Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

И.Бодула: Ж.Лхагвын хувь чанар, гуниг нь хүртэл бүтээлээ гоо зүйтэй болгодог


 Зохиолч Б.Догмид нэгэнтээ "Лхагваагийн хорин настай, хонгор зүстэй байхдаа бичсэн "Толгодын цаана ингэ буйлна" жижигхэн ном гарсан тэр өдрөөс эхлэн дагаж дуурайж хошуурсан олон хүн байсан боловч ганц нь ч Лхагваа шиг өгүүллэг бичиж чадаагүй. Цаашдаа чадна гэдэгт ч би итгэдэггүй..." хэмээсэн нь бий. Энэ бол Монголын богино өгүүллэгийн нэрт мастер зохиолч, орчуулагч, сэтгүүлч Жагдалын Лхагвын тухай яриа юм.

 "Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ. Харин чи зун шиг голдуу л хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ..." хэмээн өгүүлэх "Бид хоёрын болзоо" шүлгээс нь эхлээд олон уран бүтээл нь түүнийг Монголын уран зохиолд томоохон байр суурьт өргөмжилдөг билээ.

“ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл - Ж.Лхагва” нэртэй эрдэм шинжилгээний хурал өчигдөр Хүүхдийн төв номын санд болох үеэр зохиолч Ж.Лхагвын зээ охин И.Бодулатай өвөөгийнх нь уран бүтээлийн талаар ярилцав. 

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн өвөөг тань “Ж.Лхагва Монголын уран зохиолын дал, наяад оны үзэгдэл байсан. Тэр хорвоогийн чулуунаас, нар саранд хүртэл сэтгэж чаддаг. Бичсэн өгүүллэгүүд нь “хүр хорхой” нэхсэн дорнын торго мэт...” хэмээн үнэлсэн байдаг. Харин та өвөөгийнхөө зохиол бүтээлүүдийг уншихдаа түүнийг өөртөө хэрхэн нээсэн бэ?

-Өвөө маань “Хулангийн тоос” нэртэй шүлгийн ном гаргаж байсан хэдий ч зохиолчийн найруулгын онцлог, дотоод чанар, бичлэгийн арга барил хамгийн их шингэсэн бүтээлүүд нь богино өгүүллэгийн төрөлд хамаардаг. Түүний эхэн үеийн зохиолууд  уран сайхны чамин дүрслэлтэй бөгөөд “би баатар” зүгээс тухайн мөч дэх агшин хормын үймрэл болоод баяр бахдалаар сэрж бичсэн байдал нь уншихад яруу найраглаг чанараар мэдрэгддэг учир “үргэлжилсэн үгийн яруу найраг” буюу “prose poem” гэж нэрлэгддэг төрөлтэй дүйцүүлж болохоор ажиглагддаг. Мөн зохиолчийн хувь чанар нь, гуниг нь хүртэл бүтээлээ гоо зүйтэй болгодог. Харин сүүл үеийн уран бүтээлүүдэд нь “Алаг чулуу”, “Атга чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” гэсэн номууд хамаарна. Тэрбээр “Манай говь нутагт эрдэнийн чулуу малын хөлөөр шаргиж, мана гартаамаар нохой чулуудаж байдаг билээ. Багадаа би хурганд явахдаа өнгийн чулуу түүж орой бүр нэгэн атга чулуутай ирдэг сэн. Алганы хөлстэй хэдэн чулууг минь аав, ээж, ахан дүүс дамжуулан үзэж “энэ нь хөөрхөн чулуу юм” гэж ганцыг нь ч болов тоовол маргааш дахиад чулуу түүхийн урам төрдөг сөн. Эдүгээ би амьдрал дундаас бодлын чулуу түүж явна…” гэж “Атга чулуу” номондоо бичсэн байдаг. Багадаа өнгийн чулуу түүдэг байсан шигээ хүмүүсээс гэгээн сайхныг нээж зохиол бүтээлдээ тусгасан байдал, чамин дүрслэлээр бус энгийн хүүрнэлээр далд ёжлолт агуулсан бүтээлүүд гэж санагддаг юм. Мөн хүний оршихуйг хожим газрын хөрснөө биднийг төлөөлөн ёрдойн хоцрох чулуудаар илэрхийлсэн болов уу гэсэн санаа “Сарны шороо”, “Цаст уулын чулуу” зэрэг өгүүллэгүүдээс нь мэдрэгддэг.

-Ж.Лхагва өдгөө Монголын утга зохиолд өөрсдийн байр суурийг хэдийн эзэлсэн шилдэг зохиолчдын нэгдэл болох “Дөмөн” бүлгэмийн гишүүн байсан билээ. Түүний найз нөхөд болоод утга зохиол судлаачид уран бүтээлийнх нь талаар тодорхойлсон байдлаас танд хамгийн бодитой санагддаг нь хэний ямар үнэлэлт байдаг вэ?

-“Эвэр” өгүүллэгийг нь хүн төрөлхтний гол эмгэнэл-буруугаа дэндүү хожуу ухаардаг аймшигт алдааны тухай хэмээж, дэлхийн уран зохиолын сонгодог өгүүллэгүүдтэй харьцуулан дүгнэсэн яруу найрагч Д.Урианхай гуайн бичвэр байдаг. Сүүлд яруу найрагч Б.Одгэрэл ахтай өвөөгийнхөө уран бүтээлийн талаар ярилцахад “Зарим зохиолд ёс зүйн түвшнээсээ болоод өгүүлж буй сэдэв нь заримд сайхан санагдах ба заримд ичгүүртэй санагдана. Ж.Лхагва гуай ичгүүртэй зүйлийг огт бахдал болгон бичдэггүй нь уншигчдад гоо зүйн таашаал өгч чаддаг нэг шинж чанар нь” хэмээн өгүүлсэнтэй нь би санал нэгддэг. Судалгааны хувьд Ч.Жачин ах зохиолчийн намтар, уран бүтээлийн товчоон, Монголын орчин үеийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг тодорхойлон эмхэтгэн бичиж “ХХ зууны Монгол зохиолчид” цувралын 59-р ботиор 2005 онд хэвлүүлсэн. Энэ бол өвөөгийн бүтээл, намтрын талаарх судлаачийн байр сууринаас хандсан эхний уран бүтээл байсан. Өчигдрийн эрдэм шинжилгээний хурлаар судлаач Ч.Жачин, Ч.Дагвадорж, Ц.Магсар, Ж.Саруулбуян, Г.Батсуурь, Ш.Баттөр, Томоко Ибүкүро, Б.Мөнх-Эрдэнэ, Д.Болормаа, Б.Мөнхбаяр, Ж.Ууганбаатар гээд олон судлаачид уран бүтээлийнх нь талаар өөрсдийн судалгаагаар илтгэл тавьж байгаагаас мөн эшилж дурдахуйц олон өгүүлэмжүүд бий болно байх аа.

Би нас барснаас нь хожим төрсөн болохоор уншигчийн зүгээс, илүү бодитоор сонирхож хандах гэдэг бөгөөд учиргүй уран сайхантайгаар хийсвэрлэж төсөөлдөггүй юм. Бага байхад эмээ маань өвөөгийн талаар надад ярихдаа хэзээ ч гунигтайгаар дурсдаггүй байсан. Шооч байдлыг нь дөвийлгөн, өөрийг нь болоод найз нөхдөө хэрхэн шоглож байсныг л ярьдаг байлаа.

-Зохиолч Ж.Лхагвын бичиж туурвисан уран бүтээлүүдээс өдгөөг хүртэл хэвлэгдээгүй үлдсэн бичвэр байдаг уу?

-Сайтар шүүвэл гар бичмэлээс нь ноорог бичвэрүүд олддог юм. Үүн дундаас миний олж байсан дараах шүлгийг онцолж байна.

* * *

Өндрөөс өндөр уул болохыг хүслээ.

Өндрөөс өндөр уул болохыг хүсэхдээ

Өөрөө тэнгэрт сүндэрлэх гэж ядаагүй

Өндрөөрөө бусдад гайхуулах гэж бодоогүй

Өндрөөс өндөр уул болохыг хүслээ.

Өвч оргилд минь хүмүүс авираад

Өөрөөс минь холыг хараасай гэсэндээ

Өндрөөс өндөр уул болохыг хүслээ.

-Орчуулгын бүтээлүүдээс нь онцгой сонин санагддаг нь аль нь вэ?

-Монголоос Украйн хэл рүү орчуулсан Д.Мягмар гуайн "Земля и я", Орос хэлнээс орчуулсан Р.Рождественскийн “Эргэх хорвоо”, Олжас Сулейменовын “Аргамаг”, Римма Казаковагийн “Хүүхэн заяа” шүлгийн түүврүүд болон Юрий Нагибины “Цэнгэг цөөрөм” өгүүллэгийн бүтээлүүдийг онцолъё. Тэр дундаа “Цэнгэг цөөрөм”-д багтсан “Цуурай”, “Хэл судалсан минь”, “Цэнгэг цөөрөм” гэх өгүүллэгүүдэд нь би их хайртай. Эдгээр өгүүллэгүүд өвөөгийн өөрийнх нь уран бүтээлүүддээ нээдэг сэтгэлийн илэрхийлэлтэй нь маш танил өгүүлэмжтэй санагддаг юм. Өчигдөр түүний 1960-аад оны сүүлээр орос хэлнээс орчуулж, 1974 онд хэвлүүлсэн “Японы яруу найраг” түүврийг шүүтгэн нягталж хоёр дахь удаагаа хэвлүүлсэн номоо эрдэм шинжилгээний хуралтай зэрэг нээлээ.

-Өвөөгийн тань эдэлж хэрэглэж байсан зүйлсээс одоо танд байдаг нандин өв бий юу?

-Надад байдгаас, Ван Гогийн тухай Орос хэл дээрх номыг өөрөө уншиж, дээр нь товч тэмдэглэл хөтөлсөн нь, яруу найрагч Нямбуугийн Нямдорж гуайн үг бичиж үлдээсэн “Хүн-чулуу” гэх ном зэрэг нь хадгалахад үнэ цэнтэй санагддаг. 

“Муу номны эзэн байх их сайхан юм. Хэдийд ч ямар ч дэлгүүрт ном нь байх. Бас хэн ч уншихгүй. Гэтэл чи авсан байх бас гайхалтай. Н.Нямдорж“

-Та өөрийн төсөөлөл дэх өвөөгийнхөө дүрийг дүрслэн өгүүлж болох уу?

-Би нас барснаас нь хожим төрсөн болохоор уншигчийн зүгээс, илүү бодитоор сонирхож хандах гэдэг бөгөөд учиргүй уран сайхантайгаар хийсвэрлэж төсөөлдөггүй юм. Бага байхад эмээ маань өвөөгийн талаар надад ярихдаа хэзээ ч гунигтайгаар дурсдаггүй байсан. Шооч байдлыг нь дөвийлгөн, өөрийг нь болоод найз нөхдөө хэрхэн шоглож байсныг л ярьдаг байлаа. С.Дашдооров гуайн зохиол “Их замын эхэнд” гэдэг киног зурагтаар гарч байхад өвөөгийн тоглосон хэсгийг дуудаж үзүүлэхэд нь угаасаа л марзан хүн гээд бодчихсон болохоор үзээд их инээд хүрч байсан юм. Тийм нүдэнд дулаахан зурагтай хүн урвагчийн дүрд (туслах дүр) тоглосон нь их сонирхолтой байсан. Харин дунд ангид байхаасаа өвөөгөө уянгын уран бүтээл туурвидаг байснаар нь таньж бага багаар бүтээлтэй нь нөхөрлөсөн. Мөн уран бүтээлийн талаарх үзэл бодол нь хоорондоо зөрчилдөхүйц хүмүүсийн нөхөрлөлийг холбодог хүн нь өвөө маань байсан гэж ярьцгаадаг. Үүнтэй холбоотой Л.Дашням ах мөн бидэнд илгээсэн дурсамж бичвэртээ “Шөрмөс тэнийлгэгч Ж.Лхагва” гэж нэрлэсэн нь бий. Ээжийн яриагаар, гэрийн цонх үргэлж цантай байдаг байж. Найз нөхөд нь тасралтгүй зочилж, эмээ үргэлж хоол цай хийж уур савссан айл байсан гэдэг. Өнгөрснийх нь дараа ээж,эмээ хоёр эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь хадгалсан нь ч ховор. Тэгэхээр хүн нь өөрийгөө их дөвийлгөн харуулдаггүй, дэндүү уужуу хүн байсан болов уу гэж санагддаг.

-Өчигдрийн эрдэм шинжилгээний хурлын үeэр "Ж.Лхагвааг унших урлан ба үргэлжилсэн үгийн яруу найраг" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Таны уг илтгэлдээ дэвшүүлсэн гол санаа юу байв?

-Түүний үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичсэн буюу богино өгүүллэгээс нь мэдрэгддэг яруу найргийг жишээ дурдан өгүүлэлдээ онцолсон юм. Миний хувьд, аливаа урлагийн бүтээл өөртөө хэр их яруу найраг агуулсан бэ гэдгээс хамааран уншигч, үзэгчдэд хүрдэг гэдэг ерөнхий санаатай санал нийлдэг билээ. Мөн өчигдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиолоо шүү дээ.

Ц.Магсар: Ж.Лхагвын богино өгүүллэгүүд хэчнээн сайхан билээ, яг тэр хэлээрээ  орчуулгын бүтээлээ туурвидаг 

Үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний хурлын үеэр “Жагдалын Лхагвын орчуулгад хийсэн зарим ажиглалт" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Магсартай ярилцлаа. 

Тэрбээр "Ж.Лхагва өөрөө бичиж туурвидаг учраас уран зохиолын гоо зүйн чанарыг аль болох алдагдуулахгүйгээр орчуулдаг. Мэргэжлийн орчуулагчдад заримдаа яруу найраглаг шинж дутагдах тал бий. Харин Ж.Лхагвын орчуулгад тийм зүйл байхгүй. Тэрбээр яруу найргийн авьяастай, тэр нь орчуулгын гоо зүйн чанарыг алдагдуулдаггүй. 

Ж.Лхагва бол утга санааг аль болох гээгдүүлэхгүй, харин ч баяжуулах, тодруулах зарчим барьдаг орчуулагч байжээ. Үүнд нь мэдээж эх хэлнийх нь мэдлэг боломж хэрэг болно. Түүний орчуулгад ерөөсөө Ж.Лхагвын л хэл байгаа шүү дээ.

Түүнчлэн Ж.Лхагва монгол хэл соёлын гүнзгий мэдлэгтэй зохиолч. Үүнийгээ орчуулгадаа гарамгай ашиглаж монгол хүний сэтгэхүй, ойлголтод нийцтэй болгож хөрвүүлсөн нь харагдаж байна. Тийм учраас түүний орчуулгын бүтээлүүдийг уншихад заримдаа монгол яруу найраг уншиж байгаа мэт санагдах болно. Үргэлжилсэн үгийн орчуулгадаа ашигласан үг, хэллэг ч бас монгол ахуй сэтгэлгээ талдаа. Ер нь зохиол бичихэд авьяас хэрэгтэй шиг уран сайхны орчуулга ч мөн авьяас шаардана. Ж.Лхагвын бичиж туурвих авьяас орчуулгад нь энд тэндгүй цухалздаг. Жишээ нь, шүлгийн бүтцийг орчуулгад хэрхэн баримтлах тал дээр орчуулагчийн авьяас л мэднэ. Хэрэв шүлгийн бүтцэд баригдвал яруу найраг орчуулах үйл бараг бүтэхгүй л дээ. Тэр болгон баригддаггүй юм. Энэ байдал Ж.Лхагвын орчуулгаас ч харагдах болно. Ц.Дамдинсүрэн гуай мөн баригдалгүй орчуулдаг байсан. Ж.Лхагва бол утга санааг аль болох гээгдүүлэхгүй, харин ч баяжуулах, тодруулах зарчим барьдаг орчуулагч байжээ. Үүнд нь мэдээж эх хэлнийх нь мэдлэг боломж хэрэг болно. Түүний орчуулгад ерөөсөө Ж.Лхагвын л хэл байгаа шүү дээ. Богино өгүүллэгүүд нь хичнээн сайхан билээ, тэр л хэл орчуулгын бүтээлүүдэд нь байдаг. Би түүний орчуулгуудыг гүйцэд сайн судалж амжсангүй. Тийм учраас яг тэр орчуулгын бүтээл нь хамгийн төгс гээд хэлчихвэл алдаж магад. Ю.Нагибиний “Цэнгэг цөөрөм” өгүүллэгийн түүвэр, Р.Роджественский, О.Сулемейнов, Р.Казакова нарын шүлгийг сайн орчуулсныг онцлох нь зүй болов уу..." хэмээн өгүүлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
7
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.