"Монголын сайхан бичигтэн" уралдаанд тэргүүлсэн 6 сурагч МУИС, МУБИС-д тэтгэлгээр суралцахаар боллоо
"Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан өнөө жил 26 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Хоёр үе шаттай зохион байгуулагдсан 12-р ангийн сурагчдын ангилалд анх удаа зургаан сурагч шилдгээр шалгарч, Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д урилгаар элсэн суралцах эрхтэй болжээ.
Засгийн газрын тогтоолын дагуу "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны шилдэг оролцогчдод дээрх боломжийг өнөө жилээс эхлэн олгож буй юм. Тус ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Цэгц билиг" ЕБС-ийн сурагч М.Номин Тэргүүн байр эзэлсэн ч өөр мэргэжлээр сурах сонирхолтой хэмээсэн тул онооныхоо дарааллаар түүний араас жагссан зургаан сурагч буюу Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн сурагч Ү.Энхжин, Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн сурагч Ч.Өнөрзаяа, Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн сурагч Б.Лхагвачимэг нар МУИС-д, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Билгүүнсаран, Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЕБС-ийн сурагч Д.Цэнд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Авьяас" ЕБС-ийн сурагч Г.Анударь нар МУБИС-д суралцах эрхтэй болжээ.