Хайх зүйлээ бичнэ үү

мин

Банзан гитар барьсан бадрангуй найрагч

Тэрбээр таны зүрхний хаа нэгтээ банзан гитараа нүдэж, баргилдуу хоолойгоороо дуулсаар үлдэх болно.


Виктор Цойгийн төрсөн өдрөөр гадаа шиврээ бороотой бүүдгэр саарал байна. Амьдрал энгийнээр өрнөж, ажлынхаа ширээний ард урьдынхаараа хөлөө ачин суух миний чихэнд “Кино” хамтлагийн дуу эгшиглэнэ. Одоогоос 54 жилийн өмнө хуучнаар ЗХУ-ын Ленинград хотноо мэндэлсэн тэрхүү эгэл залуугийн амьдрал эрүүл саруул үедээ ч, харамсалтайгаар ослоор өөд болсноос нь хойно ч хэзээ ч энгийн байсангүй. Пянз, хуурцаг, гар утас гэхчлэн хөгжмийн салбар хуучнаа үдэж, өдөр тутам шинэчлэгдсээр байхад кассеттай үед туурвиж байсан түүний дуунууд одоо хүртэл хуучирч хоцроогүйн дээр мянга мянган залуусын сэтгэлд их хүчийг агуулсан хэвээр. Тэрбээр “Оросын” гэх тодотголтой рок хөгжмийн эхлэлийг тавьсан гэж олон нийт дүгнэдэг ч үнэндээ түүнээс илүүг бүтээсэн хүн.

Түүний хөгжмийг сонсдог залуучууд зөвхөн “Цой” гэх хөгжмийн ертөнцөд харьяалагддаг гэвэл нэг их буруудахгүй болов уу. Тэрбээр өөрөө ч бусдын аясаар гуйвдаггүй, хэзээ ч худал хэлдэггүй, буруу зүйл хийсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөх чадалтай, зөв зүйл хийхдээ хэнээс ч асуухгүй зоригтой, бүр анхнаасаа л Цой байсан нь үүнд нөлөөлсөн биз. Ерөөсөө “Виктор Цой” гэх ертөнц дуугаараа дамжин залуусын зүрхэнд нэг “бүрэлдсэн” бол мөнхөд байр сууриа алддаггүй.

Өөрөө хэрхэн хөгжмөө зохиодог тухай нэвтрүүлэгч асуухад: “Заримдаа надад ямар нэг санаа төрж байгааг мэдрэх үед дуу өөрөө зохиогдож эхэлдэг, гэхдээ хэзээ төрөхийг нь би мэддэггүй” гэж хэлсэн байдаг. Эхнэр нь мөн түүний тухай “Цой зүгээр л суугаад байдаг байсан, хэдэн цагаар ч хамаагүй, өдрөөр ч хамаагүй зүгээр л сууж байснаа гэнэт дуугаа бичдэг” гэсэн нь бий. Виктор Цой бурхан ч, чөтгөр ч биш, зүгээр л дуу хөгжимд чин сэтгэлээсээ дурласан нэгэн байсан учраас шүтэн биширдэггүй хүмүүс ч хүндэлдэг болов уу.

В.Цой “Миний зүрх сэтгэл дуунд минь шингэсэн” гэж хэлсэн. Үнэхээр ч түүний дуунууд мэдрэмжээс мэдрэмж рүү хаялж, бусдын толинд өөрийгөө харах тусгал байсан юм. Ингэхдээ бүр бусдаас өөрийнхөө өөр нэг өнгийг олно гэх итгэлээр туурвидаг байв. Тиймдээ ч “Цой”-гийн үнэнч сонсогчид ямарваа нэгэн зүйлд гэхээсээ илүү өөртөө итгэх итгэлтэй байдаг гэж би боддог. Түүнийг тодорхойлдог энэ чанар “Кино” хамтлагийнх нь бусад гишүүнд ч хамаатай.

Харамсалтайгаар авто-машины осолд орж энэ ертөнцөөс одсон түүний зохиосон сүүлийн дуу нь “Кукушка”. Түүнийг “ойлгоход” ганц энэ дуу л хангалттай. Эсвэл “Пачка сигарет”, “Группа крови”, “Печаль” гээд хөгжмийн ертөнцөөр нь хүссэнээрээ аялж болно. Гэхдээ хөгжимд нь нэгэнт “орсон” бол эргэлт буцалтгүйгээр дурлах вий. Тэрбээр таны зүрхний хаа нэгтээ банзан гитараа нүдэж, баргилдуу хоолойгоороо дуулсаар үлдэх болно.

Өнөөдөр бол түүнийг дурсах өдөр. Чихэвчээ чангалаад Цойгоор хөглөгдсөн сэтгэлээ чагнах өдөр. Залуусын зүрх сэтгэлд бамбар болж дүрэлзсэн түүнийг одоо хаа нэгтээ амьд гэдгийг дууг нь сонсох бүртээ эсвэл компьютерийн дэлгэцнийхээ дэргэд тавьсан зургийг нь харах бүртээ би мэдэрдэг. Тиймээс тэр одоог хүртэл амьд. Зүгээр л хаашаа ч юм тамхилахаар гарсан. Түүнд одоо тайз хэрэггүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
16 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
16 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
2
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.