Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Д.Маралгоо: Аавын зохиолуудад говийн хүмүүс, тэдний аж байдал дүрслэгдсэн байдаг


Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан жирэлзэнэ” хэмээн бичсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровыг “Говийн өндөр” роман, “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо”, “Оосор бүчгүй орчлон” өгүүллэг, “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл”, “Нар хиртсэн жил” кино зохиол, “Амарсанаа” дуурь, “Мартагдашгүй намар” болон “Хөдөөгийн баясгалан” киноны дуу, “Монгол” найраглал, “Сэргэлэн багачууд” хүүхдийн зохиол зэрэг туурвил зүйн бүхий л төрлөөр бичсэн олон зохиол бүтээлээр нь уншигчид таних биз ээ. Түүний зохиол бүтээлүүдийг Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр “Нүүдэлч малчин монголчуудын уран зохиолыг шимтэн судалдаг юм гэхэд ухааных нь шигшүүрт гарцаагүй тээглэх хүн бол Сормууниршийн Дашдооров” хэмээн үнэлжээ. Харин утга зохиол судлаач Ч.Билигсайхан “Арван хөрөг” номдоо “Уншигч олны хайр итгэлийг С.Дашдооров зохиолч бүрэн даах хүн” гэж тодорхойлсон нь бий. Ингээд зохиолч С.Дашдооров агсаны охин Д.Маралгоотой ярилцлаа.

-“С.Дашдооров гуай ярьдаг байсан юм, бид бага насаа мартдаггүй учраас л зохиолч болдог гэж” хэмээн зохиолч Д.Энхболд ярилцлагадаа дурдсан байна лээ. С.Дашдооров гуай хүүхэд насныхаа дурдатгалаас өөрийн зохиол бүтээлдээ оруулсан нь бий юу?

-Зарим зохиолдоо амьдралынхаа түүхээс оруулсан байдаг. Аав маань нямбай хүн л дээ. 1940-өөд оны бага сургуулийн журналаа хүртэл хадгалсан нь бий. Хүүхэд насных нь дурсамжид үлдсэн нутаг усны нь хүмүүс, үйл явдлууд түүний зохиолуудаас илэрдэг. “Тэнгэрийн дуун” өгүүллэгт долоон настай хүү эжийтэйгээ хоёулахнаа гэртээ үлдээд байхад нь тэнгэр дуугарч, бороо ордог билээ. Эжий нь хүүдээ хандан “Эр хүн чинь хашхирч байдаг юм биш үү! Тэнгэрийн дуу, чоно хоёр эр хүний дуунаас айдаг юм” гэдэг. Нөгөө хүү “Хашхирч тэнгэрийн дууг зайлуулъя” гэж бодоод хамаг чангаараа хашхираад байдаг шүү дээ. Энэ түүх өөрийнх нь бага насны дурсамжтай холбоотой. Тэгээд ч дурсамжаараа сүлж бичсэн зохиол олон байдаг юм. “Хас өвгөний гэмт хэрэг”, “Хөдөөгийн мөнгөн сар” өгүүллэгүүдийн гол дүрээс адуунд хайртай өвөөгийн маань (Сормууниршийн) дүр харагддаг.

-“Амин хууч” номд нь хэвлэгдсэн “Өөрийн учир” тэмдэглэлдээ “Манай нутгийнхан “Говийн өндөр” романы зарим баатруудыг тэр, энэ гэж ярьцгаадаг юм билээ. Уг нь таних мэдэх хүний дүр, араншингаас ямар нэг хувь хүртээсэн нь үнэн атугай ч гол нь бодож зохиосон дүрүүд билээ” гэж бичсэн байдаг санагдаж байна?

-Тодорхой дүрийг бүтээхдээ түүнд олон хүний шинж байдлыг эвлүүлж оруулдаг байсан болов уу. Ингэхдээ ямар нэгэн бодит хүнийг бүрэн хуулбарлан бичдэггүй онцлогтой. Аавын маань зохиол бүтээлүүдэд дандаа л говийн хүмүүс, тэдний аж байдал дүрслэгдсэн байдаг. Аавынхаа зохиолуудыг уншихад тухайн дүрийн шинж байдлаас хэний дүр, зан араншингаас хувь хүртээсэн нь ерөнхийдөө танигдах үе бий. 

-Зохиолчдын бичиж туурвих арга барил өөр хоорондоо ялгаатай байдаг. С.Дашдооров гуай зохиол бүтээлээ хэрхэн бичдэг байв, нарийн төлөвлөгөө гаргадаг байсан уу? 

-Маш удаан бодно. Дээшээ харж юм бодоод л хэвтээд байна. Хүүхэд байхад ээж маань “Аав нь зохиолоо бодож байна шүү. Дуу чимээгээ аядаарай” гэдэг байв. Хэд хоног юу ч хийхгүй хэвтэж байснаа гэнэт нэг өдөр босоод зохиолоо бичнэ. Тэр өдөр андашгүй л дээ. Цэмцийгээд л, сахал үсээ авч ширээнийхээ ард суусныхаа хойно зогсолтгүй бичнэ. Харин нэгэнт бичсэндээ засвар маш бага оруулдаг. Хэсэг зүйл бичсэнээ болиод, урж шидээд байдаггүй. Шүлгийн санаа гэсэн тэмдэглэлүүд зөндөө бий. Тэдгээр нь дэвтрийн ар тал, эмийн жор гээд цаас л олдвол нэг, хоёр мөр гялс тэмдэглэсэн зүйлс байдаг. Улмаар тэрхүү нооргуудаас нь хожим сайн шүлэг болсон нь ч бий.

-“Ном сайн уншиж, зохиолын үйл явдлыг мэдэхийн сацуу зохиолчийн “уран дархны” ажлыг мэдэрч ухаарахыг хичээх хэрэгтэй. Гол нь багаасаа өнгөц уншлагаас л хөндий байж сурвал сайн зам” хэмээн ярилцлагадаа өчсөн байдаг. Ер нь С.Дашдооров гуай номыг хэрхэн уншдаг байв?

-Аав маань маш их уншдаг байсан. Орос, монгол хэлээр номууд уншина. Харин ээж маань англи хэлний орчуулагч байлаа. Уран зохиолд дуртай. Залуудаа Д.Гомбожав, М.Цэдэндорж зэрэг зохиолчидтой нөхөрлөж явсан. Өөрөө шүлэг бичих гэж оролдохоос гадна С.Эрдэнэ зэрэг зохиолчдын зохиолоос англи хэл рүү орчуулж байсан. Тийм болохоор аав, ээж хоёр ном уншихдаа хоорондоо их ярилцана, бие биеэсээ түүнийг юу гэдэг билээ гээд үг хэллэг асууна. Багадаа тийн ярилцахыг нь сонссоор “Номыг ингэж уншдаг юм байна” гэсэн төсөөлөл тогтчихож байгаа юм. Аав деталийг ихэд чухалчилдаг. Өөрийн зохиол бүтээлүүддээ ч деталийг их анхаарна. Мөн санаа давтагдахгүй байх ёстой гэж үздэг байв. Тэр хоёр кино үзсэн ч хоорондоо ярилцана. Тэгэхдээ жижигхэн хэсгүүдийг нь олзолж хардаг. Ааваас “Ямар ном унших вэ” гэж асуудаг байсан л даа. Тэгтэл нэгэнтээ “Хүний сэтгэлийг баян болгох ном чухал” гэж хариулж байв. Харин “Чи энийг унш” гэж номын нэр цохож хэлэхгүй л дээ. Багадаа номын тавиураа ангилж, хайртай номуудаа нэг хэсэгт нь ялгаж өрдөг байлаа. Дуусаад харахад миний сонгосон зохиолууд аавын тавиур дээрх номуудаас өөр болчихсон байдаг. Тэрийг хараад их гайхна. Уг нь аав бид хоёрын тавиур дээрх номууд ижилхэн байвал түүгээр шалтаглан баярлаж, хөөрөх хүсэлтэй байв. Тухайн зохиолын эхлэлээс л дүрүүдийнх нь сайн, муу тодорхой улмаар цаашид зөвхөн тэр хоёрын дунд тэмцэл өрнөдөг номыг уншихаас аль болох хөндий байж сурахыг л аав надад сануулдаг байлаа. Хүнд сайн ч, муу ч тал байдаг. Яагаад тэр дүр тийм байдалд ороод муу тал нь илүү давамгайлж тийм үйлдэл хийхэд хүргэчихэв үү гэдэг шалтгааныг бодогдуулах ном л чухал. “Энэ дүр анхнаасаа л муу хүн байсан. Зохиолын муу дүр нь үхчихлээ, ашгүй дээ” гэсэн бодлоор номыг уншдаггүй байгаасай гэж хүсдэг байсан болов уу. 

Дармын Батбаяр гуай “Та нар аавынхаа зохиол, бүтээлүүдийг судалгааны эргэлтэд сайн оруулах ёстой. Хожим говийн нүүдэлчид гэж ямар хүмүүс байсан юм бэ гэж хайх аваас С.Дашдооровын зохиолыг л барих болно” гэж захиж байсан

-Деталийг чухалчилдаг зохиолч гэхээр Набоков санаанд бууж байна. Тэрбээр “Жижиг деталиудыг анхаар. Тэнгэрлэг деталиуд!” хэмээн лекцийнхээ үеэр оюутнуудад хандан хэлж байсан тухай Жон Апдэйк бичсэн байдаг шүү дээ?

-“Нар хиртсэн жил” киноны зураг авалтын үеэр аав найруулагчтай хамт байсан юм. Гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёр гүйдэг хэсэг бий. Тэр зургийг авах үед найруулагч нь жүжигчдийг гуталтай гүйлгэсэн юм билээ. Гэтэл аав “Тайлуулчих. Шилбийг нь гарга” хэмээн хэлж жүжигчдийг ахин хөл нүцгэн гүйлгэж зураг авсан гэж байсан. Бүсгүйн хөл шилбэ нь гарчихсан дэрвээд гүйж байгаа нь тал дунд дэгдэж яваа согоо мэт харагддаг. Дармын Батбаяр гуай үүнийг надад ярьж өгөхдөө “Мундаг деталь шүү” гэж билээ. Үүнийг омголон, залуу насны илэрхийлэл төдийгүй мөн монгол эмэгтэйн үзэсгэлэнг харуулах нэг деталь гэж үздэг байсантай нь холбоотой. Иймэрхүү жижиг хэрнээ олон шигтгээ деталиудыг зохиол бүтээлдээ оруулах дуртай байжээ. 

-1984 онд С.Дашдооров гуай зохиолыг нь бичиж, Р.Доржпалам гуай найруулсан “Саруул талын ерөөл” киноны зохиол анхандаа өөр байсан гэдэг. Тэр бүрий өөрчлөлтүүдийг хүмүүс нарийн мэдэхгүй тул та энэ талаар тодруулж өгөөч?

-Аав маань зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх хоёрыг ихэд хүндэлж, хоёуланг нь монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч хэмээн зэрэгцүүлэн үздэг байв. Д.Нацагдоржийн амьдралын түүхийг үнэн бодитоор дэлгэцнээ хөрвүүлэхийг мөрөөдөн “Саруул талын ерөөл” кино зохиолыг бичихдээ анх бодит түүхийг баримталж бичсэн юм. Нэлээн ч сайн судалсан юм билээ. Гэхдээ тухайн цаг үед кино хийхэд олон дарга нарын шат дамжлагатай урьдчилсан үзлэгээр орж, үзвэр бүрийн дараа засвар оруулдаг байж. Харин тэрхүү киног баталдаг нөхөд мэргэжлийн хүмүүс биш. “Саруул талын ерөөл” киног хийхийн тулд хэрхэн үзэл суртлын шалгуур даваан дунд уран бүтээлчид шаналж байсан тухай тус киноны оператор Б.Балжинням гуайн тэмдэглэж үлдээсэн гар бичмэл байдаг юм.Тухайлбал, нэг дарга найруулагчид “Та миний өгсөн засварыг оруулсан биз дээ” гэсэн байгаа юм. “Та ямар засвар өгсөн билээ” гэхэд “Би бичиж өгсөн шүү дээ” хэмээн хариулсан аж. Гэтэл тэр дарга үнэндээ юу ч бичиж өгөөгүй хэрнээ зүгээр л хүнд сурталдаж буй хэрэг байжээ. Зарим нь киноны эхний хувилбарыг үзээд “Энэ кино хэтэрхий үнэн байна” гэж хүртэл шүүмжилсэн байгаа юм. Киноны эхний хувилбарт Нацагдорж хилсээр хэрэгт татагдаж, эхнэр нь салж одсон тухай, бас архинд орж харамсалтайгаар амиа алдсаныг үзүүлж байсан ч үзэл суртлын олон арван шат дамжсан үзлэгийн дараа Нацагдоржийн амьдралын түүхийг дардан сайхан байсан мэт болгож харуулсан кино болж хувирсан аж. Ийнхүү анхны санаж бодож хийсэн бүтээл хэдэн дарга нар, үзэл суртлын улмаас өөрчлөгдөж, “саарал бүтээл”-ийн тоонд зүй ёсоор орсон тухай Б. Балжинням гуай ихэд харуусаж бичсэн байдаг. Аав маань “Саруул талын ерөөл” киног гарах бүрт үзэхээс бэрхшээж, гутарч харамсаж суудаг байсан. 

-Ер нь С.Дашдооров гуай зохиол бүтээлүүдээ завсар оруулаагүй хувилбараар нь хэвлүүлж байсан уу? 

-Аав маань зарим зохиолоо хэвлэгдсэний дараа өөрөө гараараа засвар оруулсан байдаг. Тухайлбал 1973 онд хэвлэгдсэн “Айлын хүүхэн Алигэрмаа” номон дахь “Айлын хүүхэн Алигэрмаа”, “Өндөр эжий” туужуудад өөрийн гараар зассан хэсгүүд бий. Тэгэхээр зохиолч номоо хэвлэгдсэний хойно ч дутмаг зүйл бий эсэхийг анзаарч, хянадаг байж. Бид эхлээд “Өндөр эжий” туужийг дангаар нь хэвлэж байгаа. Ингэхдээ аавынхаа хожим гараар зассан хэсгийг оруулсан. Энэ тууж анх Цог сэтгүүлд хэвлэгдэж байсан ч “Айлын хүүхэн Алигэрмаа”-д орсон хувилбартай харьцуулж харахад Догоо эмгэн хотод ирээд үхэрт өвс идүүлдэг хэсэг орхигдсон зэргээр хоорондоо зөрүүтэй байна лээ. Бас “Өндөр эжий” туужийг бичсэн түүхээ “Яргуй” сэтгүүлд нийтлүүлснийг нь хавсарч оруулна. Сануулахад, киноных нь нэр “Өндөр ээж”, харин туужийнх “Өндөр эжий” билээ. Мөн “Монгол” найраглалаа хожим зассан. Тухайн цаг үеийн үзэл суртал ханхалсан хэсгүүдээ зассан байдаг.

-Зохиолчийн “Элдэв учрал”, “Бидний хорвоо” номуудад хэвлэгдсэн бодит дурсамж, тэмдэглэлүүдийг гар бичмэлүүдээр нь баяжуулж “Амин хууч” номыг өнгөрсөн жил хэвлүүлсэн. С.Дашдооров гуай дотно нөхдийнхөө аман хууч яриануудыг хэрхэн цуглуулж, хадгалдаг байсан юм бэ?

-Аав маань ой санамж сайтай хүн байсан болохоор санаж яваа түүхүүдээ шууд бичсэн нь нэлээн бий болов уу. Аавын 1950-иад оноос хойш хөтөлж ирсэн тэмдэглэлийн дэвтрүүд нь бий. Бас өөрийнхөө уригдаж очиж байсан үзвэр, арга хэмжээний урилга сэлтийг хадгалж байдаг. Эдгээр бүх тэмдэглэл зэрэг нь өмнөх үйл явдлыг сануулах сэжим болдог болов уу. 

Нобелийн шагналд нэр дэвшүүлэхэд “Говийн өндөр” романыг онцгойлон дурдсан ч уг роман англи хэлээр хэвлэгдэж байгаагүй болохоор өрнийн орныхонд танигдаагүй. Ер нь монголын зохиолуудыг англи хэл зэрэг өрний хэл рүү аль болох олноор нь орчуулах шаардлагатай юм билээ.

-“Бууж мордох хорвоо” тэргүүт зохиол бүтээлүүдийг нь уншихад хөдөөгийн ахуйн дүрслэлээр баян, монгол хүний философийг мэдэрч, нээж бичсэн байдал ажиглагддаг. Ер нь С.Дашдооров гуайн зохиол бүтээлүүдээс судлаачдын нээсэн хамгийн олзуурхмаар ололт юу байна вэ?

-Дармын Батбаяр гуай “Та нар аавынхаа зохиол, бүтээлүүдийг судалгааны эргэлтэд сайн оруулах ёстой. Нүүдэлчид олон. Гэхдээ говийн нүүдэлчдийн онцлог, амьдралын хэв загвар, хүнийх нь мөн чанар, ярианых нь онцлогийг өгүүлж бичсэн хүн бол ганц С.Дашдооров шүү. Цаашид ч ийм зохиолч төрөхгүй байх. Яагаад гэвэл говийн нүүдэлчдийн язгуурын шинж чанар өөрчлөгдөж байна. Энэ шинжээрээ судлагдахуун болох ёстой. Хожим говийн нүүдэлчид гэж ямар хүмүүс байсан юм бэ гэж хайх аваас С.Дашдооровын зохиолыг л барих болно” гэж захиж байсан. 2016 онд С.Дашдооровын уран бүтээл судлалаар уралдаан зарлахад судлаачид сонирхолтой нээлтүүдийг эрэлхийлсэн бичвэрүүдээ ирүүлж байв. Тухайлбал, утга зохиол судлаач П.Батхуяг “Бууж мордох хорвоо” өгүүллэгийг задлан шинжлэхдээ “Баримтаар бол Ангаа өвгөний дүрийг их ойрхноос босгожээ. Ердөө зохиолчийн аав байжээ. “Дал хүрсэн болов уу гэмээр өвгөн. Тэгсэн хэр нь сая хөдөөнөөс ирэхийнхээ өмнө дөрвөн эмнэг тэмээ сургалаа гэж юман чинээ санахгүй өгүүлж суусан сан” гэсэн зохиолчийн аав Сормууниршийн талаар мэдээлэл байна. Тэгвэл “Бууж мордох хорвоо” өгүүллэгт Ангаа өвгөнийг “Дал хүрч байхдаа л эмнэг тэмээ сургаад явж байсан юм шүү” хэмээх ганц өгүүлбэр буй. Мэдээж тэр цагт дал хүрсэн өвгөд эмнэг тэмээ бүгдээрээ сургадаг байсан нь ховор ҮЗЭГДЭЛ болоод л энэ хоёр / С.Дашдооров, Д.Батбаяр / говийн хүмүүс их онцлон бичээд байгаа юм шүү дээ? Тэгэхээр ямар нэгэн учир холбогдол нь шалтгаандаа байна. Ангаа өвгөний эх дүр Сормуунирш байх шалтгаан, байхгүйгээсээ бараг 100 дахин магадлалтай юм...” хэмээх таамгийг дэвшүүлсэн нь тун сонирхолтой. Мөн судлаач Х.Чойдогжамц “Зохиолч С.Дашдооровын бүтээлүүдэд шинээр хандахуй” өгүүлэлдээ “Холын цэнхэр уулс” туужийг гештальт сэтгэц заслаар шинжилсэн байдаг. Тэрбээр “С.Дашдооровын зохиолын нэрнээс авахуулаад үг, өгүүлбэр бүхэнд монгол амьдрал ухаарал шигтгээ мэт гялалздаг. “Хөх өвсний хөл”, “Морин жим”, “Тэнгэрийн дуун”, “Энх улирал ханхлахад” зэрэг гарчгийг нь тайлж ухахаас эхлүүлэн язгуурын танивар дохио агуулсан цараатай бүтээлүүд бий...” гэх буюу мөн “С.Дашдооровын “өндөр сэтгэлтэй” зохиолууд буугаад л мордох хорвоод бид хэчнээн зүйлийг биендээ тайлбарлах өртэй явцгаадгийг ихээ өндөр дээрээс нүүдэлчдийн сэтгэлийн чинад нүүдэл шингэсэн, нүнжиг оршсон их ухаарлаар “зэмлээд” байх шиг гунигтайхан мэдрэмжийг өгөх юм...” хэмээн сонирхолтой нээлтүүдийг хийсэн. Мөн аавын зохиолуудад монгол ёс заншлын элементүүд их байдаг. Жишээлбэл, “Өндөр эжий” туужид Догоо эмээ өглөө цайны дээжээ өргөхийн өмнө үс гэзгээ янзлаад, дээлийнхээ энгэр захыг засдаг. Энд монгол хүн цайны дээжээ өргөхдөө өөрийгөө цэмцгэр байлгадаг заншлыг өгүүлжээ. Японоос утга зохиолын төрлөөр Кавабата Ясүнарид анх Нобелийн шагнал олгох үед түүнийг япон хүмүүсийн сэтгэлгээний мөн чанарыг өндөр мэдрэмжтэйгээр өгүүлсэн бүтээл туурвисан гэдгийг онцолсон байдаг. Түүнтэй адил шинжийг “Говийн өндөр”, “Бууж мордох хорвоо”, “Хатан Туулын ус” зэрэг зохиол бүтээлээс анзаарч болох юм. 

-Зарим зохиолчид утга зохиолын бүх л төрлөөр бүтээл туурвидаг ч хожим цаг хугацааны шалгуурт тунаж үлдэх нь ховор байдаг. Тэгтэл С.Дашдооров гуайн яруу найргаас нь ч сайхан мөрүүдийг нээж, хүүрнэл хийгээд кино, жүжиг, дуурь, хүүхдийн зохиолуудаас нь ч сайн туурвил олоод уншчихаж болно. Энэ шинжээрээ үнэхээр ховор зохиолч байж дээ?

-Аав маань ямар нэгэн бичлэгийн төрөлд баригдалгүй бүх л талаар өөрийгөө сорьж, хөгжүүлж явсан. Шүлэг, роман, тууж, өгүүллэг, кино, жүжиг, дуурь гээд жанр бүрээр л бүтээл гаргасан. Уйгагүй хөдөлмөрч, нэг зүйлд өөрийгөө бариад байхгүй, шинэ зүйлийг зоригтой хийж байжээ. Аавд ардын уран зохиолч цол олгох үед ерөнхийлөгч уран зохиолын бүхий л төрөл жанраар олны сэтгэлд шингэсэн бүтээл туурвисныг онцолж хэлэхэд нь өөрөө тун олзуурхаж байсан. Би ямар учраас ийм цол авав гэдгээ дотроо үнэлж дүгнэхэд өөрт нь сэтгэл хүрэх зүйл байх хэрэгтэй юм болов уу. Магадгүй олон төрөл жанраар уншигчдад хүрсэн бүтээл гаргасан байгааг нь үнэлсэнд ихэд баярласан байх. 

-Аавыг тань Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан юм билээ. Энэ тухай тодруулж өгөөч?

-1996 онд төвдөч Д.Ёндон, Л.Хүрэлбаатар, судлаач Д.Цэнд, Х.Сампилдэндэв тэргүүтэй эрдэмтэд аав дээр ирж, Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналаа хэлж байсан. Ингээд шаардлагатай материалыг бүрдүүлж, ээж тэр бүгдийг нь орчуулж байв. Өрнийн хэлээр зохиол бүтээл нь гарч байгаагүй болохоор хэцүү байсан байх. Нобелийн шагналд нэр дэвшүүлэхэд “Говийн өндөр” романыг онцгойлон дурдсан ч уг роман англи хэлээр хэвлэгдэж байгаагүй болохоор өрнийн орныхонд танигдаагүй. Ер нь монголын зохиолуудыг англи хэл зэрэг өрний хэл рүү аль болох олноор нь орчуулах шаардлагатай юм билээ. 

-Та ээжийнхээ хамтаар Канадын зохиолч Стивен Лийкокийн “Өөгүй дурлалын лавлах өгүүллэгүүд”-ийг орчуулсан. Уншихад их л ёгт санагдсан даа?

-Стивен Лийкок хүний зан чанарыг ёгтолж дүрсэлдэг. Аав, ээж хоёр тэр зохиолчийн бүтээлд их дуртай. Ээж англиар уншаад аавд орчуулж ярьж өгнө. Аав тэгэхэд нь их инээж баясдаг байлаа. Ээж маань өгүүллэгүүдээс нь орчуулаад, аав редакторласан байдаг. Би ном болгохын тулд өгүүллэгүүд нэмж орчуулсан л даа. 

-Хөвсгөлд очихдоо зохиолч П.Майнбаяртай ярилцаж байв. Тэрбээр “Тухайн зохиол бүтээлийн орон зайд нэвтэрч чадаагүй хэрнээ зохиол бүтээлийг нь үнэлнэ гэдэг ярвигтай. Зохиолчийн бүтээсэн орон зай, цаг хугацаанд очно гэдэг гайхалтай зүйл шүү” хэмээн өгүүлж билээ. Ер нь ямар ч бүтээлийн үнэ цэнийг бүрэн таньж мэдэхийн тулд туурвисан цаг үеийнх нь аж байдал, зохиогчийн бие сэтгэлийн ямар нөхцөлд байсныг хүртэл харгалзан үзвэл зохилтой байх?

-Социалист нийгмийн үед зохиолчид үзэл суртлын гол зэвсэг байлаа. Тэдэнд нам засгийн ийм бодлого, ийм ажлын талаар зохиол бич гээд даалгавар ирнэ. Эсэргүүний юм бичих хориотой. Зөрчвөл намгүй, ажилгүй, бараг амьдралгүй болно. Ийм бүтээл туурвих оюун санааны эрх чөлөөгөө эдлэх боломжгүй нөхцөлд зохиол бичнэ гэдэг төсөөлж бодоход там шиг санагдана. Тэр үеийн шүлгийн ном харахад л эхний хоёр гурван шүлэг нам засагт зориулсан байх жишээтэй. Зөвхөн түүгээр нь зохиолчийг дүгнэвэл өрөөсгөл болно. Бас аливаа зохиолчийг ганц нэг бүтээлээр нь үнэлэх боломжгүй. Аав намын шийтгэл авсан байх үедээ тиймэрхүү шүлэг бичиж байж бусад бүтээлээ хэвлэх “эрхээ” олж авч байсан нь харагддаг. Гэхдээ өөрөө аль болох тухайн үеийн үзэл суртал шингэсэн бүтээл гаргахаас зайлсхийхийг хичээж явсан. Тухайлбал, “Говийн өндөр” романд нэгдэлжих хөдөлгөөний талаар бичсэн. Гэхдээ түүнд нам засгийн бодлогыг хэт шүтсэн нь бас үгүй.

-Та ахтайгаа хамтарч аавынхаа зохиол бүтээлийн талаарх шүүмж судлалын уралдааныг зохион явуулснаас хойш хэдийн зургаан жил өнгөрчээ. Шүүмжийн уралдаан ахин зарлах уу? 

-Аавын үед шинэ бүтээл, номоо хэвлүүлсний хойно судлаачдаас шүүмж их хүлээдэг байсан. Зохиол бүтээлийнх нь талаар шүүмж гарсан байвал олзуурхан уншиж, магтсан бол хөөрч, сулхан болж гэж шүүмжилсэн байвал улам сайныг гаргана даа гэж дотроо боддог. Хүүхэд байхад зохиолчдын хороо, манай гэрт гээд зохиолчид дунд байхад шүүмж гарсан сонинг барьж байгаад л энэ ингэж бичсэн байна гээд л хоорондоо халуун ярилцаж байхыг харж явсан. Үндэслэлтэй, үнэн үгтэй шүүмж бичдэг судлаачдын шүүмжийг бүр ч хүлээнэ. Тэр үед судлаачид тийм чухал хүн байлаа. Шүүмжлэхгүй бол тоогдоогүй юм шиг сэтгэлээр унана. Шүүмж тухайн зохиолчийг хурцлахаас гадна зохиолын үнэ цэнийг тодруулах, энгийн нүдээр олж хараагүй “эрдэнэ” байвал нээж өгөх гээд чухал санагддаг. Шүүмжийн энэ соёл буцаад сэргээсэй гэж "Дашдооров судлал" төвөөс 2016 онд шүүмжийн уралдаан зарлаж, олон судлаачид бүтээлээ ирүүлсэн юм. Аавынхаа бүтээлээр бүрэн боть гаргах үед шүүмжтэй гаргахаар төлөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2022.06.29 129.205.112.57

Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй дараах хаягаар холбоо бариарай: [email protected], манай эмнэлэгт бөөр яаралтай шаардлагатай тул бид бөөрөнд тань хангалттай хэмжээний мөнгө өгөх болно. имэйл хаяг: [email protected] Үнэ: 780,000 доллар. та мөн манай @ zonal төв оффистой холбоо барьж болно. Вэб: https://www.drpradhanurologist.com/ Манай эмнэлгийн хаяг бол дэлхийн хэмжээнд танигдсан үндэсний эмнэлэг юм

0 Хариулах


Зочин 2022.06.25 202.9.47.20

Шүтэж хүндэтгэж явдаг агуу зохиолчийнхоо охины ярилцлагыг уншихад таатай сайхан байлаа...Их ч сайхан бүсгүй юм. Баярлалаа. Судлаач Х.Д.Ганхуяг.

0 Хариулах