Хайх зүйлээ бичнэ үү

"Гэрэг" цахим товхимолд багтсан нийтлэлийг хүргэж байна.


Хүн төрөлхтөн хуанлийн хуудсаа сөхөн эргүүлж буй энэ үед 2022 он бидэнд юу бэлдсэн байгаа бол гэх  сониуч бодол хэн бүхэнд төрж буй биз ээ. Энэ жил дэлхий дахинаа болон монголд тохиох, олон улсад болон бидний амьдралд өөрчлөлт авч ирэх чухал, сонирхолтой үйл явдлын жагсаалтыг танилцуулж байна. 


Энэ онд тохиох нэгэн томоохон үйл явдал бол хүн төрөлхтний 24 дэх удаагийн Өвлийн олимпын наадам юм. Спортын долоон төрлөөр өрнөх 109 тэмцээн уралдааныг БНХАУ-ын нийслэл Бээжин болон ойролцоох Янчинг, Хэбэй мужийн Жанжиакоу хотуудад зохион байгуулах билээ. Хятадууд энэ удаагийн олимпыг 4 тэрбум орчим долларын төсөвтэй зохион байгуулж буй нь 2008 оны зуны олимпын төсвөөс даруй 10 дахин бага юм. Монголоос цанын төрлөөр хоёр тамирчин оролцох эрхийн төлөөх болзол хангаад буй бол тэшүүр, биатлоны тамирчид эрхийн төлөөх Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсоор байгаа юм. Нэгдүгээр сарын дунд гэхэд монголын баг тамирчдын тов тодорхой болох аж. Ташрамд энэ жил Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тамирчид  “Бээжин 2022”-т оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Цар тахлын улмаас тоглолтууд нь хойшилж, тогтоосон товоосоо хоцорч яваа тул олимпод оролцож цаг алдах боломжгүй хэмээсэн юм.

Дэлхий ертөнц “Ковид тооллын гуравдугаар он” руу алхан орж байна. Халдварын хэд хэдэн давалгаанд өртсөн улс орнууд дархлаажуулалтаа эрчимжүүлэхээр хичээж байх зуур мутацид орж, генийн дарааллаа өөрчилсөн вирусийн шинэ хувилбарууд биднийг сорьсон хэвээр байна. Одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын тэн хагас шахуу нь дархлаажуулалтад огт хамрагдаагүй байгаа бөгөөд шинэ онд илүү хямд өртгөөр вакцин үйлдвэрлэж, гуравдагч орны иргэдийг хамруулах тухай сэдэв яриа хэлэлцээрийн шатанд өрнөж буй. Файзер вакцин бүтээсэн эрдэмтэд өнгөрсөн онд таваас дээш настай хүүхдүүдэд вакцин хийх боломжтойг судлан тогтоосон бол энэ жил түүнээс доош насныханд зориулсан вакцин гарган авахаар ажиллаж байна. Мөн тус вирусийн эсрэг үйлдэлт эм бүтээсэн нь энэ онд хэрэглээнд нэвтрэх билээ.


Персийн булангийн энэ жижигхэн улс 2022 онд хөлбөмбөгийн хамгийн том үйл явдлыг зохион байгуулах билээ. Арван жилийн турш үүнд бэлтгэж, долоон стадион, шинэ нисэх буудал, метроны шугам, тэр байтугай цоо шинэ хот барьж байгуулсан Катарчууд энэхүү тэмцээнд хэр их ач холбогдол өгч буй нь харагдана. ДАШТ-д өрсөлдөх шилдэг 32 багаас одоогийн байдлаар 13 баг эрхээ аваад байна.

1972  оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон манай хоёр орон энэ жил 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна. Энэ оныг "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" болгон зарласан тул энэхүү тэмдэглэлт ойг хүүхэд, залууст зориулсан хөтөлбөр, арга хэмжээд, соёлын солилцооны хөтөлбөрүүдээр баялаг байлгахаар зорьж буй юм. Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, хоёр талаас улс төр, бизнес, төр захиргааны байгууллага, соёл урлагийн төлөөлөл болох 50 залуусыг харилцан илгээх, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулах, баримтат кино болон ном бүтээх зэрэг ажлууд хийх аж.

120-иод жилийн түүхтэй алдарт Тур де Франс уралдаанд эмэгтэй дугуйчид 33 жилийн дараа эргэн ирэх нь. Түүхэндээ 1984-1989 оны хооронд эмэгтэй дугуйчдын төрлөөр уралдаан зохион байгуулж байсан авч олон нийт болон хэвлэл мэдээллийн дэмжлэгийг хангалттай авч чадаагүй шалтгаанаар зогсоож байжээ. Эрчүүд ноёрхдог спорт болж хувираад байсан мэргэжлийн дугуйн уралдааныг энэ удаа зохион байгуулагчид нь үндсээр нь өөрчилж, цаашид жил бүр эмэгтэйчүүдийн төрлөөр давхар зохион байгуулахаа мэдэгдэв.

Монголын чөлөөт бөхийн холбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна. Ингэснээр тус тэмцээнийг 21 жилийн дараа дахин Улаанбаатарт зохион байгуулах юм.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын сүр жавхлант Хатан хаан II Элизабет хаан ширээнээ заларсны 70 жилийн ой энэ онд тохиох гэж байна. Хорин тавхан насандаа хатан хаанаар өргөмжлөгдсөн тэр энэ хугацаанд Африкийг Британийн колониос гарахыг үзэж, хааны гэр бүлээс Саудын Араб, Бээжин, Москвад айлчилсан анхны язгууртан болж, мөн 2011 онд Бүгд Найрамдах Ирланд улсад хааны удмын анхны айлчлалыг хийсэн түүхтэй. Британичууд ийнхүү анх удаа хатан хааныхаа сэнтийдээ заларсан ойг тэмдэглэх гэж буй бөгөөд яг энэ үеэр зэрэгцэн түүний ач хүү Хунтайж Харри Бэкингэмийн ордон дахь амьдралынхаа тухай дурсамж номоо хэвлүүлэхээр зэхэж буй нь анхаарал татаж байна.

2014 онд бүргэдчин охин Айшолпан дэлхий дахинаа монголын нэрийг цуурайтуулж, бүргэдээр ан хийх эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан спортыг олон улсад таниулсан билээ. Түүнээс хойш Монгол орны баруун хязгаарыг зорих гадаад, дотоодын жуулчид олширч, “Бүргэдийн баяр” олон улсын анхаарал татах наадмуудын нэг болжээ. Энэ намар хоёр өдрийн турш тохиох уг баярыг цаглабар дээрээ тэмдэглэхээ мартуузай.

Meta Platforms Inc. (хуучнаар Фэйсбүүк) өнгөрсөн онд VR болон AR төслүүд хөгжүүлэх реалити лабораториуддаа 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, мета ертөнц бүтээн босгох ажлаа эхлүүлсэн билээ. Энэ ажлын үр дүн 2022 оноос гарч, хүмүүс бид холограм хувилбараараа эцэг эх дээрээ зочилж, олимпийн дэвжээнд мэргэжлийн тамирчидтай уралдаж, төсөөллийн бүхэн бодит болсноор виртуал болон дижитал визуал (аугментед) реалити ертөнц рүү эргэж буцалтгүй алхан орох нь ээ. Microsoft компани мөн ижил төрлийн “Mesh” платформыг энэ онд танилцуулахаар зэхэж байна. Удахгүй хүмүүс виртуал ертөнцөд амьдрал ахуйтай, тэндээ өөрийн гэсэн дүртэй болоход ойрхон буй юм. Учир нь болзооны платформууд хүртэл metaverse ертөнцийг болзох, хосоо олоход зориулан хөгжүүлж эхлээд байна.

Манай гурван орны Худалдаа, эдийн засгийн нэгдсэн форумыг энэ онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Гурван улсын эдийн засгийн коридорыг өргөжүүлэх, хийн хоолой, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх сэдвээр зөвшилцөхөөр мэргэжилтнүүд тохироод байна.

SpaceX сансрын компани энэ аравдугаар сард АНУ-ын Агаарын хүчинтэй хамтран ажиллах таван жилийн гэрээ байгуулахаар зэхэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд тус компани дэлхийн хаана ч нэг цагийн дотор зэвсэг тээвэрлэн хүргэдэг цэргийн зориулалтын пуужин зохион бүтээх юм. Түүнчлэн Америкийн нисэх хүчний одоо ашиглаж буй Оросын “RD 180” пуужингийн хөдөлгүүрийг SpaceX дотоодын хөдөлгүүрээр сольж, энэ зах зээлд тэргүүлэгч болох алсын амбицтай байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.  

Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ашиглаж буй програм хангамжийг вэб технологид суурилсан нэгдсэн цогц системд нэвтрүүлэх ажлыг 2022 онд бүрэн хийж гүйцэтгэнэ. Энэхүү цогц системийн програмыг өнгөрсөн оны сүүлээс эхлэн үйл ажиллагаанд туршиж эхэлсэн бөгөөд энэ жилдээ бүрэн шилжиж, нэгдсэн мэдээллийн сангаас үйлчилгээ үзүүлж эхлэх юм.

Гурван жилийн турш хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Шинэчлэн найруулсан хөдөлмөрийн тухай хуулиар аливаа байгууллагад дагалдангаар ажиллаж буй хүнийг үндсэн цалингийн 70 ба түүнээс дээш хувиар цалинжуулна. Мөн ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг уг шинэчилсэн найруулгад тусгасан бөгөөд зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох юм. Мөн ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гарсан гомдлыг шийдвэрлэх тухай журмыг байгууллага дотооддоо заавал батлахыг хуульчилжээ. 

Хуулийн бүрэн эхийг эндээс уншиж танилцаарай.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурал арваннэгдүгээр сард Египетийн Шарм Эль-Шейх хотод болно. Энэхүү хурлаар улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрээр яригдсан чухал асуудал болох дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй барих амлалтаа биелүүлж ирэх даалгавартай буй юм. Шотландын Глазгоу хотод болсон өнгөрсөн жилийн хурлаар улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүчний бодлогоо эрчимжүүлэх даалгавартай буцсан. Үүний хэрэгжилт хэрхэн биелж буйг судлаачид анхааралтай хянаж байна.

Өнгөрсөн оны сүүлээр МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн  айлчлалын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-ын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Сергей Михневичтэй албан уулзалт хийж, Зүүн хойд Азийн бизнесийн холбоог 2022 онд Монгол Улс даргалж, холбооны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцан, тохиролцсон.

1987 онд анх дипломат харилцаа тогтоосон манай хоёр орон энэ жил дипломат харилцааны 35 жилийн ойгоо хамтран тэмдэглэх юм. Тус ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар Гадаад харилцааны яам болон хоёр орны элчин сайдын яамдын түвшинд хэлэлцэж байна.

БНХАУ-ын Ханжоу хотод зохиогдох 19 дэх удаагийн Азийн наадам энэ намар тохиох юм. Спортын 40 төрлөөр зохиогдох уг наадамд энэ жил цахим спорт болон брэйк бүжгийн төрлүүд багтаж байна.

2022 онд гадаадад суугаа Монгол улсын иргэд, Монгол улсад буй гадаадын иргэд e-mongolia платформоос төрийн олон төрлийн үйлчилгээ авдаг болох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгоор хөгжүүлэлт хийж байна. Одоогоор иргэд  574 төрлийн үйлчилгээ цахим хэлбэрээр авч буй бөгөөд 2022 онд энэ тоог зуугаар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн.

2022 онд улс орнууд сар луу уралдаж байна гэхэд хилсдэхгүй. Энэтхэг улс саранд хүрэх гурав дахь удаагийн оролдлогоо дахин туршина. 2019 онд туршилтын хөлөг хөөргөөд бүтэлгүйтсэн тэд “Чандраяан 3” сансрын хөлгийг энэ оны хоёрдугаар хагаст дахин хөөргөх аж. Японы Сансар судлалын агентлаг мөн энэ жил “SLIM” ажиллагаа буюу сарны гадарга дээр амжилттай газардах техникийн судалгааны жижиг биет хөөргөх гэж байна. Харин оросууд долдугаар сард “Луна 25” хөлгийг сар луу хөөргөхөөр зэхэж буй бол наймдугаар сард Өмнөд Солонгосчууд өөрсдийн анхны сар судлалын хөтөлбөрийн дагуу сарны тойрог замд “Korean Pathfinder Lunar Orbiter” хөлгөө илгээх гэж байна.

Өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн 5 дахь үе 5G технологи монголд 2023 оны сүүлээр нэвтрэх төлөвтэй буй. Харин энэ технологийг дэлхийн зарим улс орон энэ онд багтаан өргөн хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Америкийн AT&T, T- Mobile, Verizon зэрэг компаниуд 2022 онд хэрэглэгчдэдээ энэхүү өндөр хүлээлт бүхий технологиор бэлэг барихаа мэдэгджээ. Аж үйлдвэрийн хувьсгал хэмээн нэрлэгдэж буй энэ систем бодит хэрэглээ болсноор маш өндөр хурдаар интернэтэд холбогдох, IoT буюу юмсын интернэтийн хөгжил түргэсэх, VR болон AR технологи эрчимтэй хөгжих суурь болж, технологийн ертөнцөд асар их өөрчлөлт авч ирнэ гэж үзэж буй.

Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулга ангиллын Гранд Слам тэмцээн 2022-2025 онд Улаанбаатарт зохиогдоно. “Чингис хаан” дэлхийн цом болон гран при нэрийн дор болж байсан уг тэмцээн ирэх дөрвөн жилд манай улсад тасралтгүй зохиогдох юм. Уг тэмцээн нь зэрэглэлээрээ ДАШТ болон “World Masters” зэргийн араас эрэмбэлэгддэг, олимпын эрхийн оноо олгох өндөр ач холбогдолтой тэмцээн билээ.

Энэ онд Хятадын Коммунист нам 20 дахь удаагийн Үндэсний их хурлаа хийж, удирдагчаа сонгох юм. Олон улсын хэвлэлүүд Удирдагч Ши Жиньпинийг гурав дахь удаагаа намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдох магадлалтай гэж үзэж буй. Гэвч өнгөрсөн онд тохиосон Намын зургаадугаар бүгд хурлаар намын дотоод ардчиллын тухай идэвхтэй хэлэлцсэнээс үзэхэд намын бодлогоор түүнийг улираан сонгохгүй байх магадлал мөн байсаар байна. Энэ тохиолдолд Ши Жиньпин Намын төв хорооны даргаар үлдэж, байр сууриа үл сулруулан, Хятад орныг хөшигний араас удирдах боломжтой гэж судлаачид таамаглаж буй.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.