Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Номын баяр | Уншъя, Урагшилъя, бас Нисье!


Бүх цаг үеийн хамгийн алдартай зохиолуудын нэг болох "Бяцхан хунтайж"-ийг зохиосон хүн нь мэргэжлийн нисгэгч байжээ. Антуан Де Сэнт-Экзюпери. Зохиолд элсэн цөлд онгоц нь сүйрсэн нэгэн хүний тухай, тэнд тэрээр хорвоо ертөнцийн гараг эрхэс дээр зорчин яваа учир битүүлэг баатартай танилцаж буй тухай өгүүлнэ. Бяцхан хунтайж сансраар хэрэн хэсүүчилсэн аяллынхаа тухай төдийгүй, бас бусад гараг эрхсийн ганцаардмал оршин суугчтай учрахдаа юу сурснаа хуваалцана.

“Бидний хувьд амин чухал тэр зүйлийг нүдээр харах боломжгүй, зөвхөн зүрх сэтгэлээрээ л харж болдог.” 

Нисгэгч хүний бичсэн зохиол дэлхий нийтийг хуйлруулан дагуулж чадсан нь зүгээр тохиолдлын хэрэг байсан уу? Магадгүй тийм ч байж болно. Гэсэн ч унших - нисэхийн хооронд тохиолдлын гэж боломгүй, гүнзгий учир утга бүхий холбоос байдаг гэж үзэх үндэслэл бий юм.

Нисэх гэдэг хүн төрөлхтний хувьд адал явдлын бэлгэдэл байсаар ирсэн түүхтэй. Энэ нь НТӨ нэгдүгээр зуунд бичигдсэн Овидын ‘Икар’ домгоос эхэлсэн ч юм биш, бас хорьдугаар зуунд мөн л мэргэжлийн нисгэгч хүний туурвисан Ричард Бахын Жонатан Ливингстон хэмээх цахлайгаар ч төгсөөгүй гэж итгэлтэй хэлж болно. Бидэнд нисэх мөрөөдөл үргэлж л байсаар ирсэн, үүрд байх ч болно. Учир нь энэ бол хөгжил дэвшлийн бэлгэдэл. Байгалиас өгөгдсөн хил заагийг давж хүмүүний амьдрал дахь шинэ орон зайг нээж олох явдал. Тиймээс ч энэ нь ном унших, бас бичихтэй нягт холбоотой хэмээн үзэж буй.

Номыг нисдэг машинтай зүйрлэж болно. Энэ нь биднийг дээш өндийлгөж, өргөж, өмнө нь хэзээ ч төсөөлөгдөх аргагүй байсан бүхнийг боломжтой болгодог нээлт, ололт юм. Ном танд астрофизикээс эхлэн анагаах ухааныг, яаж амьдрах, хайрлахыг, бас сул талыг хэрхэн давуу тал болгох тухай харуулна. Ном таныг өмнөх бетон хананаас чинь чинагш тэртээд харагдах уулс, тэнгэрийн хаяанаас цаадахыг ч харж чаддаг болгоно. Ном таныг орон зайгаар төдийгүй, цаг хугацаагаар аялуулах болно. Ном танд энэ хорвоо дэлхий хэчнээн агуу уудам болохыг, бас хувь хүний боломж бололцоо хэр их болохыг харуулж чадна.

Иймээс, "Монсудар" хэвлэлийн газрын хамт олон энэхүү номын баярт, унших болоод нисэх хоорондын энэхүү холбоосноос эхтэй “Уншъя, Нисье!” хэмээх уриатай оролцож байна. 

Цаг үе хүндхэн байна. Бидний олонх өдөр тутмынхаа асуудлаас хальж, өнөөдрөөсөө цааших ирээдүй рүү харах сэхээгүй, боломжгүй байгаа нь ч үнэн билээ. Хоол хүнсний үнэ нэмэгдэхийн хэрээр ном зохиол, боловсрол ч илүү үнэтэй болж байна. Ирээдүй тодорхойгүй, бүүдгэрийн улмаас хувь хүн өөрийн болоод гэр бүлийнхээ ирээдүйг эх нутагтаа төлөвлөж, төвхнүүлнэ гэдэг эр зориг шаардсан хэрэг болж ирлээ. 

Тэгэхээр, чухамдаа энэ хүнд хэцүү цаг үед, гарц шийдэл хайх, шинийг эрэлхийлэх, аливааг бодож эргэцүүлж, оюун ухаанаа дайчлан чөлөөтэй сэтгэх, хамгийн гол нь боловсролоо дээшлүүлэх нь хувь хүн бүрийн төдийгүй, нийгмийн ч хувьд анхаарах учиртай амин чухал шаардлага болжээ.

Эх орны минь есдүгээр сар гэдэг шувууд тэнгэрт дүүлэн, илүү дулаан газарт нисэн оддог цаг хугацаа. Бид бүхэн ч энэ цаг үеийг гэгээлэг ирээдүй рүү зорин тэмүүлэх их эрч хүч, урам зоригийг олж авах боломж хэмээн харахыг хүснэ. 

Залуус аа, Хүмүүс ээ!

Сүхбаатарын талбайд, хүн төрөлхтний хамгийн агуу нээлт, ололт болох унших, бичих, бас нисэх баярыг хамтдаа тэмдэглэцгээе! 

Илүү их уншихын төлөө, үеийн үед үлдэх энэ сайхан эх орондоо ирээдүйдээ итгэл төгс амьдрахын төлөө нэгдэцгээе!

Уншъя, Урагшилъя, бас Нисье!

"Монсудар" хэвлэлийн газар

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
5 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхцэцэг 2022.09.14 66.181.161.18

Гоё нийтлэл байна. Нээрээ л ном биднийг урагшлуулж, нисгэдэг шүү

0 Хариулах