Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Урлагтай яриа: Буруу, зөвийн урд ирэхэд бид зөвийг сонгодог уу?


Буруу, зөвийн урд ирэхэд бид зөвийг сонгодог уу? Зөв гэж юу гэсэн үг юм? Би хэн бэ? Хүний хүч чадал юунд оршдог вэ? Чи миний өвөрт орох уу? Миний халаасанд орох уу? 

Франц хосын өргөмөл охин болж өссөн, солонгос гаралтай Фрэдди Сөүлийн нэгэн уушийн газарт найз бололтой хоёр солонгостой хөөрөлдөн сууна. Тэндэх залуусын хэлсэнчлэн “жинхэнэ солонгос царайтай”, нэг ч солонгос үг мэдэхгүй тэр бүсгүй хэн болохыг ойлгохыг хүссэн үзэгчид хариулт авах гэж алхам урагшлах бүрд Фрэдди хоёр алхам ухрах аж. Эргэн тойрныхон нь бүгд л түүнийг хариад ирлээ гэж хүлээн авах нь түүнд Солонгосыг бүр л харь хөндий санагдуулах авч орхиж чадахгүй эгэлдрэгдээд байх нь “Би хэн бэ” гэдэг асуултад хариулах эрэл. Харин хариулж чадах эсэх нь бол тусдаа асуудал юм. Угаас зарим асуултад хариулт хэрэггүй ээ. 

14 дэх удаагийн “Улаанбаатар” кино наадам ийнхүү “Сөүл рүү буцсан нь” (Return to Seoul) киногоор эхлэв. 19 киногоор дэлхийн хийгээд Монголын кино урлаг хаа яваа талаар нэлээд тоймтой ойлголт өгч, бөмбөрцгийн өнцөг булан бүрд тулгардаг өнгө ижил асуудлуудыг хөндөөд долоо хоног харвасан сум шиг л одлоо. 

Энэ жилийн онцлох орон БНСУ-ын уран бүтээлчдийн гурван кино үзэгчдэд хүрсэн нь “Танилцуулга” (Introduction), “Дараагийн Сохи” (Next Sohee), “Цээр” (Seire). Солонгосын нэрт найруулагч Хан Сон Сугийн хөнгөн уйгаар хучигдсан, хар цагаан “Танилцуулга” киног олон уулзвартай амьдралын замд хүмүүс хэрхэн огтлолцдог тухай гэж хэлж болох. Хон Сан Су бичиж, продюсерлэж, найруулж, зургийг нь авч, эвлүүлэн, 66-хан минутад шүлэг ч, роман ч уншсан мэт сэтгэгдэлтэй үлдээх бүтээл босгожээ. Өөрийнхөө хэлийг магад хамгийн үнэнчээр хамгаалж байгаа найруулагч ч шиг. 

Хүний адгууслаг чанар, амьд үлдэх тэмцлийн зөнгөөр

Өөрийнх нь хүсэл зорилго, мөрөөдөлд харшаагүй л бол хэнийг ч нухчин дарахыг тоохгүй харц буруулж чадах хомхой хандлага хүний дотор бий. Би тийм биш гэж өөртөө итгүүлэхийг, “Ийм л байж ирсэн шүү дээ” гэдэг үгийг сөрж, зөвийн төлөө бурууг өөртөө наах зоригийг бид харахыг хүсдэг, гэвч өөрөө бол зөвийн талд зогсохдоо баахан хойрго, бусдаас л түүнийг харахыг хүснэ. “Дараагийн Сохи”, “Улайсах өдрүүд” (Burning Days) киноноос үүнийг олж харж, өөрийнхөө дотогш өнгийсөн. 

Ялгаварлан гадуурхах үзлийн сохор улайрлыг “Улайсах өдрүүд”, “ЦСР” (R.M.N.)-оос үзэв. Румыний цуут найруулагч Кристиан Мунжиугийн “ЦСР”-ийн үйл явдал өрнөх Трансильваниад олон үндэстэн, ястан сүлэлдэн амьдарсаар ирсэн хэр нь эв эеэ олохгүй зөрчилдөх бөгөөд тосгоны талхны цехэд гурван шриланк хүн ажилд орсноор зөрчил нь бүр тэсэрнэ. Киноны оргил цэг болсон тосгоны иргэдийн хурлыг (15 минут) нэг л цэгээс зурагласан нь нэн бодит санагдсан. Дүрүүдийн гаргаж байгаа хандлага, яригдаж байгаа асуудлуудыг Монголын нөхцөлд хөрвүүлэн харахад амархан байсныг ч хэлэх үү. Дотоодын байгууллагууд өгөх мөнгөгүй, дотоодын ажилчид цалинг чамлана, гаднын ажилчид орж ирвэл эсэргүүцнэ, гадуурхана, зарим нь цагаачлаад явна. Яг л нэг ийм төгсөшгүй гэмээр тойрогт бид ч бас амьдарч байнам. 

Хоёр ч аймшгийн кино гарсан нь энэ жилийн наадмын онцлог байлаа. Учир нь үүнээс өмнө “Улаанбаатар” кино наадмаар аймшгийн кино гарч байгаагүй юм. Эхнийх нь болох, онцлох орон БНСУ-ын киноны өдрийн төгсгөлд гарсан “Цээр” УСК аймшгийн кино ямар байж болох тухай мастеркласс орсон. Уг кинонд гэрийн эзэн Ү-жин хүүхэд төрснөөс хойших 21 хоногт гаднын зочин хүлээж авахгүй, үхэл хагацлаас хол байх зэрэг цээрийг зөрчсөнөөс болж муу явдалд ороогдож байгаа тухай өгүүлдэг. Мухар сүсэгт хөтлөгдсөн бодол төсөөллийн ертөнц аймаар байв. Үндэсний соёлын элементүүдийг хэт дэлгэрүүлж, нуршилгүйгээр, үзэгчдэд уур амьсгалд нь автагдах орон зай үлдээсэн нь зөв шийдэл болжээ гэж бодогдсон. 

Монгол киноны уралдаант хэсэгт ирсэн найман бүтээлээс тодорч, шилдэг бүтээлийн төрөлд “Хангарьд” шагнал хүртсэн “Этгээд” МУСК зураг авалтын шийдэл, шилжилтээрээ эрхгүй ялгарч байв. “Ноён эмэгтэй”, “Үргээлэг 2” зэрэг 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан Б.Баатар анх удаа найруулагчаар ажилласан нь энэ. Аймшгийн кинонд түгээмэл харагддаг, тааварлаж болохуйц үйл явдалтай ч чадварлаг зураглаачийн нүдээр бүтсэн нь уг киног ихэд өргөж, сүүлийн жилүүдэд гарсан шилдэг монгол киноны нэг гэж хэлж бүрэн болохуйц түвшинд аваачжээ. “Шилдэг зохиол”-ын төрөлд шагнал хүртсэн, залуу найруулагч Э.Ган-Очирын “Дасгалжуулагч” киноны зохиол, жүжиглэлт тун аятайхан, ялангуяа гол дүрийн хүү, түүний ээж хоёрын харилцааг олон үггүй илэрхийлсэн нь сэтгэлд торж үлдэв. Гэвч киноны хөгжим, дууны найруулгын огцом шилжилт нь зарим хэсгийг үзэхийн аргагүй болгож байлаа. Монгол кино олон улсын шилдэг гэсэн бүтээлүүдтэй зэрэгцээд ирэхээр хөгжим, дууны найруулгынх нь дутагдал дэндүү тод харагдах юм. Дуу, хөгжмөөрөө уур амьсгал бүрдүүлэх биш, эвдэх нь олонтоо байдгийг хэлж байна. Аниргүй заримдаа ямар ч хөгжмөөс хүчтэй сэтгэгдэл төрүүлдгийг монгол киночид маань мартаад байна уу. 

Азийн кино урлагийг сурталчлах, таниулах зорилготой “Үзэхийн хязгаар” хэсгийг энэ жил 1975 онд найруулагч Б.Сумхүүгийн бүтээсэн “Хань” МУСК нээсэн. Шинэ цагийн тусгал болсон, олон ч хэвшмэл ойлголтуудыг эвдсэн, маш сайн киног үзээгүй явсандаа харамсаж, монгол киноны сан хөмрөгтэй илүү ойр танилцана гэх бодолтой танхимаас гарлаа. Удаах үзвэр нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлт байв. Уг бүтээл Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” уралдаант хэсгийн “Шилдэг богино хэмжээний кино” төрөлд түрүүлсэн нь Монголын кино урлагийнхны хувьд сэтгэл сэргээсэн сайхан мэдээ байсан. Бүрэн хэмжээний киноныхоо зураг авалтад ороод буй П.Лхагвадулам найруулагч олон сайхан мэдээг бидэнд дуулгах биз ээ. Монголчууд ямар кино хийж чадахыг мэдлээ, мэдэрлээ. 

Египет гаралтай швед найруулагч Тарик Салехийн “Хурмастын хөвгүүн” (Boy from Heaven), Берлиний кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”-г хүртсэн “Алькаррас” (Alcarras), бүрэн хэмжээний анхны кино нь “Улаанбаатар” кино наадмаар гарч байсан Леа Мисиусын шинэхэн бүтээл “Таван буг” (The Five Devils), Швейцарын залуу найруулагч Кармен Жакьегийн “Аянга” зэрэг, олон улсын үзвэрийн хэсгийн бүтээлүүд бүгд л тод сэтгэгдэл үлдээсэн. Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудад шалгарсан бүтээлүүдээс шилдэг гэснийг нь авчирдаг болохоор урам хугарах нь үгүй. 

"Хань" МУСК-ы гол дүрийг бүтээсэн Н.Сувд, Г.Доржнамжил нар

Венецээс ирсэн хүндэт арслан 

Нулимстай инээд, гунигтай инээмсэглэл

Өдгөө 84 настай, Польшийн ахмад мастер Ежи Сколимовскийн “ИО” (EO)-г өргөн дэлгэцээр үзсэн нь XIV “Улаанбаатар” кино наадмын онцлох мөчүүдийн нэг байв. Дууны найруулга, зураг авалт, эвлүүлэг нь ямар гоё гээч. Гол дүр болох Ио илжиг циркээс чөлөөлөгдөөд, хөлбөмбөгийн багийн фэн клубийн “гишүүн” ч болж, морьдтой ачигдан хил ч давж, зүсэн зүйлийн хүмүүстэй учирч явахдаа хүн гэгч амьтны олон өнгийг нээн харуулах буюу. 

Энэ жилийн наадмын үзэгчдийн нэрэмжит “Мөнгөн шонхор” шагналыг Исландын найруулагч Гудмундур Арнар Гудмундссоны “Танхил хөвгүүд” (Beautiful Beings) кино хүртсэн. Өсвөр насны хөвгүүдийн нөхөрлөл, сэтгэлзүй, мачизмо соёлын нөлөөг харуулсан гэж болох энэ бүтээл үнэхээр л нэр шигээ үзэсгэлэнтэй байв. Тархины сэтгэл ханамж, урам зориг мэдрүүлдэг дофаминыг ялгаруулдаг ventral striatum хэсэг өсвөр насанд нэн идэвхтэй байдаг учир энэ үеийнхэнд нийгмийн харилцаа гойд чухал байдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг. Ийм ч учраас энэ үеийн нөхөрлөл хүний амьдралд хэмжээлшгүй чухал санж. Эр хүн байх гэдэг явцуу ойлголтод хөвгүүдийг хүлдэг энэ ертөнцөд өсөж том болохын сорилтод өөрсдөө ч бүдэрч яваа хэр нь хайр мэдэрч чадахгүй яваа найзаа түших гэж оролдож байгаа хөвгүүдийн цайлган зүрх киноны хатуу хөтүү үйл явдлыг зөөллөх ажээ. 

Орчин цагийн хамгийн тод найруулагчдын нэг Рубен Эстлундад хоёр дахь “Алтан далдуу мод”-ыг авчирсан “Гунигийн гурвалжин” киногоор наадам өндөрлөв. Олон нийтийн сүлжээний худал хуурмаг, тэгш бус байдал зэрэг дэлхийн аль ч цэгт амьдарч байгаа хүн манай нийгмийн асуудал хэмээн нэрлэж болох зүйлсийг бараан хошигнол-егөөдлөөр харуулсан, маш харгис бөгөөд инээдтэй бүтээл. Хэрэв түүний бүтээлүүдийг үзэж байгаагүй бол дараагийн кино нь гарахаас өмнө амжаад урын сантай нь заавал танилцаарай. 

Дараа жилийн кино наадмаар эргэн уулзацгаая. Зохион байгуулагчид, нэн ялангуяа Монголын урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлагт баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
7 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.