Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ub.life-ийн түүхүүд | Ганцаардлаа хуваалцсан 10 бяцхан түүх


Үгээр хэлэмгүй ганцаардаж, шархалж, орхигдож, хагацаж, сэтгэл хоосорч, холдон явах үе... Хүн бүхэн ганцаардалтай өөр өөрөөр учирдаг ч нэгэн ижлээр зүрх шархиран өвдөж, шаналдаг байх. Бусдад хэлж, өөртөө ч ойлгуулж чадахгүй ганцаардлын мэдрэмжийн тухай доорх бяцхан түүхүүд эгэл энгийнээр өгүүлнэ. Өнөөдөр юу ч болсон, бидэнд маргааш бий... 


#1 Өөрчлөлт заримдаа үнэхээр хэцүү байдаг

Би их сургуульдаа шилжин орсон эхний жил үнэхээр тусгаарлагдсан гэхэд болно. Том болсон хойноо шинэ хүрээлэл дунд ороод уусаж чадахгүй балмагдаж, найз нөхөдтэй болж ч чадахгүй үргэлж ганцаардана. Эргэн тойрныхон бүгд хэн нэгэнтэй найзалдаг, үерхдэг, уулздаг, болздог. Яагаад ч юм цаанаасаа л намайг л хэн ч тоохгүй мэт бодлууд төрнө. Бүх амьдрал нэгэн хэвийн өнгөрч, заримдаа сургууль дээрээ хэнтэй ч юу ч ярилгүй өдрийг өнгөрөөнө. Өдрийн турш ганцаардаж, орой гэртээ очоод гэрийнхэнтэйгээ үг солихдоо л өөрийнхөө хоолойг сонсдог байв. Гэхдээ яваандаа би өөртөө ганцаараа ч тухтай байж сурсан. Заавал бусадтай найзлах гээд хичээх бус өөрийгөө багахан нээлттэй байлгахад л санаа нийлэх сайхан найзууд гарч ирдэг болохыг би ойлгосон. Ганцаараа өнгөрүүлсэн өдөр хоногтоо одоо харамсдаггүй ээ.

18 настай

 #2 Би гурван найзын гурав дахь нь ... 

Хамгийн сайн хоёр найз маань надаас илүү өөр хоорондоо илүү дотно болохыг мэдрэх үнэхээр сэтгэл өвтгөм байсан. Надаас нууцаар хоёулаа уулзаж, илүү хувийн зүйлсээ ярилцдаг... Тэд хоёулаа надаас илүү хөөрхөн, илүү нэр хүндтэй, хөвгүүд тэдэнд илүү сайн ханддаг болохоор байнга өөрийгөө харьцуулж гутарна. Нэг хүний хувьд ч болов, чухал хүн гэдгээ мэдрэхийг би хүссэн. Одоо ч хүссээр л байгаа. Өөрийгөө илүү их хайрлаж, бусдаас хүлээлгүй өөртөө өгч сурмаар байна. 

19 настай

#3 Бурхан гэж байдаг бол надад туслаач

Сүүлийн 6 сарын хугацаанд хамгийн сайн найзууд маань бүгд сошиал дээрээ үерхлээ зарлан "in a relationship" хийсэн. Тэдний өмнөөс баяртай байгаа ч өөрийн эрхгүй ганцаардах юм. Магадгүй би ч бас үерхэж байсан бол юмс өөрөөр мэдрэгдэх байх. Гэвч яг л энэ ганцаардсан үед минь хань татах найзууд минь бүгд үерхээд, намайг тоох завгүй байгаа бололтой. Бурхан гэж байдаг бол намайг ойлгох хэн нэгнийг өгөөч гэж гуйхсан. Нөхөрлөл, хайр сэтгэл, дотны харилцааг хүн бүхэн хүртэх эрхтэй биш гэж үү? 

21 настай

#4 Инстаграм ба орхигдсон мэдрэмж

Саяхан би гэртээ сууж байгаад инстаграмаа шалгасан юм. Стори гүйлгэхэд миний эргэн тойрныхон, найзууд, танилууд минь үдэшлэгт цуглаад цагийг их хөгжилтэй өнгөрүүлж буйг харсан. Гэвч намайг хэн ч уриагүй төдийгүй, бүр хэн ч хэлээгүй шүү дээ. Гайхаж, тэднээр дутахгүй гэж өөртөө хэлсэн ч үнэн сэтгэлдээ маш их ганцаардсан мэдрэмж авсан. Тэдний сториг үзээгүй л бол би хэзээ ч тэдэнд хэрэггүй хүн гэдгээ мэдрэхгүй байсан! 

24 настай

#5 Хамгийн аз жаргалтай гэр бүлтэй болно. Тэгээд тэр гэрт хэн ч уйлахгүй... 

Гэр бүлийн хамгийн аз жаргалтай баяр... Гэхдээ л би дандаа ганцаарддаг. Аав өнгөрч, ээж архинд орох болсноос хойш шинэ жил бүрийг уйлан өнгөрөөдөг болсон. Одоо том болоод тэдний асуудлыг өөрөөсөө холдуулах гэж хичээж байна. Гэвч хүүхэд насны хамгийн жаргалтай үеэ хамгийн муухай хар өнгөөр будуулсан дурсамжаа үргэлж тээх байх. Хамгийн аз жаргалтай гэр бүлтэй болноо, би. Тэгээд тэр гэрт хэн ч уйлахгүй... 

27 настай

#6 Бороонд дуртай байсан ч одоо үзэн яддаг болсон


 Аав гэртээ ганцаараа байхдаа харваад, эмнэлэгт яаралтай хүргүүлсэн юм. Харин би ажлаасаа гарахад бороо орж байсан болохоор зам маш их түгжирч, нэлээн удаж очсон. Намайг очтол аав минь аль хэдийн амьсгал хураачихсан байсан... Үнэхээр тэнгэр хөмрөх шиг зүрх шархирч, одоо бороо орох бүрт аав минь намайг ямар их хүлээсэн нь бодогдон бороог үзэн яддаг болсон. Хэзээ нэгэн цагт харамсахаа больж, өөрийгөө уучлах л байх. Гэвч одоо яагаад ч чадахгүй нь.

28 настай

#7 Гэртээ ганцаараа... 

Залуу байхад гэрийнхэн, найзууд, танилууд, хамт олон гээд л олны дунд амьдардаг гал цогтой хүн явж дээ. Харин тэтгэвэрт гараад гэртээ суух болсноос хойш хаа нэг хүмүүс утсаар ярина уу л гэхээс уулзаж учрах нь ховор болжээ. Дөрвөн хананы дунд ганцаараа л байхаар эрхгүй ганцаардах юм. Гэлээ гээд яалтай билээ, хүүхдүүд бүгд ажил төрөл, өөрсдийн гэр бүлтэй... Ээждээ хайртайг нь мэддэг ч, хааяа ч болов намайг ганцаардаж буйг минь ойлгож хань болдог ч болоосой гэж хүсэх юм даа. 

64 настай

#8 Үнэхээр надад хайртай л гэж бодсон. Тэгээд хайрласан.. 

Түүнтэй танилцаад, ярилцаад, дурласан хавар. Түүнээс дараах аз жаргалтай хаврууд. Харин одоо түүнийг мартах гэж хичээсэн ч чадахгүй хавар. Хайртай гэж итгэсэндээ эрүүл ухаанаар бодит байдлыг харж чадахаа больж, өөрийгөө үнэнч байгааг л хангалттай гэж үзсэндээ түүний үнэнч эсэхт нэг удаа ч эргэлзэж үзээгүй ухаангүй дурлал. Өөрөө л хайрлаад байвал намайг орхихгүй гэж итгэсэн гэнэн сэтгэл. Би хайртай ч, тэр надад хайргүй гэдгийг мэдээгүй явсан даа. Хайргүй л болчихвол нэгэндээ шууд хэлж байгаарай. Хэнийг ч бүү сэтгэлийг нь хүлээлтээр дүүргээсэй гэж хүсэхгүй байна. 

33 настай

#9 Хэзээ миний ээлж ирэх вэ? 

Саяхан миний танил хос хоёр хуримласан юм. 25 ба 30 настай. Ямар ч залуухан, ямар ч сайхан тогтуун амьдралтай гээч! Болохгүйг нь мэдсээр байж өөрийгөө харьцуулж, өдий 45-тай өөрийгөө зүхсэн. Би л болохгүй, би л хангалтгүй, би л хайрлагдах эрхгүй мэт маш их ганцаардаж байна. Хайртай учирвал хайрлаж чадахаа мэдэх атал, өөртөө дүүрэн итгэж байвч тэр "хэн нэгэн" хэзээ ч гарч ирэхгүй бол би яана аа? 

45 настай 

#10 Зүгээр л дуулаад бай

Анхны ажилдаа ороод удаагүй, ганцаараа амьдарч эхлэхэд санхүүгийн ч, сэтгэл зүйн ч бэрхшээл цөөнгүй. Гэртээ ганцаараа хоосон хана ширтсээр үхчихвэл хэн ч намайг олохгүй, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж хааяа төрнө. Ганцаардлаа үргээх гэсэндээ өөртөө дуу дуулна. Гунигтай санагдвал зүгээр л дуулаад бай гэж өөртөө хэлнэ. Ганцаараа байх, ганцаардах өөр өөр мэдрэмж шүү дээ. Өөрөө өөртэйгөө ч сэтгэл дүүрэн байж сурмаар байна. Хэцүү байна. Гэхдээ давах л ёстой байх даа. 

20 настай

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
1
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.