Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хувийн мэдээллийн үнэ цэнийг мэддэг хүмүүсийн хэрэгжүүлдэг 6 ДАДАЛ


Хувийн мэдээлэл өнөө цагийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болоод байна. "Ердөө л нэг зураг, утасны дугаар шүү дээ" гэж бодож байвал тийм биш юм. Учир нь, интернэтэд нэгэнт цацагдсан мэдээлэл хэзээ ч устдаггүй бөгөөд үүнийг хэн, хэзээ ашиглаж ямар хохирол учруулахыг таашгүй юм. Иймд хувийн мэдээллийнхээ аюулгүй байдал, нууцлалыг баталгаажуулах нь юу юунаас чухал болжээ. Юун түрүүнд

  • Мэдээллийн нууцлал (Information privacy)
  • Мэдээллийн аюулгүй байдал (Information security) гэдэг нь хоёр өөр ойлголт юм.

Аюулгүй байдал гэдэг нь таны мэдээлэлд нэвтрэх гэсэн гадны оролдлогоос хамгаалах зорилготой үйлдэл юм. Тухайлбал, таны зээлийн картын дугаарыг хулгайлах, дансыг тань хакердахаас сэргийлэх нь аюулгүй байдлын хүрээнд авч буй арга хэмжээ. Харин таны онлайн орчинд хийсэн үйлдлийг мөрдөх, цуглуулсан мэдээллээ эргээд зар сурталчилгаа гэх мэт танд нөлөөлөх зорилгоор ашиглахаас сэргийлэх нь мэдээллийн нууцлалтай холбоотой.

Хамгийн чухал гэж бодсон мэдээллээсээ эхлэх

Сошиал сүлжээ, технологи өндөр хөгжсөн өнөө үед нэг хүний хэрэглэдэг сошиал медиа хаяг, аппликэйшний тоо хязгааргүй болсон тул тэдгээрийг нэг бүрчлэн хамгаалах нь төвөгтэй байж мэднэ. Иймд эхлээд дараах асуултыг өөрөөсөө асууж, танд хамгийн чухал мэдээллийг түрүүлж хамгаалах нь зөв юм. 

  • Би ямар мэдээллээ хамгаалахыг хүсэж байна вэ? (Жишээ нь: Интернэт банкны мэдээлэл)
  • Эдгээр мэдээллийг хэнээс хамгаалахыг хүсэж байна вэ? (Цахим залилагчдаас)
  • Мэдээллээ алдсан тохиолдолд үүсэж болох хамгийн муу үр дагавар юу байж болох вэ? (Дансан дахь мөнгөө алдана)
  • Энэ мэдээллийг хамгаалах шаардлага бий юу? (Шаардлагатай)
  • Байгаа бол одоогийн хамгаалалтаа яаж сайжруулж болох вэ? (Банкин дахь бүртгэлтэй мэдээллээ шинэчлэх, нууц үгээ сайжруулах, давхар нууцлалыг идэвхжүүлэх гэх мэт)

Эдгээр асуултад хариулсныхаа дараа та юунаас эхлэх хэрэгтэйгээ мэдэх болно.   

Сошиал хаягуудынхаа нууцлалыг сайжруулах

Аюулгүй байдлыг нь тогтмол баталгаажуулах шаардлагатай өөр нэг чухал хэсэг бол бидний өдөр тутам ашигладаг фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг сошиал хаягууд юм. Хэрэв хэн нэг этгээд таны хаяг руу нэвтэрсэн тохиолдолд утасны дугаар, мэйл хаяг, амьдардаг газар, хувийн чат гэх мэт эмзэг мэдээллээс гадна таны гэр бүл, найз нөхдийн талаарх мэдээллийг ч хялбархан олж авах эрсдэл үүснэ. Тиймээс дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. 

  • Хаяг тус бүр дээрээ дахин давтагдаагүй, өвөрмөц нууц үг ашиглах: Хүмүүс " хаягаа хакердуулчихлаа" гэж ярьдаг боловч ихэнх тохиолдолд хакердах бус таны ашигладаг нууц үг таахад амархан эсвэл нэг нууц үгийг өөр өөр хаягуудад ашигласнаас болж ийнхүү эрсдэлд орсон байдаг. Тиймээс юун түрүүнд сошиал хаяг тус бүр дээрээ дахин давтагдаагүй, том, жижиг үсэг, тоо, тэмдэгт холилдсон өвөрмөц нууц үг ашиглаж эхэл. 
  • Давхар нууцлалыг идэвхжүүлэх: Үүний дараа 2FA (two-factor authentication) хэмээх давхар нууцлалыг идэвхжүүлээрэй. Google, фэйсбүүк, твиттер зэрэг томоохон платформууд тухайн хэрэглэгч мөн гэдгийг баталгаажуулахын тулд хоёр шатлалт нэвтрэлтийг ашигладаг Жишээ нь, та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс өөрийнхөө фэйсбүүк рүү нэвтрэх шаардлагатай болжээ гэж төсөөлье. Мэдээж хэрэг та эхлээд хэрэглэгчийн нэрээ бичээд нууц үгээ оруулна. Хоёрдугаарт, фэйсбүүкээс таны бүртгэлтэй газар утас руу 6 оронтой код явуулах бөгөөд үүнийг 30 секундын дотор оруулснаар хаяг руугаа нэвтрэх боломжтой юм. Үүнийг 2FA гэдэг.

Луйварчдын урхинд орохгүй байх 

Итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайлган үйлдэж, түүгээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуурч авах оролдлогыг фишинг (phishing) гэдэг. Үүний хамгийн түгээмэл хэлбэр бол "Та хэдэн хүүхэдтэй болох вэ", "Та урьд насандаа хэн байсан бэ" гэх мэт олон нийтийн сүлжээнд байршуулдаг сонирхолтой мэдээ, сонжоо, тоглоомын мэдээллийг дэлгэрүүлэн үзэх холбоос юм. Мэдээллийг авахын тулд хүмүүс тухайн холбоосоор нэвтэрч, дараагийн сайт руу дамжин ордог. Уг сайт нь гэмт этгээдүүдийн зохиосон хуурамч сайт байх ба холбоосоор нэвтэрсний дараа танаас фэйсбүүкийн нэр, нууц үгийг нэхэж, хэрэглэгчид ч хэлснээр нь гүйцэтгэдэг байна. Ингэж хуурамч сайт таны оруулсан нэр, нууц үгийг автоматаар хадгалж авдаг аж. Иймд аливаа вэб сайт болон системд фэйсбүүк хаягаар нэвтэрснээр таны бүхий л мэдээлэл тухайн сайтад бүртгэгдэнэ гэдгийг санаж, баталгаагүй холбоосоор дарж орохоос зайлсхийгээрэй.

Найдваргүй аппликэйшнийг устгаж оронд нь браузер хэрэглэх

Хэрэглэгчидтэй холбоотой мэдээлэл ямар ч түүхий эд, бүтээгдэхүүнээс өндөр үнээр худалдаалагддаг болсон. Тиймээс хүмүүсийн тэр бүр анзаардаггүй, санаанд оромгүй аргаар хувийн мэдээллийг цуглуулж, хийсэн үйлдлийг нь мөшгөдөг болсныг санах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ нь, аппликэйшн юм. Найдваргүй аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар утсан дахь мэдээллүүдээ алдах эрсдэлтэй. Тиймээс хэрэгцээгүй олон аппликэйшнийг утаснаасаа устгаж, шаардлагатай тохиолдолд интернэт браузер ашиглах нь аюул багатай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.  

Хувийн чатаа хамгаалах 

Мэдээллийн нууцлалтай холбоотой бас нэг асуудал бол мессеж, хувийн чат юм. Аюулгүй байдлаа хангах үүднээс Signal, WhatsApp гэх мэт “End-to-end encryption” шифрлэлт ашигладаг аппликэйшнийг сонгоорой. “End-to-end encryption” гэдэг нь хоёр хүний хоорондоо бичсэн чатыг зөвхөн тэр хоёр хүн л унших боломжтой байдлаар шифрлэж дамжуулахыг хэлдэг. Гэхдээ энэ нууцлал нь таны бичсэн мессежийн агуулгыг хамгаалахаас биш мета өгөгдлийг хамгаалдаггүйг санах хэрэгтэй. Үүнийг шуудангаар илгээсэн захидалтай адилтгаж болно. Захидалд юу бичигдсэнийг мэдэхгүй ч хэнээс хэнд, хэзээ, хаанаас илгээсэн бэ гэдэг мета өгөгдлийг мэдэх боломжтой гэсэн үг.

Түүнчлэн аппликэйшнийг ямар компани эзэмшдэгийг бодолцох хэрэгтэй. Жишээ нь, WhatsApp-ийг Фэйсбүүк компани эзэмшдэг тул утсан дахь мэдээллээ WhatsApp-тай хуваалцах нь Фэйсбүүкт давхар мэдээллээ өгч байгаагаас өөрцгүй. 

iPhone-ийн iMessages нь мөн “End-to-end encryption” нууцлалтай учраас зөвхөн iOS үйлдлийн системтэй хэрэглэгчид л хоорондоо iMessages илгээж болдог. Харин нууцлалаараа хамгийн сайн гэгддэг Signal нь iOS, андройд үйлдлийн системтэй хэрэглэгчид рүү аль алин руу нь мессеж илгээж болдгоороо давуу юм. 

Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх

Мэдээллээ алдаж, цахим гэмт хэргийн хохирогч болсон ихэнх тохиолдолд хүмүүс санамсаргүй байдлаар хувийн мэдээллээ дэлгэснээс үүдсэн байдаг. Тухайлбал, бэлэн мөнгө өгөх, азтан тодруулах, онлайн бараа, бүтээгдэхүүн захиалах нэрийн дор хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах зорилготой залилан хамгийн түгээмэл. Иймд фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээнд ямар нэгэн байдлаар дансны дугаар, картын мэдээлэл, зургийг оруулахаас болгоомжил. Хакерууд дансны дугаар, кредит картын мэдээллийн тусламжтай залилан, их хэмжээний худалдан авалт хийх боломжийг үргэлж сүвэгчилж байдгийг мартаж болохгүй. 

Ерөөс гар утасны дугаар, и-мэйл, регистрийн дугаар, банкны данс, гэрийн хаяг, хурууны хээ, сошиал хаяг, байршил, чат гээд тантай холбогдох бүхий л мэдээлэл нь таны өмч бөгөөд хувийн нууц юм. Эдгээр мэдээллийг амаар болон хувийн чат, и-мэйл гээд ямар ч хэлбэрээр бусадтай хуваалцах ёсгүй. 


“Дашрамд дурдахад, Юнител групп цахим орчинд хувийн мэдээллээ нууцлах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар хэрэглэгч, олон нийтийг уриалсан “Нууцаа нууцал” аяныг эхлүүлээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
12 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
16 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.