Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Өвөөгөөс хойш өнчирсөн баяр


Цагаан сарын баярт би дуртай биш. Цаанаасаа л дургүйлхдэг байлаа. Зожиг талдаа гурван хүн энэ баяраар заримдаа хаалгаа цоожлоод, байхгүй юм шиг чимээгүй бүгчихдэг байсан. Ээж, өвөө бид гурав. Харин зарим жил өвөө минь их л уриалгахан, бүх хүнтэй уулзахыг хүсэж, бүх айлаар зочлохоор яардаг байсан. Яагаад зарим жил нь өөр байсан юм бол гээд бодсон чинь сүүлийн хэдэн жил байж таарав. Өвөөг өнгөрөхөөс хэдхэн жилийн өмнөөс. 

illustrations by: Paolo Domeniconi

Цагаан сарын баяр гэдэг миний хувьд утга учиртай болж, настнууд дээрээ зорьж очих, тэдэнтэйгээ уулзах, байнга очоод байдаггүй ч зорьж очин хүндэтгэх сайхан баяр болсон. Тэгтэл нэг шинэ жилээр бүх зүйл өөрчлөгдөж, өвөө өнгөрөв. Тэр хавар бид баяр тэмдэглээгүй. Гоё сайхан хувцас өмсөөгүй. Өнгөрсөн жилүүдэд нь цомцойтол гангалаад авахуулсан зургуудаас тэс ондоо зураг одоо зургийн цомог дотор байдаг. Би шоотой хар цамцтай, үсээ тайрчихсан, нүдний доор хар зураас татчихсан... 

Тэр үеэс хойш хар зураас арилаагүй. Улам л хар болж, зовхи үрчлээтсэн. Тэгээд ээж бид хоёр хоёулаа хар хувцастай, гэр бүлээрээ тойрч зургаа авахуулаагүй, зүгээр л бид хоёрын юм яриад сууж байгаа баясалгүй зураг. Тэр жилээс хойш хэдэн жил өнгөрөв. Өвөөгийн гоёлын ганган хувцаснуудыг бүгдийг нь шатааж орхисон болохоор санахдаа үнэрлэчих цамц ч байхгүй. Үнэтэй биш нэг хөөрхөн жижиг хөөрөг байдаг юм. Үнэт чулуу биш л дээ. Хямдхан л хөөрөг. Гэхдээ л өвөө минь хайртай байсан юм. Тэр надад үлдсэн. Даанч дааж дийлэх зүйл биш юм шиг санагдаад гэртээ үлдээчихсэн. Тэр үеэс хойш ямар ч хөөрөг надад үнэтэй санагдахаа больж билээ. Зөвхөн тэр жижигхээн хямдхан гэгдэх хөөрөг л миний бүх зүйл болсон байв. Тэгээд өөр хэн ч миний гэр бүл биш болчих шиг санагдсан. Тэр хүн явчихсан болохоор. Бүх зүйл дутуу, яг л нөгөө "Нэг л хүн дутуу" гээд дуулаад байдаг шиг. Айл хэсэх сонирхол буурав. Хүлээн авах ч хүсэлгүй болов. Тэр үеэс хойш надад бүх баяр нэг ийм болчихсон. Осолдохгүй л "Halloween" тэмдэглэх сайхан. 

Энэ жил нөхөр, хүүтэйгээ гарч тэмдэглэлээ. Айлуудаар оров, идээ будаа идэж, ойрын хэдэн жил уулзаагүй хүмүүстэйгээ ч уулзлаа. Гэлээ ч би машиндаа эргэж орж ирээд л эмтрээд унаад өгөх хэмжээний болчихсон байв. Тэнд нөгөө хүн байхгүй. Жижигхэн биетэй, цагаан монгол цамцтай, өөртөө томдсон гэмээр малгай өмсчихсөн дуугүй шахам суух өвөө. Монгол гутал нь томдсон гэлтэй, цагтаа яг л таараад алхаад явдаг байсан юм. Жил ирэх тусам энэ баяр надад үнэ цэнтэй болж ирсэн. Хажууд байгаа өвөө дээр минь хүмүүс ирээд золгоосой, сайхан ярилцаасай, дурсамж хуваалцаж, аяга цай хувааж уунгаа царайгаа харуулчхаасай гээд л. Заримдаа бүр уурлана. Хараад хүлээгээд байхад чинь ирж байна гэчхээд хаачив? Ирэхгүй болсон бол яагаад хэлсэнгүй вэ гээд. Тэгтэл би чинь дөнгөж ахлах анги бас оюутан ангийн охин байсан. 

Энэ баяр надад сүүлдээ айдас болж хувирав. Хүн ирэхгүй байх вий, өвөө гомдох вий, хүмүүс муухай аашлах вий, ямар нэг зүйл нь болохоо байх вий гээд л. Тэгээд л дахиад Цагаан сар гэж байхгүй болсон. Одоо ч яг үнэндээ доголон нулимстай бичиж суухдаа би энэ баярыг үнэн голоосоо үзэн ядаж байна. Хүмүүс эмээ өвөөдөө үнсүүлэхээр очиж байгааг нь, зарим нь очихгүй байгааг нь бодохоор... Атаархаж бас тэнэгийг нь гайхаж... 

Бидний амьдрал дэндүү богино аж. Бүр арай л богино. Залхаж, уйдаж явсаар нэг мэдэхэд хорин нас гарчихна. Ажиллаж зүтгэж явсаар тавин нас хүрчих нь. Тэгээд л... тэгээд л... Бүх зүйлээ үр хүүхдэдээ зориулж, энэ олон жил амьдарчхаад Цагаан сараар бүх зүйлээ шавхан байж ширээ засчхаад байхад гэнэт хүн ирэхгүй бол яана? Магадгүй нэг өдөр эмээ болтол үр ач нар минь ирж уулзахгүй, амжихгүй гэвэл яана. Ингээд л би дахиад аль холын ирээдүйг бодож шаналдаг. Бас очоогүй бүх настнуудынхаа араас харамсдаг. Би үнэхээр энэ баярт дургүй байсан л даа. Одоо ч дотор минь дургүйцэл төрдөг. Гэхдээ нэг хэсэг минь энэ баярыг хайрлахыг хүсдэг. Маш ихээр. 

Өвөөгөөс хойш энэ баяр өнчирсөн. Би ч өнчирсөн. Тэгээд энэ баярыг тэмдэглэх нь надад шал утгагүй болсон. Гэхдээ таны хувьд одоо ч утгатай байна уу? Очих настнууд, золгох хүн, үйлчлэх эмээ өвөө чинь байж байгаа юу? Би лав атаархаж байна аа. Болдог бол "өвөө түрээслэнэ" гэсэн зар өмнө минь гарч ирээсэй гэж эрхгүй хүсдэг. Би ингэтлээ өнчирсөн. Харин эмээ өвөөтэйгөө байгаа хүмүүс ямар азтай гэдгээ мэддэг болов уу? Мэддэг л гэж найдахаас. Үнэхээр найдаж байна. Залхаж, ядарч байсан ч цайг нь зөөгөөд сайхан шинэлээрэй. Хэдхэн хоног, тэгээд л болоо. Дургүйцэж, бүр үзэн ядсан ч болно. Гэхдээ сүүлд нь над шиг үгүйлэн санахгүйн тулд өдөр болгоныг чадахаараа дурсамжтай өнгөрүүлээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
6
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.02.11 103.41.93.220

0 Хариулах


Зочин 2023.02.25 66.181.161.176

Оны өмнөхөн эмээгээ алдсаан. Үргэлж л биднийхээ хажууд байх юм шиг санаж эрхэлж тунирхаж энэ хорвоо бүхэлдээ минийх юм шиг санаж явждээ. Гэтэл одоо бүх зүйл хоосроод л явчихлаа. Эмээгээ үгүйлж санасандаа сэтгэл минь хямарсануу бие минь өвдөөд элдэв онош өвчин гарч ирээд хэцүүхэн л өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэдий үр хүүхэд хань ижил минь хажууд байгаа ч эмээгээ л санаад үгүйлээд байх юм. Дахиад үнсүүлмээр байна дахиад эрхэлмээр байна дахиад ярилцаж суумаар байна. Ачийг нь хариулж байгаа бүхнээ зориулмаар байвч даанч боломжгүй. Тэнгэрийн орноос харж байгаа бол тэнэг охиноо уучлаарай миний эмээ хайртайшүү. Үргэлж таныгаа санаж үгүйлж дурсах болно.

0 Хариулах


B 2023.02.23 202.126.90.160

2 jil gertee ochoogui baij bgaad hed honogiin omno ochloo. Emee min ohintoigoo ingeed uulzdag, bi ch mon urt nastai udaan jargaltai hun yumaa gsn ????

0 Хариулах