Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: Зуныг хүлээх зургаан шалтгаан


Хавар ирж буйг мэдрэх яг л эдгэрэл шиг байдаг. Хуучин бүхэн ард үлдэж, би шинээр төрөн гарч ирэх шиг. Одоо л нэг хүсэн хүлээсэн таатай мөч эхлэх гэж буйг мэдрэн итгэл найдвар төрөх шиг болдог. Зун яагаад ийм чухал юм бол оо? Яагаад бид эрхгүй догдолж хүлээдэг юм бол... Бас энэ зун яагаад өөр байна гэж?

illustrations by talented: 卤猫 

Artist ig: @Oamul

Бороо

Магадгүй миний хамгийн ихээр хүлээн догдлоод буйн шалтгаан энэ байх. Бороог мэдэрч, чийг үнэрлэж, бороонд норж, өдөржин шөнөжин асгарахыг нь хармаар байна. Аянга цахилгаан цахиж, тэнгэр бүүдийх мөчийг эрхгүй өгүүлэх юм. Хацар дээр ганц нэгээрээ дуслаад л, нойтон хувцсаа хатаах зуураа халуун цай ууж, борооны чимээг сонсон ном уншаад л... Ямар ч хөгжим байсан борооны дуслуудтай уусахаараа тансаг болдог. Ямар ч гуниг бороотойд илүү уянгалаг бас яруу болдог. Бороотой үед бүх зүйл сайхан. Бороо, энэ зуныг эрхгүй хүлээх шалтгаан. Бороо.

Нар жаргах мөч

Зуны халуун өдрийн дараа нар жаргаж, тэнгэр шаргал улаан өнгөөр дүүрдэг дээ? Сэрүү татаад л, хаа нэгтээ суумаар, найзуудтайгаа уулзмаар, гэр бүлээрээ агаарлан алхмаар болдог. Нар жаргах үеийн тэнгэрийг ширтэх нь бидний амьдралд олддог гайхалтай явдлуудын нэг. Яг л, бид яаж ийм азтай байдаг юм бэ? Тийм тэнгэрийг ахин дахин харахын төлөө л би зүүн зүгт ажилд орж, баруун зүгт гэртээ харьдаг байх. Зөвхөн тэр тэнгэрийг харахын төлөө би хэчнээн буудал ч газар байсан алхаж харьдаг.

Ганцаар байх тансаг мөчүүд

Яг үнэндээ зун өөрийн шархыг эдгээж, гуниг гутралтайгаа учраа олоход хамгийн тохиромжтой үе байдаг. Нэг нуурын эрэг дээр очиж өөртэйгөө ярилцаад хэсэг хугацааг өнгөрүүлэхэд л жаргалтай болчихдог. Миний амьдралд үүссэн асуудлууд аажмаар цэгцэрч, яг үнэндээ миний зовлон гэж бодсон бүхэн, тэр бүх шалтгаан миний үзэл бодолтой л хамааралтай байсан юм шиг. Хүсвэл би яг одоо жаргалтай байх сонголт хийж, зуныг хамгийн сайхан дурсамжтайгаар өнгөрүүлж чадах юм шиг. Хүсвэл би хэнийг ч уучилж, хэнээс ч уучлал гуйж, алдаагаа залруулж, бусдыг хайрлаж чадах юм шиг. 

Аялал

Цаанаасаа л аялал зугаалга бодогддог. Шинэ газар нээж олмоор, хүрч үзээгүй газраа хүрч, яваагүй замаар алхмаар. Үүрээр цуглаад дэлгүүр орж юмаа бэлдээд замд гарах үеийн тэр хөөр баяр биднийг илүү эрч хүчтэй болгодог. Шаварт сууж, үерт боогдож, халуунд гандлаа ч аяллын мөч бүр дурсамж болж үлддэг. Адал явдал, инээд хөөр, шинэ газар... Энэ зун аялахыг ямар ихээр хүсэж байна аа.

Үйл явдал дундах хэсэгхэн амралт

Намраас эхлээд бид зүтгэмээр, өөрсдийгөө шавхсаар, яг үнэндээ маш ихээр ядарсан байдаг. Ялангуяа хаврын улиралд бид хаа таарсан газраа суугаад унтахад бэлэн байдаг шүү дээ. Харин зун тэр ядаргаагаа тайлахад хамгийн тохирсон үе. Хүссэн бүхнээ хийж, хүссэн үедээ унтаж, магадгүй голын дэргэд л унтаад сэрэхэд хангалттай амрах, байгаль эх өөрөө бидний төлөө, биднийг амраахын төлөө хамаг сайхнаа зориулдаг тийм л үе билээ. 

Үүрд үлдэх дурсамжаа бүтээх үе

Ээжтэйгээ аялах, аавтайгаа загасанд явах, ах эгчтэйгээ тоглолт үзэхээр явах, найзуудтайгаа хотын гудмаар саваагүйтэх, хайртай хүнтэйгээ шөнийн оддыг дурандах... Цаашид дурсамжаар өлссөн мөч бүрт гарган ирж сэтгэлээ сэргээх тийм гоё дурсамжуудыг бүтээх үе. Магадгүй хамгийн нандин, хөгжилтэй, эргээд бодоход сэтгэл дүүрэм тийм өег мөчийг үлдээх, өөртөө зориулан бэлэг бэлдэх тийм л мөч. Тэгээд намар ирэхэд... бид жилийг давах хангаттай дулаан мэдрэмжээ нөөцөлж авсан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.