Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэхэн нобельтон Анни Эрногийн тухай 6 баримт


Хэд хоногийн өмнө Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн, франц зохиолч Анни Эрногийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. Тэрбээр утга зохиолын төрөлд нобель хүртсэн 119 дэх хүн, 17 дахь эмэгтэй юм. 

  1. Францад түүнийг “Үнэний дууч” гэдэг. Учир нь тэрбээр дандаа бодит үйл явдлаас сэдэвлэн, тодруулбал, өөрийнхөө амьдралын тухай шударгуу өгүүлсэн байдаг. Шведийн академи үүнийг нь онцлон, шагналаа гардуулахдаа “Өнгөрснийхөө угшил, харьшил, нийгмийн хязгаарыг зоригтойгоор, өршөөлгүйгээр задлан дэлгэсэн” хэмээсэн юм. Бүгдэд хамаатай нийгмийн тэгш бус байдал зэрэг сэдвийг өөрийнхөө амьдралын туршлага, мэдрэмж, дурсамжаар дамжуулан хөндөж иржээ. 

  1. Анни Дюшесн (гэрлээд Эрно болсон) 1940 оны есдүгээр сарын 1-нд Лилльбонн хэмээх жижигхэн хотод айлын ганц хүүхэд болон мэндэлжээ. Лилльбонны уур амьсгал бяцхан Аннид тохиромжгүй гэж үзсэн аав ээж нь Иветт хэмээх хот руу нүүн, ажилчдын дүүрэгт хүнсний жижиг мухлаг ажиллуулах болсон аж. Энэ үеэс өрнөсөн амьдралаа тэрбээр “Эмэгтэйн түүх” (A Woman's Story) хэмээх бүтээлдээ өгүүлсэн байдаг. 

  1. Үр хөндүүлсэн тухайгаа өгүүлсэн “Цэвэрлүүлсэн нь” (Cleaned Out) нэртэй анхны бүтээл нь 1974 онд нийтлэгджээ. Тухайн үед Францад үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөөгүй байв. Үүнээс 25 жилийн дараа “Үйл явдал” нэртэйгээр гаргасан романдаа энэ сэдвээ дахин сөхсөн нь ихээхэн алдарт хүрч, түүний хамгийн алдартай бүтээл болсон юм. “Үйл явдал” (Happenning) номоос нь сэдэвлэн найруулагч Одри Диван ижил нэртэй кино хийсэн нь өнгөрсөн онд Венецийн олон улсын кино наадмын “Алтан арслан” хүртсэн билээ. 2021 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмаар уг киног толилуулсан. 

  2. Анни Эрно нөхөр Филипптэйгээ супер 8мм хальсан дээр бичсэн бичлэгүүдээр бүтээсэн “The Super 8 Years” баримтат кино энэ жил олны хүртээл болж, кино наадам, театруудаар гарч эхэлсэн. Хүү Дэвид Эрно нь гэр бүлийнхээ найман жилийн амьдрал, Албани, Египет, Испани, ЗХУ-д хийсэн аялал зэргийн бичлэгийг эвлүүлсэн бол текстийг нь Анни өөрөө бичиж, уншжээ. Филипп, Анни хоёр 1984 онд гэрлэлтээ цуцалснаар хоёр хүүгээ Анни бие даан өсгөсөн аж.


  1. Анни Эрно Нобелийн шагналд олон жил нэр дэвшсэн зохиолч юм. Түүний “Он жилүүд” намтар зохиол 2008 онд Францын утга зохиолын гол шагнал “Prix Renaudot”-г, 2016 онд Италийн “Premio Strega”-г хүртэж, Бүүкэр шагналын богино жагсаалтад багтсан. Түүний ачаар намтар зохиолын төрөл гүнзгийрч, “субъектив хэрнээ объектив, амин хувийн хэрнээ бүгдэд хамаатай” шинэ хэлбэрийг олсон гэж  Мэн бүүкэрийн шүүгчид тодорхойлсон билээ. 

  2. Түүний зохиолууд зарим уншигчид хэт хөндий, хэтэрхий хувийн мэт санагдаж мэднэ, гэхдээ хурц, мартагдашгүй чанар нь аль ч уншигчийн сэтгэлд торж үлдэх нь дамжиггүй. Одоогоор аль ч бүтээл нь монгол хэлнээ орчуулагдаагүй буй. Зохиолууд нь нимгэн, ихэнх нь 100 ба түүнээс доош хуудсын урттай учраас уншихад их хугацаа орохгүй. Аавынхаа тухай бичсэн "A Man's Place", ээжийнхээ тухай бичсэн "A Woman's Story", бэлгийн харилцаанд анх орсон тухайгаа өгүүлсэн "A Girl's Story", дээр дурдсан "Happening",  "The Years" зохиолуудыг он цагийн дарааллаар нь уншихыг утга зохиол судлаачид зөвлөдөг юм билээ. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.