Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Цаснаар унших 12 шүлэг


Цас лавшран орох ийм гэгээн өдөр тийм ч олон тохиохгүй. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн бичсэнчлэн "Цас болгон өөр өөр будардгийг" анзаарвал бүр ч онцгой мэдрэмжээр хурцлагдаж байгаа биз ээ. Тиймээс цаснаар унших 12 шүлгийг онцолж байна.

#1 Яруу найрагч Ц.Гончиг

Яавал аав нь чам шиг

Жирийн цас будрахад

Гүн ухаантан мэт гайхашрах вэ?

Яавал аав нь чам шиг

Жижигхэн алганыхаа ард

Бүгдээс нуугдаж чадах вэ?

Яавал аав нь чам шиг

Тогтоол усыг гутлаараа туучаад

Бороо... бороо гэж хөөрцөглөх вэ?

Яавал аав нь чам шиг.

Толь мэт нуурын мандлыг заагаад

Тэнгэр... тэнгэр гэж нэрлэх вэ?

Яавал аав нь чам шиг

Чиний мэддэг үгээр

Яруу найраг мэт ярьж сурах вэ? 

#2 Яруу найрагч Ц.Доржсэмбэ

Эндхийн өвөл их удаан өнгөрдөг

Урт наслаарай гэдэг ерөөлийн

Уйтгартайг би тэгэхэд л мэдэрдэг.

.........................................

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Тэрнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодлогоширсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч цас бударсаар л байна

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Тэрнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодлогоширсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна.

#3 Яруу найрагч Д.Нямсүрэн

Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билиг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан шүхэрт” ном болно...

#4 Яруу найрагч Т.Амар-Амгалан

Цас орж байна

Чи бид хоёр зөрөх шиг

Чи өөрөөсөө намайг нуух шиг

Ичих шиг, хүсэх шиг

Иргүй хутгаар бугуйгаа зүсэх шиг

Цас орж байна

Цас орж байна.

Нэг хаалгаар бид хоёр өглөө бүр гарах шиг

Нэвсийтэл энд цас орж байна.

-Цас орж байна

Тэнгэр дээрх хүмүүс 

Гуталаа арчаад 

Гэр рүүгээ орж байна.

Чи бидэн хоёр 

Ирээдүй цаг руу сая дөнгөж үсэрсэн

Чи ингээд миний урд нас

Би чиний хойд нас боллоо.

Уйлах гэхээр хацар дулаацах гээд

Уйлж чадахгүй, инээж зүрхлэхгүй ээ

Урдаас тосоогүй,

Тэнгэрээс угтах олон салаа

харгуй л үргэлжлэнэ.

Тэнгэрээс над руу зурайсан

-тэмдэггүй гудамжны аль нэг рүү

Өгсөөд, эсвэл уруудаад очвол

Энэ цастай тэнгэрийн цаад үзүүрт

Энүүхэн хоёр өвлийн өмнөх

Чи бидэн хоёрын доглолууд

Хэвээрээ болов уу?

Өглөө эртлэн босоод

Хүмүүсээс урьтаж үүдээ шүүрдэх дээ

Хүнийрэхүү зан гаргаж

Чинийхээ мөрийг шүүрдэж л таараа даа

Цас орж байна

Цас орж байна.

#5 Яруу найрагч Л.Өлзийтөгс

Цас болгон өөр өөр будардгийг

Цаг мөч бүхэн үхэл байдгийг

Анзаарахын тулд би арван жил үхэв.

Зовлон гэдэг дотор минь байдгийг

Зовно гэдэг л амьдрал болохыг

Анзаарахын тулд би арван жил төөрөв.

Торгоны өнгөнд илч нь байдаггүйг

Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг

Анзаарахын тулд би арван жил сохров.

Хүснэ гэдэг л там болохыг

Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг

Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв.

Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ

Орхихын тулд одоо зуун жил хэрэгтэй..

#6 Яруу найрагч Г.Хашбаатар

Цас ороод дуусчихсан уу

"Цас" романаа уншаад дуусгачихсан уу

Би цас байсан ч болоосой

Ном байсан ч болоосой.

Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад

Биедээ баймгүй хүчээр

чи минь сүх өргөнө үү

Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд

Энэ л холд би биеэ зүхэн сууна.

Зун цагийн сүр бардам халгайнд

Зорьж очих шувуу ч үгүй үзэгддэг.

Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ

Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй.

Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар

Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар

Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд

Дүүжин ор ганцаар салхинд савлах

Өвлөөр

Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,

Эгнэт хайртай бүхнээ

Санах нь хатуу, нулимс зөөлөн, цас шиг будрах би.

Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?

Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?

Би сүх байсан ч болоосой

Гал байсан ч болоосой.

#7 Яруу найрагч Я.Баяраа

Будрах цасны гэгээнд алхахуй 

Бусдын зовлон 

Надад хамаагүй...

#8 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа

Ялимгүйхэн гунигтай цас орж байна

Яагаад ч би инээж чадахгүй нээ

Энэ л агшин хамгийн үнэтэй тул

Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна

Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд

Яруухан хайлж одох ч гэлээ

Яг ингээд зогсолтгүй бударч ахуйдаа

Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас!

Үүлнээс тасарсан бяцхан амь

Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг

Алган дээр минь буун хайлна, будран хайлна

Ай, би яг одоо л инээмсэглэж чадахгүй нээ...

#9 Яруу найрагч Б.Батзаяа

Хөр цасан дээгүүр залхуутай алхах 

хөгшин эр юунаас залхсан гээч? 

дөчин таван жилийн турш өөрчлөгдөж буй эхнэрээрээ 

хоёр тэнэг хүүгээсээ 

дөрөвдүгээр сарын энэ бүүдгэр тэнгэрээс 

хэнд ч хэрэггүй зөнөг гэж өөрийг нь боддог 

хэтэрхий залуу, бас ухаантай хүмүүсээс 

хиймэл шүднээсээ, цаг хугацаа—нам гүмээс 

оршуулгын газар нуугдсан нэрсээс 

одоо хүртэл амьд байгаа заримаас нь...

Цасан дээгүүр залхуутай алхах 

хөгшин эр юунаас залхаагүйг мэдэх үү? 

цаг хугацаа—хиймэл шүд, нам гүмээс 

хоёр хүүдээ нэг юм ойлгуулж үлдээх тухай 

дөчин жилийн турш өөрчлөгдөөгүй бодлоосоо 

хоосон бас жихүүн 

дөрөвдүгээр сарын бүүдгэр тэнгэрээс 

оршуулгын газар нуугдсан нэрс 

одоо хүртэл харж буй нүднүүд—амлалтуудаасаа 

ирж яваа аз жаргалтай өдрүүд 

итгэл найдвар, амар амгалан 

энэ бүх учир утгагүй хүлээлтээс...

Хүйтэн цас гишгэлэн залхуутай алхах 

хөгшин аялагч эрээс 

дурсамж гэж юу болохыг асуувал 

“Чи мэдэхгүй гэж үү? Нэг тийм, нулимс шиг 

дулаахан зүйл байдаг юм” гээд 

инээвхийлэх вий.

#10 Яруу найрагч О.Элбэгтөгс

Үүлсийн цаана наран шургачихаад
Үүрд эрхшээх мэт тэнгэр бүүдийнэ
Үүд тогших шиг сэтгэл үймрэвч
Үүрэглэх хотыг цасан бүүвэйлнэ

Ийн ховсч цаг хугацааг зориод
Имрэхийн төдийд ус болон урсана
Бидний амьдрал ч гэсэн ялгаагүй ээ
Биелж амилахаасаа өмнө мартагдах л зүүд шүү дээ.

#11 Яруу найрагч Л.Энх-Амгалан

...Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа

Хэл сураггүй халихад минь

Хэзээ хойно үгүйлэхгүй

Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа.

#12 Яруу найрагч Х.Нямхишиг

Тусдаа унасан цас
Нийлж хайлах хавраар
Тусдаа төрсөн хүмүүс
Нийлж архидах цэцэрлэгт

Улаалзай үнэртэнэ.

Тухалж суусан эмгэн
Хөзөр тоглох сон гэж
Туйлын их хүсэмжлээд
Хөвгүүдэд нүд унагана.

Улаалзай үнэртэнэ.

Улаалзай ургасан болохоор
Улаалзай үнэртэж буй ч
Улаалзай ургаагүй байхад
Улаалзай үнэртэм хавар!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.