Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

У.Ану-Үжин: Уур амьсгалын өөрчлөлт хүүхдүүдээс хол сэдэв биш


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цэвэр агаарын төлөө дуу хоолойгоо хүргэж буй Говь-Алтай аймгийн 2-р сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжинтэй ярилцлаа. Тэрбээр YOUC­CAN буюу Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цэвэр агаарын төлөөх хүүхэд, залуусын сүлжээний гишүүн юм. Мөн “Anu’s podcast”-ийг хөтөлдөг билээ. У.Ану-Үжин байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд 2021 оны онцлох хүүхдээр шалгарсан.

-Уур амьсгалын өөрчлөлтийн талаар тууштай судалъя гэх сэдэл анх хэдийд төрсөн бэ? 

-Цар тахлаас үүдэн хөл хорио тогтооход тэр цаг хугацааг ашиглаад өөрийгөө хөгжүүлье гэсэн бодол төрсөн юм аа. Тэгээд “Цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээ” нэртэй цуврал сургалтад суухдаа агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгааны үр дүнгүүдийг хараад их гайхсан. Зөвхөн дээрх шалтгаанаар жилд өчнөөн хүүхэд энддэг тухай олж мэдээд энэ талаар дуу хоолойгоо нийгэмд хүргэх ёстой юм байна гэдгийг илүү хүчтэй мэдэрсэн. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдэх тусам бид хамгийн чухал бүхнээ алдчих гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан.

-Чиний үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярианд ямар байдлаар оролцдог вэ?

-Өсвөр үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар ерөөсөө сонирхдоггүй. Шинжлэх ухааны мэргэжлийн хүн л судлах ёстой, биднээс хэт хол сэдэв хэмээн үздэг. Чи уур амьсгалын өөрчлөлтийг юу гэж боддог вэ гэж асуухаар ер бодож байгаагүй юм байна гэж хариулдаг. Бүр “Чи ямар сонирхолгүй сэдэв сонирхдог юм бэ” гэх нь ч бий. Манай үеийнхэн шинэ дуу цацагдахад өндөр ач холбогдол өгч сонсдог хэрнээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой чухал мэдээлэлд огтоос анхаарал хандуулдаггүй, хандалт ч авдаггүй.

-Тэгвэл чиний бодлоор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт биднээс хол зүйл биш, хамгийн сайн найз шиг чинь ойр байгаа зүйл шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Үүнийг л ойлгуулчихвал сайн найзаа сэтгэлээсээ сонсож, тусалдаг шиг уур амьсгалын өөрчлөлтөд ч мөн тийм байдлаар хандаж эхлэх болов уу. Хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх ёстой. Тэр тусмаа өөрт хамгийн ойр буй асуудлаасаа эхлэн цэгцлэх нь үр дүнтэй юм. Би долоон найзтайгаа нийлж сурч, мэдсэнээ зурагт самбар хэлбэрт хувиргаад сургуулийнхаа хүүхдүүдэд танилцуулсан. Хүсэж, мөрөөдөж буй сайхан ирээдүйгээ бүтээхийн тулд хүүхдүүд ч мөн уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовох ёстой.

Би эмээгийнхээ дэргэд, байгальд ойрхон өссөн. Өглөө нар мандах, гол намуухан урсах, зөөлөн салхи хацар илбэх нь надад амар амгаланг мэдрүүлдэг байлаа. Гэтэл эрэгт нь тоглодог байсан гол горхи маань хэдийн ширгэчихсэн.

-Ирээдүйд ямар орчинд амьдрахыг хүсдэг вэ?

-Төсөөлөл бол ирээдүйгээ бодитоор бүтээх хөшүүрэг гэж боддог. Миний хувьд, агаарын бохирдолгүй, хог хаягдалгүй орчинд амьдрахыг хүсэж байна. Энэ сэдвийг үл ойшоосоор байвал ирээдүйд илүү ээдрээтэй, шийдэхэд бүр ч хэцүү болно. Тиймээс мэдээллийг хүртээмжтэй болгох нь өөрчлөлтийн эхлэл юм. Ингэснээр өөрсдийнхөө амьдрах сайн сайхан нийгмийн төлөө бодитой хувь нэмэр оруулах хүүхдүүд нэмэгдэнэ. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд шүү дээ.

-Байгалийг сайн найз шигээ сонсож, түүнтэй ярилцвал бидэнд юу хэлэх бол?

-Агаарын бохирдол, озоны давхаргын цооролт гээд байгаль экологийн бүх зовлон хүний үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс гадны нөлөөнөөс болж гэмтсэнээ л хамгийн түрүүнд өчинө байх. Хүмүүсийн “хүчирхийлэл”-д өртсөн гэдгээ хэлэх биз ээ. 

-Төрийн бодлого боловсруулдаг хүмүүст юу хэлмээр байна?

-Томчууд ч бас “Чи яасан хэрэггүй зүйлд цагаа зарцуулдаг юм бэ” гэж зэмлэдэг. Тэд уур амьсгалын өөрчлөлтийг бүрэн гүйцэд ойлгоогүй, учруулж болох аюулыг нь мэдрээгүй учраас л ингэж хэлж байгаа юм. Тиймээс томчууд дуу хоолойг минь сонсоосой гэж хүсдэг. Бас ЕБС-ийн сургалтын агуулгад агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сэдвийг багтаах хэрэгтэй болов уу. Энэ бол математикаас чухал шүү дээ.

-Говь-Алтай аймагт уур амьсгалын өөрчлөлтийн ямар сөрөг үр дагаварууд мэдрэгдэж байна?

-Би эмээгийнхээ дэргэд, байгальд ойрхон өссөн. Өглөө нар мандах, гол намуухан урсах, зөөлөн салхи хацар илбэх нь надад амар амгаланг мэдрүүлдэг байлаа. Тоглож өссөн нутгийн маань ойр орчмынх нь бүсэд зуншлага муудаж, өвс ногоо ч төдийлөн сайн ургахаа больсон. Миний багын дурсамжинд үлдсэн тэр зураглалууд одоо их өөрчлөгдсөн. Сүүлийн жилүүдэд зундаа хэт халах, өвөлдөө хэт хүйтрэх гээд ган, зудны давтамж ихэссэн. Хавар, намартаа шуургатай, хуурайшилттай байх болсон нь надад ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн бодитой хэлбэрүүд юм.

-Говь-Алтай аймгийн иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцдэг юм бол?

-Цөлжилтөөс хамгаалахаар Говь-Алтай аймгийн Халиун суманд тооройн төгөл тарьж байгаа. Энэ ажилд аав, дүү хоёр маань оролцдог юм. Тоорой мод нь 10 метрийн гүнээс ус татах чадвартай, 500 жил насалдагаараа өвөрмөц. Халиун суманд тооройг гурав дахь жилдээ ургуулаад, арчилж байгаа. Тоорой гурав дахь жилээсээ бие даан байгальд зохицож, цаашид өөрөө ургах чадвартай болдог гэсэн. Энэ мэт тарьсан моддыг цаашид арчлан, хамгаалах үүрэг хүүхдүүд бидэнд оногдож байна. Учир нь тэр мододтой хамт амьдрах уу, үгүй юу гэдгийг бид л шийднэ шүү дээ.

Холбоотой мэдээлэл: “Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд хийсэн ТАВАН ажил

Эх сурвалж: People In Need

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.