АНУ-д электрон тамхины худалдааг хоригложээ
АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (FDA) зургаадугаар сарын 23-ны өдөр АНУ-ын тамхины зах зээлийн 75 хувийг хангадаг ”Juul” компанид электрон тамхины борлуулалтаа зогсоохыг үүрэг болгожээ.
Тус компани 2015 оноос эхлэн “Juul” электрон тамхийг зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Түүнчлэн ”Juul” компани 2021 онд Их Британид 13.1 сая фунт стерлингийн борлуулалт хийсэн нь хамгийн өндөр борлуулалттай электрон тамхины тавдугаарт бичигджээ. ”Juul” компани электрон тамхийг нийгмийн эрүүл мэндэд тустай буюу тамхиа багасгах, тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст тохирно гэж баталж чадсан тохиолдолд зах зээлд үлдэх боломжтой гэж байв. Гэвч АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа үүнийг хангалттай үндэслэл гэж үзээгүй байна. Гаа, манго болон бусад олон төрлийн амтны сонголттой электрон тамхи гаргаж эхнээр өсвөр насны хүүхдүүдийг тамхинд татагдахад нөлөөлсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Судалгаанаас үзэхэд, АНУ-д ахлах сургуулийн 2 сая орчим сурагч, дунд сургуулийн 470 мянган хүүхэд тамхи татдаг болох нь мэдэгджээ. Иймд энэ шийдвэрийн талаар АНУ-ын Уушгины нийгэмлэг “Удаан хүлээгдсэн шийдвэр өнөөдөр батлагдлаа. Энэ бол өсвөр насныхны тамхины хэрэглээг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх шийдвэр юм” гэж твиттер хуудсандаа жиргэжээ.
Эх сурвалж: The Guardian
Нийтэлсэн: М.Анухатан