Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхэд нас, айдсын тухай зохиолч Стивен Кингийн ярилцлага


Аймшгийн зохиолын "хаан" гэгддэг нэрт зохиолч Стивен Кингийн 1989 онд сэтгүүлч Томас Смитэд өгсөн товчхон ярилцлагыг хүргэж байна. 

Стивен Кинг:

Нэг өдөр би алхаж яваад тав орчим насны охин гудманд суугаад ганцаараа ярьж байхыг харсан юм. Бөөн тоос тортог болчихсон тэр охин шороон дунд суугаад үл үзэгдэх найзуудтайгаа тоглох шиг газар дээр саваагаар элдвийг зуран хөгжилдөж байв. Хэрэв би түүн шиг сууж байсан бол хүмүүс галзуу солиотой амьтан харсан мэт гайхан харна даа. Хөгшин эр ганцаараа яриад, шороон дээр зураад л? Гэвч би яг л тэр охин шиг ажил хийж, хүмүүс түүнийг минь уншихын төлөө мөнгө төлдөг. 

Хүүхэд насны тухай би хоёр зүйлийг тунчиг гайхшран сониучирхдаг юм. Зөвхөн өөрийн дүрмээр зохион бий болгодог нууцлаг ертөнцийг хүүхдүүд л бүтээж чадах тухай, удаах нь хүүхэд байхдаа зовлон зүдгүүртэй хүнд бэрх амьдралын тухай, ер нь хүүхэд байхын тухай мартчихдаг тухай нь...

Та өөрийн бичдэг ад зэтгэр, аймшгийн дүрүүдийн талаар хүүхэд байхдаа туулж мэдрэв үү, эсвэл аймшгийн зүйлст үнэхээр дуртайдаа юу? 

Үүнийг би өөрөө ч гайхдаг юм аа. Хүмүүс яагаад миний хүүхэд насны тухай асуугаад байдаг юм бол оо? Би хүүхэд насны тухай бичдэг ч өөрөө үнэхээр сонин содон хүүхэд настай байсан гэж хэлж чадахгүй нь. Хүмүүсийн бодлоо бол ийм аймар, аймшигтай зүйлс зохион бичдэг хүн бодвол аймар л хүүхэд нас туулсан байх ёстой юм байх. 

Хүмүүс хүүхэд насныхаа тухай тэр бүр санадаггүй шүү дээ. Олон хүн аймшигтай дурсамжаа албаар мартаж, өөртөө мартагнуулахыг ч хичээдэг. Ямартай ч бид хүүхэд байхдаа юмсыг арай өөрөөр хардаг байсан нь тодорхой. Шулуун зураасаар бус эргэн тойрноор нь дугуйлан сэтгэх гэх үү дээ. Хүүхдийн хувьд нэг цэгээс нөгөөд хүрэх зай нь шулуун нэг зураас биш дүүрэн эрээлжилсэн зураасууд байдаг. Төсөөлөл, мөрөөдөл, бодол нь тэр юм шүү дээ. Бид хүүхэд насны бодол мөрөөдлөө яг л зүүд мэт мартчихдаг ч оюуны мухарт хадгалагдсаар л байдгийг анзаардаггүй. Би хүүхэд нас, ер бусын хүч чадал, элдэв жигтэй зүйлсийг холбон бичдэг төдий. 

Та айдсын тухай бодлоо хуваалцаач? 

Бид хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэг, ядаж л бүдүүн баараг гадарладаг учраас үхлийн тухайх аймшгийн зохиол бүтээлээс айн жийрхдэг. Үхэл хүн бүрийг хүлээж буй. Ямар ч жир бусын элемент бүхий жир бусын түүх бүтээлийг бид үзэхэд хоёр салаагаар ойлгодог. Оюун ухааны хувьд тэр нь хий төсөөлөл, байж боломгүй зүйл, хэзээ ч биелэхээргүй мөрөөсөл төдий. Харин дотоод ухамсрын хувьд тухайн зүйлд дуртай дургүйгээс үл хамааран бэлгэдлийн үүрэгтэй буюу мэддэг зүйлийг нь гарган дэлгэсэн байдаг. Бидний хувьд харь жигтэй харагдаж буй тэр зүйл төсөөллийн хаа нэгтээ оршин буй хэрэг. Хүний өөрийнх нь ч мэдээгүй тэр жир бус мэдрэмжийг ил гарган бичсэн зохиол бүтээл амжилт олдог. Жишээ нь "Grand Guigniol" аймшгийн түүхээс бид айдаг нь хараахан нүдээр хараагүй ч байсан л зүйлийг ил гаргасан нь юм.

Айх нь тэгэхээр томчуудын л мэдрэмж мэт? 

Айдас төрүүлж буй зүйлийг хийсвэрлэл гэж ойлгох уу, байдаг л мэдрэмж гэж ойлгох уу гэдэг нь хүний сонголт. Хэт их айдас биднийг сохолж орхидог. Том болохын хэрээр айхад суралцдаг. Жаахан хүүхдүүд аймар зүйлсийг мэдэхгүй учир сониуч зандаа хөтлөгдөн халуун тогоо барин авах, хутгаар тоглоход ч бэлэн байдаг бол нас нэмэхийн хэрээр сониуч зан нь айдас болон хувирсаар байдаг. Айдас уран төсөөллөөс бий болох нь бий ч, хэт их айдас уран төсөөлөх чадварыг мохоож орхино. Уран зохиолын хувьд, айдас төрүүлэм бүтээл хүний дотор өөрийнх нь ч мэдэлгүй оршсоор буй чанаруудыг нь ил гаргахуй юм. 

Эх сурвалж: Blankonblank

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.