
Нидерландын музей, театрууд гоо сайхны салон болж хувирав
Нидерландын Засгийн газраас гаргасан ковидын үеийн журам музей, театрын ажилчдыг эсэргүүцэл зарлахад хүргэлээ. Учир нь, засгийн газраас музей, театр, баар, кафег нээхийг хориглосон ч үсчин, гоо сайхан, фитнесс төвүүдийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөд байгаа юм. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн музей, театрын ажилчид үзэсгэлэнгийн танхим, тайзыг гоо сайхны салон, үсчиний газар болгон хувиргажээ.
"Музей үзэх нь аюул багатай. Мөн хумсны салонаар үйлчлүүлэхтэй адил хүний чухал хэрэгцээ шүү дээ. Бид засгийн газраас дүрэм журмаа хүн бүрд ойлгомжтой байдлаар гаргаж, түүнийгээ тууштай мөрдөхийг л хүсэж байна" гэж Ван Гогийн музейн захирал Эмили Горденкер ярьжээ.
Энэ мэтчилэн засгийн газрын логикгүй, өөр хоорондоо зөрчилдсөн дүрэм журмыг нийгмийн олон салбар эсэргүүцэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Нидерландад 72 хүн тутмын нэг нь коронавирусын халдвар авсан гэх тооцоо гарчээ. Хэдий халдварын тохиолдол өндөр байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо буурсаар байгаа аж.
Эх сурвалж: BBC