Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Гэрэл зурагчин Б.Бямба: Тэдний үйлдэл бүрээрээ байгалиа хайрладаг нь сэтгэлд тод үлджээ


“Би дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байгаа тэр л хүмүүсийн өмнөөс гэрэл зургаараа дуу хоолой нь болно” гэх Британийн гэрэл зурагчин Платоны үг бий. Швейцар улсын Поскиава тосгонд гурван сарын турш амьдран, тэнд аж төрөх хүмүүсийн нэгэн хэсэг болж, хөдөө аж ахуй, цэцэг ургамал тариалах фермерүүдийн дуу хоолойгоор дамжуулан дэлхий дахинд байгаль хүний шүтэлцээ, зөв зохистой хөдөө аж ахуйн чухлыг харуулж буй гэрэл зурагчин Б.Бямбын “Нууц мэдрэхүй” үзэсгэлэнг үзээд дээрх үг сэтгэлд бууж байв. Малчид, жимс, эмийн ургамал, тариаланчдын эгэл энгийн гэрэл зураг бүр цаанаа "Харин монголчууд бид хэрхэн хайрлаж байгаа билээ?" гэх шүүмж мэт атлаа "Байгаль эх ямар үзэсгэлэнтэй агуу юм бэ?" гэх гайхшрал бахархлыг ч төрүүлнэ. 

Улаан гэр” бүтээл орон зайд дэлгэгдээд буй энэхүү үзэсгэлэн нь Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ) гэрэл зурагчдын чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран 3 дахь удаагийн зохион байгуулж буй СМАрт урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд гарч байгаа билээ.

"Нууц мэдрэхүй" үзэсгэлэнгээ “Улаан гэр” бүтээл орон зайд дэлгээд буй гэрэл зурагчин Б.Бямбатай бид шинэхэн бүтээлүүдийнх нь талаар хуучиллаа. 

Энэхүү үзэсгэлэнд таны Швейцар улсад буулгасан гэрэл зургууд багтжээ. Таны Швейцарыг зорих аялал, бүтээлийн сэдэл юунаас эхлэлтэй вэ? 

Швейцарын уулархаг бүс нутгийг хариуцсан газар болон Монголын Урлагийн Зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг СМАрт хөтөлбөр нь жил болгон гэрэл зурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлан сонгогдсон уран бүтээлчийг Швейцар улсад авчран гурван сарын турш урлангаар хангаж өгдөг.

Би зөв зохистой хөдөө аж ахуйг урлагаар дамжуулан хүмүүст таниулах зорилготойгоор хөтөлбөртөө хамрагдаад ирлээ. Гурван сар анх бодоход урт хугацаа мэт санагдсан ч хурдан өнгөрсөн шүү. Очоод фермерүүд, нутгийн оршин суугчидтай уулзан танилцаж, тэдний нэг хэсэг болон их ойрхон амьдарсан. Уугуул хүмүүс маань гурван хэлтэй ч англиар ярьдаггүй, би харин англиар л ойлголцоно гээд асуудал байсан ч хэн хэн нь байгаль эх рүү хандсан, байгальдаа төвлөрсөн нь харилцааг их амархан болгосон. Тусдаа амьдарч байсан ч өглөө нь очоод хамт ажилд нь явж, өвс хадах, мал маллахад нь ч хамт яван тэдний оронд өөрийгөө оруулан мэдрэхийг хичээсэн. Миний зүгээс зөв зохистой хөдөө аж ахуйг илтгэхийн тулд хүмүүс байгальтайгаа хэрхэн харилцаж буй, байгалийгаа хүндэлснээр байгаль эргээд хүмүүсийг тэжээнэ, хүмүүс байгалиа хайрлаад, байгаль нь ашиг тусаа өгч буй тэрхүү уулзвар цэгийг гэрэл зургийн хальснаа буулгахыг хичээсэн.

Гурван сарыг өнгөрүүлсэн газраа эргээд санахад танд ямар мэдрэмж тод буудаг вэ? 

Надад хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл нь тэр хүмүүс. Хүн бүхэн органик эко бүтээгдэхүүн гаргахыг хичээж, малаа цэвэр органикаар нь үүсгэхийг чин сэтгэлээсээ зорьдог нь ямар гайхалтай хүмүүс вэ гэх сэтгэгдэл үлдээсэн. Тэдний ямар ч ашиг харалгүй, ирээдүй үр хойчдоо ээлтэй байхын төлөө хөдөлмөрлөж, үйлдэл бүрээрээ байгалиа хайрладаг нь сэтгэлд тод үлджээ. 

Та танилцуулгадаа "газар дэлхийтэй ойр байж нэгэн хэсэг нь болж ууссан хүмүүс" гэсэн байсан? 

Доорх зураг дахь цааш харсан эмэгтэй цэцэрлэг хөгжүүлж, тарьж буй ургамал цэцэгстэйгээ үргэлж ярьдаг нэгэн. Байгалиа хайрлаж, байгальтайгаа ойр байхдаа тэр хүмүүс аз жаргалыг мэдэрч буй нь хамгийн онцгой сайхан шүү. 

Поскиаво тосгон эхлээд харь хөндий санагдсан ч эцэстээ эгээ л төрөлх Монголынхоо хөдөө нутаг шиг болохыг мөн дурдсан байсан?

Швейцар нь газар зүйн хувьд монголтой төстэй, уулархаг бүс нутаг. Хэдий огт өөр хоёр газар боловч хаа газар хөдөө аж ахуй нэг л ижил. Бүгд зөв зохистой ашиглаад, нэгнээ хүндлэн, хамтын зохилдлогоогоор сайхан амьдрах хүсэл зорилго нь нэгэн ижил учраас тэднийг ойлгон, харилцахад их энгийн байсан. 

ЗурагТайлбар
  
  

Үзэсгэлэнгийн нэрийн тухайд? 

“Hidden Sense” буюу “Нууц мэдрэхүй” хэмээсний учир нь хүнд үнэрлэх, амтлах, харах, сонсох, хүртэх гэх таван мэдрэмж байдаг бол хөдөө аж ахуйд гал, ус, салхи, хөрс шороо, гэрэл гэх байгалийн таван элемент нөлөөлдөг нь харилцан шүтэлцэн холбогдож, тэр уулзах цэгийг гэрэл зурагт буулгахыг зорьсон тул ийн нэрийдсэн. Хүний таван мэдрэмжээс гадна дотор нь байдаг байгальтайгаа холбогдох сүнслэг мэдрэмжийг илтгэх үүднээс “нууцлаг мэдрэмж” хэмээсэн. 

Таны хувьд үзэсгэлэнгээс онцлох нэг л зургаа сонгооч гэвэл аль зураггүйгээр нь энэ үзэсгэлэнг төсөөлөхийн аргагүй вэ? 

Үзэсгэлэнгийн гол зургууд нь “Ус”, “Гал”, “Хөрс шороо”, Гэрэл”, “Салхи” гэх нэртэй 5 бүтээл болон үзэсгэлэнгийн нэртэй хоёр бүтээл. Үзэсгэлэнгийн нүүр зурагт буй энэхүү хөвгүүний зураг их түүхтэй. Поскиаво тосгон зэрлэг чоно ихтэй нь мал аж ахуйдаа их халтай ч иргэд нь чоныг шууд хөнөөлгүйгээр байгалийн зүй тогтолд ээлтэй хариу арга хэмжээ авахыг хичээдэг. Тэд чоно үргээн, малаа хамгаалах нохдыг сургасан байгаа юм. Ноход нь мал сүргээ хамгаалснаар чоноо хэдэн арван жил огт хөнөөж устгаагүй. Үнэхээр л зөв зохистой хөдөө аж ахуйг харуулсан жишээ. 

Хүмүүс таны үзэсгэлэнг үзээд юуг мэдрээд, сэтгэлдээ ойлгоод гараасай гэж та хүсэх вэ? 

Байгаль болон хүн нэг, хүн байгалиас ашиглаж захирах бус хүндэлж хайрласнаас нэгэн зүйл болдог юм шүү гэдгийг л зургаараа мэдрүүлэхийг хүснэ. 

Та “Хаалганы монолог” хэмээх сүүлийн бүтээлдээ гэр хороололд байх өвөрмөц содон хаалгаар дамжуулан оршин суугчдыг нь дүрсэлсэн. Яагаад заавал хаалгыг сонгосон бэ? 

Хаалга бүр өөрийн түүхтэй санагддаг. Би уул уурхайн инженер мэргэжилтэй, зун болгон өвөө эмээ дээрээ амардаг байсан юм. Том болохын хэрээр очиж амрах холдсоор нэг мэдсэн чинь хөдөөний тайван амьдралаас холдчихсон. Уурхайнуудаар ажиллаад явж байхад зарим уурхайгаас болж тухайн нутгийн нүүдэлчин хүмүүс хот руу дүрвэж буйг олж харсан. Тэгээд эргээд “өөрийнхөө” хөдөөдөө очтол байсан бүх айлууд маань дүрвээд хотод ирчихсэн байсан. Очих гэтэл мэдэх айл ч үгүй болчихсон. Хотод нөгөө айлуудаараа орж гарч байтал манай нэг ах хайртай морин сүргээ хаалган дээрээ зурчихсан байсныг хараад сэтгэл их хөдөлсөн. Хайртай морьдоо байнга санаж үгүйлсэндээ тэр юм шүү дээ. Хот руу ирсэн хүмүүс эргээд нутгаа ингэж их үгүйлдэг нь ганц тэр хаалганаас л харагдаж, тэр хүн хаалгаараа дамжуулан эргэн тойрондоо өөрийн үгээ хэлж буй нь мэдрэгдсэн. 

Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн байгаа юу? 

Би гэрээсээ зургаа гаруй жил ажиллаж буй гэрэл зурагчин аав. Одоо “Cinderella Men” гэх нэртэй гэрээсээ ажилладаг аав нарын тухай цуврал бүтээлд ажиллаж байна. Эхнэрээ дэмжин, гэртээ хүүхдээ харангаа ажиллаж, ингэснээр аавууд эхнэртээ ямар орон зай боломжийг бий болгов, тэр орон зайг нь эхнэрүүд нь хэрхэн ашиглаж, ямар амжилт гаргаж буйг харуулах цуврал бүтээл юм. 

СМАрт урлангаар хангах хөтөлбөрийн тухай хуваалцаач?

Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан (FDDM) болон Монголын Урлагийн 3өвлөлтэй (МУЗ) хамтран зохион байгуулдаг СМАрт хөтөлбөр нь жил бүр монголын гэрэл зурагчид дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, сонгогдсон уран бүтээлчийг Швейцар улсад урлангаар  гурван сарын турш урлангаар хангадаг. Үүнд би "Хаалганы монолог" бүтээлээрээ оролцон шалгарч хөтөлбөртөө хамрагдаад ирсэн. Уран бүтээлчдийг дэмжин, урлагийн байгаль орчин болоод орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлсэн энэхүү хөтөлбөр нь цаашид ч үргэлжлэх тул уран бүтээлчдийг хамрагдаасай гэж хүсэж байна. 


Гэрэл зурагчин Б.Бямбын “Нууц мэдрэхүй” үзэсгэлэн 2022 оны 11 сарын 11-наас 25 хүртэл “Улаан гэр” бүтээл орон зайд дэлгэгдэж байна. Та энд даран эвенттэй нэгдэн, үзэсгэлэнг зорин үзээрэй   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.