
Хууль гаргахад хамтран ажилласан гэсэн Х.Нямбаатар сайдын мэдээллийг Мета компани үгүйсгэв
Олон нийтэд танилцуулснаас хойш хоёрхон хоногийн дотор баталсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хууль монголчууд төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна. Хэдхэн хоногийн өмнө эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ алдартай Филиппиний Rappler сайт энэ талаар мэдээлсэн.
Тэгвэл Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын Мета компанитай хамтарч ажиллах мэдээллийг үгүйсгэжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн есдүгээр сард "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформыг мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээн жиргэжээ.
Твиттерийн хэрэглэгчид энэ талаар Жорж Ченээс тодруулахад "Худал. Үүнийг парламентаар яаравчлан батлуулахаас өмнө бид хуулийн төслийг огт үзээгүй. Батлагдсаных нь дараа л анх удаа харсан" гэж саяхан жиргэжээ.
Ийнхүү "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуультай холбоотой мэдээллүүд хууль санаачлагчдын тайлбарлаж байгаагаас зөрсөөр байна. Үүнээс өмнө хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны Сайд Н.Учрал "Эрүүгийн хэргийн 94 хувь нь цахимаар үйлдэгдэж байгаа тул хуулийн төслийг даруй батлах хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ талаар нарийвчилсан судалгаа ч хараахан хийгдээгүй байгаа бөгөөд Н.Учрал сайд чухам ямар эх сурвалжаас эш татсан нь тодорхойгүй байгаа юм.
Холбоотой мэдээлэл: Rappler сайт Монголд шинээр батлагдсан хуулийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд заналхийлж байна гэжээ
Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн талаар олон нийтийн байр суурийг илтгэх 20 пост