Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

О.Одгэрэл: Дэлхийн томоохон наадмуудад шилдгээр нэрлэгдсэн кинонуудыг "Улаанбаатар" толилуулна


“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 17-23-нд болох гэж буйтай холбогдуулан зохион байгуулагч “Монголын урлагийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа. Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудад амжилттай оролцсон, шагнал хүртсэн 10 гаруй улсын бүтээлүүд, энэ оны онцлох монгол кинонууд зэрэг нийт 19 киног долоо хоногийн хугацаанд толилуулах юм. 

-14 дэх удаагийн “Улаанбаатар” кино наадам ямар онцлогтой байх вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье. 

-Манай наадам энэ жил нэлээд өргөн хүрээтэй болох гэж байна. Ковидын үеэр зочидгүй, сургалт, үйл ажиллагаанууд маань цахимаар явагдсан нь тийм ч оновчтой байгаагүй. Харин энэ удаад бүх үйл ажиллагаа маань танхимаар, амьд уур амьсгалтай, өрнүүн болох гэж байгаа болохоор догдолж байна. Олон улсын зочид маань 16-наас ирчихнэ. Нээлтийн кино “Сөүл рүү буцсан нь”-ы продюсер ирнэ. Хөтөлбөрийн хувьд ч бид анх удаа 19 кино үзүүлэх гэж байна. Энэ жил богино хэмжээний кино орж ирж, наадамд маань шинэ уур амьсгал оруулж байгаад туйлын баяртай байгаа. Дэлхийн нээлтээ хийгээд, Венец, Торонтогийн олон улсын наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн “Есдүгээр сарын цас” кино “Улаанбаатар”-аар Монголын нээлтээ хийх гэж байна. “Есдүгээр сарын цас” энэ жилийн наадмын чимэг болно. 

-Кино салбарт дэлхийд толгой цохиж яваа БНСУ-г онцлох орноор сонгосон байна. Солонгос кинонуудаа хэрхэн сонгосон бэ? 

-Солонгос кино өрсөлдөөн ихтэй байлаа. “Decision to Leave”, “Hunt”-г гаргахаар жагсаалтдаа оруулсан байсан ч “Өргөө” кинотеатраар гарахаар болсон. Артхаус, инди кино сонирхогчид маань кино наадмаа хүлээж байгаа учир төлөвлөсөн ёсоор гаргая гэж ярилцаж байгаад эцэст нь үзэгчдэдээ шинэлэг кино үзүүлэх нь дээр юм байна гэх шийдвэрт хүрсэн дээ. Хон Сан Сугийн “The Introduction”-г сонголоо. Удаах хоёр нь олон улсын кино наадмуудаар амжилттай явж байгаа кинонууд. “Next Sohee” одоо Бусаны кино наадмаар гарч байгаа. Харин “Seire” бол аймшгийн кино. 

-Аймшгийн кино ер нь гарч байгаагүй байх шүү. 

-Тийм, энэ жил хоёр аймшгийн кино гарна. Солонгосын “Цээр”, Монголын “Этгээд” гэж хоёр бүтээл. Бас л наадмын маань хувьд шинэлэг үзэгдэл болж байна. 

-Монгол киноны уралдаант хэсгийн уур амьсгал хэр байв? Олон улсын шүүгчид ямар сэтгэгдэл хэлж байна? 

-Би өөрөө шүүгчдийн бүрэлдэхүүнд байдаггүй л дээ. Уралдаанд ирүүлсэн 10 бүтээлээс гурав нь шилдгийн төлөө өрсөлдөнө. Өнгөрсөн жил монгол киноны “Хангарьд” уралдаан бүр болоогүй. Ковидоос шалтгаалаад кино продакшн муу байсан учраас. Гаднын хоёр шүүгч маань “Сайжирсан байна” гэж дүгнэсэн шүү. Киноны хэл, хэлэмж сайжирчээ, зураг авалт сайн хийгддэг болж, дуу хөгжим, өнгө мэдэгдэхүйц дээшилсэн байна гэсэн. Зохиол дээр бол асуудал байгаа. Манай хоёр шүүгч олон удаа монгол киноны уралдаан шүүж байгаа болохоор харьцуулалт багагүй бий л дээ. 

Монголын кино салбарынхан маань киногоо хийнгүүтээ нээчихдэг талтай. Кино наадмаар нээлтээ хийгээд дараа нь нийтэд нээлттэйгээр гаргадаг жишиг манайд хараахан тогтоогүй байна. Яваандаа “Хангарьд” уралдаанд бүтээлээ өгөхсөн гэж зорьдог, тэсэн ядан хүлээдэг жишиг тогтоосой гэж хүсдэг. 

-“Улаанбаатар” кино наадмаар жил бүр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, форум болдог шүү дээ. Энэ жилийнх ямархуу онцлогтой байх вэ? 

-Форум дээр бид Швейцарын “Локарно” кино наадамтай хамтарч байгаа. Локарногийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хоёр мэргэжилтэн ирээд “Богиноос бүрэн хэмжээ рүү” сэдэвт сургалт зохион байгуулна. Зохиол дээрээ ажиллаж байгаа, кино салбарт хөл тавьж буй, богино хэмжээний кино хийх гэж төлөвлөсөн, эсвэл хийгээд, одоо бүрэн хэмжээнийх рүү шилжих гэж байгаа уран бүтээлчдэд үлэмж тус болох байх. Ер нь Локарногийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн үр дүн тун сайн байна гэж бид боддог. “Есдүгээр сарын цас” киноны найруулагч П.Лхагвадулам ч гэсэн энэ хөтөлбөрт шалгарч байлаа. Л.Бат-Амгалан, С.Уран, П.Золжаргал гэхчлэн олон найруулагч, продюсеруудыг гарган ирж байгаа. Локарногоор дамжуулан Непал, Пакистан, БНСУ-ын гурван найруулагч бас ирж, амжилт, туршлагаасаа хуваалцана. Форум нээлттэй, үнэ төлбөргүй учир бүртгүүлээд оролцож болно. 

-Томоохон кино наадмуудын үеэр хот тэр чигтээ киногоор амьсгалдаг. Олон театрт зэрэг гарна гэх мэт. Улаанбаатарынх тэр тал дээр харьцангуй хязгаарлагдмал. Кино сонирхдог хэдэн хүн шуураад үздэг, бусад нь дуулаад л өнгөрдөг тал бий. Энэ тал дээр хэрхвэл зохилтой вэ? 

-Энэ жилээс наадмаа өргөтгөөд өөр кино театрт гаргах хүсэл эрмэлзэл байлаа. Гэтэл ашгийн төлөө байгууллага ашгаа л нэн түрүүнд хардаг болохоор амаргүй юм байна. Ашгийн бус зорилгоор авч гаргаж байгаа киноноос ашиг хийнэ гэж байхгүй шүү дээ. Фестивалийн киноноос ашиг хийдэггүй юм гэдгийг ойлгох зах зээл хэрэгтэй байна, Монголд. Хоёрдугаарт, кино фестивалийг өргөн хүрээтэй болгохын тулд бодлогын хүрээнд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Урлагийн зөвлөл л хийдэг, нэг байгууллагын үйл ажиллагааны хүрээнд харж болхогүй. Хотын нэрээр явагддаг наадам, Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулдаг, “Nomadia Pictures” хамтарч байна, Кино урлагийн зөвлөл орж ирж байна. Дараа дараагийн жилээс кино наадмынхаа сүнсийг алдагдуулалгүйгээр яаж өргөжүүлэх вэ гэдэг дээр ажиллах цаг ирсэн. Кино наадам өргөжсөнөөрөө олон улсын харилцаа, эдийн засаг, хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг гэдгийг биднийг харж байгаа ч хамтарч үзээгүй хүмүүст ойлгуулах нь чухал байна. Нөлөөллийн ажил хийж байж өргөжих байх.  

-Тэгвэл таныхаар хүмүүс яагаад артхаус, инди киног үзэх хэрэгтэй вэ? 

-Бусад орны соёлыг мэдэрнэ, дэлхийтэй хөл нийлүүлж алхана. Жишээлбэл, “Alma Viva”-г үзээд Португалын соёлоос таньж мэдэх, “Triangle of Sadness”-ийг үзээд шведчүүдийн егөөтэй юморыг ойлгох ч юм уу, тийм ээ? Жанр жанр өөрийн өгүүлэмжтэй. Мэдээж үзэгч өөрөө сониуч хандах хэрэгтэй. Инди кино яагаад гэдэг асуултыг дандаа асуудаг шиг санагддаг. Зүгээр нэг инээлгээд явуулдаг кино сэтгэлд торж үлдэхгүй, харин киноноос гарч ирээд тэр тухайгаа дөрөв тав хоног бодоод, зүрхэнд нэг юм гүн мэдрүүлээд үлдээчихсэн байна гэдэг тэс өөр зүйл. Наадмын маань ихэнх кино тийм. Үзээд тэр хүчтэй мэдрэмжийг аваад, тэр тухайгаа хуваалцах, найзуудтайгаа ярих, хэлэлцэх чинь бас кайф. Яагаад ийм байгаа юм, яагаад ийм байх ёстой юм гээд л задлаад ярьцгаана шүү дээ. 

-Мэдээж кино наадам бүр өөрийн ялгамжит чанартай. “Улаанбаатар” юугаараа бусад орны кино наадмуудаас ялгарч байгаасай гэж хүсдэг вэ? 

-Манайх жижиг улс орон болохоор маш баялаг хөтөлбөртэй. Шилдгийн шилдгүүдийг авчирч чаддаг. Томоохон наадмуудын уралдаант хэсэгт олон янз бүтээлүүдтэй өрсөлдөөд тэргүүлэн гарч ирснийг нь бид түүгээд үзүүлж байгаа. Дэлхийд том наадмуудад бол үзэгчид шилдэг гэсэн бүгдийг нь үзэж чадахгүй шүү дээ. Хуваарь давхацна, гарах театрт очиж амжихгүй хоцрох, тасалбар олдохгүй гэх мэтээр. Манай наадмаар бол нэг газар очоод орон орны шедевр бүтээлийг үзчихэж болно. Яг одоогоор бол энэ л гол онцлог юм даа. Харин одоо энэ онцлогоо монгол киноны хэсэгтээ шингээх хэрэгтэй байна. 

-МУЗ Уран сайхны зөвлөлтэй болсон гэж дуулсан. Ингэснээр ямар өөрчлөлт гарах вэ? 

-Кино наадмаа зөв засаглалтай байлгахын тулд тодорхой өөрчлөлтүүд оруулж байна. Ерөнхийлөгчтэй боллоо, уран сайхны удирдагчтай боллоо. Урьд нь хөтөлбөрийг дандаа гаднын кураторууд гаргаж ирсэн. Харин шинэхэн байгуулагдсан Уран сайхны зөвлөл маань кино санал болгох эрхтэй. Дотоодын хөтөлбөр зохицуулагчид гаднын кураторуудтай хамтран ажиллаж, энэ жил анх удаа хамт хөтөлбөрөө боловсрууллаа. Дотооддоо энэ талын мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байгаа учир энэ ихээхэн ач холбогдолтой ажил юм. 

Наадам тогтмол, тогтвортой явагдаж байж, уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх тал дээр тодорхой хувь нэмэр оруулж байж амжилттай оршино. Хийх ажил их байна. Бодлогоо зөв авч явж, хөгжүүлэх хэрэгцээ бий. Нэг талаар, бид их азтай хүмүүс. Өчнөөн олон жил хөгжлийн үе шатуудаа даваад тогтночихсон наадмуудаас суралцах боломж байна шүү дээ. 

-Кино наадмын хамгийн сайхан мөч таныхаар юу вэ? 

Үзэгчдийн нэрэмжит шагналыг ямар кино авах нь үргэлж л сонирхолтой байдаг. Сонирхуулахад, өнгөрсөн жил кино наадамтай холбогдолтой асуулт, хариулт явуулахад хамгийн сайн хариулсан нь ЕБС-ийн сурагч байсан. Энэ удаагийн наадмын бүх киног үнэгүй үзэх VIP pass авч байгаа. Харин дараа жилийн наадмын энэ эрхийг ямар үзэгч авах бол? Хүүхдүүд сониуч байна, мундаг байна. Арт кинонд хайртай дараагийн үе гарч ирж байна шүү дээ. 

-Танд баярлалаа. Кино наадмаар уулзацгаая.

 Кино наадмын тасалбарыг "Тэнгис" кино театраас аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг кино наадмын вэб хуудас, фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.