UBLife Logo
Спорт

К.Валиева олимпын үеэрх дуулиан, дарамт, сэтгэлийн шархаа шинэ үзүүлбэртээ шингээжээ

Ub.life
Ub.life
К.Валиева олимпын үеэрх дуулиан, дарамт, сэтгэлийн шархаа шинэ үзүүлбэртээ шингээжээ

"Бээжин-2022" өвлийн олимпын үеэр Камила Валиева дөрвөлсөн эргэлтийг гүйцэтгэсэн анхны эмэгтэй болж түүхэнд нэрээ мөнхөлж, уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртэх болзол хангасан. Гэвч түүнтэй холбосон сэргээшийн асуудал хамгийн том дуулиан болсон билээ. 15 настай охин дэлхийн нийтийн анхаарлын төвд хэдэн өдрийн турш байж, дэмжсэн болоод гутаан доромжилсон олон сэтгэгдлийг хүлээн авсан. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээний бэлтгэлийн үеэр нь сэтгүүлчид шавж, тэр нүүрээ цамцаараа бүтээн заалнаас гарч байгаа зураг, бичлэг үлдсэн билээ. 

Хэдийгээр түүний сэргээшийн асуудал нэг тийш шийдэгдээгүй боловч уран гулгалтын шинэ улирал эхэлж, тэрээр шинэ богино болон чөлөөт үзүүлбэрээ танилцууллаа. Оросын уран гулгагчид энэ улирлын шинэ үзүүлбэрүүдээ танилцуулсан арга хэмжээний оргил мөч нь яах аргагүй К.Валиевагийн чөлөөт үзүүлбэр байв. 

Үзүүлбэр олон орны хэлээр мэдээ уншиж буй чимээгээр эхэлнэ. Эдгээр мэдээний дунд "Таны итгэхийг ч хүсэхгүй нэгэн мэдээ...", "Камила Валиеваг тойрсон дуулианы талаарх сүүлийн үеийн мэдээ..." гэх үгс сонсогдоно. Үүний дараа "Father" киноны ая, "Truman show" киноны ая болон "Obscura" буюу харанхуй хэмээх хийлийн аялгуу эгшиглэх зуур тэр үзүүлбэрээ гүйцэтгэлээ. Үзүүлбэрийн төгсгөлд тэр нүүрээ даавуугаар бүтээж буйгаар дэглэсэн нь ч үзэгчид болон дэмжигчдэд юуны тухай өгүүлж буй нь тод байлаа. 

Камила чөлөөт үзүүлбэртээ хүндрэлтэй элемент болох гурвалсан аксель, дөрвөлсөн эргэлт нэгийг ч гүйцэтгээгүй ч сонгосон эргэлтүүдээ алдалгүй гүйцэтгэсэн. 

Хөгжим дууссаны дараа К.Валиева нулимс дуслуулсан бөгөөд мөснөөс буухад нь угтаж авсан дасгалжуулагч Этери Тутберидзегийн нүд ч нулимстай байх нь харагдсан. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
6
1
7
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.