Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Пунсалмаа, Солонго хоёр


Эдүгээг ижилхэн бүтээж, адилхан орших атлаа биесээ таних, эс таних өөр, өөр бид. Мэнд устай явах, хамтрах эсвэл холдох нь хүмүүсийн харилцаа. Янз бүрийн хүсэл мөрөөдөл, санаа зориг нисэлдэн, хаа нэгтээ зөрөлдөж, бас зэрэгцэхээс энэ амьдралын загвар тогтдог шиг ээ. Урсгал чиглэл гэх, эсвэл загвар, бүр тогтолцоо ч гэх, хүмүүс бид эдгээрийг урлаачид нь юм. 

Бидний дундаас хоёр хүний нэгэнд санаа төрж, яагаад ч орхиж чадахгүй явсаар нөгөөтэйгөө хуваалцаж, тэд хоёулхнаа биш бүр олуулаа хөгжих загвар нэгдлийг байгуулж байна. Ажил хэргийн шаардлагаар анх танилцаад, дахиад ямар нэг ажил хэрэг гараагүй л бол уулзахаар цаг товлодоггүй хоёр бүсгүй хэрхэн яаж Mongol MADE-ийг хамтран босгосон түүхийг Тантай хуваалцах гэж байна. 

Анх Б.Солонго саван хийх талаар сонсох бүү хэл үнэндээ төсөөлөхийг ч хүсээгүй. “Profile communications” ПиАр агентлагийн захирал. Харилцааны стратегичээр бэлтгэгдсэн цөөн мэргэжилтний нэг. Б.Солонго бол Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь акулуудын нэг Ийгл телевизийн захирлын карьерыг сэтгүүлзүйд хөл тавьснаас хойших эхний арван жилдээ л хийчихсэн ховорхон намтартай сэтгүүлч. Тэр дэлхийн мэдээллийн топ суваг CNN-ийн бүтэц, зарчмыг телевиздээ нэвтрүүлж, хоёр телевиз нэгдэх үеийн 180 сэтгүүлч, инженер техникийн ажилтныг удирдан ажиллахдаа огтоос балчирдаагүй юм. Хугацааны дунд Монголын томоохон арилжааны банкны Олон нийттэй харилцах албыг таван жил хашихдаа ПиАр мэргэжилтний байр суурьт хөрвөөд үзчихсэн, чингэхдээ цаашид хэн байхаа шийджээ. Швейцарь, Сингапурын их, дээд сургуулиуд, компаниудын орчинд дэлхийн хамгийн сонирхолтой ПиАрчидтай уулзах, суралцах оюутны амьдрал руу Ийгл телевизийн захирлын өрөөнөөс гарч байлаа. “Би коммуникаци, пиар, маркетинг гэж юу байдгийг жинхэнээр нь олж мэдэхээр Швейцарийг анх зорьж байлаа. Санхүүгийн хувьд өөртөө ахадсан ачаа үүрсэндээ итгэхэд бэрх ч надад өөр хувилбар огт таалагдахгүй байсныг санадаг юм. Бүх хуримтлалаа сургалтын төлбөрт өгчихөөд үүргэвчээ үүрээд явсан нь 2014 он шүү дээ”. 

Б.Пунсалмаа “М-Ойл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2006 оноос ажиллахдаа Монголын нефтийн зах зээлийн 1 хувийг эзэмшиж байсан жижиг компаниа дангаараа 14 хувийг эзэмшигч, шатахуун түгээх 30 станц, 570 ажилтан бүхий, татвар төлдөг хэмжээгээрээ Монгол Улсын топ 10 аж ахуйн нэгжийн нэг болтол томруулсан туршлагатай бизнес эрхлэгч. Компанидаа ажилтан-борлуулагчийн системийг санаачлан хэрэгжүүлж, нефтийн салбарын ажилтнуудын цалин хөлсний үнэлэмжийг шинэ шатанд гаргасан. 2011 онд Евро 5 стандартын шатахуунаар цэнэглэсэн Таны машин эхний хаазаасаа хүчийг, чанарыг анх мэдэрсэн нь түүний зориглож Монголд эхлүүлсэн ажил байв. Зам, барилгын салбарт дэлхийн стандартыг нэвтрүүлж, полимер битумыг оруулж ирсэн нь мөн л түүний санаачилга.  

2019 оны зун үүсгэн байгуулсан “Пунсалмаа сан” бол Монгол Улсын хатуу савангийн импортын 50 хувийг үндэсний үйлдвэрлэлээр орлуулах төлөвлөгөө цаасан дээр бичигдсэн газар бөгөөд чухамдаа Б.Пунсалмаагийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагынхаа хүрээнд хамгийн олон жижиг, дунд үйлдвэрлэгчийг төрүүлэх санаанаас урган гарсан, хожим 1000 монгол эмэгтэйн нийт орлого нэг жилд 15 сая ам.доллар болох алсыг харсан ажлынх нь эх цэг болжээ. “Монголчууд бид чөлөөт зах зээлийн замыг 30 жил туулахдаа өөр хоорондоо өрсөлдөж, хэт жижгэрчээ. Алсыг хараагүй өрсөлдөөн юунд хүрэв? Нийлж нэгдвэл хавьгүй ихийг, илүү томыг хийж бүтээх боломж бийг ойлгож мэдэх хэрнээ бид яагаад бие биедээ итгэдэггүй юм бэ? Олон баримт байдаг. Зөвхөн ганцхан жишээ нь хатуу саван. Монгол Улс нэг жилд гадаадаас 15 сая ам.долларын саван худалдаж авдаг. Одоогийн ханшаар 45 тэрбум төгрөг. Монголчууд бид өөрсдөө энэ хэрэглээнийхээ 50 хувийг үйлдвэрлэх боломжийг ашиглаж, хамгийн багадаа 1000 эмэгтэйг ажлын байраар хангахаар би төлөвлөсөн”. 

Б.Пунсалмаа өөрийн нэрээр сан байгуулахаасаа өмнө олон нийтэд чиглэсэн ажлуудад гар бие оролцож, заримыг нь өөрөө санаачлан зохион байгуулж, заримыг нь нийгмийн сайн сайхны төлөө уриатай сайн дурын байгууллагуудаар дамжуулан хийдэг байв. Ингэж явахдаа 2018 онд харилцааны стратегич Б.Солонгын тухай бизнес эрхэлдэг нэгэн найзаасаа дуулаад, тухайн үед яаралтай хэрэг гарсан тул шуудхан л утас цохив. Б.Солонго хөдөө томилолттой явж байх үе таарсан тул утсаа авсангүй. Тэгтэл нэг дор гурван найзаас нь мессеж ирж, Б.Пунсалмаа гэдэг хүн өөртэй нь уулзахаар яарч байгааг дуулгасанд, яасан олон хүн зэрэг ярина вэ гэж гайхсан Б.Солонго хэд хоногийн дараа Улаанбаатарт очоод холбоо барихаа хэлжээ. 

“Тэр миний хүмүүст хүргэх гээд санаснаар болж өгөхгүй олон жил оролдсон ажлыг асар богино хугацаанд хэд дахин өгөөжтэй болгож орхисон. Хэнд, юуг, хэрхэн зөв ойлгуулах ухааныг утгаар нь эзэмшсэн бүсгүйтэй тэгж танилцсан юм. ПиАр хэмээх мэргэжлийн хүч чадлыг би түүнээс хардаг. Хамтарч ажилласан эхний төслөө амжилттай давчихаад, хэсэг хугацааны дараа “Пунсалмаа” сангийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулахдаа би бас л Б.Солонгоос тусламж хүссэн. Түүний зохион байгуулсан ажил гялалздаг төдийгүй бүр цуурайтдаг болохыг би мэддэг болсон юм. Асаах гэж оролдсон галыг минь Солонгоо бадрааж өгдөг. Гурав дахь нь Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахаар төлөвлөсөн ажил байсан. Тэгэхэд Б.Солонго маань амаржаад хэдхэн хонож байсан даа. Би нялхыг нь тэвэрчихсэн, Солонгоо ажлаа хийгээд л явж байсан тэр өдөр би түүнд савангийн төслийнхөө хамтрагч болох саналыг тавьсан юм. Түүнд нэг тийм зориг байдаг нь, надад тэр зоригоороо нөлөөлж байгаа нь мэдрэгдээд байсан хэрэг шүү дээ. Солонгоогийн хийсэн ажил түүний нэрийн тамгатай, онцгой байдаг. Гэвч тэр миний саванг тоогоогүй”.

Тэр бол 2019 он. “Юун саван. Би яахаараа саван хийх гэж. Миний бүтээмжийг дэндүү дутуу үнэлж байх шиг л санагдсан. Шулуухан хэлэхэд гомдол шиг сонин мэдрэмж төрөөд байсан учраас хамтран ажиллах саналаас нь бүтэн хоёр жил зугтсан даа. Би чинь нэг өдөр нь улс төр, маргааш нь бизнес, нөгөөдөр нь урлаг уран сайхан гээд явж байдаг хүн шүү дээ. Долоо хоногт хоёр уулзалтад төвлөрөх, тэр нь магадгүй нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь хэний ч танихгүй старт ап ч байж мэднэ. Оръё гэсэн  төслөө өөрөө голдуу сонгож ордог миний ажилд саван хийх тухай бодох сиймхий үнэхээр байгаагүй. Гэхдээ их сонин. “Пунсалмаа” сангийн нээлтийг зохион байгуулахаар ХААИС-ийн хичээлийн байрны голд байдаг дугуй талбайг дотроо сонгочихоод Б.Пунсалмаад үзүүлэхээр дагуулж очих үеэр ХААИС-ийн эрдэмтэдтэй уулзахаар дотогш орсон. Тэгэхэд хамт ороод, савангийн тухай яриа хөөрөөнд үг нэмэрлэчихсэн сууж байснаа санадаг юм”.

***

Сүвлэсэн нарийн унжуургыг алгаараа өргөхөд ус гоождог төмөр угаалтуур. Дэргэдэх тавиурт нүүр, гарын улбар саван байх бөгөөд 1970-аад оноос монгол айл өрхийн ариун цэврийн хэрэглээнд орж ирсэн чухаг бүтээгдэхүүн “Намуу цэцэг”. 80-ад онд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгийн бага бүлэгт байхаас “Саван” нэртэй шүлэг заавал цээжлэх санд багтаж байв. 

Намуу цэцэг чамайг 

Саруул талаас түүгээд

Савангийн үйлдвэрт өгөөд

Хөөстэй саван болгоод

Хөөрхөн нүүр гараа угаана даа.

Дотооддоо савангийн үйлдвэр байгуулах бодлогоор 1924 онд Улаанбаатар хотноо мал нядалгааны газрыг түшиглэн малаас гарах түүхий эдийг боловсруулан 1000 пүү саван үйлдвэрлэж, монголчууд ахуйн хэрэглээнийхээ саванг өөрсдөө хангах зорилго биежиж байлаа. Орчин цагийн шинжлэх ухаан хөгжих хэрээр монгол савангаас цэцэгсийн үнэр ханхлах болсон түүхтэй.  

Монгол орон савангийн үйлдвэргүй болсон сүүлийн 30 жилд байгалийн бус эхүүн хурц үнэр, тод содон өнгөтэй импортын хэрэглээнд автав. Улсын хилээр орж ирж байгаа саван, ариутгал, цэвэрлэгээний бодисын нэр төрөл ч олшров. Угаалгын өрөөнд ариун цэвэр, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, эд зүйлсийг гялалзуулагч тэргүүтнүүд эгнээ байр үүсгэн буй. Шүршээд л цэвэрхэн болгож буй шидэт уусмалууд эзэгтэй нарын хөдөлмөрийг хөнгөлдөг болов. Найрлагынх нь 99 хувийг нефтийн хаягдал парафин зэрэг химийн хорт бодис эзэлдэг, харшил болон арьсны бусад өвчлөлийн үндсэн шалтгаан болсоор буйгаас монголчууд ч мөн хэрэглээнийхээ хэрээр “зооглож” буй. Хүн төрөлхтөн арьс, үсээрээ хорт бодис “идэх” болсон нэгэн зуун өнгөрөхөд саяхнаас л бид хайрцган дээрээ цэцгийн зурагтай ч байгалийн бус орц найрлагатай саван, шампунь, тосыг таньж эхэллээ. Генийн өөрчлөлтийг орчин үеийн ядуурал, хүн амын өсөлт, органик бус хямд үйлдвэрлэлийн үр дагавар гэдэг. Гэтэл монголчууд бидэнд байгалийн хишиг, органик үйлдвэрлэлийн түүхий эд хангалттай. Энэ тухайд санаж сэрсэн үндэсний үйлдвэрлэгчид төрөн гарч, ханцуй шамласан ч тус бүрийнх нь хүчин чадал багавтар, бүтээгдэхүүнийх нь тоо хэмжээ цөөн учраас нэгжийн өртөг импортынхоос хэд дахин өндөр байлаа. 

***

2021 оны нэгдүгээр сард коронавирусийн улмаас улс орон даяар хөл хорио тогтов. Хөл хорионы үеэр Б.Солонгод Б.Пунсалмаагийн өөрт нь үзүүлсэн савангийн статистикуудыг тогтож харах, бизнес төслийн хамтрагчаар ажиллах саналынх нь талаар тухтай эрэгцүүлэх чөлөө сая олдов. “Монгол Улс арьс арчилгаа, ариун цэвэр, гэр ахуйн ариутгалын хэрэглээнийхээ 95 хувийг гадаадаас худалдан авдаг. Эндээс зөвхөн хатуу савангийн 50 хувийг нь л дотооддоо үйлдвэрлэх технологи, ажлын байр, худалдан борлуулах бүтцийг босгоод ирэхэд... Байзаарай... Хөл хорио, хил гаалийн саад тушаа... Энэ чинь боломж биш гэж үү?”. Хөл хорионд хоёр сарыг гэр зуур өнгөрүүлэхдээ Б.Солонго савангийн төсөлтэй танилцаж, мөн угаалга цэвэрлэгээний бодис, савангийн орц найрлага, импортын бүтээгдэхүүний чанар чансаа гээд мэдвэл зохих бүхнийг судалж амжив. “Ковид намайг гэрт суулгасан шигээ ариутгалтай мөн танилцуулсан. Хүртсэн бүхнээ угааж, цэвэрлэж байхдаа л би хөл хорионы дэглэм сулармагц Пунсалмаатай савангийн талаар ярих тухай бодож эхэлсэн юм”. 

Тэдний хийх хамгийн эхний ажил эрдэмтэдтэй уулзаж, төсөлдөө урьж оролцуулах явдал. Б.Солонго энэ тухайд “Бүх амьдралаа шинжлэх ухаанд зориулсан хүн өөрийнхөө оюуны бүтээлийг айл бүрийн хаалгаар оруулахыг мэдээж хүснэ. Гэхдээ тэр хүртэлх шат дамжлагуудыг хэрийн хүнд итгэж даатгах улс биш юм билээ. Тиймээс бид хоёрын саналыг сонсоод сэтгэл нь хөдөлсөн, дуун дээр зөвшөөрчихсөн гэвэл том эндүүрэл. Саван хийж үндэсний үйлдвэрлэлээ сэргээнэ, экспортод гаргана гэх яриаг тэд биднээс өмнө олон хүнээс сонсоод үзчихсэн, бас залхчихсан байв. Уулзалтаас уулзалтад тэд бидний судалгаа, тооцоо, хөрөнгө оруулалтын боломж, үйлдвэрлэл, борлуулалтын төлөвлөгөөнд итгэл үзүүлсэн юм. Миний хувьд тэр л гайхалтай эхлэл байлаа” хэмээв. 

“Жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа яаж хөгждөгийн загварыг дэвтэр дээрээ зурчихаад, энэ загвараар бодит жишээг тодоор, томоор хийчих гэж олон жил тэмүүлсэн надад итгэж найдах хүн гарч ирсэн нь Б.Солонго. Миний дотны найз биш, гэхдээ миний олж харсан хамтрагч. Солонгоо чадна даа гэж бодсоноос минь илүүг чадсан. Би бол бизнесийн хүн, эргэж байгаа механизмаар ярьвал би түүнийг тохируулагч этгээд байхгүй юу, уг нь. Гэтэл Солонгоо эрэг, шургыг надаас илүү сайн ажиллуулдаг юм билээ. Залуу хос хуримаа даруухан ёслох санаагаар эхэлдэг ч нэг л мэдэхэд томруулчихдаг шиг энэ төсөл бидний бодсоноос улам л илүү том болоод байгаа”. 

Тэд одоогоос есхөн сарын өмнө Mongol MADE хэмээх нэрийг олон нийтэд анх зарлаж, Монголын жижиг дунд олон үйлдвэрлэгчийг нэгтгэхээр гараанаас гарсан компани юм. Нэр нь Mongol MADE, лого нь араг байхыг тэд француудтай хамтран бодож олжээ. Mongol MADE өнөөдрийн байдлаар сард 100 мянган хатуу саван гар аргаар үйлдвэрлэж, таван салбарт 100-гаад ажлын байр бий болгоод байна. Чанарыг зуршил болгон хэвшүүлж, эцсийн бүтээгдэхүүнүүдээ мэдрэхүйн, лабораторийн, микробиологийн гэсэн үндсэн гурван аргаар тогтмол шинжилж байна. 2022 оны хоёрдугаар хагас эхлэхэд автомат үйлдвэрээ ашиглалтад оруулсан байх бөгөөд сард 300 мянган хатуу саван үйлдвэрлэх мастер төлөвлөгөө биежих цаг ойртжээ. Mongol MADE дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэхдээ үйлдвэрийн аргаар 50 хувийг, гар аргаар 50 хувийг үйлдвэрлэх замаар Монголын 1000 эмэгтэйг ажилтай, орлоготой болгоно. Нэг өрх айл сард Mongol MADE-ээс ердөө ганцхан ширхэг саван худалдаж авахад л тэдний нэг сарын борлуулалт хамгийн багаар нэг тэрбум төгрөгт хүрэх юм байна. Mongol MADE энэ мөнгийг мянган эмэгтэйгээр дамжуулан мянган өрх айлд хуваах инноваци-үйлдвэр-борлуулалтын системийг хоёр бүсгүй хамтран босгов. Б.Пунсалмаа энэ талаар “Би Mongol MADE-ээс өмнө оёдлын цех, эсгий урлалын цех ажиллуулсан. Гэхдээ яаж ч хичээгээд савангийн төсөл шиг ийм хурдан 1000 эмэгтэйд ажлын байр бий болгох ойрын боломж харагдаагүй. Бид төсөөлснөөсөө хамаагүй хурдан байлаа. Хамгийн багадаа мянган хүүхэд гоё саван хийдэг ээжээрээ бахархах цаг ирлээ шүү дээ” хэмээлээ.

“Эхлээд би гараанаас гурван бүтээгдэхүүнтэй гарахад хангалттай гэж үзсэн. Гэтэл Пунсаа “Үгүй ээ, бид 10-ыг гаргаж чадна” гэсэн. Би бас өнгө донжид нүдтэй учраас сав, баглаа боодлын дизайнаа хариуцах санаатай байлаа. Тэгтэл Пунсаа “Солонго оо, бид удахгүй дэлхийд гарна. Манай савангууд гадаадын лангуун дээр очно. Тиймээс хоёулаа тэр Шанэль, тэр Кристиан Диорыг гоёдог газарт нь дизайнаа даатгая, тэгэх үү” гэдэг юм. Тэр надаас асууж байхдаа л шийдвэрээ аль эрт гаргачихсан мэт тун итгэлтэй хэлсэн. Пунсаа намайг л зоригтой гэдэг ч өөрөө нэг л зориглочихвол түүнийг буцаах гэж оролдоод ч хэрэггүй хүн юм билээ. Ингээд л би урьд өмнө огтоос хутгалдаж байгаагүй үйлдвэрлэл гэдэг зүйл рүүгээ гүнзгий орчихсон. Шат дамжлага, бүхий л үйл явцын гүнд зогсож байсан. Хүн ажиллуулна гэдэг амаргүй юм билээ. Mongol MADE-д нэгдсэн үйлдвэрлэгчдийн нэг нь ч урьд өмнө өдөрт олон арван мянган ширхэгээр саван хийж үзээгүй. Бүх зүйл шинэхэн, өдөр бүр цоо шинэ сорилтуудтай тулгарч байгаа юм. Хамтран ажиллагч талуудын маань хувьд ч цоо шинэ тоо, цоо шинэ ачаалал байсан. Mongol MADE төсөөллөөсөө давсан, бидэнтэй хамт байсан бүхэн одоо ч шоокноосоо гараагүй байгаа”. 

“Солонго оо, юу болоод байна вэ? Хүмүүсээ ядраачих вий дээ. Ямар аймаар ажиллаж байна аа? Би эхэндээ юу болоод байгаад итгэж чадахгүй баярласандаа Солонгоогоосоо ингээд л асуудаг байсан. Бид хоёр одоо өөрсдийнхөө хийж байгаа бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг. Явж явж өөрсдөдөө, гэр бүлдээ зориулаад энэ бүхнийг хийчихсэн юм шиг. Энэ савангуудын орц найрлага ээж хүн хүүхдэдээ хоолыг нь бэлдэж байгаа юм шиг тийм няхуур нямбай бүтээгдсэн нь монгол эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн. Шилмэл бүтээлүүдийг нь бид эдийн засгийн эргэлтэд оруулж, эрүүл монгол хүний төлөө таван хошуу малынхаа шимт тос, тал дүүрэн ургадаг шид дэмтэй ургамлуудынхаа орцоор үйлдвэрлэлээ. Хүмүүс биднийг их мөнгөөр хийчихлээ гэх нь дуулддаг л юм. Ямар гоё төсөл вэ, яасан тансаг нээлтийн арга хэмжээ вэ, бүх саван чинь гоё юм аа гэж байна. Цаана нь мөнгөөр хийх боломжгүй нарийн чимхлүүр ажил байдаг. Солонгоо энгийн хүний таван жилийн ажлыг эхний зургаан сард зангидаж чадсан. Бид Монголын савангийн хэрэгцээг автомат үйлдвэр нэмээд өдөрт нь үйлдвэрлэж болох ч эмэгтэйчүүдийнхээ ажлын байрыг дэмжих үүднээс гар ажиллагааг зориуд байлгахаар төлөвлөсөн юм”. 

Б.Солонго савангийн маркетингийн тухайд “Би яг үнэндээ маркетингдаа яг таг анхаарч ер чадсангүй. Ядахнаа л пэйжээ 10 доллараар бүүстэлсэнгүй өнөөдрийг хүрлээ. Автомат үйлдвэр ашиглалтад орвол маркетингдаа анхаарч таарна. С.Сарантуяа доктор маань “Манай савангуудыг худалдаанд гарахад хүн авахгүй бол яана аа гээд нойр хүрдэггүй байсан” гэж ярьдаг юм. Манай ажилтнууд старт ап компанид ажилд ортол нүдэн дээр нь нөгөө савангийн төсөл нь амжилттай болчихсонд маш их урам зоригтой ажиллаж байгааг харахад надад үнэхээр таатай байна. Бид дотоодын зах зээлийнхээ эрэлтийг одоо гар аргаар үйлдвэрлээд давж чадахгүй чирэгдэж эхэлж байна. Удахгүй автомат үйлдвэрээ ашиглалтад оруулаад зүгшрүүлчихвэл ч... ” гэсэн. 

***

Mongol MADE-ийн гараа 2021: Гуравдугаар сарын 10

Б.Пунсалмаа, Б.Солонго хоёр Mongol MADE нэгдлээ үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэв.

2021 оны дөрөвдүгээр сар

Mongol MADE-ийн дэргэд биологи, хими, оюуны өмч, инновацийн чиглэлээр мэргэшсэн 5 эрдэмтнээс бүрдэх ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨХ БАГ байгуулагдав. 

2021 оны тавдугаар сар

Францын Messieurs агентлагтай сав баглаа боодлын дизайн дээр хамтран ажиллах гэрээ үзэглэв.

2021 оны зургаадугаар сар

Малын өөх тосыг 90 хувь цэвэршүүлж, ямааны тостой хүүхдийн савангаар үйлдвэрлэлээ эхлүүлэв. Үүний араас давирхайтай саван, хусны нүүрстэй саван, багваахайтай саван, гангатай саван, угаалгын шингэн, эдийн савангийн хөгжүүлэлт шил даран бэлэн болов.

2021 оны долдугаар сар

Дархан-Уул аймгийн Хонгор суманд анхны салбараа нээж, хусны нүүрстэй савангийн үйлдвэрлэлийг эхлүүлэв.

2021 оны наймдугаар сар

Хөдөө аж ахуйн их сургуультай бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

2021 оны есдүгээр сар

Гарааны 10 бүтээгдэхүүнээ харилцагчдын гарт хүргэж, супермаркетуудаар бүтээгдэхүүнүүдээ худалдаж эхлэв.

Mongol MADE нэгдэл нээлтийн ёслолоо хийв.

2021 оны аравдугаар сар

Монголд анх удаа НОГООН ОФФИС хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

2021 оны арван нэгдүгээр сар

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд салбараа нээв.

2021 оны арванхоёрдугаар сар

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “Ulaanbaatar Christmas Market 2021”-ийг РЦНК, UB Art Festival-тай хамтран зохион байгуулав.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт эрхэлсэн захирал Б.Сарантуяа “Монгол Улсын оны шилдэг эрдэмтэн”-ээр нэрлэгдэв. 

Ядаргаа тайлах адууны тос, уруул хамгаалагч тосны гурван иж бүрдэл худалдаанд гарав. 

***

Саван үйлдвэрлэлийн салбар шинэчлэгдсэн 2021 он 2022 онд шилжээд удаагүй байгаа энэ цаг үед бидний ярилцлага болж байна. Тэд энэ онд нийт 30 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортоо эхлүүлэхээр ид ажиллаж байна. Одоо тэднээс “Хоёр өөр салбарын хүн нэг бизнест хамтрах, тэр тусмаа өөр өөрийн ажил мэргэжлээр замнаж тус тусын амжилтад хүрсэн, өөртөө итгэлтэй бардам хоёр эмэгтэй хамтран ажиллахад хэцүү байв уу” гэж асуух мөч ирлээ. 

“Монголчууд бид бие биедээ итгэх хэрэгтэй. Пунсаа хэрэв надад эргэлзсэн бол би энд байхгүй, магадгүй Mongol MADE, бидний өмнө ойрхон харагдаж байгаа том зорилго ч байхгүй. Өөрийнхөө замаар урдах ажлаа хийгээд явж болох л байсан шүү дээ. Би ч бас Пунсаад итгэсэн. Одоо ингээд бодож байхад бидний төрж өссөн гэр бүлийн орчин, хүмүүжил төстэй байдлаас эхлээд ерөөлтэй тал байгаа ч хэн хэнийх нь хувь хүний ааш араншин, ашиг сонирхлын гор нь гарчихсан үе таарсан ч юм уу даа. Энэ нэгдлийг бий болгосон санаа, бизнесийн туршлага, хамтдаа эцсийг нь тултал хийх ажил гээд хамтрагчдаа хүндэтгэлтэй хандах олон шалтгаан надад бий”.

“Харилцан хүндэтгэл шүү дээ. Хэрэв би “Энэ чинь миний санаа, Солонгоогийн нэр илүү гарчих вий” гэдэг ч юм уу, өчүүхэн зан гаргавал 1000 эмэгтэйг ажлын байраар хангана, үндэсний үйлдвэрлэлийн нэгдэл босгоно, импортыг орлоно гэж анхнаасаа ярих бүү хэл бодох ч хэрэггүй. Бид хоёрын ажил ийм л юм. Өрсөлдөөнд бид нэгнээ унагадаг нь манай хөгжлийн нэг дүр төрх болсон байна. Бид хамтрагчид учраас итгэл, хүндлэлээ улам бат нот болгохын тулд өдөр тутмын үйл ажиллагаанд нэг л зарчимтай, нэг л соёлтой оролцох болдог. Жишээ нь, би Солонгоог хэрхэхийг мэдэж байсан ч заавал асууж зөвшилцөж байж чухал шийдвэрийг гаргах жишээний. Нийлж нэгдэнэ, хамтдаа илүү ихийг бүтээнэ гэдэг уг нь энгийнээс л эхэлдэг шиг санагддаг даа”. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
7
1
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэд 2022.01.26 64.119.26.62

Найз минь шинэ жилээр бэлэглэсэн их сайхан саван байна лээ. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжие.

0 Хариулах


hi 2022.01.26 192.82.66.25

Нэг авчихвал өөр саван авах тухай бодохоо больдог юм билээ. Сайн төсөл, гоё бүтээгдэхүүнүүд.

0 Хариулах


Zochin 2022.01.26 66.181.179.219

Amjilt 2oo

0 Хариулах


hi 2022.01.26 66.181.179.219

buteegdehuun ni goy bas bolomjiin unetei. mongol geheeree unetei bdag sonin jishgiig ugui hisen

0 Хариулах


seegii 2022.01.26 202.9.40.108

Ёстой мундаг ажилд нь амжилт хүсье та 2т

0 Хариулах