Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Төсөв-2023 ба муу юмс ч сайн тийш эргэдэг


Найман шаргаас өөр валют өргөн арилжиж байгаа газаргүй болсон учраас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тэндэхийн самбар дахь үзүүлэлтээр 2022 он гарсаар 20 хувь унасан гэж тооцвол бодитой болж байна. Монголбанкны зарлаж буй ханшаар бол, оны эхний есөн сарын хугацаанд 17 хувиар суларсан гэж байгаа. Өнгөрсөн хавраас буюу Орос, Украины дайн эхэлснээс хойш олон улс орны валют арилжаанд ам.долларын ханш үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг мөн л эрс чангарсаар байна. Тухайлбал, Форэксийн жагсаалтад долларын нөөцөөрөө дэлхийд Хятадын араас хоёрт жагсдаг Японы иений ханш 23.35 хувиар, 11 дүгээрт яваа Сингапур доллар 20.71 хувиар унажээ. 

Өнгөрсөн оны мөн үед хүн төрөлхтний зовлон Ковидын цар тахал байх үед 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг үлэмж бага буюу 5 хувиар төсөөлж байсан бол өдгөө 2023 оны төсөөлөл үүнээс хоёр дахин буурч 2.5 хувьтай байх таамаг дүнг Дэлхийн банк гаргажээ. Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй 2023 оны төсвийн төсөлд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай гарахаар төсөөлжээ. Харин Дэлхийн банк манай улсын өсөлтийг дэлхийн дундажтай адилаар буюу 2.5 хувиар л таамаглаж. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн Орос, Украины дайн өдгөө долоон сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа хэдий ч энэхэн хугацаанд амь үрэгдэгсдийн тоо нь 1991-2001 онд бүтэн 10 жил үргэлжилсэн Югославын дайны улмаас үрэгдсэн 140 мянган хүнээс давж, хоёр талын мэдүүлж буй бүрэн бус тоог нэмбэл 150 мянган амь болоод байна. Одоо дэлхий дээр аюулгүй байдлын зэрэгцээ эдийн засгийн хүндрэл илт мэдрэгдэх өвлийн улирал эхэллээ. Энэ дайны нэг тал ОХУ дэлхийн зах зээл дээрх байгалийн хийн хамгийн том экспортлогч, түүхий газрын тосны олборлолтоороо эхний гуравт ордог, нүүрсний экспортын 20 орчим хувийг дангаараа эзлэгч орон. Европын холбооны улсуудын нийт хэрэглээ 412 тэрбум шоо метр хийн 42 хувийг ОХУ дангаараа нийлүүлдэг бөгөөд 2022 оны эхний хагаст Европт байгалийн хийн үнэ 2021 оны мөн үеэс дөрөв, нүүрсний үнэ гурав дахин өссөн нь цахилгааны үнэ дөрөв дахин өсөх шалтгаан боллоо. 

УИХ-ын гишүүн тус бүрт тойргийн хөрөнгө оруулалт нэрээр дөрөв дөрвөн тэрбум төгрөг, нийт 304 тэрбум төгрөг баталж өгсөн 2022 оны төсвийн жил шувтарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ “хөрөнгө оруулалтаас” татгалзсан төсөл оруулж ирсэн нь сонгуулийн өмнөх жил эрх баригч намын даргаас хийж буй зоримог алхам гэж хэлж болно.

Удахгүй гарах шинэ онд Монгол Улсын эдийн засагт учрах эрсдэлд дайнаас гадна БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтуудын гацаа томоохон нөлөө үзүүлсээр байх нь дамжиггүй. “Тэг Ковид” манай гадаад худалдааны тасалдал, төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлах гол хүчин зүйл болсоор байна. Гурав хоногийн дараа буюу аравдугаар сарын 16-нд Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал эхэлнэ. Барууны ажиглагчдын таамаглаж байгаагаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг батлах төлөвтэй байна. Чингэвэл энэ их хурлын дараа одоо хэрэгжүүлж буй “Тэг Ковид” бодлого үргэлжлэх магадлалтай бөгөөд уул уурхайн экспортоос үнэмлэхүй бүрддэг манай улсын төсөвт орлогын доголдол учрах эрсдэл хэвээр болно. 

Улс орнуудын төрийн эрх барих байгууллагууд 2023 оныхоо төсвийн төслийг Засгийн газраасаа хүлээн авсаар байна. Орос, Украины асуудал зарим улсын төсвт батлан хамгаалах салбарт урьд хожид байгаагүй өндөр зардал нэмсэн нь нэг онцлог болж байна. Орчин цагийн хүмүүсийн хэрэглээнд “зэвсэглэл” гэдэг нэр шинээр орж ирэх бололтой. Тухайлбал, эрчим хүчний үнийн өсөлтийн балгаар гялайх шинжгүй төсвийн төсөл зохиосон Польш, Чех улсуудын Засгийн газрууд батлан хамгаалах салбарын зардлаа өсгөхөөр шийджээ. Ялангуяа Польш улирч буй оны төсөвт батлан хамгаалах салбарт тусгасан дүнгээ 2023 онд 68 хувиар өсгөн, ДНБ-ийхээ 3.3 хувийг цэрэг техникт зарцуулахаар үлэмж нэмэгдүүлсэн бна. Аж үйлдвэр хөгжсөн энэ улс инфляцыг 9.8 хувьд барихаар тооцжээ. Чехийн хувьд ДНБ-ийхээ 1.5 хувьтай тэнцэх зардлаар цэргийн техник худалдан авах гэнэ. Европын хүчирхэг эдийн засаг бүхий Герман 2023 оноор зогсохгүй 2026 он хүртэлх төсвийг хэмнэлтийн бодлогоор батлах чиг баримталж, төрийн албан хаагчдын 1.5 хувийг ирэх онд цомхотгохоо зарлаад буй. 

Монгол Улсын шинэ төсвийн төсөлд хөшөө босгох, аймаг сумдад угтах хаалга барих, засаг захиргааны байгууллагуудад дэд, орлогч, зөвлөх нэртэй албан тушаалтнуудын тоог бууруулах, автомашины хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэхээр төсөөлөөд буй. УИХ-ын гишүүн тус бүрт тойргийн хөрөнгө оруулалт нэрээр дөрөв дөрвөн тэрбум төгрөг, нийт 304 тэрбум төгрөг баталж өгсөн 2022 оны төсвийн жил шувтарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ “хөрөнгө оруулалтаас” татгалзсан төсөл оруулж ирсэн нь сонгуулийн өмнөх жил эрх баригч намын даргаас хийж буй зоримог алхам гэж хэлж болно. Түүнд төсвийн реформ хийх амбийц үнэхээр төрөв бололтой. 

Хямралын үеийн энэ төсвөөс эхлэн цаашид поп улс төрийг татвар төлөгчдийн мөнгөөр угждаг явдлыг таслан зогсоосон, хөрөнгө оруулалтын бодлогыг жинхэнэ эдийн засгийн утгаар нь баримталсан, төсвийг эрүүл зөв тийш эргүүлсэн реформ хийгдвэл сайн хэрэг.  

Төсвийн хууль бол хувь хүн, айл өрх бүрийн амьдрал. Ерөнхий сайдын уриалж буй төсвийн реформ ч зайлшгүй. Гагцхүү УИХ-ын гишүүд батлах, эсэхээс шалтгаалах хугацаа парламентад гүйгээд эхэлсэн. Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бөгөөд энэ хөрөнгөөр УИХ-ын гишүүдийн тойрог услах ашиг сонирхлыг бүрмөсөн зогсоох шийдэл “ашгүй” цар тахал, хил гааль, дайн байлдааны “буянаар” гарч, хөрөнгө оруулалтын бодлого хөрсөн дээрээ буув. Цаашид ч ийм байгаасай. Гишүүдэд “бэлэглэж” байсан 304 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт гэж нэрлэх нь ямар ч утгагүй, үүдэнд нь тууз хайчлан зогсохын тулд барьсан үргүй зардлууд байсан, магадгүй хэцүү цаг үед ч борлуулалт нь нэмэгдсэн Ланд-300 болж байв. Засгийн газрын төсөлд 2023 онд шинээр хөрөнгө оруулалт тусгахгүй, өмнө эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулснаар он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86 хувийг дуусгана гэж заасан. Гэвч хөрөнгө оруулалтаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх, хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх ёстой юм. Ингэж байж л төсвийн алдагдал буурах нөхцөл бүрдэнэ. Муу юмс ч сайн тийш эргэдэг гэж хүнд хэцүү үеийг даван туулах өөдрөг үг бий дээ. Хямралын үеийн энэ төсвөөс эхлэн цаашид поп улс төрийг татвар төлөгчдийн мөнгөөр угждаг явдлыг таслан зогсоосон, хөрөнгө оруулалтын бодлогыг жинхэнэ эдийн засгийн утгаар нь баримталсан, төсвийг эрүүл зөв тийш эргүүлсэн реформ хийгдвэл сайн хэрэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.