Стифен Көрри плей-оффт 500 удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн анхны сагсан бөмбөгчин боллоо
"Голден Стэйт Уарриорс" баг плей-оффын цувралын дөрөв дэх тоглолтдоо 101:98 харьцаатайгаар хожсоноор "Мемфис Гриззлис"-ийг 3:1-ээр тэргүүлж эхлэв. Уг тоглолтод 32 оноо авсан Стифен Көрри плей-оффын тоглолтуудад 500 удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн анхны сагсан бөмбөгчин болсон юм. Түүний энэхүү оргил амжилттай хамгийн ойр байгаа нь Леброн Жеймсийн плей-оффт гурван онооны шидэлтийг 432 удаа гүйцэтгэсэн үзүүлэлт билээ.
Мөн Стифен Көрри өнөөдрийн тоглолтод NBA-гийн домогт тайлбарлагч Крэйг Сагер агсанд хүндэтгэл үзүүлж, 2016 онд сүүлчийн ярилцлагынхаа үеэр өмссөн костюм, зангианаас нь санаа авч бүтээсэн "Curry 9" тусгай загварын пүүзийг өмсөж тоглов. Энэхүү пүүзээ тоглолтын дараа дуудлага худалдаагаар зарж, бүх орлогыг "Sager Strong" санд хандивлах юм.