Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дэлхийн хамгийн хүчирхэг хүн, хүчирхэг улсыг бүтээх Ши даргын “мөрөөдөл”


Сая болж өндөрлөсөн БНХАУ-ын Коммунист намын XX их хурлаар Ши Жиньпин эрх мэдлээ овоохон ахиулаад авав. Коммунист намын Төв хорооны 200 гаруй гишүүний саналаар Политбюро буюу Улс төрийн товчооны 25 гишүүний шинэ бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Хятадын улс төрд хамгийн нөлөөтэй байх долоон хүний нэр ил болсон юм. 2027 он хүртэл Хятадыг удирдах Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн тэрхүү долоон хүний дөрөв нь шинээр сонгогдсон. Дараагийн БНХАУ-ын дарга болно хэмээн яригдаж байсан, Ерөнхий сайд Ли Көцян Байнгын хороонд багтаагүй нь өөр хүн Ши Жиньпиний орыг эзэлнэ, үгүй бол Ши дарга ерөөс суудлаа тавьж өгөх бодолгүй байгааг илтгэх дохио болов. 

Ли Көцян Хятадын эдийн засаг хүнд нөхцөлд буйг ил хэлж ярьсаар буй нь өөрийг нь улс төрийн дээд тавцангаас холдуулах шалтгаан боллоо гэж зарим шинжээч хэлж байгаа юм. Харин Жао Лөжи, Ван Хунин нар Ши Жиньпиний дэргэд, намын Байнгын хороонд үлдлээ. Шинээр сонгогдсон, өдгөө 63 настай Ли Чян дараагийн Ерөнхий сайд болох таамаг ид яригдаж байна. 

Үнэнч хамтрагч, дагагчдаар хүрээлүүлсэн Ши Жиньпин цаашид ямар замналаар урагшлахыг хэлэхэд тун бэрх. Тухайлбал, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Олон улсын зөрчил, хамтралын институтийн (IGCC) захирал, Хятадын бодлогыг он удаан судалж буй ахмад судлаач Сюзан Ширк “Урьд нь бид Хятадын удирдагчид эдийн засгийн бодлогодоо прагматик, гадаад бодлогодоо хашир болгоомжтой байх нь тодорхой гэж үздэг байлаа. Гэтэл одоо тийм биш болсон” хэмээжээ. Дэн Сяопин "БНХАУ хүчээ нөөж, цаг нь ирэхээр гаргана" хэмээж байсан нь БНХАУ-ын аажим, гэтэнгүй арга барилыг тодорхойлж ирсэн шиг. Харин түүний хэлсэн “цаг” нь одоо л утгаараа ирэв бололтой. Ши Жиньпин ч үүнийг тунхаглаж, өмнөх их хурлаар “БНХАУ бат зогссон, бэлжсэн, хүчирхэгжсэн, одоо төв тайз руу явж байна” гэж хэлсэн билээ. 

10 жилийн тэртээ Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар тодорсон Ши Жиньпиний аав, улстөрчид дундаа хамгийн либерал үзэлтэй гэгдэж асан Ши Жунсюнь нэгэнтээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах хууль гаргахаар лоббидож явсан гэдэг. Аав нь хоригдож, гэр бүлээрээ нүд үзүүрлэгдэх болсон амаргүй үеийг даван гарч, намын албан тушаалын шатлалаар чимээгүйхэн өгсөн, нэг л мэдэхэд дээд тавцанд нь гараад ирсэн Ши Жиньпинийг аавынхаа үзэл баримтлалд ойр байх болов уу гэж хүлээсэн хүн олон байв. XX их хурал Хятадыг илүү нээлттэй бодлогоор барьж, намын чанга гар сулрах болов уу гэж найдаж байсан хүмүүсийн хүлээлтийг ёстой л “дэвслэв” гэхэд буруудахгүй. 

Олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, тодруулбал “Хятадыг сүрдүүлж, хязгаарлаж, тусгаарлаж, дарамт үзүүлэх гэсэн хэнд ч бууж өгөхгүй байх” бодлого баримтална гэсэн нь баруун, тэр дундаа АНУ-тай илэрхий өрсөлдөх хандлагыг нь бататгалаа. Өмнөх 10 жилд улиран сонгогдохдоо БНХАУ-ын хашир болгоомжтой хандлагыг аажмаар ширүүсгэсэн нь худалдаа, технологийн өрсөлдөөн, Тайвань, ОХУ-ын асуудлаар илэрхий харагддаг. Тайванийн тухайд тэрбээр “Бид энх тайвны замаар нэгтгэхийн төлөө бүх чадал сэтгэлээрээ хичээх болно, гэхдээ хүч хэрэглэхгүй гэж ам гарахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд бүхий л арга замаар хэрэгжүүлэх болно. Түүхийн хүрд Хятад үндэстнийг дахин нэгтгэх, сэргээх үйл хэргийг эрчимжүүлж байна. Бид улсаа нэгтгэх ч ёстой, нэгтгэж ч чадна гэдэг нь эргэлзээгүй” гэж их хурлыг нээхдээ хэлсэн нь анхаарал татсан юм. 

Дотооддоо ч хяналтаа чангатгаж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьдралд илүүтэй “оролцох” болсоор буй. Хүүхдүүд долоо хоногийн аль өдөр, хэдээс хэдэн цагт видео тоглоом тоглож болохыг (баасан гараг болон амралтын өдрүүдэд 20-21 цагт тоглож болно) заахаас өгсүүлээд Шинжааны 12 сая уйгуруудыг “дахин хүмүүжүүлэх хуаран”-д хорих зэргээр ижилсүүлэн уусгах бодлого явуулж байгаа гэх мэт үйл явдал, мэдээллүүд энэ тухайд нэгийг хэлнэ. 

БНХАУ-ын №2 буюу Ерөнхий сайд болохоор яригдаж буй Ли Чян Жөжян мужид Ши Жиньпиний удирдлага дор алба хааж байсан, үнэнч хамтрагч нь. Өсөлт нь саарсан Хятадын эдийн засгийн бодлого түүний мэдэлд очихоос (Хятадын Ерөнхий сайд эдийн засгийг хариуцдаг) эмээж буй иргэд цөөнгүй байгаа аж. Учир нь Ковид-19 цар тахлаас сэргийлэх нэрийдлээр оршин суугчдаа гурван сар гэрт нь хөл хорьсон Шанхай хотын захиргааны “толгой”, намын хорооны нарийн бичгийн дарга нь Ли Чян байсан юм. 

“Тэг-Ковид” бодлого өнөөгийн эрчээрээ хэрэгжсээр байх нь тодорхой болоод буй энэ үед Хятад улс хэрхэн эдийн засгаа дэмжих бол гэж бүгд л ажиглаж байна. Цар тахлын эхэн үед буюу 2020 онд шинэ коронавирусээс чанд хамгаалж чадсан нь Хятадын эдийн засагт түргэн сэргэх боломж өгсөн хэмээн олон улсын шинжээчид сайшаасан ч он улирах хэрээр энэ дүр зураг өөрчлөгдөж, удаан үргэлжилсэн хөл хорио, хязгаарлалтууд эдийн засагт нь хүнд цохилт болсоор буй. 

Дэлхийн хамгийн том зах зээл, үйлдвэр, хөдөлгүүр болсон Хятадын эдийн засгийн бодлого, хөгжил ямар байх нь дэлхий дахинд, тэр дундаа хөрш Монгол Улсын хувьд ихээхэн ач холбогдолтой, анхааралтай ажихуйц зүйл гэдэг нь мэдээж. Дэлхийн хамгийн хүчирхэг хүн, хүчирхэг улсыг “бүтээх” Ши даргын мөрөөдөл хааш хөтлөхийг харъя даа. 

Жич: WSJ, BBC, NPR-аас мэдээлэл авсан болно. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Өчигдөр
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Өчигдөр
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.