Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Эмэгтэйн түүх” | Дэлхийн уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюуны ярианаас онцлох 4 зөвлөгөө


Жил бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр “Олон улсын парламентат ёсны өдөр” тохиодог билээ. Энэ жилийн тэмдэглэлт өдрөөр “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлтэй хамтран “ЭМЭГТЭЙН ТҮҮХ” цувралын ээлжит уулзалтаа зохион байгууллаа. 

“Эмэгтэйн түүх” цуврал уулзалт нь Монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй улс төрч эмэгтэйчүүдийн урам зоригтой түүхийг хуваалцах, эв санаагаа бэхжүүлэх, цаашлаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Монгол Улсын Гадаад хэргийн  сайд, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан, өдгөө Дэлхийн уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюуныг урьсан. Тэрээр өөрийн улс төр, нийгмийн ажлын замналын түүхээсээ хуваалцсан юм. 

Өөрийгөө бүү дутуу үнэл

"Би 1981 онд дунд сургуулиа төгсөөд, БНСЧСУ-ын Карлын их сургуульд геохимич мэргэжлээр сурсны геологичоор ажиллахын зэрэгцээ англи хэлний оройн сургалтад хоёр жил сууж байлаа. Нэг найз маань Лондонд очиж хүүхэд харах ажил хийж байгаад цаашлаад сурах болсон талаар сонсоод англи хэлний багшдаа энэ талаар хэлж, зөвлөгөө авсан юм. Гэтэл багш маань ихэд гайхаж, надад их сургуулийн анкет өгч байлаа. Тэр үедээ магистраар сураад нэг жил ч болсон, эрдэм сонсоод ирье гэж бодож байтал Кэмбрижийн их сургуулиас докторын зэрэг хамгаалах боломжтой гэсэн хариу ирсэн. Хүн том сэтгэж, томыг зорих хэрэгтэй. Зүгээр л эхний ээлжинд  хүүхэд асраад хэлээ сайжруулаад дараа нь сургууль гэж бодож байтал үнэндээ Кэмбрижийн их сургуульд сурах боломжтой байсан" 

Зоригтой байж, өөрчлөлт гаргах

"Би улс төрд байх хугацаандаа ер нь л цөөнхийн бүлэгт гол төлөв явж ирсэн. Тийм ч гэсэн аливаа зүйлд оролцож, зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж бүтээлчээр хамтран ажиллахыг чухалчилдаг байлаа. 2004 онд эвслийн засгийн газар байгуулагдаж, мөрийн хөтөлбөрөө шигтгээд сонгуулийн хууль, авлигатай тэмцэх зэрэг хуулийн ажлын хэсгүүдийг даргалахаар болсон. Дараа нь 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ямар салбарыг хүлээж авах талаар хэлэлцсэн юм. Байгаль орчны яам нэг их бусдын сонирхлыг татдаггүй, гол яамдын нэг биш гэж үздэг байсан үе. Энэ салбар Монгол улс болон дэлхийн хувьд хамгийн чухал сэдэв болж байсныг бид мэдэрч, намынхаа ч хөтөлбөрт түлхүү оруулсан байсан тул, хийж бүтээхийг зорьсон зүйлс энэ чиглэлийнх байлаа. Ингээд биd байгаль орчны яамыг хөгжлийн бөгөөд гол чиг үүргийн яам болгох зорилго тавьж, салбарыг даргалах таш том хариуцлага боломж ирж байсан. Хүн бүр өөрчлөлт гаргаж чадна. Олон төвөгтэй ажилд бууж өгмөөр заримдаа санагддаг ч том өөрчлөлтийн хөшүүрэг болох жижиг гэлтгүй чухал зүйлийг олж харах нь асуудлыг урагшлуулдаг "

Улс төрд улс орны эрхийг дээр нь тавих ёстой

"Улс төрд ороод би хувийн ашгийг хойш нь тавьж, улс орны эрхийг дээр нь тавих ёстойг ойлгосон. Монголын парламент хоёр намын ээлжилсэн засаглалаар бүрдэж ирсэн учраас гурав, дөрөв дэх нам гарах нь хэцүү. Мөн эмэгтэйчүүд, залуучууд дэвшихэд хэцүү.  

Ер нь бид нэг л улстай. Засгийн хоёр нам бол заавал дайсагнаад байна гэсэн үг биш. Ердөө шийдэл хөтөлбөрүүд нь өөр байж болно. Тиймээс нөгөө талаа сонсож, хүндлэх ёстой. Өөр байр суурьтай байна гэдэг нь дайсан гэсэн үг биш. Эмэгтэй хүний нэгэн давуу тал бол бие биеэ ойлгож, хүлээн зөвшөөрөлцдөг. Эмэгтэйчүүд үргэлж шийдвэр гарах түвшинд дутуу үнэлэгдэж ирсэн учир биенээ заавал дэмжиж, урам өгч хамтран ажиллах хэрэгтэй юм. 2006 онд Улсын их хурлын нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх ёстой гэх хууль батлагдсан. Энэ үед эмэгтэйчүүд улс төрийн карьер хөөх зориг орж эхэлсэн болов уу. Улсын их хурлын 73 гишүүн тэр үед эрэгтэй байсан ба эрэгтэй нүдээр хардаг улс төр бага зэрэг өөр, нэг тал руу хандсан шинжтэй учир эмэгтэйчүүд тэнцвэрийг заавал гаргаж өгдөг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хоёр дахин илүү байж тэр хэмжээнд үнэлэгддэг гэдэг. Эмэгтэйчүүд хоёр дахин их ажил хийх бус, хоёр дахин ухаалаг байх ёстой" 

Бууж өгөхгүй байх – чадна гэж итгэх

"Анхны хүүхэд маань дауны синдромтой төрсөн. Ингээд би Монголын дауны холбоо, Монголын тусгай олимпын хороог бусад эцэг эхчүүдтэй хамт байгуулалцаж сорилтуудыг бүтээлчээр, нийгэмд тустайгаар давахыг хичээсэн. 

Би Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байсан хүний үүднээс, мөн геологи чиглэлийн мэргэжлийн үүднээс байгаль орчинд их анхаарлаа хандуулдаг. Одоо ч гэсэн үргэлжлүүлэн энэ чиглэлээр ажиллаж байна. Дэлхийд нүүрлэж буй хамгийн том асуудал бол байгаль орчны доройтол, дэлхийн дулаарал. Уг нь бидний хийж буй бүхэн дэлхийгээ бодсон, ногоон байх ёстой. Дэлхий хүнийг даах боловч, хэрэглээг маань даахгүй болж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесүүд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй, хэрэглээнд хэмнэлттэй, ногоон байж хэрэглэгчдийг ч татна. Миний ажиллаж байгаа Green Cliamte Fund хөгжиж буй орнуудад ногоон төслүүдийн санхүүжилт олгож ногоон хөгжлийг дэмждэг. Монгол Улсад мөн тодорхой төсөл хөтөлбөрүүд батлагдаад одоо хэрэгжиж эхлэх гэж байна. Ер нь амар ажил гэж байдаггүй, түүнийг давахдаа өөрийгөө ч анхааран, аливаа зүйлийн сайн сайхныг харах хэрэгтэй. Ингэж чадвал ихийг бүтээж чадах болов уу" гэж хуваалцлаа. 


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.