Ковидын халдвар нийслэлд 37 хувиар буурчээ
Засгийн газаргамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг энэ сарын 14-нд гаргаад буй билээ. Гэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна.
Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн дунд хүүхэд олон байгаа аж. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулж байгаа юм.
Коронавирусийн халдварыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг анхааруулж байна.