Хайх зүйлээ бичнэ үү

28 мин

П.Цэрэндагва: Найруулагчидтай хийсэн “хуйвалдаанаас” няцсан удаа над үгүй


П.Цэрэндагва гуай театрын үүдэнд байх постын гадаа хашлага дээр нэг хөлөө тавьчихсан, жижүүр ах хүүтэй тонголзож ирээд л жигтэйхэн инээлдэн зогсоно. Нэгнээ л нэг сайн “явуулж” байгаа бололтой. Хаалган тушаа гурван унагатай алдар суут ягаан байшингийн хашаагаар дөнгөж ортол болзсон хүнтэйгээ ингээд яг тулдаг байгаа. Уг нь товлосон цаг болтол 15 минут дутуу, төвлөрч аваад ороход хангалттай хугацаа гэж санаж явсан маань ч дүүрч. “Яасан овоо цаг барьдаг хүүхэд вэ” гэвэй. 

“Миний Авар, Буян, Эгэрэг нэг ч олигтой хэлүүлж үзээгүй, хөөрхөс”

Цаг гэснээс театрт ажлын цагтай зэрэгцэн оршдог нэгэн цаглабар амь бөх байна аа. “Дагваа ах ирэх” гэж. Түүнээс хожимдож ирсэн хүн ичих мэдрэмжид аягүйрхэн аль болох харагдахгүйхэн өрөө рүүгээ яаравчилна. Энэ мэдрэмжээс УДЭТ-ын залуу жүжигчдээр зогсохгүй гавьяатууд нь, найруулагч нар ч цугаараа үгсэлгүйгээр ав адилхан зугтах юм. “Надаас хойш ирэв” гэж хэнээс ч асууж тавладаггүй атал урлагт үнэнчээр дурласан хүмүүсийн ёс зүйд харж хамгаалж, дагаж дуурайж явах амьд цаглабар бүрдсэн нь энэ. П.Цэрэндагва гуайг хүүхдээрээ байхад, театрын босгоор дөнгөж алхан орох үед яг цагтаа, жүжиг эхлэхээс хоёр цагийн өмнө ирдэг ийм цаглабарыг ягштал лугшаасан нь алтан үеийнхэн байлаа. Амьдрал дээр ч бусадтай тогтоох харилцаандаа цаг баримталдаг, эсэх, хэлсэн ярьсандаа хүрдэг, эсэх ихээхэн чухал хэмжүүр, шалгуур болдог бөгөөд хүн хүлээлгэх, хүнд түвэг удахыг өөртөө огтоос зөвшөөрдөггүй аж. 

Агуу Д.Ичинхорлоо, С.Гэндэн, Т.Цэвээнжав, Ч.Долгорсүрэн, Н.Цэгмид, Т.Хандсүрэн... Нэрийг нь дурдах төдийд амилаасан дүрүүд нь урсан үзэгдэх домгууд билээ. Тэд авьяас билгээрээ он цагаа өөрсдийнхөөрөө эзэлж, хүний сэтгэлийг дүүргэж байхыг дэргэдээс нь харж, үгийг нь сонссон алтан тайзны буухиа, эдүгээ өдрүүдэд ч УДЭТ-таа бүтээн туурвиж буй хамгийн ахмад жүжигчин 74 настайдаа “Тамгагүй төр” физикл драмд тоглож байна. Жүжигчин бүрийн амнаас гарах “алтан үе” гэх нууцлаг агаад увдист хүмүүсээс хойш театртай холбогдсон, театраараа овоглосон хүмүүсийн он тоолол дотор хэчнээн ч залуу үе өсөж өндийв. 

Тэр өөрөө сөрөг дүрийн баатар. Дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа драмын театрт ажилд орохоор шалгуулсан “залуу гварди”, тайзнаа хэзээд бэлэн, байнгын “формтой” жүжигчин.

Нэгэн үеийг нөгөөтэй нь хэлхэгч, хормойдож боссон, харж дагасан алтан үетэйгээ холбосоор яваа БНМАУ-ын гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн дөрөв дэх Арчуг хаантай тайзнаа байна. 

Дотогш өрөө рүү нь дагаж явах зуурт “Адайр хэгжүүн юм, яршиг гэж дөлөөд больвол чиг болиг цаашаа” гэж ярилцлага өгөхөөсөө түвэгшээн бодож амжсанаа нуулгүй ил шулуун хэлнэ лээ. П.Цэрэндагва гуайд үл таних хүмүүс нэн болгоомжтой ханддагийг өөрөө “Миний Авар, Буян, Эгэрэг нэг ч олигтой хэлүүлж үзээгүй, хөөрхөс” гэж тайлбарласан.  

-Тантай уулзахад хамгийн түрүүнд Таны хөдөлгөөн анхаарал татлаа. Би л гэсэн шиг, минийх гэсэн шиг орон зайг өөрөөрөө дүүргэдэг хүн юм. Алхаа гишгээнээсээ л түргэн, гүйж ч яваа харагдах юм. Таны хань, Ардын жүжигчин Д.Мэндбаярыг яг л “Эдлэх ёсгүй эрх” жүжигт бүтээсэн Бадамлянхуа хатан шигээ намба донжтой хүн байдаг болов уу гэж төсөөлж иржээ. Их л өөр хүмүүс юм шиг?  

-Хөдөлгөөнтэй байсан гэдэг юм аа намайг, би өөрөө ч мэддэг. Үгүй ер нь хөдөлгөөнтэй байна гэдэг амьд байгаагийн илрэл биш юм уу. Цагаас хоцрох, хүн хүлээлгэх, ажил төрөл цалгардуулж уях ясны дургүй ээ. Би л хөдөлгөөнтэй хүн гээд ханиа хөтөлчхөөд хар хурдаараа чавхдаад явсан ч удаагүй л юм. Алив хэм хэмжээг гадарлах хүн шүү дээ, би чинь. Хэтийдүүлж, насандаа огт зохицохгүй юм хийж явах вий гэж, хэт нь буруу зөнөх шинж биш байгаа даа гэж эмээх болсноо ч бас нуугаад яах вэ. 

Хүүш, анх яаж харснаа би бүр огтоос мартдаггүй. Тэгэхэд Мэндбаяр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн оюутан, гэтэл би арван жилийн сурагч явлаа.

Ш.Ёнхорын зохиол, Д.Долгор найруулагчийн бүтээл, телевизийн хоёр ангит “Эдлэх ёсгүй эрх” жүжигт миний ханийн бүтээсэн Бадамлянхуа хатныг хүмүүс их ярьдаг. Тэр дүрээс өөрийнх нь хувь хүний төлөв байдал цухалзана аа. “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэрьяа баатар, “Мандухай цэцэн хатан”-ы Юүнгэн хатныг харахад уран бүтээлч хүнийхээ хувьд тухайн дүрүүддээ амьдарч байсан цаг үеийнх нь монгол эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх, мөн чанарыг шингээх гэж айхавтар гярхай ажиллажээ гэж харагддаг. Төрд үнэлэгдэж, түмэнд хүндлэгдэж яваа минь хэрэв үнэн бол би үнэндээ ханиа л зөв сонгосных. Хүний хараанд яаж ийгээд өртчихдөг өрөмний өт шиг надаар хань хийж, өрхөө тэргүүлүүлж өдий зэрэгт хүргэсэн хүн. “Би чамайг яасан ч гомдоохгүй” л гэж нэг хэлсэн. Тэгээд энэ үгэндээ хүрэх гэж л амьдарсан. Над энэ амьдралд өөр сүрхий тэмцэл байсангүй ээ. 

-Танаас хамаагүй өмнө алдрыг хүртсэн, том жүжигчин болох нь ойлгомжтой болчихсон тэр эмэгтэйг Та анх биширсэн үү, эсвэл шууд дурласан уу?  

-Хүүш, анх яаж харснаа би бүр огтоос мартдаггүй. Тэгэхэд Мэндбаяр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн оюутан, гэтэл би арван жилийн сурагч явлаа. Надаас дөрөв эгч, би чинь тэдний ангийн оюутнуудтай хөл бөмбөг тоглодог хүүхэд байсан гэж бодохоор нөгөө хөдөлгөөнтэй гэдгийн чинь үзүүр тэнд уягдаж таарна. Нэг удаа хөл бөмбөг тоглодог драмын нөхдийн хичээл номыг сонирхоод ангид нь дагаад ороод ирсэнд жүжгийн сургуулилалт хийж байна аа. Одоо бодоход Мэндээгийн диплом хамгаалсан “Эрхүүд болсон явдал” жүжиг байсан юм болов уу гэж санагддаг юм. Тэгтэл нэг эмэгтэй багш тормогор нүдтэй охин хүүхдийг бүр бүлтэлзтэл зэмлээд. Шууд л өмөөрөх сэтгэл төрөөд явчихсан. Үгүй ер, зүгээр л хэлчхэж болдоггүй юм байх даа, яасан дуутай авгай вэ гээд л дотроо их дургүй харж байлаа. Урт гэзэг, тэгээд тэр нүд. Миний санаанд яг үлдчихсэн, одоо болтол мартагдаагүй тэр дүр зургийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Би тэгж л анх ханиа харсан. Тэгээд л өнгөрсөн. Би ч Мэндээг мэдэхгүй, тэр ч намайг анзаарах ч үгүй шүү дээ. Дараа нь би театрт анх ороод шатаар өгсөөд гараад иртэл ханан дээр олон жүжигчний хөрөг зураг дотроос Мэндбаярын зурган дээр шууд л нүд тусаж, анх харсан дурсамж сэдэрч байснаа санадаг. Театр миний гэр болж, би эндээс амьдралынхаа гарааг ч эхэлсэн, ханиа ч сонгосон. Театрт бол миний бишрэн хүндэлж залбирах газар. Театрыг хүндэлнэ гэдэг энд оршин байгаа хамт олныг, энд байгаа үе үеийнхнийг эрхэмлэж явахын нэр гэж дотроо залбирч явдаг. 

-Та энэ театрын тайзан дээр дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхаасаа алтан үеийнхэнтэй гарч, жүжигчний үнэмлэх авсан тун ховор намтартай хүн. 50 гаруй жилийн турш Та үе үеийн жүжигчидтэй цуг ажиллаж явна. Таны залуу нас одоогийн залуусынхаас хэр өөр байв?

-Бүх цаг үеийн залуу нас адилхан, залуу нас хэзээд өөр байх боломжгүй. Залуу хүний насыг нь буруутгаж ярьдаг хүмүүстэй би ер санал нийлдэггүй. Залуу насыг хэзээ ч буруутгаж болохгүй. Залуу насны цаг хугацааг нь ч, учрал тохиол, туулах замыг нь ч хайрлан дээдэлж, бүр энхрийлж байх ёстой. Залуу хүнийг насных нь хувьд биш, хийж буй үйлдлийнх нь хувьд л буруутгаж болох ганц зам бий. Би залуу насыг тойроогүй, алдаж онож, асаж бадарч явсан шиг энэ залуучууд одоогийн миний насыг мөн л дайрна. Зүй тогтлоороо бол насны асуудал ярихаасаа өмнө хүн чанар, мөн чанарын тухай яривал зөв, нас насныханд хэрэгтэй болов уу гэж би боддог юм. Одоо ч настнууд нь хурдхан үхчихвэл амьдрал сайхан болчих юм шиг ярьж эхэлж байна шүү дээ. Юу болж байна аа? Миний хүүхдүүд залуу, эрчтэй хүчтэй, чадалтай, ухаантай мэргэн цэцэн байгаа бол хэзээ нэгэн цагт над шиг дух чинь үрчийгээд үс чинь цайгаад ирнэ гэдгээ бодож явах ёстой. Миний үеийн, амьдрал үзчихсэн ахмад хүн залуу хүнийг гоочлон чичлэхийн оронд түүний насыг тойроогүй гэдгээ санах хэрэгтэй. Тэгвэл энэ нэг үл ойлголцол байр савандаа орох байлгүй. 

-Үе хооронд ойлголцох, үл ойлголцох нь байсаар ирсэн ч интернэт бий болж, хязгааргүй мэдээллийн боломж эхэлснээс хойших үеийнхэнтэй түүнээс өмнөх үед хүмүүжсэн, сурч боловсорсон, өөрийн үнэ цэн, үзэл бодлоо төлөвшүүлсэн хүмүүс илэрхий зөрчилдөх болсон нь анзаарагдам байна. Та театрынхаа залуусаас ийм зүйлийг мэдэрдэг үү?  

-Театрт ажиллах гэж байгаа бол нас насны онцлогийг мэддэг хүн л энд амьдардаг юм. Өөр ямар ч аргагүй. Театр гэдэг чинь сүүлийн үед тунхагладаг болоод байгаа багаар ажиллах зарчмын гол цөм нь юм. Өнөөдөр чи бид хоёр эхнэр нөхөр болно, эмээ өвөө болно, маргааш хайртай хос болно, аав охин хоёр ч болно. Тэгээд яах юм? Битгий дэмийрээд бай, энэ зөнөчихсөн юмтай тоглохгүй гэх юм уу? Театр, жүжигчний ажил чинь биднийг хүссэн ч, эс хүссэн ч хүн ямар байх ёстой гэдгийг номлодог газар. Ерөөсөө бид хөгшин залуу, хөрвө нялх гэлтгүй амьдарч байгаа цаг үеэ мэдээллийн дарангуйллын зуун гэдгийг нь ухаарах ёстой болчихсон юм билээ. Энэ дарангуйллын үед чи хүн чанар, мөн чанараа авч явах уу, гээж төөрөх юм уу гэдэг хүний өөрийнх нь савны хэмжээ л мэдэх хэрэг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж монголчуудын нэг айхтар үг байдаг даа, бид тэр монгол ухааныг мартаж орхих л юм бол хүнээ байж, мөсөө гээж байгаагийн шинж гэж би боддог. 

Болгоомжлох хэрэгтэй тийм юмнуудаас.

-Монголын заяа их гэж нэг сүрхий философитой, ямар ч тааруу зүйл болж байсан ингэж хэлээд тайвшрахыг монгол ухаан гэх болсон юм шиг?

-Бид дэндүү будилж, дэндүү төөрчихжээ. Амьдрах ухааны философи сэтгэлгээ монгол ухаан гэж улс орны тусгаар тогтнолын дайд ярих ёстой зүйлээ гээчхэж. Хүний юм л сайхан, бусдыг дуурайж давхисаар бид эрэг мөргөн мухардаж байна. Одоо ухаарч нэгдэж байж л энэ төөрөгдлөөс гарахаас өөр замгүй. Монгол хүн чинь санаагаа шууд утгаар нь бэлэн ярьдаггүй. Бодож сэрэх, шүүн тунгаах орон зайтай үлдээдэг. Юу хийхийг зааж зааварчилдаггүй, чиглүүлээд л гүйцээж бүтээх орон зайг нь орхидог. Тиймээс л монгол ухаан холч юм. Дэлхийн глобалчлал, ээ гэгээ минь үүн шиг сайхан юм байхгүй гээд л хошуурсан, одоо үндэстэн ондоошихын тухай ярьж байна. Үндэстэн ондоо байж, хэлтэйгээ, хилтэйгээ өөрийгөө нотлон оршино. Эрх чөлөө гэдэг чинь тийм хязгааргүй байх боломжтой ч эд биш. Эрх чөлөө яриад л улс орнууд хөгжчихдөг ч юм биш. Монголын төлөө гээд цээжээ дэлдэхээс өөрцгүй юмнуудыг Монголын төлөө гэж хэн одоо итгэх юм. Яасан хэмхэрдэггүй, үгүй ядаж цус хурдаггүй цээж вэ? Болгоомжлох хэрэгтэй тийм юмнуудаас. Мөрөөрөө зөв амьдраад, үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлээд, өмнөх ажлаа сайн хийгээд явж байгаа хүмүүст харин монгол ухаан байдаг. Хувиа борлуулж довоо шарлуулж байгаа төдий ч юм биш, төрийн үүрэх ачаанаас хэл үггүй үүрэлцээд, зүтгээд, иргэнийхээ үүргийг биелүүлээд яваа эх орончид гэж би мунхаглаж явдаг. 

-Б.Баатар найруулагч орой болгон жүжигтээ Танаас хоцрохгүй ирэх гэж хичээдэг, хожимдож харагдвал айдаг гэж ярьсан. “Дагва ах энэ жүжгийн гол дүр биш ч гэлээ оролцож байгаа нь надад том тус болж байна” гэнэ лээ?

-Ээ хөөрхий дөө. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгч. Миний өмнөх үеийнхний надаар дамжуулан эдэнд үлдээж буй халдвар. Гомбосүрэн багш, манай алтан үеийн аваргуудын үүдээр би бардам өнгөрч чаддаггүй байсан. Айдагтаа биш, хүндлээд л тэр. Тэднийхээ араас ажилдаа ирнэ гэдэг надад нүгэл байсан. Намайг театр тэгж л сургасан. Тэр уламжлал үргэлжилж байгаа хэрэг. Амин ухаантай хүмүүсийн амнаас гарах үг болов уу гэж дотроо баярлаж байна. Баатар, энэ залуучууд итгээд хамтарч ажиллахаар намайг дуудахад би ч бас зүгээр арзайгаад байж болохгүй юм. Энэ чинь бидний мэргэжлийн хэллэгээр бол өгөлт авалт. Энгийнээр ердөө л хүндэтгэл шүү дээ, өөр юу ч биш. Цаг барихгүйгээр таван байгууллага, энэ олон хүнийг нэг жүжигт зангидаж чадахгүй. 100 гаруй удаа тоглоно гэдэг чинь найруулагч Б.Баатарт удирдагчийн чадвар байна. Авьяас билэг, мэдлэг мэдрэмжээс гадна найруулагч хүнд бас удирдагчийн чадвар гэж байх ёстой ч тун ховор харагддаг юм. Энэ удаа 150 хүнийг нэг багт зангидан, уран бүтээлдээ чин сэтгэлээр хандахад Баатар найруулагчийн удирдагчийн зангараг харагдлаа.

Монгол жүжигчний дэг сургуулийг үүсгэсэн хүн Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш.

-Гэхдээ Та энэ хүүхэд ер юу л хийх гээд байна даа гэж эхэндээ эргэлзсэн л байлгүй? 

-Сонирхолгүй яах юм. Энэний жүжиг хийх гэж ямар юм байна гээд харна шүү дээ. Найруулагчид гэдэг чинь бурхны бүтээсэн амьтад биш. Би найруулагч нарт хэлдэг, “Та нарын найруулагч тэр л биз, хөрс чинь жүжигчин шүү. Монголын театрын урлаг ярих гээд байгаа бол жүжигчний урлалын түүхээ ярьдаг юм аа” гэж. Цагааны Цэгмид, Г.Гомбосүрэн багш, Нямын Цэгмэд, Ичинхорлоо нарын хүчинд театр бий болсон. Өмнөх түүхийг нь Монгол Улс өөрсдөө устгасан шүү дээ. Станиславский гэдэг хүн дэлхийн театрын систем гэдгийг 1910 онд бий болгохоос 100 жилийн өмнө Данзанравжаа Монголд жүжиг найруулах дэгийг биччихсэн, театраа байгуулж жүжгээ тавьж үзэгчдэд толилуулж байлаа. Хэрвээ Станиславскийн онолоор явсан бол би 50 нас ч хүрээгүй галзуурчихсан, Шар хадны эмнэлэгт миний амьдрал дууссан, нэг бол зүрх нь хаагдсан байгаа. Маш харгис систем байхгүй юу. Харин жүжигчдийг аварсан онол нь Мерхолдынх гэж би үздэг. Мерхолд манай хөрсөнд ойрхон ч буудаг. 

-Та одоогоос 10 гаран жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа УДЭТ уналтын үеэ туулж байгааг хэлээд, өөрийнхөө үеийг театрын сэргэн мандалтын үе гэж нэрлэсэн байсан?  

-Мөн мөн. Театр утгаараа хөгжсөн үе чинь биднийг төгсөж ирсэн 1970-аад оны дунд үеэс хойших үе. Сонгодог гэдгийг утгаар нь, нөгөө монгол жүжигтэйгээ холбон хөгжүүлж байсан үе. Монгол жүжигчний дэг сургуулийг үүсгэсэн хүн Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш гэж би зүгээр нэг даган баясаад хэлээгүй юм. Би 24 жил “Тамгагүй төр”-ийн Эгэрэгийн дүрийг нуруундаа үүрэхдээ хэлний эгшиглэнт чанарыг Гомбосүрэн багшаасаа хадгалж  авч үлдсэнээрээ бүтээсэн. Тэгж л тэмцсэн. Өмнөхгүйгээр өнөөдөр, маргаашийн тухай бодохын хэрэггүй. 

-Таныг театрт ирснээр өрсөлдөөн нэмэгдсэн байх даа? 

-Тэрийг мэдэхгүй. Үеийнхэн дунд маань бол өрсөлдөөн байсан. 

-Жинхэнэ яая даа гэсэн үед чинь тэр үеийн жүжигчид яаж өрсөлдөж байсан бэ? 

-Ерөөсөө л дүр гэдэг юмны төлөө л өрсөлдөнө. Түүнээс бид хоорондоо хэрүүл хийж доош орж байгаагүй. Театрын тайзнаа хэн нь илүү дүр бүтээх өрсөлдөөнд хувийн харилцаагаа хутгаж явсангүй, хэрүүл уруул огт сонин биш байлаа.

-Гэхдээ сэтгэлзүйд нэг юм тороод байх уу? 

-Би бол ёстой ханьтайгаа нэг гэрт ороод авчихсан, та нарт муугаа үзүүлнэ гэж байхгүй шүү гээд л дайрч явлаа даа. 

-Саяхан Ш.Доржсүрэн телевизээр ярилцлага өгөхдөө багын дурсамжаа ярьсан нь Таныг тэнгэрээс буугаад ирсэн юм шиг гял цал их гоё хүн явж байхыг харсан, яг ийм хүн болох юмсан гэж хүссэн гээд. Ер нь та дэгжин, ганган хүн дээ? 

-Манай Доржсүрэн чинь өөрөө ёстой гялтганасан хүн шүү дээ. Тайзан дээр гялалзаж байна чиг. Хамт жүжигт тоглоход үнэхээр өгөөжтэй. Залуу байхад тийм гялалзуур үе байсаан, надад. Хувцас хунарын тухайд ханийнхаа хүчинд явдаг юм. Би хувцсандаа өмсүүлэхгүй юм шүү л гэж хичээдэг. Нэг хэсэг манайхан чинь дээлэндээ өмсүүлчихсэн улс хотоор дүүрэн явдаг байлаа шүү дээ. Одоо л харин зарим нь дээлээ сайхан өмсөж сурч байна. Хувцас гоёл гэдэг эд төдийгүй бодолтой хандах учиртай соёл юм шүү. 

-Залуу насныхаа яг тэр гялалзуур үеэ жүжигчин хүн өөрөө яг л алган дээрээ тавьсан юм шиг хардаг уу? Эсвэл дараа нь л тийм байснаа ойлгодог юм уу?

-Ер нь хэн амьдралынхаа цаг хугацааг хором мөч бүрт мэдэрч ойлгосон юм бэ? Гялалзаж яваа хүнийг чинь хүн галзуу солиотой гэж хэлэх нь хэлнэ. Онгироо сагсуу гэх нь ч гарна. Гялалзаж байгаад хад мөргөхийг ч алийг тэр гэх вэ. Харин би азтай. Тэр дунд өөрийгөө авч үлдэнэ гэдэг чинь эцэг эхээс нэвчээж өгсөн амин ухааны хүч, хазайхад минь түшиж тулах ханиа сонгоод авчихсандаа л би өдий зэрэгтэй явдаг юм. 

Хүссэн хүсээгүй наад тайз чинь чамайг үг хэлгүй хөөнө.

-Гол дүр авахаа болих нь театрын хүний амьдралын бас нэг жам ёс. Урлагийн хүнд эл жам ёсыг гоо сайхан хүлээн авах их хэцүү байх даа?  

- Хэцүү хэцүү.

-Та бардам эзэн нь байсан гол дүрүүдээсээ нас зүсээр мултарч байгаагаа хэрхэн хүлээж авч байна вэ? 

-Надад тийм юм тохиолдоогүй байна. Бардам хэлнэ. Хэрвээ тохиосон бол намайг яах гэж энд байлгаад байгаа юм. Би Монголын авьяас билэгтэй бүх найруулагчтай ажилласан, ёстой бардаж хэлнэ. Найруулагчтай ажиллах, уран бүтээл туурвихаа би итгэл, сэтгэл, зүтгэл нэгдсэн хүмүүсийн “хуйвалдаан” гэж үздэг. Би энэ хуйвалдаанаас няцаж байсан тохиолдол ганц ч үгүй. Тийм ч учраас намайг энэ хүн жүжигтээ ажиллуулахыг хүссэн гэж бодож байна. Би зөвхөн зохиол дээр ажиллахаас гадна ачаа даах тэнхэлтэй байхын тулд гурав дөрвөн сарын өмнөөс биеэ зориудаар бэлдэж байж тайзнаа гарлаа. Ерөөсөө амьдрал гэдэг чинь тэмцэл, би аминдаа л тэмцсээр байгаа юм. Хүссэн хүсээгүй наад тайз чинь чамайг үг хэлгүй хөөнө. Тэр нь гоо сайхан ч байдаг юм биш. Орчлонд үрчийсэн өвгөн байж болдоггүй юм уу гэдэг асуулт тавиад үз. Хэрэг болно оо доо. Гагцхүү тэр ачаагаа үүрч чадах уу гэдгийг тайз өөрөө л чамд хэлнэ. Чамайг мянга мандуулаад, мянга өргөөд ч бүтдэг ажил биш. Үзэгчдийн үнэлгээ бол сэтгэл хөдлөл л байдаг юм. Мэргэжлийн хүмүүс харааг л дээ, тэд нар ерөөг л дээ. Үнэхээр мэргэжилтнүүд гэж байдаг бол тэдний үг чинь харин намайг цаашаа явах уу, болих уу гэдэг шийдвэр гаргахад нөлөөлж болох юм. Бас нэг цензур гэж тэднийгээ хүндэтгэдэг юм. Тэрнээс биш амтай болгоны өөдөөс “За одоо би больё” гээд гараад явах байсан юм бол би яах гэж энэ олон жил хичээсэн юм? Тэвчээрээ дуустал нь шавхана. Цаг нь ирэхэд би өөрөө мэдрээд “Баярлалаа, миний хэмжээ болжээ” гээд өөрөө явчихна. Надтай ярих гэж байгаа бол намайг даваад хийчих, тэгвэл би зайгаа тавиад өгье. Амьдрал тэмцэл ч гэлээ би ямар ч утга учиргүйгээр зүгээр л би байх ёстой гэж тэмцвэл тэрнээс тэнэг юм байхгүй. “Таны хэрэг байна аа” гээд байхад яагаад би “Үгүй ээ” гэх юм.

Найруулагчидтай хийсэн П.Цэрэндагвын “хуйвалдаан” бүр театрт амжилттай болж, түүнийг киноны найруулагчид гол дүрүүдэд урих болсон нь 1976 онд дэлгэцнээ гарсан “Хүний амь” киноны хулгайч Бадарчийн дүрээр түүчээлэв. Энэ бол Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Н.Жигжидсүрэнгийн кино бөгөөд бакалын түрүү эргүүлчихсэн, төмөр замын саравчтай малгай тайраад тавьчихсан тэр үеийн атамануудыг санагдуулах хувцас Цэрэндагвад өмсгөхөөр зуржээ. Гэтэл тэр энэ үзэгдэл дэх хулгайчийг тэс өөрөөр харж байлаа. Тэр өөрийнхөө өмсөж ирсэн цагаан өмд пиджактай зурагт ороод, зохиолын дагуу орон дээр хэвтэж байх ёстой байтал түлхүүр хуурайдаж суугаагаар зургаа авахуулж, цонхны хөшгийг авч хаяад оронд нь сонин кнопдож сүүдэрлэсэн гээд их гарын хулгайчийн ахуй байдлыг оновчтой сэдэх нь тэр. 

Н.Жигжидсүрэн 1981 онд “Хатанбаатар” киногоо найруулахдаа өөрийн шавь басхүү итгэлт нөхөр П.Цэрэндагвад эсрэг тэсрэг хоёр дүр зэрэг өгч эрсдэлтэй алхам хийсэн нь шуугиан тарьсан “хуйвалдаан” болсон юм. Монголын кино урлагийн түүхэнд Манлай баатар Дамдинсүрэн, Авар хэмээх сод дүрүүд ийнхүү П.Цэрэндагваар амилсан билээ. “Ийм Манлайбаатар гэж ямар юм байдаг юм гээд л чихэнд ирнэ, тэр чинь хурцална. Ийм үгийг амны салиа арилаагүй юмнуудын хэмжээнд хүлээж авбал гай л болно” хэмээн П.Цэрэндагва гуай дурсаж байна. 

1984 онд төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч С.Удвал “Намрын халуун өдрүүд” киноныхоо Данзанд П.Цэрэндагвыг тоглох гэхэд “Чи жанжинд тоглож үзсэн үү” гэж асуулаа. Д.Сүхбаатарыг хэлж байна л даа. “Үзсээн, Э.Оюун багшийн тавьсан жүжигт” гээд л аминдаа тоогдчих санаатай товхийтэл хариулаадхав. “Данзан биш жанжин л харагдаад байна даа” гэх С.Удвал ахайтны үг П.Цэрэндагвад Ардын намын анхны дарга, Сангийн сайд, Бүх цэргийн жанжин С.Данзанг ардын дайсан гэж харуулах өнцгөөс эргүүлж, үзэл бодолдоо үнэнч хүн гэж барьж авах чигт түгжээг нь мулталж өгчээ. Д.Долгор найруулагч түүнд “Баярлалаа” хэмээн чин сэтгэлээсээ хэлж байв. 

-1998 оноос хойш “Тамгагүй төр”-ийн гурван хаан солигдоход Та Эгэрэгтээ тоглож л байсан. Та Эгэрэг түшмэлийн дүрийг хэрхэн бүтээж байсан бэ? 

-Эгэрэгийг би сөрөг дүр гэж бодож бүтээгээгүй. Зохиол дээр дайсан гээд биччихсэн байгаа юмыг би дайсан гээд тогловол их гэнэн тэнэг юм болж хувирна. Нэг л тийм хүн дагалдсан юм болж хоцрох байсан байх. Эгэрэг түшмэл өөрийгөө олох гээд л тэмцэж яваа хүн шүү дээ. Өөр юу байгаа юм. Бүр томруулж улс төр энэ тэр гэж хармаар байвал төрийг эзэнтэй болгох гэж тэмцсэн хүн гэж бодож яагаад болдоггүй юм. Хорин хэдэн жил ханилсан ханиа үл тоочихсон байгаа хааны хатныг яагаад эмэгтэй хүнийх нь хувьд харж болдоггүй юм. Би бол дайсан гээд байгаа дүрүүдэд өмөөрөх сэтгэлээр ханддаг. Цэхэлзээд л, дайсан болгохоор хүчлээд унах юм бол хүний дургүй хүрнэ биз. Тэгэхээр хүнд дүрээ бодох орон зайтай нь өгөх хэрэгтэй байхгүй юу. 

Хэрэв миний Эгэрэгээс санаа авах л юм бол Болд-Эрдэнэ сармагчин болчихно шүү дээ

-Одоо С.Болд-Эрдэнийн тоглож байгаа Эгэрэгээс өөрийн олж олонд таниулсан анхны Эгэрэгийг хайх, дүрээ харамнах сэтгэл Танд ер нь төрөв үү? 

-Тийм сэтгэл төрсөн байлаа гэхэд би энэ багт ажиллаж байна шүү дээ. Би яагаад тэр хуйвалдаан, яагаад тэр итгэл сэтгэлийн тухай яриад байгаа юм. Би одоо яах гэж? Би хийдгээ хийсэн. Би Эгэрэгт тоглож байх үедээ монгол хэлний эгшиглэнт чанар гэж ийм юм байдаг юм аа гэдгийг нотлохоор найруулагчтайгаа зөвшилцөн хуйвалдсаны үндсэн дээр дүрээ бүтээсэн учраас миний Эгэрэгийн хэл яриа тийм эгшиглэнтэй сонсогдсон юм. Би дүрээрээ ийм л юм бүтээнэ, илэрхийлнэ гэж тохиролцсон, тэгээд хийсэн. Харин хэлэх юмаа бол энэ ярилцлагаар дамжуулахгүй өөрсдөд нь хэлнэ шүү дээ. “За энд ийм үг байхгүй шүү хонгор үр минь, зохиолд ингэж хандахгүй шүү” гэх жишээтэй.

-Та Болд-Эрдэнэд өөрийнхөө Эгэрэгээс найруулагчийн хэлээгүй санааг хуваалцмаар байв уу?

-Тэр чинь өөр ертөнц. Хэрэв миний Эгэрэгээс санаа авах л юм бол сармагчин болчихно шүү дээ, тэгж болохгүй. Яах вэ, зохиолын хэлний тухайд санаа оноогоо хуваалцсан. Миний хэлснийг авна аа. Үгүй тэгээд хэлэхгүй бол би энд байхын хэрэг юу байна. Театрын уран бүтээл гэдэг бие биетэйгээ шүтэлцээтэй явдаг ажил. 

Цөөн хэдхэн үгэн дунд эргэлдэж байтал хэрэглэхээ больсон сонсголонт монгол үгс ундраад байхаар...

-Та энэ жүжгээс юунд хамгийн их олзуурхаж байгаа вэ?

-Өвчин тахлаас болж хэдэн жил театр хуваариа урт хугацаанд хаасны дараа үзэгчид тасралтгүй зорин ирсээр байгаад би урмаар тэтгэгдэн сэлбэгдэж байна. Хүн бүхэн юм бүхнийг мэддэг, бас хүн бүхэн юу ч мэдэхгүй ийм л цаг үед үзэгчдийн дийлэнх нь залуучууд байгаад талархаад баршгүй. Алгаа ч таших сөхөөгүй нам сууж аваад, чихээ дэлдийтэл сонсоод, бясалгаад байна шүү дээ. Эрх чөлөө гэж цээжээ дэлдэн худал орилогчдын хэрэглэдэг цөөн хэдхэн үгэн дунд эргэлдэж байтал хэрэглэхээ больсон сонсголонт монгол үгс ундраад байхаар тийнхүү анхааралтай чагнаж байна. “Тамгагүй төр” жүжиг эх хэлээ анхаарах асар том түлхээс болж байгаад би олзуурхаад байгаа юм. Үзэгчид чив чимээгүй үзэхэд би эхэндээ гайхсан. Гэтэл төгсгөлд бүгд суудлаасаа босож алга ташин сэтгэлээ илэрхийлдэг. Бүр бүх өдрийн тоглолтод энэ байдал давтагддаг гээч. 

Үзэгчид хэлж чадахгүй байгаа ч үгүйлэгдээд байгаа яруу сайхныг Арчуг хаан, Гүргэл хатны хэлдэг үгсийг шад шадаар нь бичин ярилцаж байна бус уу. Хүн үүнээс илүү жүжгийг яаж үзэх юм бэ. Гэтэл нөгөө миний харуулдаад байдаг мэргэжлийн хүмүүс үгээ цэнэдэг юм уу, дуугарахгүй байна. Хэдэн залуу хүн тэмдэглэл бичсэнийг олж уншсан, ямар олзуурхмаар юм бэ. Мэргэжлийн хүмүүсээс түрүүлээд үзэгчид мэдрэмжээ илэрхийлээд эхэллээ шүү дээ. Уран бүтээлчдэдээ асар том урам, бас гэгээ авчирч байгаа ажил боллоо.  

-“Тамгагүй төр”-ийн баг хамт олон 150-иулаа гэхээр энэ олон хүн өдөр тутам жүжгийн бэлэн байдлыг хангаж эрч хүчээр нэгэн жигд ажиллахын тулд цуглаж хурал шиг юм хийдэг үү? 

-Үгүй, бэлэн болохын тулд бид гурван сар бэлтгэл хийчихсэн. Та нарыг харахад жүжигчид тоглож байх тэр үедээ ажлаа хийгээд байгаа юм шиг санагддаг, тийм үү? Бид нар үнэндээ яг тэр үедээ л амардаг юм шүү дээ.  

-Тайзан дээр жүжгийн үеэр үү?

-Амрахгүй яах юм. Тайзан дээр гараад л өөр ертөнцөд ороод явчхаж байгаа нь тэр шүү дээ. Жүжгийн бэлтгэл сургуулилалтын үе, орой тоглолт болох гээд сэтгэл санаагаа төвлөрүүлэх, тараад гэртээ харих замдаа жүжгээ бодох гээд энэ бүх үйл явц чинь ажлын цаг юм. Унтаж байхдаа жүжгээ зүүдлэх чинь хүртэл ажил. Юун гэртээ амрах. Хэдэн сар махаа зулгааж сая жүжиг бэлэн болж тайзнаа тоглох 2-3 цаг чинь жинхэнэ санаа амар шүү дээ. 

Би дүр тайлбарлах дургүй.

-Та өөрийн бүтээж буй бөөгийн дүрийг тайлбарлахгүй юү? 

-Би дүр тайлбарлах дургүй. Яагаад гэвэл үзэгчдэд өөр өөрийнхөөрөө харж дүгнэх эрхийг нь үлдээх ёстой. Нэг үзэгч маань надад “Таны тоглоод байгаа бөө чинь төр биш үү” гэж хэлсэн. Үзэгчид маань хэрхэн ухах нь вэ. 

-Бөөгийн дүр хүний хүсэл мөрөөдлийг илэрхийлэгч ч юм шиг?

-Байж болно. Арчуг хаан амьд үлдчихсэн. Нээрэн би хэдэн тоглолтын өмнөөс Арчугт шившлэг хийчхээд гараад явчихдаг болсон. Өмнө нь би тэгдэггүй, зүгээр гараад явдаг байсан бол энэ үйлдлээрээ хүч өгчхөж байгаа.  

“Намайг жүжигчин болохыг миний ах, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч П.Сандуйжав эсэргүүцэж байсан. “За хүү минь чи насаараа хүний хэлээр ярих ажил сонголоо доо. Уул нь би чамайг өөрийнхөө хэлээр яриад хоолоо олоод идчихдэг ажил сонгоосой гэж их хүссэн юм. Буянаараа болог” гэж ах минь захисан. Одоо эргээд бодоход тавин хэдэн жилийн дийлэнхэд хүний хэлээр ярьжээ. Үгээ бичиж авдаг дэвтрээ нээх болгондоо ахын тэр үгийг санадаг. Сая “Тамгагүй төр”-ийг эхлэхэд би ингэж бичиж үлдээсэн байна. “24 жил нуруундаа үүрчээ. Сайхан байна. Эби, Доржсүрэн, Урнаатайгаа дахин тайзнаа уулзлаа. Шинээ, Дөлгөөн нартай учрав. Болд-Эрдэнэдээ их амжилт хүсье. Жүжиг их сайхан боллоо. Цэрэндагва миний бие чөлөөт уран бүтээлч болсон анхны минь тоглолт энэ болой. Баатар найруулагчдаа баярлалаа. Анхны тоглолтын дараа. Монгол Улс. 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд”.

Холливудын хаалга нээгдээд хаагдсан ийм нэг түүх.

-“Тамгагүй төр” танд шинэ хүсэл мөрөөдөл өгөв үү? 

-Өгөлгүй яах юм. Одоо гадагшаа явж тоглоно гэж ярьж байгаа шүү дээ. 

-Та үгийнхээ англи орчуулгыг авсан уу?

-Авсан. Гэхдээ би дотроо бол бас санал зөрөөд л байгаа. Яагаад гэхээр нөгөө л бусдыг даган дуурайдгаа л хийх болоод байна. Жүжиг Бродвэйд очвол бид англи хэлээр тоглодог нь яадаг юм гэхээс биш, захиалга ирж байгаа бусад орон, хотуудад, жишээ нь Турк, Хятадад англи хэлээр тоглосноос монгол хэлээрээ орчуулгатай явах нь зөв санагдаад байгаа юм. Монгол хэлний эгшиглэнт чанараа гайхуулахын сацуу жүжигчдийн тоглолт ч монголоор илүү болно. Дэлхий одоо ондоошлыг хардаг болсон учраас Чингисийн удам чинь ийм яриа хэлтэй улс, уурлахаараа ийм юм байна гэж харагдах нь илүү сонин юм болов уу гэсэн бодол байна. Гэхдээ би залуучууддаа “Миний хүүхдүүд далимдуулаад англи хэлтэй болоод авчих. Одоо биднийг гадагшаа явахад ганц дутуу юм хэлний мэдлэг. Жүжигчний хувьд бол миний хүүхдүүд хүнд гологдохгүй” гэж хэлээд л яваа. 

Би 2019 онд Холливудын хийсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд тоглохдоо хэн ч танихгүй, хэл ч нэвтрэлцэхгүй Монголын нэг үрчгэр юм тэнэгтсээр байгаад ажил баллачихлаа гэх вий гэж өөрийн эрхгүй бодож явсан. Би тэнд ямар хүнтэй зурганд орсон гэж бодож байна? Сургуулилалт хийж байтал нэг нөхөр хараад зогсоод байхаар нь дотроо тээршаасхийн “Энэ Оросоос ирсэн жүжигчин байх” гэсэншүү юм бодож байлаа. Өнөөх гайхал зургийн дараа дөхөж ирээд надтай зургаа авхуулахыг хүсдэг юм, би ч авхуулж орхилоо. Гэтэл гол дүрд тоглосон Ганчимэг гүйж ирээд "Та энд зураг авхуулаад яаж байгаа юм бэ. Киноны талбайд ингэж болохгүй, гэрээгээр их хэмжээний торгууль хүлээх заалттай шүү дээ ах минь" гэлээ. Энэ нөхөр л хүрч ирээд надтай зургаа авхуулчхаад явлаа гээд мөнөөх эрийг заатал "Аан энэ хүн юм уу..."гэсхийгээд. Гэтэл нөгөө нөхөр том амьтан байж л дээ. Оскарын шагналт жүжигчин, Английн Шекспирийн театрын уран сайхны удирдаач, сэр Марк Райлэнс байсан юм билээ. “Харри Поттер”-т тоглосон Роберт Паттинсонтой зураг авхуулсан. Хүүхдүүд Жони Дэппийн гарын үсгийг авчрах даалгавар өгсөн ч урд орой нь Жони Дэпп зургийн талбайгаас нисчихсэн байсан. Холливудын хаалга нээгдээд хаагдсан ийм нэг түүх. Хэрвээ англиар ярьдаг бол киноны санал тасрахгүй шинжтэй юм билээ. 

 -Бидэнд зөвшөөрч, сайхан яриа өрнүүлж саатсанд баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.24 192.82.66.30

В.Э.Мейерхольд

0 Хариулах