Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Davaidasha: Би бол хуучны "радио тоглуулагч"


“Гэрэг" сэтгүүл, Нью-Йорк Таймсын албан ёсны эрхтэй “Turning Points” сэтгүүлийн шинэ дугаарт багтсан уран бүтээлч Davaidasha-ийн 30 асуулт бүхий блиц ярилцлагыг хүргэж байна.


Тэр өөрийгөө хуучны радио тоглуулагчтай зүйрлэсэн. Мөн монголчуудын гал тогоондоо өдөр тутам хийж иддэг эгэл хоолонд дуртайгаа ч онцлов. Клип нь ерээд оныг санагдуулам “Чи чинь нээрээ” дуу нь аманд байтугай толгой дотор өдөржин хадаж, фм радиогоор цаг тутам шахуу цацагдаж, гарсан дуу бүр нь Apple Music болон Spotify-ийн монгол жагсаалтад заавал дээгүүр бичигддэг энэ залуу 2000-аад оных. Харин “Шинэ үеийн залуусыг хөгжмийн ертөнцөд байлдан дагуулж буй” гэж тодорхойлж болох залуу дуучинтай уулзахад энгийн л, найз шиг санагдана. “Өнөөдөр эрт сэрлээ шүү” гээд үдийн гурван цагт нойрмогхон суусан тэрээр бидний тавьсан 30 асуултад ийн хариуллаа.

1. Хөгжимд дурлах шалтгаан болсон хамтлаг дуучин, эсвэл дууг нэрлэвэл?

Эрдэнэтэд, зүгээр л гудамжинд явж байгаад санаандгүй сонссон хамтлаг надад их нөлөөлсөн. Соло гитар тоглож байсан залуу их гоё санагдаад, 17 настайдаа гитар тоглож эхэлсэн. Нэрийг нь одоо хүртэл мэддэггүй. Магадгүй хамтлаг ч биш байсан байх. 

2. Дуу хөгжмөөс гадна хамгийн их сонирхдог зүйл?

Танин мэдэхүйн холбогдолтой зүйлс үзэх, унших дуртай. 

3. Таны цуглуулдаг, заавал цаг зав гарган хадгалж, нандигнадаг зүйл?

Хөгжмийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд. Бас бөгж. Ээжийн бөгж хамгийн нандин нь. 

4. Чамайг нэг эд зүйлээр илэрхийлбэл? 

Би бол хуучны радио тоглуулагч.

5. Өглөө сэрээд хамгийн эхэнд юу хийдэг вэ?

Яг ингэж (ярилцлагыг түүнийг дөнгөж сэрсний дараа хийсэн) хоёр гараа гуян завсраа хавчуулаад баруун, зүүн тийш хараад эвхэрч хэвтдэг. Хэвтээд л байдаг. 

6. Өөртөө байнга сануулдаг нэг зүйл?

Эрт босоорой л гэдэг. Өнөөдөр бол аймаар эрт бослоо (өдрийн гурван цаг болж байв).

7. “Эморсон” үедээ юу хийдэг, яадаг вэ?

Саяхан л анзаарсан шүү. Аймаар их хоол иддэг юм байна лээ. 

8. Өөрөөсөө огт салгалгүй авч явдаг зүйл?

Утас. Цэнхэр гитар. 

9. Анхны хайрын тухай нэг өгүүлбэрээр хэлбэл?

Арван жилийн ангийн охин. 

10. Заавал очиж үзэхийг хүсдэг газар, яагаад очихыг хүсдэг вэ?

Очихыг хүсдэг газар байхгүй.  

11. Гэр бүл, найзуудаас өгсөн хоч? 

Гэрийнхэн “Донгкба” гэж дууддаг. Бага байхад гарч байсан солонгос цуврал киноны дүртэй төстэй санагдсан шиг байгаа юм. 

12. Хамгийн их ашигладаг аппликейшн?

Инстаграм. @davaidasha

13. Хамгийн анхны дуугаа цацчихаад юу хийсэн бэ? 

Анхны “Хүүхдийн тоглоом” нэртэй дуугаа soundcloud дээр оруулчхаад байнга шалгаад л, “refresh” хийгээд л суудаг байсан. Одоо больчихсон. Youtube дээр анх цацсан дуу бол “Шуналтай нүд”.

14. Хамгийн дуртай, бас сайн хийдэг хоол?

Өндөг шарж л чадна даа. Жирийн л өдөр тутам иддэг будаатай хуурга, цуйван, бууз, хуушуур ч юм уу монгол хоолонд дуртай. 

15. Ямар супер хүч чадалтай болохыг хүсэж байна вэ? Яагаад?

Харагддаггүй болно. Хэнд ч харагдахгүй бол гоё шүү дээ. 

16. Хэрэв яг одоо текнээс уух юм захиалбал юу авах вэ?

Цэвэр жүржийн жүүс.

17. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? 

Ойрын ирээдүйд нь студийнхээ хаалганд бариул хадсан байх болно. Холынх нь, дуугаа хийгээд л яваад баймаар байна. Бага зэрэг төлөвлөдөг ч шууд тэгнэ ингэнэ гэсэн зүйл боддоггүй. 

18. Өөрийн аль дуундаа фэн шиг дурлаж байсан бэ?

Дуу хийж дуусах бүрдээ тэр дуундаа дурладаг. Яг одоо хамгийн дуртай байгаа нь ч хамгийн сүүлд хийсэн дуу.. 


19. Хамгийн анхны цалингаараа юу авч байсан бэ?

Байшин нураах ажил хийгээд 16 насны төрсөн өдрөөрөө 60 мянган төгрөг авсан. Чихэр ундаа л авсан байх. 

20. Илүү бүтээлч байж, шинэ зүйл хийхийн тулд юу хийдэг вэ?

Өөрийгөө завтай байлгадаг. Юм бодох завтай байж л “юмаа” хийдэг. 

21. Хамтарч уран бүтээл хийхсэн гэж хорхойсож явдаг уран бүтээлч? 

Яг тэр хүнтэйгээ одоо хамт дуу хийж байгаа. Тэр нь Baatarfly. 

22. Монголын хөгжмийн ертөнцөд тохиолдоосой гэж боддог үйл явдал? 

Хэн нь ч хамаагүй, хэн нэгэн нь дэлхийд гараасай л гэж боддог. 

23. Цагийг өнгөрүүлэх хамгийн дуртай газар?

Студи дээрээ өнждөг. Өдрийн аль ч цагт намайг эндээс олж болно.

24. Уншиж буй сонсогчдодоо зориулах дуу?

Lil Peep-ийн “Big City Blues”-ийг зориулъя. 


25. Дуучин, уран бүтээлч байхын таалагддаггүй зүйл нь юу вэ?

Төрсөн өдөр дээр дуулах (чангаар инээв).

26. Уран бүтээлч хүнд үүрэг гэж байдаг бол тэр нь юу гэж боддог вэ?

Би лав “жаахан” цензуртай байж сурч байгаа. Үүнийгээ уран бүтээлчийн хариуцлага гэж боддог. 

27. Хоёр сайн тал, хоёр муу талаа тодорхойлбол? 

Муу нь амиа боддог, жаахан муу санаатай. Сайн нь нээлттэй, тууштай. 

28. Сэтгэлээр унаж, ямар нэгэн зүйл бүтэлгүйтсэн үед яаж сэргэдэг вэ?

Юу хийхээ мэдэхээ больчихдог. Сэргэхийн тулд хичээдэггүй. 

29. Ямар зан чанараа хэзээ ч алдахгүйг хүсдэг вэ?

Би зан чанар, өөрийгөө 100 хувь тодорхойлж чаддаггүй. Ер нь их сатаарамтгай. Юм хийж байснаа гэнэт сатаараад инээдтэй болчихдог. Өөрийн мэдэлгүй, өөр нэг юм намайг удирдаад байгаа ч юм шиг (инээв). Энэ чанараа алдчихвал сонирхолгүй болчих байх. 

30. Бүх уншигч нарт сэтгэлийн үгээ илгээж, өөрийн бодож явдаг зүйлээсээ хуваалцвал? 

Бүх зүйл одоо байгаагаараа л гоё доо гэж би боддог. Жаахан юм боддог болсноосоо хойш бодсоор байгаа бодол л энэ. Сонсогч нартаа “аймаар” хайртай гэдгээ хэлмээр байдаг. Гадаадын ч юм уу, зарим дууны доор байдаг сэтгэгдлүүдийг уншихад “хүн аймаар” сэтгэгдэл олон харагддаг. Харин өөрийнхийгөө хааяа орж уншихад муухай зүйл огт байхгүйг хараад хайр хүрдэг. Хамгийн гоё дурсамж захын аймгаас нэг хүү зөвхөн миний дууг сонсохын тулд эвэнт дээр ирчихсэн байсан. Тоглолт ч биш эвент. Энэ бүгдэд баярлалаа. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.