа өгч байхад алдарт “Спайк” хамтлаг хэдийнэ тарсан байлаа. 

Энэ түүхийг надтай хуваалцахын эхэнд тэр өөрийгөө Монгол Улсын Консерваторийн Цөөхүүл хөгжмийн тэнхимийн эрхлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурын багш хэмээн танилцуулсан. Мөн “Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо” хөгжмийн академийг үүсгэн байгуулаад удирдаж байгаа аж. Хөгжим бүжгийн коллежийн зүүнхэн талд байх ажлын өрөөнд нь түүнтэй уулзахаар ороход цаг хугацаа огт өнгөөрөөгүй мэт дөлгөөн хонгор царай өөдөөс инээн угтав. “Спайк” хамтлаг албан ёсоор тараад 23 жил өнгөрсний дараа би түүнтэй уулзаж байна гэдэг баримт нэгэн зэрэг үнэн болоод худал санагдаж билээ. 

***

Орчин үеийн чамин загвартай “Yamaha” төгөлдөр хуур, ажлын ширээ, буйдан гээд л болох цомхон энэ өрөөнд тэр хөгжмийн сургалтаа явуулж байгаа. Академийн байр Хөгжим бүжгийн коллежоос хэдхэн алхмын зайтай, өөрийнх нь гэр ч мөн энэ барилгадаа гэхээр зургаан настайгаасаа хойш дадсан замаасаа тэр мэргэжлийн хувьд болоод орон зайн төдийд огт холдоогүй байж таарах нь. 

Хөгжим бүжгийн коллеж руу түүнийг 11 настай эгч нь хөтлөн оруулж, анхны шалгалтанд нь оруулж байжээ. Мэдээ орсон цагаас нь хойш л гэрийнх нь хойморт залраатай “Красный октябрь” төгөлдөр хуурыг зөв буруугүй тогшиж суусан зургаан настай Н.Мөнхтуяад гар хурууны эвсэл болоод сонсголын шалгалт ёстой хүүхдийн тоглоом байв. “Намайг төрөхөөс хоёр жилийн өмнө манайх гэрт амьдардаг байж. Ээж жирэмсний амралтаа аваад сувилалд явах хойгуур аав маань дугуй гэртээ багтахгүй шахам том төгөлдөр хуур огт зөвлөлдөлгүйгээр авчихсан гэдэг. Олон нялх хүүхэдтэй гэр бүлийн амьдралд 1000 төгрөгөөр хөгжим авна гэдэг бол шуудхан гаргах шийдвэр биш. Гэвч ээжтэй зөвлөвөл үгүй гэсэн хариултыг эрсхэн сонсох учраас аав дур мэдэн эзгүйчилсэн нь тэр. Одоо гэхнээ өнөөх нь отгон охиных нь амь амьдрал болсон байна гэхээр сонин байгаа биз?”. 

Түүний аав хөгжимд дуртай хүн байжээ. Бага залуудаа ёочин хөгжим сонирхон тоглодог, бүр Монголын радиод хөгжмөө бичүүлсэн түүх ч бий. Ээж нь харин холбооны хүн. Гэрт нь өчнөөнөөрөө хэвтэх цахилгааны утасны зэс төмрөөр өөртөө бөгж, бугуйвч хийгээд гангалчихдаг жижигхэн бор охиныг багш нар нь өхөөрдөнө. Жаахандаа эгч нарынхаа дурлан сонсох “Санремо” наадмын итали дуунуудын аяыг сонсголоороо тоглосоор өөрөөрөө зүгширсэн түүнийг сонсгол сайтай, хурдан сурдаг хэмээн магтана. “Би залхуу төрлийн сурагч байсан. Богино хугацаанд юмаа сурчихна, сатаарахдаа амархан. Ер нь би хөгжим сурахдаа хэзээ ч зовлон мэдэрч байгаагүй. Ноот сурах ч надад тийм хэцүү биш байсан. Өсвөр насанд шилжих үедээ одоогийн хэллэгээр жаахан эмо байсан юм уу даа. Хичээлээ тарж ирээд харанхуйд төгөлдөр хуураа тоглоод суучихна. Жаахан дотогшоогоо, өөртөө итгэлгүй ч гэмээр мөртлөө яг хөгжим бид хоёр хамт үлдэхдээ надад дүүрэн, баялаг санагддаг байсан”. 

Энэ үеэс тэр өөрөө ая зохиохоор оролдож эхэлжээ. Оргүй хоосон, орь ганцаар ертөнц бүтээгээд түүнээ зөвхөн өөрийнхөө мэдрэмжээр дүүргэн аялахдаа дуртай. Зөөлхөн удаан темптэй хэрнээ гармон, аккорд нь баялаг, өвөрмөц. “Юунд ч автахгүй, давтагдашгүй тэр мэдрэмжээ буюу тухайн үеийн өөрийгөө л уудлан гаргах гээд байгаа хэрэг” хэмээн өөрөө ярьсан. Тухайн үед зохиосон аязуудынх нь ноот сэлт үлдээгүйд тэр харамсдаг. Гэхдээ тэнд бүрэлдэн бий болсон нь өөрөөс нь явчихаагүйд бүрэн итгэдэг. 

***

1990-ээд он Монгол төдийгүй дэлхий даяар улс төрийн дэглэм задарч, нийгмийн шинэ байгуулал тогтож, хорвоо ертөнц орвонгоороо хувьсан өөрчлөгдөж эхэлсэн үе байлаа. Улаанбаатарт урьд хожид үзэгдээгүй хэв маягууд бий болж, барууны киноноос хардаг орчин үеийн дэлгүүр, цайны газруудыг нээх оролдлого бүхэн амжилт олж, залуу хүмүүс өглөө бүрийг цоо шинийг үзэж, маргаашийн өдөр бас дахиад юу өөрчлөгдөн шинэчлэгдэх бол гэхээс л адгаж яарсан, хүсэж тэмүүлсэн он жилүүд. Энэ дунд юуны өмнө дуу хөгжмийн тэсрэлт болсон юм. Монгол орон даяар MTV цацагдаж эхэлсэн нь дэлхийн орчин үеийг манайд ч бас яг адилхан дуурсгаж байлаа. 

Наймдугаар ангидаа анх зурагтаар MTV-тэй танилцсан нь түүнийг бүрэн эзэмджээ. Майкл Жексон, “Boyz II Men”, “Backstreet boys”, Кайли Миноугоор сонирхол нь дамжаад “Depeche Mode” дээр тогтож, TLC-д автсан үе. Энэ дундаас TLC дуртай, хайртай гэдгээс бүрэн давж бүр өөрөө ийм хамтлагтай болох юм сан гэсэн мөрөөдөлд түүнийг хөтөлжээ. Өтгөн доогуур өнгөөр дуулдаг гурван охины стиль имиж нь ч түүнийг солиоруулах шахна. Энэ таашаал дээр R&B, soul стилиэр дуулдаг SWV хэмээх гурван охинтой хамтлаг нэмэгдэхэд тэр хэдийнэ зориглохоор шийдэв. За гурван охинтой хамтлаг байя, манай ангиас хэн байж болох вэ хэмээн өдөржин бодно. Эрлээ тэр өөрийн ангийнхнаас эхэлсэн нь ер тохиолдлын явдал биш. Тэдний ангиас “Камертон” хамтлаг дөнгөж төрөн гараад ид мандаж байв. Хожим нийлсэн Маралаа, Номин хоёр ч мөн зэргэлдээ ширээний найзууд. “Эхлээд би Маралаадаа санаагаа хэлтэл шууд зөвшөөрсөн. Дотроо TLC, SWV төсөөлчихсөн надад өөр хүн толгойд буухгүй байлаа. Тэгтэл манай эгч МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд сурдаг Уянга гээд Жанет Жексоны дууг гоё дуулдаг найзыгаа санал болгосон. Өмнө нь “Найрамдал”-д хамт амарч байсан болохоор би Уянгааг бага сага мэддэг байсан. Харин Уянга бидэнд Минжээг санал болголоо. Маш өвөрмөц хоолойтой, дууны үг, ая ч биччихдэг гээд л... Бидний хамгийн эхний уулзалт МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн урд байдаг “Фламинго” кафед болж билээ”. 

Одоогийнх шиг кофе шопт суугаад хичээлээ хийж, бөөнөөрөө сууцгаана гэдэг тэр үед дээдийн тансаглал. Ер тийм явдал ховор байсан нь лав. Ялангуяа “Фламинго” шиг газар уулзахаар болсон бол ямар нэгэн чухал, ёслол төгөлдөр шалтгаан л байж таарна. Үнэхээр ч тэндээс тэд охидын хамтлаг байгуулах мөрөөдлүүдээ нэгтгэн зангидаад салсан нь дунд сургуулийн сурагч охидын хувьд төдийгүй Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ уур амьсгал, хөг аялгуу нэмсэн шинэ хамтлагийн эхлэл болсон юм. 

Хамтлаг байгуулах санааг анхлан гаргасан Н.Мөнхтуяа тэр уулзалтаас “En Vogue” гэх хамтлагийн нэрийг сайтар тогтоон авчээ. “Би хувьдаа TLC, SWV шиг хамтлаг төсөөлсөн байтал Минжээ “En Vogue” гэж хоолой салган дуулдаг, маш донжтой хамтлаг бий, чи сонсоорой гэсэн. Шуудхандаа бол Минжээгийн төсөөлөл ийм байсан гэсэн үг. “En Vogue” бол үнэхээр содон, гоё хамтлаг байсан. Ингээд миний төсөөлөл ч өөрчлөгдлөө. Бид хоолой салгаж дуулж үзлээ, хамтдаа хэд хэдэн удаа бэлтгэл хийлээ. Нэг маань үнэхээр болоогүй. Тиймээс бид ангийнхаа Номиод санал тавьснаар сая нэг дөрвүүлээ болж бүрдсэн”. 

Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн охид хичээлээ тараад гэртээ харьдаггүй шинэ дадалтай болов. Эхлээд “En Vogue”-ийн дуунуудыг өөрсдийнхөөрөө дуулж туршдаг байж. “Битлз”-ийн “Yesterday”-ийг “En Vogue”-ийн охид хоолой салган дуулсан нь тэдний хувьд хэсэгтээ л сүлд болж байв. Тэд гэсэн нь энэ үед охид хамтлагийн нэрээ олоогүй байсан хэрэг. Тухайн үед хамтлагаа төсөөлөхдөө тэднийг нэгтгэж байсан зүйлс нь шинэлэг байх, өвөрмөц байх, бас хөгжмийн ангийн сурагчид учраас мэргэжлийн байх. Харин дуунууд нь ... Хадаас шиг хурц байх. 

“Spike” буюу хадаас гэх нэрийг Минжээгийн эгч санал болгожээ. Хамтлаг болоод чухам нэгтгэх нэрнээс бусад дээр тогтчихоод байсан тэдний хувьд ийнхүү бүх зүйл бүрэн бүтэн болж авсан нь энэ. “Яг үнэндээ бид тэр үед өвөрмөц, күүл, өөр л сонсогдож байвал юу ч гэж нэрлэхэд бэлэн явсан. “Spike” гэх үг тэгэхэд яг цагаа олж таарсан”. 

Энэ бол 1996 он. Английн алдарт охидын хамтлаг “Spice Girls”-ийн супер хит “Wannabe” дуу цацагдахаас урьдханы явдал. Гэтэл одоо ч бидний зарим нь “Спайк” хамтлаг “Spice Girls”-ийг дуурайн гарч ирсэн гэж боддог нь хэвээр байх. “Яг үнэндээ бид тухайн үед энэ ярианд үнэхээр дургүй байсан. Нэг онд гарч ирсэн боловч биднийг хамтлаг болоод эхэлж байхад “Spice Girls” гэж бид ч, Монгол ч мэддэггүй байсан. Бодоод үз дээ, үг нь хүртэл тэс ондоо утгатай. Харин ч бидний үлгэр дуурайл болгон автсан нь “En Vogue”, TLC гэх тэс өөр жанрын хамтлаг байсан”.  

***

Хамтлагийг үүсгэн байгуулагч нь Н.Мөнхтуяа байсан бол ахлагч нь Р.Номин-Эрдэнэ, харин хүчтэй хоолойтойгоороо Э.Минжинсор гоцолно. Тэдний хамгийн анхны дуу “Спайк”, “Хөвгүүн”. Харин анхны клиптэй дуу нь “Мөрөөдөл” юм. '“Мөрөөдөл” дууны клипний зургийг авсан тэр өдөр хотод хүн болгон биднийг сонжин харж байлаа. Ачааны машины тэвшин дээр жижиг тайз засаад өглөөнөөс орой хүртэл зураг авч хотоор нэг давхисан учраас хүмүүс анзаарахгүй өнгөрөх боломж ч байгаагүй”. Энэ дууны аяыг Маралаа, харин үгийг Минжээ зохиосон гэдэг. Үнэхээр ч энэ дууны шүлгэнд гардаг мөрүүд шиг 

“..Өдөр болгон нэгэн хэвийн 

Үйл ажиллагаа үргэлж хэвийн 

Уулзах найзууд ижил 

Учрах залуус ижил

Уянгалах хөгжим ижил... тэр цаг үед “шинийг хүсэн мөрөөдсөн” дөрвөн охинтой “Спайк” өвөрмөц өнгө төрхтэйгээр гарч ирсэн нь хөгжмийн ертөнцөд шинэхэн агаар байлаа. Тэдний продюсерээр Бука буюу “Никитон” хамтлагийн гитарчин Г.Буян-Өлзий ажиллаж Н.Мөнхтуяагийн өөрийнх нь хэлснээр учраа олохгүй дөрвөн жаахан охиныг урлагийн замд хөтлөх гэж үйлээ үзсэн гэдэг. Тэд хамтдаа арав гаруй дуу бичүүлсэн ч албан ёсны цомог болгож хараахан чадаагүй юм. 

Охид энэ үед хамт амьдрах санал гаргаж, эцэг эхчүүд нь хуралдан уран бүтээлдээ анхаарах, хичээл номоо орхихгүй байх, бие биенээ харж хандах зэрэг амлалтыг нь аваад хүсэлтийг нь ёсчилж байжээ. УИД-ийн хажууханд байх байрны нэгдүгээр давхрын жижигхэн өрөөг түрээслэн бэлтгэлийн байраа сургуулийнхаа ангиас нүүлгэсэн нь энэ. Сургууль дээрээ хөгжмөө давтахгүй байна, дуу хөөж яваад мэргэжлийн хичээлээ орхилоо та нар хэмээн загнуулдаг сурагч охид энд харин тэс өөрийг мэдэрнэ. Цонхоор нь сониучирхан шагайх, бэлтгэлээ хийх үеэр нь 24-р сургуулийн хашаан дээр эгнэн суугаад сонсох, улмаар дуусахад алга таших, орцных нь ханаар нэрсийг нь бичээд сэтгэгдэл бичээд үлдээх зэрэг нь тэдэнд цоо шинэ мэдрэмж байлаа. 

“Спайк”-ынхан гудамжаар явж байна гэдэг нь Улаанбаатар хотод охидын тухай шинэ үзэл санаа, цоо шинэ хандлагыг түгээсэн үзэгдэл болж байсан юм. Эмэгтэй хүн гэхээр нар сар, цэцэг жимстэй зүйрлэгдэн, цэвэр ичимтгий ааль нь хорвоо дэлхийг уяраах ид шидийн зүйлс мэт бэлгэдэл болж байсан урлагт тэд тун өөр ирсэн. “Спайк” зүгээр л маш хөөрхөн, энгийн мөртлөө дэгжин, дураар авирлагчид, тухайн үедээ залууст дүрэм журмыг тааламжтайгаар мартуулсан сахилгагүй охид байлаа. Тэд Монголын шинэ урлаг дахь охидын дүрийг урнаар бүтээсэн зоригтнууд, эрх чөлөөний хайгуулчид юм. 

“Бид үнэхээр юм өөрчлөх, эвдэх өвчтэй явсан. Усан будгаар үсээ будна, хувцаслалтын зоримог шийдлүүдийг гаргана. Маралаа маань хацар дээрээ харандаагаар аянга зураад тайзан дээр гарсныг одоо ч хүмүүс ярьдаг. Зөвхөн стиль имижийн хувьд төдийгүй дуу хөгжимдөө ч ялгаагүй. “Пентатоник”-ийн тайзнаа бид “Хүмүүн төрөлхтөн” дууг өөрсдийнхөөрөө өөрчлөн дуулж байлаа. “Битлз”-ийн “Yesterday”, “Please Mr. Postman”-ийг ч өөрсдийн хэв маягт оруулаад тухайн үеийн залуусын очих дуртай “Холливуд”, “Ханброй”, “Топ тен”-д дуулдаг байсан”. 

1997 он охидын хувьд амьдралынх нь хамгийн завгүй жил байлаа. Тэд хэдийгээр албан ёсны цомог гаргаагүй ч Соёлын төв өргөөнд “Танихгүй залуу” нэртэй тоглолтоо хоёр өдөр, дүүрэн хүнтэй хийж чадсан. Энэ үеэр хэдийнэ өөрсдийн гэсэн 16-17 дуутай болсон байсан ч бичүүлсэн нь цөөн. Тийм учраас зөвхөн тоглолтыг нь үзсэн хүмүүс л мэдэх дуунууд олон. Мөн “Пентатоник”-оос шагнал гардаж, шөнийн клубуудээр өөд уруугүй тоглож, дуунуудыг нь цээжээр мэддэг, стиль имижийг нь даган дуурайдаг үнэнч сонсогчидтой ч болж амжсан. Тэр жилийн шинэ он гарах дөхөхөд хамтдаа амьдарч байсан охид хэсэг зуур амарч, гэрийнхэнтэйгээ хэд хоног байх эрхээр өөрсдийгөө шагнав. Оны дараахан эргээд цуглах товтой, шинэ уран бүтээлийн санаа, нэгэнт урлагийн хүмүүс болсон учраас хувцасны шүүгээгээ шинэчлэх даалгавартай гэр гэртээ харьцгаав. 

Оны дараахан охид хамтдаа амьдарч байсан байрандаа ирэхэд Минжээгээс бусад нь цуглажээ. Харин Минжээг төлөөлсөн ил захидал тэднийг угтсан гэдэг. “Тэр захидал дээрх үгсийг бидний хэн маань ч төсөөлөөгүй. Минжээ маань хамтлагаас гарч, соло карьераа хөөх бодолтой байгаагаа бичээд, замын дундаас буцаж байгаадаа биднээс уучлалт гуйсан байсан. Хоорондоо муудалцсан, үл ойлголцсон шалтгаан бидэнд байгаагүй. Тухайн үед гомдох, гайхах сэтгэгдэл төрсөн. Гэвч хувь хүний шийдвэр, хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэхээс өөр аргагүй. Харамсалтай нь энэ захидлаас “Спайк”-ийг гэх бидний хамтын үнэ цэн үгүй болсон нь тод мэдрэгдсэн...”. 

***

Минжээ тэгэхэд их сургуулийн оюутан байсан бол үлдсэн гурав нь Хөгжим бүжгийн коллежийн төгсөх ангийн сурагчид. 1998 он гарч, гэнэтийн мэдээг сэтгэл дундуурхан хүлээж авсан ч гэсэн “Спайк”-ийн гурав цааш хамт үргэлжлүүлье гэж өөр зуураа ярилцаад, хэд хэдэн жижиг тоглолтуудад орж, хоёр ч дуу шинээр бичээд үзэхэд нээрэн ч гурвуулаа үлдсэн ч болох юм гэсэн итгэл төржээ. 

Ингэж байсаар хавартай золгоход Хөгжим бүжгийн коллежийн мэргэжлийн ангийнхан төгсөх шалгалтын бэлтгэлдээ орж, хамтлагийн үйл хэргээ түр завсарлав. “Манай Маралаа сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг байсан. Бид хамтлаг гэж явсан ч мэргэжлийн хичээл, ур чадвараасаа бүрэн холдчихоогүй, бүгд л сургуулиа амжилттай төгссөн. Тэгтэл манай ангид Польшоос нэг хуваарь ирж, хамгийн топ нь учраас Маралаагийн нэр гарлаа. Арав гаруй жил үүний л төлөө сурсаны хувьд найзынхаа өмнөөс бид баярласан. Харамсалтай нь энэ гэнэтийн урилга “Спайк” жинхэнэ утгаараа тарах шалтгаан болсон.” 

Минжээ соло карьераа хөөх шийдвэр гаргаж, Маралаа Польш руу сургуульд явахаар болсон. Туяа, Номио хоёрын хувьд ч өөрсдийн гэсэн шийдвэрээ гаргах мөч тулав. Дуучны хувиар уран бүтээлээ үргэлжлүүлэх, мэргэжлийн төгөлдөр хуурчны замналаа хөөх, эсвэл бүр... 

“1998 оны зун миний амьдралын хамгийн ойлгомжгүй, сонин үе байсан. Сургуулиа төгссөн, хамтлаг маань тарсан. Үндсэндээ өөрөө өөртэйгөө л үлдсэн. Хамтлаг гэсэн нэг цул ойлголт байхгүй болчихоор хоосон, гунигтай. Ядаж байтал маш олон зөвлөгөө ирнэ. Хөгжмөөр явах хэрэггүй, гадаад хэл сур гэнэ. Дуугаа март гэнэ. Олон сонголт, оргүй хоосон дотор төөрч яваад СУИС-д нэг орж үзлээ. Эхний сар яваад л би сургуулиасаа гарсан. Энэ би биш, би тэнд байх учиргүй гэж санагдсан. Тэр үед Минжээ, Номио хоёр маань соло уран бүтээлүүдээ хийгээд эхэлж байлаа. Жаахан хүүхэд байсныг ч хэлэх үү, би л болохгүй, би л чадахгүй гэж өөрийгөө голох мэдрэмж төрнө. Гэрээсээ ч гарах дургүй боллоо. Хүмүүстэй уулзах, гадуур дотуур явахаас зугатаад өрөөндөө л бүгнэ.” 

Нойр хулжсан олон шөнийн нэгэнд тэр нэгэн шинэ beat дахин дахин орж ирээд байсныг дуу болгоё гэж шийджээ. Эхлээд аяыг нь, дараа нь түүндээ тохируулан үгийг нь буулгахад түүнд ердөө нэг шөнө л хангалттай байв. Хагас жил яахаа мэдэхгүй, өөрийгөө түгжин байсан нь тэсэрч, одоо бидний танил, Монголын R&B хөгмжийн шилдэг дууны нэг “Чи минийх болно” төрсөн нь энэ. "Дуугаа бичүүлэхээр "Сонор" студи дээр очиж, дууны найруулгыг Халиун ах маань хийж өгсөн. Ховор мэдрэмжтэй, авьяастай хүн чинь миний зохиосон дууг гайхалтай мэдэрч, донжийг нь гаргаж хийсэн. Хоолойны бичлэгийг Дашдондог, Бумбаараа ах нар маань хийж байлаа". Хоолойгоо бичүүлэхээр "Сонор" студи дээр очиход түүний урдхан дуучин Б.Сарантуяа “Учралын блюз” дуугаа бичүүлж байсан гэдэг. 

“Үнэндээ би их ичимхий хүүхэд байсан. Ил зарлах хайр дурлалын романс байгаагүй ч дотроо төсөөлдөг, хэлж зүрхлэхгүй ч сэтгэл гэгэлзүүлсэн шохоорхлоо зөвхөн өөр дотроо л хадгалаад үлдэнэ. Хав дарчихна. Тэр мэдрэмжээ л би гаргасан. Нэг шөнийн дотор үг, аяыг нь зохиосон дуугаа бичүүлээд, анх удаа ФМ-д аваачиж өгөхөд юу гэж нэрлэхээ бодож олоогүй байлаа. ФМ107.5-ийн Ц.Ариунаа эгчид дуугаа сонсготол бодож байснаа, “Хүүш, “Чи минийх болно” гээд нэрлэчихвэл жаахан онгироо юу” гэж билээ”. 

***

2010 оны наймдугаар сарын 18-нд “studiomn123” гэсэн хаягтай хэрэглэгчийн “Youtube”-д оруулсан “Чи минийх болно” дууны клип одоогийн байдлаар 235,000 хандалттай байна. Харин энэ дууны клип дэлхийн дуу хөгжмийн хамгийн том платформ “Youtube” бий болохоос зургаан жилийн өмнө буюу 1999 онд анх гарч байсан юм. 

“Нөгөө секси хувцастай клип” хэмээн тухайн үеийн залуусын хоорондоо ярилцдаг байсан тэрхүү клипийг “ST studio”-гийн Амараа хийж байжээ. Хөхөвч нь нэвт гэрэлтсэн торон хар цамц, дотуур хувцас нь ил харагдах нимгэхээн ягаан гэрэлтсэн өмд өмссөн нь түүнийг содон харагдуулна. Тухайн үед ид мандаж байсан “Dragon” шөнийн клубт зургийг нь авч байжээ. “Амараа ахын эхнэр Дээгий эгч клипэн дэх миний стилийг гаргасан. Дизайнер мэргэжилтэй түүний төгсөлтийн ажил нь байсан юм. Клеопатра маягийн хувцас надад өмсүүлэх гээд... Би дууны маань уур амьсгалтай зохицохгүй гэж зөрүүдлэн Дээгий эгчээр нэвт гэрэлтсэн ягаан өмд, торон цамц оёулсан. Яагаад ч юм тэр үедээ би өөрийгөө хэт секси байна гэж бодох ч юм уу, хувцаслалтаасаа ичсэн юм байгаагүй. Харин газар хэвтээд дуулж байгаа хэсгүүдээсээ бол жаахан санаа зовсон нь үнэн.” 

Энэ дуутай холбоотой бүх дурсамждаа тэр хайртай. Дуугаа зохиоход нэг, клипний зураг авахад хоёр хоногийг л зарцуулсан хэдий ч өөрийн хүссэн дуу, гаргах гэсэн мэдрэмжээ тултал нь хийж чадсан хэмээн өөртөө бат итгэнэ. Үнэхээр ч “Чи минийх болно” дуу бол он цаг өнгөрсөн ч шинэхэн мэт сонсогдох, цагийн урсгалыг давсан ховорхон хитүүдийн нэг мөн билээ. Харин Н.Мөнхтуяагийн хувьд энэ дуу нь төдий чинээ алдаршиж, олон залуусыг байлдан дагуулахыг мэдэрч амжилгүй Германыг зорьсон юм. “Спайк” хамтлаг тарсны дараа өөрийгөө хайж, ирээдүйд хэрхэхээ төсөөлсөн олон хувилбар дундаас тэр Герман руу явж, мэргэжлийн төгөлдөр хуурч болох замналаа хөөсөн нь дээр гэж сонгожээ. “Чи минийх болно” дууны клип цацагдаад удаагүй байхад тэр “Спайк”-тай холбоотой дурсамж, дуучин болох замналаасаа бүрмөсөн хөндийрөөд, хилийн дээс алхсан билээ. 

“Би эрэл хайгуулч, сониуч, тэгсэн хэрнээ их уйдамхай хүүхэд байсан. Тиймээс үнэхээр явмаар байсан. Бүр үхэн хатан явахыг хүссэн. Эндээ хөгжмөө хийгээд явъя гэж төсөөлөхөд ойлгомжтой, уйтгартай ч юм шиг санагдаад “Би үүнээс илүүг чадах ёстой” гэж өөрийгөө зоригжуулаад Германыг сонирхож эхэлсэн”.  

***

Монголдоо авьяастай, сайн сурагчийн нэгд тооцогддог байсан Н.Мөнхтуяа Германд очоод ижил мэргэжлийн оюутнуудын дунд ороход дундуурхан байгаагаа өөрөө ч мэдэрчээ. Тийм учраас хоёр дахин илүү хичээх хэрэг гарна. Очоод жил гаруйн хугацаанд тасралтгүй өөрийгөө бэлдэж, Европт чансаагаараа дээгүүрт жагсдаг Германы Хамбург хотын Хөгжмийн их сургуульд шалгалт өгөөд эхний удаа тэнцсэнгүй. Энэ явдал түүнийг бүр ч илүү хурцалжээ. “Хэрэв би хоёр дахь шалгалт дээрээ унаад тэнцэхгүй бол ёстой үхсэн ч яах вэ гэж бодоод өөрийгөө дайчилсан. Тэр сургуулийн оюутнууд хөгжмөө үүрээд алхахыг харах, тэр орчин, тэр уур амьсгалын нэг хэсэг байхсан гэж дотроо маш их хүсэж, чухам түүндээ хөтлөгдөн гүрийсэн дээ. Чин хүсэл байхад бүх зүйлийн учир олддог гэж үнэхээр үнэн юм билээ. Сонгодог хөгжмийн оргил болсон тэр орчинд би өөрийгөө бэлдэн, хоёр дахь шалгалтдаа тэнцэж чадсан нь миний амьдралын хамгийн том ялалтуудын нэг байсан”. 

Хамбургт өнгөрүүлсэн долоон жил түүнд ихийг өгчээ. Энд л тэр амьдралынхаа ханийг олж, мэргэжлийн төгөлдөр хуурчийн хувьд өөрийгөө бүрэн бэлтгэж, хамгийн чухал нь хайж байсан өөрийгөө ч олж авсан. “Миний хориод нас суралцсаар байгаад л өнгөрсөн. Мэргэжлийн хувьд болоод амьдралын талбарт. Би Хамбургт бакалавр, магистрын зэргээ хамгаалсан. Тэс өөр орчинд өөрийгөө аваачин, эд эс бүхнээр нь шинээр бүтээсэн гэж хэлж ч болно. Монголд байхад эргэлзээ төрүүлж, төөрсөн, орхигдсон, уйдсан, зугатсан тэр бүх мэдрэмжүүдээ ч жам ёсны зүйл байсныг хүлээн зөвшөөрч, бас хайрлаж сурсан.” 

Германд ганцаар очоод, хоёулаа болж нийлээд АНУ-ыг зорив. Анхны хүүхэд нь тэнд мэндэлж, гурван жил гаруй амьдраад 2010 онд Монголдоо буцаж иржээ. Энд ирээд “Шинэ эрин” сургуульд хэсэг ажиллаад, мэргэжлийн хөгжимчний аялал нь эхэлсэн цэгтээ буцан ирж, өдгөө Хөгжим бүжгийн коллеждоо ажиллаж буй. “Мэргэжлийн хөгжимчин гэдэг утгаараа надад ажиллах орчны хувьд сонголт цөөн, бас тодорхой байсан. Эх орондоо ирээд, мэргэжлийн талбартаа ажиллана гэж шийдэхдээ Хөгжим бүжгийн коллежоо л бодсон.”

Энд тэр жаргалтай байна. Мэргэжлийн хувьд өөрийгөө бүрэн бэлтгэн, яг түүгээрээ тууштай ажиллана гэдэг арай өөр түвшний таашаал. Зүгээр л хообий, дуртай сонирхдог гэсэн хөнгөн ойлголтууд хол гээгдэж, мэргэжлийн төгөлдөр хуурчийн хувьд тэр өндөр талбарт дүүлж явна. “Энд л ирэхийн тулд би мэргэжлийн хувьд өөрийгөө хорь гаруй жил бэлтгэжээ. Тийм учраас хийж буйнхаа эцсийг үзэх, ирээдүйн мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэх хүсэл тэмүүлэл дүүрэн байна”. Үүний хажуугаар тэр Монголын мэргэжлийн хөгжимчдийн холбоог үүсгэн байгуулан ажиллаж байгаа. Дэргэдээ хөгжмийн академи байгуулан, мэргэжлийн багш нарын удирдлага дор шинэ үеийн хүүхдүүдэд сонгодог хөгжмийн гарааг нь эхлүүлэх боломжийг олгож буй. 

***

2021 оны “MS Live stage”-ийн тайзнаа Н.Мөнхтуяа “Чи минийх болно” дуугаа амьд хөгжмийн хамтлагтай шинээр дуулан хүргэсэн. Энэ бол 20 жилийн дараа тайзнаа гарч буй, бас энэ дуугаа дуулсан анхны тохиолдол байсан юм. “Би өөрийгөө тайзны дуучин гэдэгт бүрэн итгэхээ больчихсон байх үед надтай уулзсан. Олон хүн надад санал тавьдаг ч би тэр бүрд татгалзсаар ирсэн. Яах ч аргагүй дууг маань анх бичиж байсан Бумбаарай ах санал тавихад үгүй гэж хэлж чадаагүй. 

Өмнө нь би энэ дуугаа нэг л удаа тайзнаа дуулж байсан нь Германд сурч байхдаа зуны амралтаараа Монголдоо ирж, сонгуулийн үеэр санамсаргүй тохиолдлоор дуулж таарсан явдал. Гэтэл хүмүүс үгийг нь мэдээд, дагаж дуулаад байхыг хараад гайхаж билээ. Энэ дуугаа бичүүлж, клипийг нь хийлгээд л нэг их удалгүй би дуучны карьер, “Чи минийх болно” хоёроо үлдээгээд нисчихсэн шүү дээ”. “MS Live stage”-ийн тайзнаа 20 жилийн дараа гарахад надад санаа зовох шалтгаан цөөнгүй байсан ч би нэг талаар мөрөөдлөө биелүүлсэн мэт санагдсан. 18 настай, дуулах дуртай, миний дотор одоо ч оршдог тэр нэг жаахан охины өмнө өрөө төлж байгаа ч юм шиг... 

Үүний дараа олон хүний сайхан сэтгэгдлүүдийг сонсох, унших надад маш гоё байсан. Эргээд дуулж байгаад минь талархсан, ганцхан клип үлдээгээд орхисон уран бүтээлээ “эргэн тойрсон”-д баярласан, амьдаар сонсох боломж олгосонд баярлалаа гэсэн үгс их байсан. “Энэ гоё байна, гэхдээ эхний хувилбар нь илүү дээр...” гэх сэтгэгдэл ч харагдсан. Би ч санал нэг. Гэхдээ энэ их өөр мэдрэмж, өөр таашаал надад өгсөн...” 

***

ЗурагТайлбар



Хорин нас ч хүрээгүй хонгор охид тэнэгхэн зоригоор нийлэн Монголын хамгийн анхны охидын хамтлагийг байгуулж, хоёрхон жилийн дотор уран бүтээлээ туурвисан ч содон нэгэн түүхийг бүтээж, хувь хувиараа уран бүтээл гарган холдохдоо ч гайхалтай олон хитийг үлдээж чадсан нь тэдний эхлэл гэнэтийн зүйл байгаагүйг батлах хангалттай шалтгаан мөнсөн билээ. 

“Эргээд харахад бидэнд хамтдаа байсан цаг хугацаа арай багадсан санагддаг. Би мэргэжлийн хөгжмийн хүн учраас өөрсдийн юу чадсан, юу чадаагүйд шударга хандахыг хүсдэг. Өөрсдийгөө хэт дөвийлгөж, байлдан дагуулж явлаа гэдэг ч юм уу, тийм үгийг хэлж чадахгүй. 

“Спайк”-ийн түүх бидний хувьд үхэн үхтлээ нандигнан дурсах хонгорхон түүх. Гэнэн хонгорхон түүх гэж тодотгоё!"              

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
23
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дочко 2022.01.05 150.129.140.72

Баярлалаа

0 Хариулах


Зочин 2022.01.05 202.126.90.104

Ymar goe yariltslaga wee. ❤️

0 Хариулах