Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Лула дахин Бразилийн Ерөнхийлөгч болов


Өчигдөр Бразилд ерөнхийлөгчийн сонгууль болж, хуучин удирдагч Луис Инасиу Лула да Силва дахин төрийн эрхийг атгав. 2003-2010 онд ерөнхийлөгч байсан тэрбээр 50.9 хувийн саналаар сонгогджээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару Бразил ардчилсан улс болсноос хойших 30 гаруй жилд дахин сонгогдолгүй ялагдсан анхны ерөнхийлөгч болов. 

Бразилийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг, “Лула” нэрээрээ олноо танигдсан Луис да Силва бага сургуулийн сурагч ахуйдаа гэр бүлдээ дэм болохын тулд сургуулиа орхин гарч, гудамжинд гутал өнгөлж мөнгө олох болсон гэдэг. Үйлдвэрчний эвлэлээр дамжин улс төрийн өндөрлөгт хүрсэн тэрбээр ерөнхийлөгчийн албаа өгсний дараа авлигын хэргээр яллагдан, хоёр жил орчим шоронд суусан юм. Хэдий шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч буруугүй гэж тогтоогүй бөгөөд хүн амын багагүй хэсэг нь түүнийг авлигач, бусармаг удирдагч гэж үзсээр буй. 

Луис да Силва сонгуулийн дүн тодорхой болсны дараа үг хэлэхдээ “Би гагц надад санал өгсөн иргэдийн төлөө бус, бүх 215 сая бразилчуудынхаа төлөө ажиллана. Энд хоёр Бразил байхгүй. Бид нэг улс, нэг ард түмэн, нэг үндэстэн” гэв. Ялалт цөөн саналын зөрүүгээр шийдэгдсэн учраас тэрбээр “хоёр Бразил” гэж онцолсон буюу. 


Хэт барууны бодлого хэрэгжүүлж, орлого багатай иргэдийг ядуурал руу түлхсэн, яаралтай арга хэмжээ аваагүй цар тахлыг гааруулсан хэмээн буруутгагдсан Ж.Болсонару саяхнаас сонгуулийн санал тоолох машинууд алдаатай байна гэх болсон нь удахгүй болох сонгуульд ялагдахаа мэдсэнээс зориуд хийж буй үйлдэл гэж олон нийт сэжиглэж байв. Түүнийг дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсана гэж мэдэгдсэн. Ж.Болсонару одоогоор ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Энэ удаагийн сонгууль 2018 оноос зүүн тийш хэвийж буй Латин Америкийн улс төрийн дүр зургийг зүүн тийш нэгмөсөн хандууллаа хэмээн шинжээчид хэлж байна. Латин Америкийн томоохон долоон улсын зургаа нь өнгөрсөн дөрвөн жилд зүүний удирдагчдыг сонгосон юм. 

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийг нэн тэргүүнд тавьдаг Луис да Силвагийн бодлого хэрэгжих эсэх нь парламентаас ихээхэн хамаарна. Ж.Болсонаругийн нам конгресст олонх байгаагийн дээр Луис да Силвагийн дэмжин төрийн эрхэнд гаргаж ирсэн Дилма Русефийн удирдлага дор доройтсон Бразилийн эдийн засаг хангалттай сэргээгүй буй. Бразилийн эдийн засаг түүний бодлогыг даах эсэхийг ирэх жилүүд харуулах нь. Луис да Силва ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажлаа авна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.