Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”


Рэкэтчид хэвлэлийн хурал зарладаг, түүнийг нь үдэш гэр бүлээрээ хүлээн авч үзээд хүлцэнгүй нойрсдог бурангуй улс оронд бид амьдарч байна. “Монголчууд эрт дээр үеэс сахилгагүй хүүхдүүдийг ташуураар хүмүүжүүлж байсан учраас оросуудын тусыг мартсан Э.Бат-Үүл нарыг дараагийн удаа ташуурдана” хэмээсэн Х.Бээжингийн заналхийллийг зарим хэвлэл олон нийтэд дамжууллаа. Үгэнд орохгүй бол, бодол санаа таарахгүй бол бусдын эрх чөлөө, эрүүл мэндийг хохироож болдог гэх агуулга нэвт харгис мессэж бүхий мэдээг олон эцэг эх хүүхдүүдийнхээ хамт телевизийн нэгэн сувгаар хүлээн авсан. Зэрэгцэн цацсан олон суваг байсан. Өдгөө мэдээллийн олон сайтын нүүр хуудсаас монгол цамцныхаа энгэрийг задгайлсан монгол эр хүн ташуур гозойлгон цээж түхэлзүүлэн суугаа зургийг харж болно. 

Зодно, цохино гэх айлган сүрдүүлгийг мэдээ мөн гэж үзэн нийгэмд цацах нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын сонголт боловч тэдгээр редакцын ёс зүйг илтгэх чухал хэмжүүр юм. Бусдын биед халдан түрэмгийлэх, хүчирхийлэл үйлдэхээ ил цагаан хэлж, заналхийлж байгаа этгээдэд хуулийн ямар ч хариуцлага хүлээлгэхгүй эрх чөлөөтэй үлдээлээ. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө муйхар мулгуу хүнтэй үг сөрж амь хохирвол хохь чинь гэсэн “үзэл бодлыг” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хууль сахиулах байгууллага ийнхүү олон нийтэд тулган сурталчлав.   

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна. Нийгмийн харилцааг зохицуулах гэж ийм хуулийн заалтыг нийтээр нь адил тэгш дагаж мөрдүүлэхээр баталжээ. Энэ хуулийн дээрх заалтын үг үсэгт мөргөх үйл явдал эзэн биетэйгээ тодорлоо. Гэтэл хууль сахиулагчид шалгахгүй, заналхийлэл мөн, эсэхийг тогтоохгүй байгаа нь ойлгомжгүй байна.

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин өмнө нь олон удаагийн үйлдлээр бусдаас эд хөрөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй гэвэл хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулах мэдээлэл тараахаар сүрдүүлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниас 78 сая төгрөг дарамтлан авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар 2019 оны аравдугаар сард яллагдагчаар татагдаж, хоёр жилийн ял авсан нь шүүхийн шийдвэрийн shuukh.mn сайтад байна. 

Одоогоос есөн сарын өмнө “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат мөн хэвлэлийн хурал хийж, “No Naadam” жагсаалд оролцсон хүмүүсийг олж эрэмдэглэнэ" гэж заналхийлж байлаа. Тэрээр 2007 онд хүний амийг буудаж хөнөөсөн хэргээр 25 жилийн ял сонсон шоронд ял эдэлж байгаад 2017 онд суллагдсанаасаа хойш хүчирхийлэл, харгислалыг мэдээллийн хэрэгслүүдээр нэг бус удаа нийгэмд сурталчилсан ч түүнд хууль үйлчлээгүй. 

Хонхэрээд Б.Энхбат ял эдэлж байх 2012 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ер нь улс төр гэдэг өөрөө бохир тоглоом. Улстөрчид бээлийгүй бол улс төрөө хийж чаддаггүй. Бээлий болдог хүмүүс нь мань мэт шиг хүмүүс байдаг юм. Би бол Н.Энхбаярын бүлгийн л бээлий байсан байхгүй юу. Тухайлбал Н.Энхбаяртай хамтарч ажилладаг хүмүүстэй би дамжуулж ажилладаг ч байсан байж болно гэсэн үг” хэмээн өгүүлж байв. Н.Энхбаярыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеэс шадарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нь Төрийн ордон дахь өрөөгөөр нь дуртай цагтаа зочилж асан цөөн хүмүүсийн нэг Хонхэрээд Б.Энхбат Монгол Улсын Төрийн тэргүүнд “бээлийн” үүрэг гүйцэтгэдэг байснаа илэн далангүй ярьсан нь энэ. Сайнаар хэлбэл, үндэсний үзэлт, зоригт, бүтээлч эр гэх Б.Энхбат өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч мөн нөхөрлөдөг гэдгийг МАН-ынхан ярьдаг. 

Уул уурхайн компаниудыг рэкэтлэж амь зуудаг Х.Бээжингийн хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлгийн “бээлий” гэж ойлгож болох баримтууд хэвлэлээр болон олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Тэрээр өмнө нь уул уурхайн компаниудыг заналхийлж байсан бол өдгөө Украины эсрэг явуулж буй Оросын бодлогыг дэмжин, эсрэг байр суурь илэрхийлэгчдийг ташуурдахаа зарлалаа. Заналхийллээр мэргэшсэн хүмүүс томоохон улстөрчийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан хамгаалах, өрсөлдөгч тал руу нь эрслэн дайрах зорилгоор дэргэд нь албан бус бүлэг, бүлгэмийн зохион байгуулалтад орж ажилладаг нь нууц биш болжээ. Тэдний онцлог нь зөвхөн өөрсдийгөө эх оронч, үндэсний үзэл санааны төлөө тэмцэж байгаа хэмээн цээжээ дэлдэн зөвтгөж, өөр үзэл бодолтой хүмүүсийг эх орон, тусгаар тогтнолын эсрэг хэмээн цоллож хэт экстрим байр суурийг эзэлдэг. Тэнэг мулгуу хүнтэй тэрсэж бүү марга гэдэгчлэн ташуур атгасан улаан галзуутай хэрхэн харилцвал зохих вэ.  

Заналхийллийн хэрэгцээ шаардлага манай томоохон улстөрчдөд байсаар иржээ. Заналхийллийг улс төр захиалсаар байх нь ч тодорхой харагдаж байна. Хуульгүй, дүрэмгүй, ёс зүйгүйгээр нийгмийг журамлах энэ төрлийн тэмцлийг хэвлэлийнхэн цаашид олон нийтэд түгээсээр байх бололтой. Тэгэхээр ийм төрлийн мэдээллийнхээ нэгээхэн буланд “Рэкэтчид мэдээлж байна” гэсэн шошго зүүж хэвшихгүй бол гэртээ телевиз асаахаас айж ичиж байна. Улстөрчид яахаас ч сийхгүй, хүн алахаас ч буцахгүй нөхдийг рэкэтчинээр сонгодог бол иргэдэд тэднийг сонсохгүй, уншихгүй, үзэхгүй байх эрх бий.

С.Цогтбаярын зургийг ашиглав.

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
2022.06.15
Авторын булан: Улстөрчдийн ухсан нүхэнд сэтгүүлч, цагдаа хоёр унасаар байх уу
2
2022.06.04
'Turning points' сурвалжилга | Хөдөөгийн сайхан талд зорино
3
2022.05.28
Turning Points | "Зовлонгийн хатан хаан" ярилцлага
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.