Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тархсан эрүүл мэндийн 8 зөвлөгөө: Үнэн үү, худал уу?

Өдөрт 10 мянган алхам алхаж, 2 литр ус уух ёстой юу?


Эрүүл мэнд, хооллолт, дасгал хөдөлгөөнтэй холбоотой шинжлэх ухаан судалгаа, баримт нотолгоонууд байнга өөрчлөгдөж байна. Гэтэл бидний үнэн гэж итгэсээр ирсэн эрүүл мэндийн зөвлөгөөнүүд хоцрогдсон, зарим талаар шинжлэх ухааны үндэслэлгүй байх нь элбэг. Иймд бид нийтийн дунд хамгийн түгээмэл тархсан эрүүл мэндийн зөвлөгөөнүүд шинжлэх ухаанд суурилсан, үнэт бодитой эсэхийг нягталлаа. 

Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол 

Үүнд шуудхан хариулах боломжгүй. Орчин цагт хооллох цаг болон сонгож идэж буй хоолны чанар нь биеийн ерөнхий эрүүл мэнд болон жингээ хасахад чухал нөлөөтэй гэж үзэх болжээ. Өглөөний цайг алгасах нь хүмүүсийн хоолны дуршил, биеийн жин, эрч хүчид харилцан адилгүй нөлөөлдөг гэнэ. 

Нэгэн судалгаагаар өглөө чанартай, сайн хооллосон илүүдэл жинтэй эмэгтэйчүүд нь өглөө хөнгөн хооллоод, орой чанартай, сайн хооллосон эмэгтэйчүүдээс илүү жин хаяж байгаа нь ажиглагджээ. 

Зөвлөгөө: Өглөөний цайгаа сайн уух нь өдөр тийшээ их өлсөж, улмаар хэтрүүлэн идэхээс таныг сэргийлнэ. 

Өдөрт 10,000 алхам алхах хэрэгтэй

Гайхалтай нь, 1960-аад онд анх гарч ирсэн энэ ойлголт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд суурилаагүй гэнэ. Гэхдээ өдөр бүр тогтмол алхах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. 

2022 онд гарсан нэгэн судалгаагаар алхах нь зүрх судасны өвчин, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулж байгааг тогтоожээ. Мөн алхалтын тоо бус хурд илүү чухал гэж өөр нэгэн судалгаа дүгнэсэн байна. 

Зөвлөгөө: Өдөр бүр 10,000 алхам алхахыг хичээгээрэй, ингэхдээ аль болох хурдан алхаарай. 

Хоногт 8 цаг унтах хэрэгтэй

2017 онд гарсан нойртой холбоотой хамгийн том судалгаагаар, наснаас үл хамааран хоногт 7-8 цаг унтдаг хүмүүс түүнээс бага унтдаг хүмүүстэй харьцуулахад сайн сэтгэж (анхаарал төвлөрүүлэх чадвар, ой санамж, хариу үйлдэл үзүүлэх хугацаа, асуудал шийдвэрлэх чадвар гэх мэт) байгаа нь ажиглагджээ. 

Харин 4 ба түүнээс бага цаг унтдаг хүмүүс өөрөөсөө 9 насаар ахмад хүмүүстэй адил сэтгэж байжээ. 

Зөвлөгөө: Хэрхэн чанартай нойрсох вэ? 

  • Тогтмол цагт унтах 
  • Өглөө эрт нарны гэрэлд гарч, биологийн цагаа тэнцвэржүүлэх
  • Оройн цагаар дэлгэц ширтэхгүй байх

Өдөрт 2 литр ус уух хэрэгтэй

Шингэн зүйл сайн уух нь чухал хэдий ч өдөрт 2 литр (8 аяга) ус уух зөвлөгөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй биш юм. 2022 онд гарсан судалгаанаас үзвэл хүмүүсийн шингэний хэрэгцээ харилцан адилгүй боловч өдөр дунджаар 1.5-1.8 литр ус уух нь зохистой гэж үзжээ. 

Зөвлөгөө: Шингэний хэрэгцээг дан ганц уснаас авах шаардлагагүй юм. Кофе, цай, сүү, гэх мэт шингэн хүнснээс гадна жимс, хүнсний ногоо, мах зэрэг хоол хүнснээс шингэнийхээ хэрэгцээг нөхөж болно. 

Өдөр бүр 400 гр жимс, ногоо идэх хэрэгтэй

400 гр гэдэг нь ДЭМБ-аас тогтоосон жимс, ногооны өдрийн хэрэглээний доод хязгаар юм. Хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэснээр танин мэдэхүйн чадвар буурах, зөнөх, чихрийн шижин өвчний эрсдэл багасаж, стрессийн түвшин буурдаг нь тогтоогджээ.

Мөн аль болох олон төрлийн жимс, ногоо хэрэглэх нь зүйтэй гэжээ. Жишээ нь, брокколи, брюссель, байцаа гэх мэт навчит ногоонууд тэжээллэг чанар өндөртэй байдаг бол олон төрлийн жимс нь гадилаас илүү антиоксидант агуулдаг байна. 

Зөвлөгөө: Жимс, ногооны хэрэглээгээ аль болох нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Хамгийн багадаа 400гр!

Хэвлийн дасгал хийж байж л хэвлийн булчинтай болно

Хэвлийн булчингаа хөгжүүлэхийн тулд дан ганц хэвлийн дасгал хийх хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүний бие хэвлий хэсгээрээ өөхлөх хандлагатай байдаг. Иймд хэвлийн булчингаа ялгаруулж харагдуулмаар байвал эрэгтэй хүний биеийн өөхний хэмжээ 10-15%, эмэгтэй хүнийх 15-20%-тай байх ёстой гэжээ. 

Зөвлөгөө: Өөхнийхөө хэмжээг багасгах хамгийн үр дүнтэй алхам бол алкоголийн хэрэглээгээ багасгах гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотолж байна. 

Мал, амьтны мах биед муу

Мал, амьтны маханд ханасан өөх тос ихээр агуулдаг тул өмнө нь махнаас аль болох татгалзахыг зөвлөдөг байсан билээ. Мөн махны хэрэглээ өндөр байх нь түрүү булчирхайн хорт хавдар, зүрхний өвчин тусах эрсдэлтэйг харуулсан судалгаанууд гарч байв. Харин сүүлийн үеийн судалгаагаар дээрх ойлголт ташаа болох нь батлагдсаар байна. Үүнээс гадна боловсруулаагүй мах ба хорт хавдар, зүрхний өвчний холбоо хамаарлыг судлахдаа мал, амьтны гаралтай махыг гахайн мах, хиам, лаазалсан махаас ялгаагүй нь учир дутагдалтай гэжээ. 

Зөвлөгөө: Мал, амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой гэгдэж байна. Харин боловсруулсан махан хүнснээс аль болох татгалзаарай. 

Өдөр бүр нэг хундага дарс уух нь эрүүл мэндэд тустай

Уучлаарай, дарсанд дурлагсад аа, хундага дарсны эрүүл мэндийн ашиг тусыг тооцоолох нь сонсогдож байгаа шигээ амар биш юм. Үүнийг тодорхойлохын тулд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг заавал харгалзан үзэх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Насанд хүрсэн 36,000 хүнийг хамруулсан саяхны судалгаагаар тогтмол, бага хэмжээгээр уух нь эрүүл урт наслах боломжийг бууруулж, тархины хэмжээг жижгэрүүлдэг болох нь тогтоогджээ. Хэрэв найз нөхөдтэйгээ хааяа нэг уух нь танд эергээр нөлөөлж буй мэт санагдвал тэр нь ууж буй алкогольдоо биш нийгмийн амьдралд оролцож байгаатай холбоотой гэдгийг санаарай гэжээ.

Зөвлөгөө: Тогтмол, бага хэмжээгээр уулаа ч гэсэн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг санаарай.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.